Зураг
Зураг
Индэр    
2022 оны 12 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

JENESYS-2022: Хуримтлуулсан туршлагаа залууст хуваалцах япон ахмадууд

Зураг

- Аян замын тэмдэглэл №3 -

(Хоёр дахь хэсгийг ЭНДЭЭС уншина уу)

JENESYS-2022 хөтөлбөрт хамрагдсан залуус Япон улсад аялсан дөрөв дэх өдрийн өглөө энгийн япон айлын нэг гишүүн болж, ахуйн соёлтой нь танилцахаар Токио хотоос гарч, Точиги мужийн Одавара хотыг зорьсон юм. Энэ мужид өндөр барилга байхгүй ч газар тариалан эрчимтэй хөгжжээ.

Замын хажуугаас эхлээд хаа сайгүй тариалангийн талбай харагдах нь энэ мужийн иргэд ямар аж ахуйч, хөдөлмөрч болохыг илтгэж байлаа.

зураг
 

Эндхийн айл өрхийн дийлэнх нь өөрсдөө ногоо, будаа тариалах бөгөөд уг мужийн будаа, гүзээлзгэнэ хамгийн амттай нь гэдгээрээ алдартай аж.

Айлд очихоос өмнө бид Точиги мужийн алдарт кенчин үдон шөл хийх аргыг заалгасан төдийгүй такэзаикү буюу хулсан урлаг, зурган ил захидал бичихэд суралцсан билээ.

Угаас JENESYS хөтөлбөр залууст япон соёл, японы хүмүүсийн амьдралыг зөвхөн хараад өнгөрөх биш өөрийн биеэр суралцах боломж олгодгоороо давуу талтай болохыг энд онцолъё.



Японы хулсаар урлах эрдэм, зурагт ил захидал хэрхэн бичихэд суралцаж буй хүүхдүүд... 

зураг
 

Хулсаар хийсэн зүйлс хамгийн удаан эдэлгээтэй, чанартай эдлэлд тооцогддог. Тиймээс ч Япон улсад хулсаар ийнхүү эд хэрэглэл хийх урлаг ихээхэн хөгжсөн байдаг аж.

Бидэнд хулсан урлаг буюу хулсаар эд зүйл хийх аргаасаа хуваалцсан эрхэм амьдралынхаа 60 жилийг үүнд зориулсан бөгөөд залуу байхдаа айлуудад сонин тарааж яваад анх хулсан урлагийн талаар зарыг олж харж, заалгаж эхэлсэн тухайгаа ярьсан. Түүнээс хойш энэ урлагаас огтхон ч хөндийрч чадаагүй гэсэн түүний үгнээс япон хүмүүсийн тууштай хандлагыг олж харсан гэдгээ дурдахгүй өнгөрөөж боломгүй.

"Захидал бол зохиолчийн бүх зүрх сэтгэлээр бичигдсэн учраас амьтай"

зураг
 

Мөн бид ил захидлыг хэрхэн гоёмсгоор бичих талаар суралцсан. 

Бидний ихэнх нь бийрээр ийнхүү захидал бичиж үзээгүй байсан тул энэ нь хамгийн содон, сонирхолтой зүйлсийн нэг байсныг хэлэх нь зүйтэй.

Ил захидал бичихийн өмнө бид 20 минут орчим дасгал хийсэн бөгөөд яг бодсоноо бийрээр цаасан дээр буулгахад анхаарал төвлөрч, тайвшруулах нэгэн дасгал болж байлаа.

Японд ийм зурган ил захидлыг Коике Күнио гэх эрхэм дэлгэрүүлсэн тухай түүхийг түүний шавь Кэйко Сүзики бидэнд ярьсан.

Багш Коике Күнио нь “Захидал бол зохиолчийн бүх зүрх сэтгэлээр бичигдсэн учраас амьтай" хэмээн хэлжээ.

Түүнээс гадна ил захидал бичсэн хүнийхээ тухайн үеийн сэтгэл хөдлөл, бодол, мэдрэмжийг тэр чигээр нь хадгалж үлддэг тул яахын аргагүй нандигнамаар зүйл.

Магадгүй тийм учраас л хүүхдүүд алга дарам цаасан дээр өөрийн дотнын хэн нэгэндээ зориулж бичсэн бийрээр ил захидал бичихдээ багагүй хугацаа зарцуулсан биз ээ.

Дараа нь залуус Точиги мужийн хоол, алдарт кенчин үдон шөлийг өөрсдөө хийн, өдрийн хоолондоо зооглов.

Кенчин үдон шөл нь нэг төрлийн цагаан хоол бөгөөд зөвхөн намар хураасан эрүүл ногоогоор хийдэг гэдгээрээ онцлогтой.

зураг
 

Монголчуудын хийдэг лапшатай төстэй энэ шөлний гурилыг заавал дөрвөлжин элдэх ёстой байдаг нь хачирхалтай санагдаж байв.

Тэтгэвэрт гарлаа гэж хойш суулгүй тариалан эрхэлж, хүмүүст эрүүл хооллолтын мэдээлэл түгээж буй эхнэр, нөхөр...

зураг
 

Эцэст нь JENESYS хөтөлбөрийн хамгийн хүлээлт өндөртэй мөч ирэв.

