Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 27
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 9: "Би энгийн амьдралыг сонгосон"

Зураг

Энэ удаагийн уншигч болон подкаст сонсогчдын амралтын өдөрт зориулан бид "Unlock" подкастын өнгөрсөн долоо хоногийн дугаарт багтсан Япон улсын зохиолч Фүмио Сасакигийн “Goodbye, things” буюу монгол хэлнээ “Би энгийн амьдралыг сонгосон” хэмээн орчуулагдсан нэгэн сонирхолтой номын тэмдэглэлийг хүргэж байна.

Энэхүү ном нь гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 22 хэлнээ орчуулагдан гарсны нэг нь монгол юм. 

Номын зохиолч болох Фүмио Сасаки энэхүү номыг бичиж гаргахаас өмнөх өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус, байнга өөрийгөө бусадтай харьцуулж, материаллаг эд зүйлсэд ихэд ач холбогдол өгдөг нэгэн байсан юм. Тэрбээр энэхүү байдлаа анзаарч, ухаарсны үндсэн дээр олон жилийн турш өөрийг нь хүрээлээд байсан хэрэггүй эд зүйлсээсээ ангижирч, өөрт зөвхөн хэрэгцээт, нэн шаардлагатай гэсэн эд зүйлсийг сонгодог болсноор амьдралаа хэрхэн энгийн, аз жаргалтай болгож чадсан талаараа энэхүү номонд хуваалцдаг юм.

Сонсох:

Минималист гэж хэнийг хэлэх вэ?

Хүн хорвоо ертөнцөд төрөхдөө өөрийн биеэс өөр эд зүйлгүй төрдөг хэдий ч бүхий л амьдралынхаа туршид маш их материаллаг эд зүйл, хөрөнгө цуглуулсны үр дүнд маш их эд хогшилтой болж, тэдгээрийгээ эргээд арчлах гэж өөрийн амьдралын ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг үрсээр эргээд материалллаг эд зүйлс нь бидний эрх чөлөөг хааж эхэлдэг гэж хэлж болно.

Зохиолч Фүмио Сасакигийн минималист болохоос өмнөх амьдралыг дурдвал орон гэр нь их замбараагүй, эмх цэгцгүй, өөрийн ажил болон хийж буй зүйлсдээ сэтгэл хангалуун бус, өдөр тутмын амьдралаасаа таашаал авдаггүй, өдөр хоногийг аясаар нь өнгөрүүлж,  гэрээ цэвэрлэж, эмх цэгцтэй болгохоос зайлсхийж ямар нэгэн шалтаг, шалтгаан олдог байсан нэгэн байжээ. 

Түүнчлэн тэрбээр материаллаг эд зүйлсэд хэтэрхий их анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг байсны үр дүнд бусдыг харж, дүгнэхдээ ч мөн өмсөж зүүсэн эд зүйлсээр нь дүгнэж, өөрийгөө бусадтай харьцуулдаг байсан ба үүний үр дүнд өөрийгөө доош нь хийж, сэтгэл санаагаар унах тохиолдол их гардаг байсан талаар дурдсан байдаг.

Харин өөрт зөвхөн хэрэгцээт, нэн шаардлагатай гэсэн эд зүйлсийг сонгож, минималист амьдралын хэв маягаар амьдрах болсны дараагаар тэрбээр ажлаа тарж гэртээ ирээд өөртөө маш их цаг зав зарцуулах боломжтой болж,  дуртай зүйлсээ хийх болсон ба сэтгэл санааны хувьд ч мөн илүү тайван, сэтгэл ханамжтай байх болсон юм.

 

Мэдээж энэхүү сэтгэлийн тайвшралд хүрэхийн тулд зүв зүгээр байж байгаад хүрэхгүй ба гэртээ байсан хэрэггүй маш олон эд зүйлсийг хаяж, тэдгээрээс салж хагацаж чадсаны үр дүнд энэхүү тайвшралыг олж авсны үр дүнд өөрийгөө минималист хэмээн нэрлэж болохуйц хэмжээнд хүрсэн гэдэг.

