Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 20
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 8: Бага насны хүүхдээ хэрхэн хурдан уншуулж сургах вэ?

Зураг

Энэ удаагийн дугаараар бид бага болон нярай насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан хэрхэн хүүхдийнхээ тархи, сэтгэн бодох чадварыг эрт хөгжүүлж аль болох бага наснаас нь уншуулж сургах тухай арга барилыг шингээсэн Глэнн Доманы “Бага насны хүүхдээ хэрхэн уншуулж сургах вэ” хэмээх номын гол санааг хүргэхээр зорилоо.

Хэдхэн жилийн өмнө дөрөвхөн насандаа эх хэлнээсээ гадна долоон өөр хэлээр уншиж, ярьж чаддаг Бэлла хэмээх охин интернэт орчныг шуугиулж, олны анхаарлыг ихэд татаж байсан билээ.

 

Тэгвэл энэ Орос охиныг тус номын зохиолч Глэнн Доманы санаачлан, байгуулсан "Хүний оюун ухааны чадавхыг бэхжүүлэх"  институтийн /IAHP/ арга барилаар сурч, дадлагажиж, хүмүүжсэн нь ийнхүү долоо хэлээр төвөггүй уншиж, ярьж чаддаг болсон юм.

Номын зохиолч Глэнн Доманы тухай товч танилцуулбал, тэрбээр АНУ-ын физикийн эмч бөгөөд "Оюун ухааны чадавхийг бэхжүүлэх" институтийг /IAHP/ анх 1955 онд тархины хөгжлийн асуудалтай хүүхэд багачуудад тусалж, тэднийг хөгжүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулжээ.

Глэнн өөрийн амьдралын 50 гаруй жилийг дэлхийн олон улсын 25,000 орчим хүүхдийн хөгжил нь асуудалтай гэр бүлд тусламж, зөвлөгөө үзүүлэхийн хажуугаар хүүхдийн тархи, хөгжилтэй холбоотой олон судалгааны ажил, ном гаргасны нэг нь бид бүгдийн сонгосон "Бага насны хүүхдээ хэрхэн уншуулж сургах вэ" хэмээх ном юм.

#UNLOCK Дугаар 56: "How to teach your baby to read?" ШУУД СОНСОХ:

Хүүхдийн зарим хөгжлийн талаарх мэдээлэл:

Хүүхдийн тархи биеийн жингийнхээ 11 хувийг эзэлдэг бол насанд хүрсэн хүний тархи ердөө 2.5 хувийг эзэлдэг аж.

Түүнчлэн хүүхдийн тархины 80 хувь нь таван нас хүрэхэд бүрэлддэг бол зургаан нас гэхэд нь тархи биологийн талаасаа бүрэн бүрэлдэж дуусдаг байна. 

Мөн хүүхдийн аливаа зүйлийг сурч, мэдээлэл хүлээж авч, хамгийн хурдан шингээдэг нас нь 9 сараас дөрвөн нас хүртэл байдаг нь судалгаагаар тогтоогдсон ба энэ үед хүүхдийн тархи, түүний эд эсүүд хамгийн хурдтайгаар төлжиж, хөгжиж байдаг гэсэн үг. 

Тийм ч учраас эдгээр насны хүүхдүүд байнга аливаа зүйлийг сонирхож, шинэ зүйлсийг туршиж, харж үзэж байхыг хүсдэг тул хамгийн хөдөлгөөнтэй байдаг гэж хэлж болно. Гэвч үүнийг нь эцэг эхчүүд сайн ойлгож, анзаардаггүй тул хүүхдээ маш сахилгагүй, төвлөрч чаддаггүй гэх талаас нь харж, буруу ойлгох явдал их байдаг аж.

Нөгөө талаар хүүхэд багачууд аливаа зүйлийг сурч эхэлсэн ч удаан хугацаанд төвлөрч, анхаарал хандуулж чаддаггүй нь эргэн тойрноосоо авч буй сурах үйл явц нь цаанаасаа маш уйтгартай, төвөгтэй ажил гэсэн ойлголт суусантай холбоотой. Харин үүний оронд эцэг эхчүүд хүүхдэдээ сурах үйл явцыг тоглохтой л яг адил сонирхолтой үйл явц гэдгийг ойлгуулж өгвөл тэр хэмжээгээрээ хүүхдийн суралцах чадвар, сонирхол болон нөөц боломж нь илүү нэмэгддэг талаар энэхүү номын эхэнд дурдсан байдаг.

Номын зохиолчийн зөвлөж буйгаар хүүхэд зургаан нас хүртлээ наад зах нь:

  • Ярих /Болж өгвөл эх хэлнээсээ гадна 2, 3 хэлээр/
  • Алхах,
  • Бичих зэрэг чадварыг эзэмшвэл ирээдүйн хөгжилд нь эерэгээр нөлөөлдөг байна. Мөн дээр дурдсан чадваруудыг хүүхэд өөрөөсөө хүчин чармайлт гаргасны үр дүнд бий болгож буй чадварууд хэмээн нэрлэдэг байна.