Бидний хөтөлбөрт дээр дурдсанчлан энгийн япон айлын хүүхэд болж, нэг өдөр гэрт нь зочлон ахуйн соёлтой танилцах завшаан тохиосон юм.

Хөтөлбөрийн дагуу Монголоос ирсэн залуус багт хуваагдан тосож авсан япон эцэг, эхээ даган явцгаав.

Хоёр сэтгүүлч, нэг оюутан охиноос бүрдсэн манай хэсгийг Эмико эмээ тосож аван гэрийн зүг гарсан юм. Нийт 30 орчим минут машинаар хурдтай явсны эцэст ирж, биднийг өвөө тосож авав.

зураг
 

Хэдийгээр манай багийнхан японоор тийм сайн ярихгүй ч эмээ, өвөө хоёртой ойр зуурын яриа өрнүүлэхэд бэрхшээл тулгарсангүй.

70 гаруй насны өвөө, эмээ хоёр тэтгэвэрт гарсан гээд ажлаас хойш суугаагүй бөгөөд хүмүүст эрүүл хооллолтын дадал зуршил бий болгохын төлөө хичээж байгаа юм.

Хирайама Эмико эмээгийн хувьд энэ чиглэлээр ашгийн бус байгууллага байгуулж, өөрөө тэргүүлэн ажилладаг. Тус байгууллагаар дамжуулан нутгийн иргэд, хүүхдүүдэд хоол хийх болон хөдөө аж ахуйн практик сургалт явуулдгаас гадна өндөр настнуудад зориулсан хоол хийх үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн аливаа газар хөдлөлт зэрэг гамшгийн үед ч сайн дурын ажил хийдэг аж.

Өвөө залуудаа Тоёота компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бол эмээ угаас хоол, хүнс судлалын чиглэлээр ажилладаг байжээ. Тэтгэвэрт гарсан хойноо мөн тэд газар тариалан эрхэлж эхэлжээ.

Энэ тухай Хирайама Эмико "Сүүлийн 10 гаруй жил тасралтгүй тариалан эрхэлж байгаа бөгөөд хавар ногоо тарьж, намар хураахад өөрийн хүүхэд ач, зээгээс гадна нутгийн хүмүүс сайн дураар тусалдаг" хэмээн хэлсэн.

Тэдний байгалиар нь тарьж ургуулж буй эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь мөн орон нутгийн хэрэгцээнд зориулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд хувь нэмэр оруулж байгаа юм.

Бид тэднийд очсон анхны гадаад зочид биш бөгөөд өмнө нь өөр улс орноос хэд, хэдэн хүүхэд ийнхүү зочилж байжээ. Ирсэн зочин бүрийг эмээ, өвөө хоёр үндэсний хувцсаараа төвөгшөөлгүй гоёж, уламжлалт хоол хийх аргаасаа зааж өгдөг гэнэ.

Тиймээс бид ч ялгаагүй япон үндэсний хувцас болох кимоно өмсөж, япон үндэсний хоол тенпүра, сүкияакиг хэрхэн хийхэд суралцсан юм.

Гэхдээ япон үндэсний хувцсыг зөв дарааллаар ном журмын дагуу өмсөхөд нарийн ажиллагаа шаарддаг. Тиймээс эмээ бидэнд кимоно өмсүүлэхэд нэг хүнд ойролцоогоор нэг цагийн хугацаа зарцуулсан билээ.

Ялангуяа эмэгтэй кимино нийт 12 хэсгээс бүрддэг бөгөөд яг уламжлалын дагуу өмсөхөд ихэвчлэн хүнээр өмсүүлэх шаардлагатай болдог байна. Ном журмынх дагуу өөрөө кимоно өмсөж чаддаг эмэгтэй ховор байдаг гэлцдэгийг энд дурдах хэрэгтэй болов уу. 

Оройн хоолны дараа бид Японы уламжлалт оригами хийх урлагаар цаасан шувуу хийцгээж үдшийг өнгөрүүлсэн юм.

Маргааш өглөө нь биднийг буцахаас өмнө эмээ амласан ёсоороо тариан талбайдаа аваачлаа. Үнэхээр олон төрлийн хүнсний ногооноос тарьсан байснаас гадна будаан талбайгаа их өвөрмөц байдлаар чимэглэдэг нь сэтгэлд тод үлдсэн.

Жил бүрийн хавар будаан талбайгаа ийнхүү өөр, өөрөөр чимэглэдэг гэсэн нь үнэхээр бүтээлч санагдаж байв.

Бидний суралцсан зүйлсийг дандаа ахимаг настай хүмүүс заасан нь ажиглагдсан. Үүнээс япон хүмүүсийн нас ахих тусам хуримтлуулсан туршлага, ур чадвараа залуу үедээ сурталчлан таниулах, түгээх үйлсэд зориулдаг сэтгэлийг нь биширмээр сэтгэгдэл төрүүлж байв.

JENESYS-2022 хөтөлбөрт хамрагдан Япон орноор аялсан тэмдэглэлээс...

JENESYS хөтөлбөр нь Япон, Монгол хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урин ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилготой бөгөөд жил бүр тогтмол зохион байгуулагддаг билээ.