Зураг
Зураг
Индэр    
Зураг
2022 оны 12 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

JENESYS-2022: Японы уламжлалт урлагт суралцаж, хиймэл арлыг үзсэн нь

- Аян замын тэмдэглэл №1 -

Газарт унаад удаагүй шаргал навч, зөөлөн бороо шивэрсэн арванхоёрдугаар сарын Токио хот биднийг угтав.

Эргэн тойронд асар олон хүн бужигнаж, тээврийн хэрэгсэл цуврах атлаа тэр бүр автомашины дуут дохио хангинахгүй, хоорондоо чангаар ярихгүй төдийгүй зам дээр нь ширхэг ч хог харагдахгүй байх нь япон хүмүүсийн бусдад төвөг удахгүй байхыг эрхэмлэдэг хандлагыг шуудхан илтгэнэ...

Япон орны уламжлалт ахуй соёл, хөгжил дэвшилтэй танилцах боломж олгодог "JENESYS-2022" хөтөлбөрт хамрагдан тус улсад Монголын 40 хүүхэд, залуусын хамт долоо хоног аялах боломж бидэнд олдов. Ийнхүү аялан явахдаа япон хүмүүсийн цэвэрч, нямбай байдал, хөдөлмөрч, хичээнгүй бөгөөд зочломтгой зан чанарыг алхам тутамдаа мэдэрч явсан юм.

Монгол, Япон улсын харилцааны ирээдүйг залгамжлах шилдэг залуучуудад зориулсан "JENESYS" хөтөлбөрөөр долоо хоногийн хугацаанд сурч, мэдсэн олон сонирхолтой зүйлсээ тэмдэглэн бичсэнээ хүргэж байна.



Цэвэр цэмцгэр Токио ба анхны сэтгэгдэл...

зураг
 

Биднийг дөнгөж "Нарита" нисэх онгоцны буудлаас 15:30 цагт хөдөлж, өөрсдийн байрлах зочид буудал хүртэл авто замаар хоёр цаг гаруй явах хугацаанд аль хэдийн нар жаргаж, гэгээ тасарлаа. "Японд ямар эрт харанхуй болдог юм бэ?" хэмээн хоорондоо ярингаа автобусныхаа цонхоор Токио хотыг ширтэх эдгээр хүүхэд, залуус бүгд анх удаа Япон улсад айлчилж буй нь энэ.

Ийнхүү явахдаа гудамжинд нь нэг ч хүн дураараа тамхи татахгүй бөгөөд ширхэг ч хогийн сав үзэгдээгүйг тэд хамгийн түрүүнд анзаарчээ.

Тус хотын гудамжинд ширхэг ч хог хаягдал байхгүй нь нэг талаар тус улс хогийн савгүй байх бодлого хэрэгжүүлдэгтэй холбоотой. Өнгөрсөн тавдугаар сард метроны өртөөнүүдэд үлдсэн бүх хогийн савыг зайлуулах шийдвэрийг Токиогийн Нийтийн Тээврийн Газар гаргаж байсан юм.

Харин нөгөө талаар ил задгай хог хаяхгүй гэх хандлага иргэдийнх нь ухамсарт гүн шингэжээ. Өөрөөр хэлбэл, нийтийн зам талбайд хог хаях сав ховор байдаг нь иргэд өөрийн хог хаягдлаа хариуцаж, гэр гэртээ авч харихад хүргэдэг гэнэ.

Тиймээс ч Япон орны цэвэр цэмцгэр байдал нь JENESYS хөтөлбөрийн хүүхэд, залуусын хамгийн анхны сэтгэгдэл болж үлдсэн гэдгийг тэд сүүлд ярьж байв...

зураг
 

НЭГ дэх өдөр: Японы уламжлалт цаас нугалах урлаг болон даавуу будах аргад суралцсан нь...

Айзоме буюу индиго будалт

зураг
 

Эхний өдрийн өглөө бид хөтөлбөрийнхөө дагуу хамгийн түрүүнд Айзоме буюу Японы уламжлалт даавуу будах аргатай танилцав.