Харин сонсох, унших, хүрч мэдрэх зэрэг чадварууд нь өөрөөсөө бус гадны нөлөөллөөс хүлээн авч буй үйл явц тул уншиж сурахын тулд заавал ярих чадвартай байх шаардлагагүй бөгөөд сонсох, харах үйл явцтай л адил мэдээллийг хүлээн авах нэг хэлбэр гэж харах хэрэгтэйг онцолжээ. 

Хүүхдээ хэрхэн хурдан уншуулж сургах талаарх Глэнн Доманы арга барил:

Аливаа бага насны хүүхдийг уншуулж сургахдаа багш болон эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь хүүхдэд хамгийн эхлээд үсгийг нь зааж эхэлдэг гэдгийг зохиолч онцолж байна. Үсэг заах нь төвөгтэй бөгөөд хүүхдийн тархинд тийм ч амар наалддаггүй байна, харин үүний оронд энгийн өдөр тутамдаа хэрэглэдэг үгсийг зааж эхлэх нь илүү үр дүнтэй аж.

Уншиж сургах алхмууд:

  1. Энгийн, богино үгс,
  2. Холбоо үг,
  3. Богино өгүүлбэр,
  4. Дэлгэрэнгүй өгүүлбэр,
  5. Ном гэсэн дарааллаар хүүхдэдээ уншиж сургахыг зөвлөж байна.

Энгийн, богино үгс

Өмнө дурдсанчлан хүүхэд аливаа зүйлийг хамгийн хурдан сурдаг нас нь 9 сараас дөрвөн нас хүртэл байдаг. Тэгвэл эдгээр насны уншиж чаддаггүй хүүхдэд уншихыг зааж эхлэхдээ хүүхдэд хамгийн ойр, хүрээлэн буй орчин, биеийн хэсэг, амьтан гэх мэт амархан тааж болох үгсийг сонгож авах нь зүйтэй.

Үг заахдаа хамгийн эхлээд энгийн үгсээс бүрдсэн 200 үгсийн карт бэлдэнэ. Картаа бэлдэхдээ картны өндөр нь 15 сантиметр, өргөн нь 65 сантиметр байх ба хүүхдийн анхаарлыг татахын тулд улаан өнгөөр үгийг бичнэ.

 

Хүүхэд аливаа зүйлийг маш түргэн хугацаанд хүлээн авах чадвартай байдаг ба хүүхдийн анхаарлыг алдахгүйн тулд үгсийг маш хурдан харуулах нь тохиромжтой гэнэ. Ингэснээр хүүхэд залхахгүй бөгөөд дээрх үгсийг ихэд сониуч байдлаар юу гэж байгаа юм бол гэж хараад өнгөрөх юм.

Түүнчлэн хүүхдэд үгсийг заахдаа орчин, нөхцөл байдлыг сайн бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Тодруулбал, хүүхдийн анхаарал татахуйц тод чимээ гарахгүй, телевизор унтраатай, хүүхэд цатгалан, нойр нь бүтэн, живхээ сольсон байх гэх мэт тайван орчинг бүрдүүлэх нь чухал. 

Эцэг эхийн зүгээс ч мөн үгсээ танилцуулахдаа өөрөө эерэг, тайван, найрсаг байдлаар хандах нь чухал юм. Эс бөгөөд хэрэв зааж буй эцэг эхэд энэ үйл явц таатай бус, залхуутай санагдаж байвал таны хүүхдэд ч мөн тийм байна гэсэн үг юм. 

Эцэг, эхчүүд хүүхдэд нэг үг харуулж, заачихаад тэр дор нь ойлгож, тогтоосон эсэхийг нь шалгах гэж оролддог, гэвч энэ нь хүүхдийн сурах сонирхлыг нь буурулдаг тул ингэлгүйгээр тухайн үгээ дор хаяж 100-200 удаа давтаж, харуулсны дараагаар хүүхдээсээ асуувал энэ нь илүү үр дүнтэй бөгөөд хүүхдэд өөрөөр бууна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл хүүхдээс шаардах бус, хангалттай мэдээллийг өгөөд л байх хэрэгтэй

Түүнчлэн хүүхэд таны заасан үгийг 100 хувь бүгдийг нь сурах ёстой гэсэн үг биш бөгөөд эдгээр үгсийн 50 хувийг л сурахад хангалттай гэж бодож болно. Түүнчлэн өмнө давтагдсан үгс дахиад эргэн орж ирж давтагдах тул хүүхдэд дараа нь сурч чадаагүй үгсээ дахин сурах боломж олно гэсэн үг юм.

