Зураг
Зураг
Индэр    
2022 оны 12 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

JENESYS-2022: Мэйжи Жингү шинто шашны сүм, зоосны үйлдвэрээр аялж, монгол хэл судалж буй япон залуустай уулзсан өдрүүд

Зураг

- Аян замын тэмдэглэл №2 -

(Өмнөхийг ЭНДЭЭС уншина уу)

Япон улсад зочилсон өдөр бүрийг бид шинэ зүйлсэд суралцан өнгөрүүлж байлаа.

Долоо хоногийн аяллын маань хөтөлбөрт багтсан, үзэж харах зүйлсээс илүүтэй цагаа ягштал баримтлах япончуудын соёлд алхам тутамдаа суралцаж явсныг онцлох хэрэгтэй.

Ганцхан жишээ хэлэхэд, өглөө бүр биднийг 7-8 цагийн хооронд зочид буудлаас ирж авах автобусны жолооч дээрх хугацаанд гурван удаа солигдсон хэдий ч тэдний нэг нь ч ирэх ёстой цагаасаа нэг минут хоцроогүй. Тэдний нэг нь товлосон цагтаа ирэхийн тулд гэрээсээ гурван цагийн өмнө гардаг тухайгаа хэлж байсан юм.

Япон улсад аялсан тухай тэмдэглэлээ энэ удаа дурсгалт газар болон үйлдвэр, сургуулиар зочилсон мөчүүдээр үргэлжлүүлж байна.



Мэйжи Жингү шинто шашны сүм ба цэцэрлэгт хүрээлэн

зураг
 

Арванхоёрдугаар сарын 7-ны өглөө бид болзсон цагтаа зочид буудлаасаа хөдөлж, эхлээд Мэйжи Жингү шинто шашны сүмд зочлов.

Хийд байрлах тус цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр ороход л сэтгэлд онцгой тайван мэдрэмж төрүүлж байлаа.

 

Мэйжи Жингү гэгддэг уг сүм нь ерөнхийдөө Японы эзэн хаан Мэйжи болон түүний эхнэр хатан Шокен нарын бунхан юм. Уг сүм 1920 онд олон нийтийн санаачилгын ачаар үүссэн бөгөөд Шинто шашны хамгийн том бунхан гэж үзэж болно. Япончууд эзэн хаандаа маш их талархаж байсан тул Токио хотын Шибүяа хотод байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн гүнд уг сүмийг байгуулж, түүний дурсгалыг мөнхжүүлсэн нь энэ аж.

Өдгөө Мэйжи Жингү жил бүрийн шинэ жилээр япончуудын хамгийн олноороо цугларч мөргөдөг сүмүүдийн нэг болсон бөгөөд тэд гэр бүлийнхээ аз жаргалын төлөө залбирдаг байна.

Ердөө үүнээс нь л япончууд түүх, дурсгалт газруудаа бүх цаг үеийн турш хэрхэн хүндэтгэн, үндсэн төрхийг нь алдуулалгүй өвлүүлэн авч ирснийг харж болно.

Цүкижи Хонгванжи

зураг
 

Үдээс хойшхон Цүкижи Хонгванжи, Асакүса зэрэг газраар мөн зочлов.

Цүкижи Хонгванжи сүмийн тухайд Жодо Шиншү Хонгванжи сургуулийн суурь аж. Одоогийн сүмийн барилгын гол танхимыг 1934 онд Кантогийн их газар хөдлөлтийн дараа сэргээн босгосон бөгөөд Токиогийн Эзэн хааны их сургуулийн гавьяат профессор, архитектурын түүхч хүн дизайныг нь гаргасан байна.

зураг
 

Сүмийн үндсэн барилгын гадна талыг харахад эртний Энэтхэгийн буддын шашны сүм хийд болов уу гэмээр дизайнтай байсан бол дотоод засалдаа Японы уламжлалт байдлыг шингээжээ.

Токио дахь Японы Эзэн хааны ордон

зураг
 
Японы Эзэн хааны ордон

Японы эзэн хааны ордон бол тус улсад ирсэн хүн бүрийн харахыг хүсдэг газруудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Бид тус ордны гүүрний өмнө хэсгээс Хааны ордныг харсан юм. 

Токиогийн тусгай хамгаалалтын бүсэд байрладаг тус ордныг Япон улс хуучин уламжлалаа хэдэн зууны турш бүрэн бүтэн байдлаар нь авч ирсний бэлгэ тэмдэг болдог гэлцдэг.