Тэгвэл минималист гэж ямар хүнийг хэлэх вэ?

Минималист гэдэг нь өөртөө нэн шаардлагатай зүйлсийг мэдэж авсан хүнийг хэлэх ба хэрэв шаардлагатай бус эд зүйлс эргэн тойронд нь байвал тэдгээрээсээ ангижирч, зөвхөн өөрт хэрэгцээт, нэн шаардлагатай гэсэн эд зүйлсийг авч үлдэж чадсан тэр хүнийг минималист хэмээн нэрлэдгийг энэхүү номонд дурджээ.

Минималист байх гэдэг нь:

  • Минималист болоход ямар нэгэн дүрэм, журам байхгүй бөгөөд заавал тодорхой хэдхэн тооны эд зүйлстэй байх гэдгээрээ өөрийгөө хязгаарлах бус юм,
  • Минималист байна гэдэг нь таны амьдралын зорилго бус харин өөрт зөвхөн хэрэгтэй, шаардлагатай гэсэн эд зүйлсээ тодорхойлж, олж авах нэг төрлийн арга барил гэдгийг санах хэрэгтэйг онцолжээ,
  • Хэрэв та өөрийн амьдралдаа утга учир, хамгийн чухал гэсэн зүйлээ аль хэдийн олж, тодорхойлсон бол минимализмыг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй гэдгийг зохиолч мөн анхааруулаад байна,
  • Түүнчлэн минимализм нь зөвхөн амьдралын хэрэггүй эд зүйлсийг эмхэлж цэгцлэхэд бус амьдралыг бүхий л талбарт ашиглагдах боломжтой гэдгээрээ тус тус онцлогтойг санах хэрэгтэй.

Япон улсад минимализм, минималист амьдралын хэв маяг 2010 оноос хойш хүчээ авч, ихэд дэлгэрэх болсон гэдэг. Үүнд техник технологийн, мэдээллийн их урсгал болоод Япон улсад их тохиолддог байгалийн гамшиг зэрэг нөлөөлсөн бөгөөд энэ үед Япон улсын иргэдэд эд хогшлоос илүүтэй ойрын хүмүүс чухал уу гэдэг асуулт иргэдийн дунд ихэд газар авч, минималист амьдралын хэв маяг олны анхаарлыг татах болсон гэдэг.

Бид яагаад маш их эд зүйлсийг хурааж, цуглуулж амьдардаг юм бол?

Хариулт:

  1. Хүн өөрийгөө болон өөрт буй эд зүйлсээ бусадтай болон бусдын эд зүйлстэй харьцуулж эхэлсэн тохиолдолд өөртөө болон өөрт буй эд зүйлсдээ сэтгэл хангалуун бус болж аз жаргалгүй болдог байна,
  2. Мөн хүний тархи байнга шинэ зүйлийг эрэлхийлж, хуучин эд зүйлсээсээ маш хурдан хугацаанд уйддаг тул өөрт байхгүй эд зүйлсийг бусдаас хурдан олж харж, тэрхүү шинэ зүйлсийг хүсдэг байна.
  3. Ингэж явсаар хүмүүс хэзээ ч төгсөшгүй нэг тойрогт орсон байдаг аж. Ийм тойрогт орсон хүн өмнө дурдсанчлан өөрт болон эргэн тойронд буй эд зүйлстээ сэтгэл хангалуун бус байдаг ба шинэ эд зүйлс худалдаж авсан хэдий ч хурдан уйддаг болсоор бидний эргэн тойронд маш их хэмжээний материаллаг эд зүйлс цуглардгийг зохиолч онцолжээ.
  4. Түүнчлэн хүн нийгэмд өөрийн байр сууриа олж, бусдад өөрийгөө илэрхийлж ойлгуулж, үнэлэмж бий болгохын тулд мөн эд зүйлс цуглуулах эсвэл түүгээр гангарах тохиолдол их байдаг аж. Үүний тод жишээ хүмүүсийн унаж буй машин, гар утас эсвэл ямар нэгэн сонирхлоороо цуглуулдаг цуглуулга гэх мэт зүйлсийг хэлж болох юм.