Айзоме (Aizome) гэдэг нь байгалийн гүн цэнхэр өнгийг нэрлэх бөгөөд энэ өнгийг Тадэяа гэх ургамлын навчнаас гаргаж аван, даавууны будалтад шууд ашигладаг гэдгээрээ онцлогтой. Энэхүү будалтыг монголчууд индиго будалт ч гэж нэрлэдэг.

Бидний очсон газар өөрсдийн тариан талбайдаа тус ургамлыг тарьж ургуулан, улмаар навчийг нь түүн боловсруулж, сүкүмо буюу цэнхэр өнгийн шингэнийг гаргаж авдаг аж. Энэ уламжлалт даавуу будах урлагийн гол материал болдог юм байна.

Энэхүү урлаг нь Японы Эдогийн үед буюу 200 орчим жилийн өмнөх Эдо хааны үед дэлгэрсэн гэж үздэг бөгөөд тухайн үед Япон улсын ихэнх иргэд айзоме хийсэн даавуун материалыг эдэлж хэрэглэж байсан тул гаднын иргэд Японыг хөх өнгөөр илэрхийлж байсан гэдэг. Иймд дэлхий даяар айзомег Japan blue буюу Японы хөх өнгө гэж тодорхойлжээ.

Айзоме хийхэд нийт 48 өнгө гарах боломжтой бөгөөд эдгээр дунд асаги буюу цайвар цэнхэр өнгө нь хамгийн алдартай гэдгийг тайлбарлагч хэлж байлаа.

Энэхүү будалтын хамгийн тод хөх өнгийг ялалтын өнгө гэж япончууд бэлэгддэг. Тиймээс ч саяхан болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд Японы баг тамирчид качихэро гэж нэрлэх гүн цэнхэр өнгийн өмсгөлийг өмсжээ. Мөн уг өнгийг "Токио-2020" наадмаар ч бэлгэдэл болгож байсан аж.

зураг
 

Будалтыг төрөл бүрийн дизайнаар хийх боломжтой бөгөөд энэхүү будах аргыг ашиглан эрт үед мэргэ төлөг хийдэг байжээ. Тухайлбал, тус дизайнаар даавууг өнгө оруулахад даавуун дээр тэнгэрт нисдэг жигүүртэн амьтад, луу эсвэл эрвээхэй зэрэг нисдэг амьтны дүрс гарвал сайн сайхан удахгүй тохионо хэмээн бэлэгддэг юм байна.

Айзоме хийсэн даавууны өнгө нь тод хөх байх тусмаа чанартай, үнэтэйд тооцогддог. Тиймээс гүн хөх өнгө гартал олон давтан будах ёстой байдаг аж.

Оригами буюу Японы уламжлалт цаас нугалах урлаг

зураг
 

Оригами гэдэг үгний утга нь ори буюу нугалах, гами буюу цаас гэсэн хоёр үгийг нийлүүлснээр цаас нугалах гэсэн үгийг үүсгэдэг аж. 

Японы Эдогийн үе буюу 1603-1867 оны үед бие даасан соёл болтлоо хөгжсөн гэж үздэг энэ урлагаа хүүхэд, настан гэлтгүй бүгд л чөлөөт цагаараа хийж суудаг билээ.

Харин бидэнд тус урлагийг заасан хүн бол Олон улсын Оригами холбооны дарга, ноён Казуо Кобаяши байв. Тэрбээр үзэсгэлэн, үзүүлбэрээрээ дамжуулан Японы уламжлалт цаас, оригами урлагийг Японд төдийгүй гадаадад сурталчилж буй нэгэн юм.

"Хурууны үзүүрийг байнга хөдөлгөснөөр зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлдэг"

зураг
 

Дөрвөн үеэрээ оригами хийж байгаа гэх 78 настай Казуо Кобаяши хэлэхдээ “Манайх уламжлагдаж ирсэн оригами урлагийг 160 жил хийж байна. Аав минь 100 нас хүртлээ үүнийг хийсэн. Харин миний хувьд багаасаа оригами хийж байна. Ер нь оригами хийх нь эрүүл мэндэд, тэр тусмаа ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг. Хурууны үзүүрийг байнга хөдөлгөснөөр зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм.