Ордны барилга Эдогийн үед буюу 1457 онд баригдсан бол 1948 оноос Эзэн хааны ордон гэж нэрлэх болсон аж.

Япон улсын Эзэн хааны ордныг 21 дүгээр зууны хөгжил дэвшил, орчин үеийн архитектурын шийдэлтэй нэгэн зэрэг харж, харьцуулж зогссон нь түүхээр аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан билээ.

Японы зоос, гоёлын үйлдвэр

зураг
 

Миний хувьд Япон улсад очоод худалдан авалт бүрдээ зоос хэрэглэсэн нь их содон зүйлсийн нэг байсныг хэлэх хэрэгтэй. Хаа сайгүй байрлах автомат машинуудад халуун цай, кофе, хүйтэн ундаа, зайрмаг худалдахаас гадна үзэх дуртай анимэний дүр бүхий жижигхэн тоглоомыг ч гаргаж авах боломжтой. Эдгээрт мэдээж ихэвчлэн зоосон мөнгө хэрэглэнэ.

Тус улсад цаасан дэвсгэрт 1,000 иенээс дээш байх бөгөөд түүнээс доош мөнгөн дүнд 500, 100, 50, 10, 5, 1 гээд таван төрлийн зоосыг ашигладаг. Тиймээс ч JENESYS-2022 хөтөлбөрт тусгагдсан зоосон мөнгөний үйлдвэрт очих мөчийг тэсэн ядан хүлээж байв.

Япон улс 1871 оны зургаадугаар сарын 27-нд батлагдсан "Шинэ мөнгөний нэгжийн тухай" тогтоолын дагуу иенийг албан ёсоор мөнгөн тэмдэгтээ болгон хэрэглэх болсон гэдэг.

Харин бид мөн онд байгуулагдсан Японы зоосон мөнгөний үйлдвэрийн Сайтама хотод байрлах салбарын музейгээр зочилж, эрт үеэс өдийг хүртэл ашиглагдаж буй зоосон мөнгөний хөгжил, хэрхэн өөрчлөгдөж байсан тухай түүхтэй танилцсан юм.

Тус үйлдвэр нь дан ганц зоос гэхээс илүүтэй улс орон, олон нийтийн төлөө зүтгэсэн хүмүүст хүндэтгэн гардуулдаг одон, медаль, металл урлагийн эд зүйлсийг ч үйлдвэрлэдэг. Ингэхдээ ялангуяа одон тэмдгийг ихэвчлэн гараар, маш болгоомжтой, нарийн техникээр хийдэг юм билээ.

Энд Мэйжигийн үеэс дотоодын эртний зоос, гадаадын зоос болон олимпын медалийн загвар, металл гоёл гэх мэт нийт 4,000 орчим эд зүйлийг дэлгэн тавьжээ.

 

Panasonic группийн үзэсгэлэнгийн танхим

Үзэж харсан зүйлээсээ огтхон ч орхиж болохгүй зүйлсийн жагсаалтад Panasonic Center Tokyo буюу Панасоникийн үзэсгэлэнгийн танхим дахь "АкеруЕ" музей юм.

Тус музей нь хүүхдүүдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилготой байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нээлтээ хийжээ.

Энд шинжлэх ухаан, технологийг урлагтай хослуулсан төрөл бүрийн сонирхолтой үзмэрүүдийг дэлгэсэн байв. Мөн энэ газарт ирсэн хэн ч өөрийн санаа, бүтээлийг түүх болгон хувиргаж, дүрслэлээр илэрхийлэх боломжтой бүтээлийн булан хүртэл байв.

Магадгүй хүүхдийнхээ бүтээлч санаанд урам өгөхийг хүсдэг ч хэрхэн дэмжихээ олдоггүй эцэг эхчүүдэд энэ газар тус болох биз ээ.

 

Токио цамхаг

зураг
 

Японы нийслэлд ирсэн хэн ч Токио хотын бэлэг тэмдэг болсон "Токио цамхаг"-ийг харахгүй өнгөрөх боломжгүй. Нийт 333 метр өндөртэй энэхүү цамхаг нь Францын Эйфелийн цамхгаас есөн метрээр өндөр ажээ.

1958 онд баригдсан энэхүү цамхаг нь 2012 оны тавдугаар сард "Tokyo Skytree" буюу 634 метрийн өндөртэй цамхгийг ашиглалтад орохоос өмнө тус улсын хамгийн өндөр барилгад тооцогдож байсан юм. Уг цамхагт нийтийн зорчигч тээврийн утасгүй холбооны систем, цаг уур судлалын болон радио долгионы төхөөрөмжүүд суурилагдсан байдаг аж.