Энэ маягаар цаашид хүүхдийн нас, сурч буй сонирхол зэргээс нь шалтгаалан цаасны хэмжээ, үгийн өнгө, урт богино зэргийг өөрчлөх боломжтой юм. Эдгээр үгсэд зөвхөн өөрийн эх хэлнээсээ гадна эцэг эхийн мэддэг гадаад хэлнээс ч мөн зарим үгийг оруулах боломжтой.

Хамгийн сүүлд нь хүүхэддээ үг, холбоо үг зэргийг зааж сургахдаа хүүхдээ эерэг үгсээр урамшуулах нь хамгийн чухал юм. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн сайн зүйл хийхэд нь чихэр, жимс өгч урамшуулах тохиолдол их байдаг ч ингэлгүйгээр эерэг үгсээр урамшуулах хэрэгтэй. 

Холбоо үг

 

Холбоо үгийг заахдаа өмнө дурдсан энгийн үгстэй адил мөн л энгийн үгээс эхлэх хэрэгтэй. Жишээ нь, эсрэг утгатай үгс болох хар-цагаан, халуун-хүйтэн эсвэл өнгөтэй холбоотой улаан машин, том сандал гэх мэт үгсийг сонгож болно.

Богино өгүүлбэр

Үүнд ч мөн өмнөх хоёр алхамтай адил энгийн өгүүлбэрээс сонгож эхлэх нь зөв юм. Жишээ нь ээж идэж байна, аав ирж байна гэх мэт нэр, үйл үг нь тодорхой. Мөн нэг зүйлийг дурдахад хүүхэд аливаа зүйлийг илүү хөгжилтэй, сонирхолтой байх үед илүү хурдан сурдаг тул богино өгүүлбэр зарлахдаа инээдтэй байдлаар заах нь тохиромжтой юм.

Жишээлбэл, аав гүзээлгэнэ тэвэрч байна, заан шөл ууж байна, ээж үсэрч байна гэх мэт хөгжилтэй хирнээ энгийн өгүүлбэр зохиож харуулахыг зөвлөж байна.

Ном унших

Унших сурахын хамгийн сүүлийн шат нь ном уншиж сурах юм.

Ингэхдээ жирийн дэлгүүрт байдаг ном бус эцэг эх, хүүхдийн тусламжтайгаар хүүхдийнхээ үгсийн сан, сонирхол зэрэгт нь нийцүүлэн гараараа ном урлах юм.

Ном урлахдаа зураг болон текст бүр тус тусдаа байх ёстойг онцолж байна. Учир нь үг зураг хоёр нь хамтдаа байвал хүүхдийн анхаарал сарниж, хүүхэд уншихад бус зурганд илүү анхаарлаа хандуулна гэсэн үг юм. Номын агуулгад гэр бүлийн өдөр тутамд хийдэг зүйлс, эцэг эхийн тухай, хүүхдийн тухай эсвэл хүүхдийн дуртай баатар, тоглоомын тухай шингээж өгөх боломжтой юм. Энэ нь гэр бүлд томоохон дурсамжийг бүтээх юм.

0-9 сар хүртэлх хүүхдэд ямар арга хэрэглэх вэ?

Өмнө дурдсан дөрвөн үе шатаас гадна дөнгөж л төрөөд буй гурван сар хүртэлх настай хүүхдэд мөн өдөрт нэг удаа нэг үгийг тохиромжтой үед нь харуулах боломжтой юм. Ингэснээр хүүхэд тухайн үгийг харж ойлгохын тулд тархи, нүдээ ажлуулснаар тархи нь илүү хөгждөг тул хүүхэд арай бага байна гэлтгүй тус аргыг турших нь үр дүнтэй юм.

Ингэхдээ өдөрт нэг л үг үзүүлэх ба хүүхдийнхээ живхийг нь сольж байхдаа, эсвэл хоолыг нь идүүлж байхдаа гэх мэт нийт арван удаа хүүхэд нь сэрүүн, тайван, цатгалан байх үед харуулах нь тохиромжтой.

Видео:

Ингэж явсаар гурван сар хүрэхэд нь өмнө дурдсан үг, холбоо үг болон өгүүлбэрийн аргыг хэрэглэж болох юм байна. 

  • 0-1 нас хагас хүртэл хүүхдийн насны онцлогоос нь хамааран таван алхмыг хэсэгчлэн туршиж, зааж болно.
  • 1 нас хагасаас-2 нас хагас хүртэл дээрх таван алхмыг бүгдийг нь хийх боломжтой болно. Түүнчлэн хүүхэд энэ үед аливаа зүйлд дуртай байна уу үгүй юу гэдэг нь харагдаж, сонголт хийхийг хүсдэг болж байгаа тул дуртай сэдвийг нь харгалзаж эхлэх юм.
  • 4-5 насанд нь хүүхэдтэйгээ ярьж байгаад сургалтын хөтөлбөрийг гаргах хэрэгтэй гэдгийг тус тус онцолжээ.