Оригами нь нэг үгээр бол математикийн ухаан. Учир нь ямар нэг утга учиртай зүйл хийхийн тулд нугалаас бүрийг тунгаах шаардлагатай болдог” хэмээн хуучлав.

Мөн тэрбээр “Оригамиг хаана ч хийх боломжтой бөгөөд  хоол хүлээх зуураа нэг удаагийн савхны хаягдал цаасаар ч цаг нөхцөөж суух боломжтой” гэдгийг хэллээ.

Оригами урлагаар бүтээсэн бүтээлээс...

Монгол-Япон улс хоорондын дипломат харилцаа ба хамтын ажиллагаа

зураг
 

Мөн бид Япон орноор аялсан эхний өдрөө ЖАЙКА-ийн төвөөр зочилж, Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхээс сонссон гэдгийг бас дурдалгүй орхиж боломжгүй.

1972 онд Монгол-Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш таван жилийн дараа Япон улсаас Монгол Улсад үзүүлсэн анхны буцалгүй тусламжаар ноос ноолуурын “Говь” үйлдвэрийг байгуулж байжээ.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ЖАЙКА буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад шинэ нисэх онгоцны буудал, Япон-Монгол боловсролын эмнэлэг, Нарны зам, Нарны гүүр гэх мэт олон томоохон төслийг хэрэгжүүлж ирсэн юм.

Япон Монголын харилцаа зөвхөн үүгээр зогсохгүй бөгөөд 2011 онд Зүүн Япон буюу Фүкүшимад болсон их газар хөдлөлтийн үеэр Монголын Засгийн газар бусад улсаас хамгийн түрүүнд тусламж үзүүлсэн гэдгийг ЖАЙКА-ийн Төв Азийн хэлтсийн Монголын боловсрол, эрүүл мэнд, хувийн хэвшив хариуцсан ажилтан Мияажима Аканэ яриандаа онцолж байв.

Тухайн үед Японд их газар хөдлөлт болсноос дөрөвхөн хоногийн дараа Монголын Засгийн газраас Японы гамшигт өртсөн газруудын иргэдэд мөнгөн тусламж болон зузаан хөнжил зэргийг илгээхээр шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын аврах анхны гадаадын тусламжийн баг Япон улсад очжээ.

Дараа нь бид оройн хоол идэхдээ Японы алдарт хиймэл арлыг зорьсныг онцлолгүй орхиж боломгүй.

Японы хиймэл арал буюу Одайба

зураг
 

Токиод үзэх ёстой хамгийн гайхалтай газрын нэг бол яах аргагүй Одайба буу Японы хиймэл арал юм.

Анх 1850 онд Токио хотыг гаднын дайралтаас хамгаалах гэж барьж эхэлсэн тус арлыг 1860 онд албан ёсоор нээж байжээ. Тухайн үед тус арлыг усан онгоцны үйлдвэр болон боомт хэлбэрээр нээсэн бөгөөд энд АНУ болон Японы хамтарсан усан боомт байсан гэдэг. Тиймээс ч тус арал дээр хоёр улсын эв нэгдлийг бэлэгдэж, эрх чөлөөний хөшөөний жижигхэн хувилбарыг босгосон аж.

Хүний гараар бүтээгдсэн тэрхүү арал дээр өдгөө худалдааны том дэлгүүрүүдээс эхлээд маш олон үзвэр, үйлчилгээний байгууллагууд бий болсон тул жуулчдын хамгийн сонирхож очдог газруудын нэг болсон байна.

Уг арал нь Токио хоттой гүүрээр холбогддог бөгөөд тухайн гүүрийг хүмүүс "Солонгон гүүр" гэж нэрлэдэг юм билээ.

Эхний өдрөөсөө л энэ мэт олон сонирхолтой зүйлсэд суралцсан залуус дараа өдрийн хөтөлбөрт юу багтсаныг хоорондоо ярилцсаар оройг үдэв. Тэр тусмаа маргааш Японы эзэн хааны ордныг үзэж, Монголыг сонирхон монгол хэлд шамдан суралцаж буй япон оюутнуудтай уулзах тухай догдлон ярьсаар бид амрахаар салцгаасан юм.

Үргэлжлэл бий...