Энд ирснээр алдарт Фүжи уул болон Токио хотыг нь бүтнээр харах боломжтой. 

 

Токиогийн Гадаад хэлний их сургуульд япон оюутнууд монгол хэл судалж байна

зураг
 

Японд очсон хоёр дахь өдрийн дараа бид Токиогийн Гадаад хэлний их сургуулиар зочилж, монгол хэлийг сонирхон судалдаг олон оюутантай уулзсан нь ихэд сэтгэл хөдөлгөж байв.

Тус сургуулийн тухайд, Токиогийн Гадаад хэлний их сургууль нэрээр бие даан байгуулагдаад өдгөө 123 жил болж байгаа бөгөөд төв байр нь Токиогийн баруун хэсэг Фүчү хотод байрладаг.

Уг сургууль нь дотроо Хэл, соёл судлалын сургууль, Олон улс, бус нутаг судлалын сургууль, Даяаршил судлалын магистр, докторын сургууль зэрэг салбартай ба дэлхий дахины хэл бичиг, соёл иргэншил, олон улс, бус нутгийн судлалыг заадаг аж.

Энд монгол хэлний сургалт 1911 онд анх эхэлжээ. Одоогоор Хэл, соёл судлалын сургуулийн монгол хэлний ангид 28 оюутан, Олон улс, бус нутаг судлалын сургуулийн Төв Азийн салбарын монгол хэлний ангид 28 оюутан тус тус монгол хэлд суралцаж байгаа гэв. Ийнхүү монгол хэл сурсан оюутнуудын ихэнх нь Японы Гадаад хэргийн яам, Монгол Улсад салбартай Японы аж ахуйн нэгжүүдэд ажилладаг юм байна.

зураг
 

Бидэнтэй уулзсан Монгол хэлний ангийн оюутнуудын төлөөлөл “Монгол хэлний тэнхим 100 гаруй жилийн өмнө байгуулагдаж, өнөөг хүртэл Япон дахь Монгол судлал хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Та бүхнийг Япон улсын тухай төдийгүй манай сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болоосой гэж хүсэж байна” хэмээн монголоор мэндчилж байсан нь сэтгэлд хүрэв.

Мөн тэд "Энэ солилцооны хөтөлбөрөөр дамжуулан бид өөр өөрсдийн улс орнуудын талаар ойлголтоо өргөжүүлэхийг хүсэж байна. Мөн энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосонд маш их баяртай байгаа төдийгүй энэ харилцаа цаашид улам бэхжихийг хүсэж байна” хэмээн хэлж байлаа.

Уулзалтын үеэр Япон, Монгол хүүхэд, залуус баг болж хуваагдан хэсэг сууж, чөлөөтэй ярилцах боломж олдсон юм.

Энэ үеэр монгол хэлний ангийн япон оюутнаас яагаад энд сурах болсныг асуухад "Намайг монгол хэл сонирхож байгаа бол энэ сургуульд явахыг багш маань зөвлөсөн. Би Монголд очиж үзэхийг маш их хүсэж байгаа учраас ирэх жилээс Монголд сурахаар төлөвлөж байгаа” хэмээн хэлсэн нь Монголын талаар маш их сонирхдогийг нь илтгэж байв.

зураг
 

Мөн тус сургуулийн оюутан Тамако “Би нүүдэлчин, малчны соёлд их дуртай. Энэ нь намайг монгол хэлийг сонирхож, судлахад нөлөөлсөн. Мөн би Та бүхнийг ирэхээс гурван долоо хоногийн өмнө солилцооны хөтөлбөрөөр Монголд очоод ирсэн. Очихоосоо өмнө их хүйтэн гэж сонсон ч яг очоод үзэхэд санасныг бодоход гайгүй байсан. Түүнчлэн монголчууд надад үнэхээр эелдэг, найрсаг хүмүүс шиг санагдсан” хэмээн ярьж байлаа.

Токиогийн Гадаад хэлний их сургуулийн гадна орчин

 

JENESYS-2022 хөтөлбөрт хамрагдан Япон улсаар аялсан тухай тэмдэглэл маань дараагийн удаа Японы уламжлалт соёл, энгийн япон айлын аж амьдралтай танилцсан үйл явдлаар үргэлжлэх болно...