Нэг үгээр хэлбэл бидний цуглуулсан эд зүйлс бусдад харуулж буй бидний үнэлэмж болсны үр дүнд бид өөрсдөө тухайн эд хогшлынхоо боол нь болдог ба тэдгээр эд хогшил, зүйлсээ арчилж явахын тулд өөрийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг эргүүлэн ихэд зарцуулах болдог байна. Тийм ч учраас өөрт цуглуулсан эд хогшлын боол нь болохгүй, өөрт зөвхөн хэрэгтэй гэсэн эд зүйлсээ олж авах, амьгүй эд зүйлсэд амьдралынхаа мөч, цаг хугацааг заралгүй, харин чухал хэрэгтэй гэсэн зүйлсдээ илүү анхаарал хандуулах тэрхүү арга барилыг минимализм хэмээн нэрлээд байгаа юм.

Хэрэггүй эд зүйлсээсээ ангижрах зарим арга, барилаас: 

  • Би угаасаа л эд зүйлс цуглуулдаг, түүнээсээ хагацах боломжгүй гэсэн тогтсон санаа бодлоосоо салах хэрэгтэй. Мэдээж эд зүйлсээсээ салахад хэцүү байх хэдий ч аажим аажимдаа хамгийн хэрэгцээт бус гэсэн жижиг зүйлсээс эхлэх хэрэгтэйг зохиолч сануулжээ,
  • Эд зүйлсээсээ ангижирна гэдэг нь тийм ч хурдан хугацаанд хийгээд өнгөрөх зүйл биш юм. Харин урт хугацаанд дадал, зуршил болгосны үр дүнд бий болдог чадвар юм. Фүмио Сасакигийн хувьд нийт таван жилийн хугацаанд тасралтгүй тодорхой хэмжээгээр хүчин чармайлт гаргасны үр дүнд ийнхүү өөрийгөө минималист хэмээн нэрлэж болох хэмжээнд хүрээд байгаа аж,
  • Эд зүйлсээсээ салж эхлэхдээ хамгийн түрүүнд хэрэггүй, ашиглахаа больсон эд зүйлсээс эхлэх нь хялбар байх болно,
  • Яг одоо эхэл. Эд зүйлсээ янзалж эхлэхийн тулд хойшлуулах хэрэггүй. Харин бага багаар нүдэнд харагдсан жижиг зүйлсийг хаяж эхлэх нь эхлэл юм,
  • Таны амьдралд сүүлийн нэг жил хэрэглэгдээгүй эд зүйлс дахин таны амьдралд хэрэглэгдэх нь юу л бол. Хүн бүрийн гэрийн нэг мухар эсвэл шүүгэнд нэгээс ч олон жил ашиглаагүй эд зүйлс байдгийг та бүхэн мэдэж байгаа байх,
  • Эмхэлж, цэгцлэхдээ танд буй энэхүү эд зүйл танд үнэхээр хэрэгтэй эсвэл шаардлагатай зүйл байна уу эсвэл бусдад өөрийгөө харуулах гэсэн эд зүйл байна уу гэдгийг ялгах хэрэгтэй,
  • Мөн аливаа шинэ зүйл худалдаж авах үедээ үүнийг би зүгээр л хүсээд байна уу эсвэл үнэхээр надад шаардлагатай, хэрэгтэй зүйл үү гэдгийг бодож сонгохыг зөвлөж байна,
  • Гэр орон, эд хогшил болон аливаа эд зүйлсийг янзалж, цэгцлээд тавих нь түүнээс салж буйн явдал биш юм,
  • Үнэгүй эсвэл хямдхан зүйлсийг худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь нэг бол танд хэрэггүй эсвэл удаан хугацаанд хэрэглэгдэхгүй эд зүйлс байдаг аж.

Минималист болсноор таны амьдралд гарах боломжтой өөрчлөлтүүд /Зохиолчийн туршлагаас/:

  • Өөрт гаргах цаг илүү их болно. Эд зүйлс худалдаж авах, түүнийг сонгох зэрэг нь маш их цагийг авдаг тул хэрэггүй эд зүйлс худалдаж авдаг байсан цаг хугацааг өөрт илүү хэрэгтэй гэсэн зүйлд үрэх боломжтой болно.
  • Амьдрал болон түүний мөч бүхнийг илүү таашаалтай өнгөрөөх болно,
  • Хэрэггүй зүйлсэд зарцуулдаг байсан цаг хугацаагаа багасгаснаар илүү эрх чөлөөтэй болох боломжтой.
  • Бусадтай өөрийгөө харьцуулах шаардлагагүй болно. Хүн өөрийгөө бусадтай харьцуулж эхэлснээр тэдгээр хүмүүсийн хүсдэг эсвэл худалдаж авсан эд зүйлсийг дуурайж авах тохиолдол их гардаг.  Харин өмнө дурдсанчлан өөрт зөвхөн хэрэгцээтэй гэсэн эд зүйлсийг сонгож, хэрэггүй зүйлсээсээ салснаар бусадтай өөрийгөө харьцуулах хэрэггүй болдог байна.
  • Фүмио Сасакигийн хувьд тус номондоо минималист, үлгэр жишээ болох хүнийг Apple компанийн гүйцэтгэх захирал асан Стив Жобсын тэмдэглэн, олон жишээ авсан байдаг. Тухайлбал тэрээр амьд байх хугацаандаа байнгын адил, нэг хувцсаа сонгож өмсдөг байсан нь хувцас сонгох, шинэ хувцас худалдаж авах гэх мэт хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгч, цаг үрдэггүй харин илүү чухал хэрэгцээт ажил, зүйлдээ илүү анхаарал хандуулдаг байсан нь харагдаж байгаа юм.
  • Хэрэгцээт бус эх сурвалжаас салах. Мэдээлэл, харилцаа холбоо болон технологи өндөр хөгжсөн энэ үед амьдарч буй бидний хувьд зарим хэрэгцээт бус мэдээ мэдээллийг хүлээж авдаг эх сурвалжаа хасаж, хязгаарлах нь зайлшгүй болоод байна. Жишээлбэл, хэрэв та утсаараа бүхий л мэдээ мэдээллээ авдаг бол гэрт телевизор байх хэрэг бараг л байхгүй болно.
  • Өөрийн эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулж, өөрийгөө мэдрэх боломжтой болно,
  • Мөн аливаа байгаа зүйлдээ илүү талархаж сурах бөгөөд хүн аз жаргалыг хайж байдаг ч энэ нь бидний эргэн тойронд байж байдаг зүйл гэдгийг ойлгох болно.
  • Бидний амьдарч буй нийгэм, эргэн тойрон бид бүхнийг нэг зүйлийг хийчихвэл эсвэл нэг зүйлийг авчихвал аз жаргалтай болж, амьдралын дээд цэгтээ хүрэх мэт ойлголт өгсөөр иржээ. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд та өөрийн эргэн тойронд буй аз жаргалыг мэдрэх нь чухал юм.
  • Эерэг сэтгэл зүйн нэгэн судалгаагаар аз жаргалын 50 хувь генетикээс  шалтгаалан гардаг бол 10 хувь нь бидний амьдарч буй эргэн тойрон, амьдралын орчин нөхцөлөөс шалтгаалдаг, харин үлдсэн 40 хувь нь бидний өдөр тутамдаа хийж буй үйлдэл, амьдралын мөч бүрээс шалтгаалдаг хэмээх үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл бид энэхүү 40 хувийг нь өөрсдөө өдөр бүр зохицуулж, удирдах боломжтой гэсэн үг юм. 
  • Фүмио Сасакигийн хувьд минималист болсноор олж авсан хамгийн том ололт нь өдөр бүр тааралдаж буй хүн, ойр дотны хүмүүстээ талархаж, тэднээс аз жаргалыг мэдрэх болжээ.