Индэр    
2019 оны 4 сарын 13
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 7: Опра Уинфри: Миний сайн мэдэх зүйлс...

Зураг

"Миний сайн мэдэх зүйл бол: Хөл дээрээ босож зогсох, хязгаарыг давж алхах, хүссэнээрээ амьдрах сонголтоос таны хүрэх аялал эхэлнэ" хэмээн АНУ-ын хамгийн анхны Африк гаралтай тэрбумтан эмэгтэй, дэлхийн алдарт телевизийн шоуны хөтлөгч Опра Уинфри хэлсэн байдаг.

Уншигч болон подкаст сонсогчдын амралтын өдөрт зориулан бэлтгэж буй номын тэмдэглэлийн энэ удаагийн дугаарт АНУ-ын алдарт телевизийн хөтлөгч, жүжигчин, продюсер Опра Уинфригийн “What I Know For Sure” буюу “Миний сайн мэдэх зүйлс” хэмээх номын тэмдэглэлийг хүргэж байна.

Энэхүү ном нь 2014 оны есдүгээр сард хэвлэгдэн гарсан ба Опра өмнө гаргаж байсан “Опрагийн сэтгүүл”-д зориулан сар бүр “Миний мэдэх сайн зүйлс” хэмээх буланд бичдэг байсан бичвэрүүдийн эмхтгэл гэж ойлгож болно. Ном найман бүлгээс бүрддэг ба бүлэг бүрт хүний амьдралд гарч болох янзын нөхцөл байдал, боломж, бэрхшээлүүдийг хэрхэн давж гарч, сэтгэлийн хаттай байх зэрэг сэдвийг хөндөж бичсэнээрээ олон хүний сэтгэлд хүрсэн бүтээл болжээ.

Опра Уинфриг мэдэхгүй хүн дэлхийд ховор. Тэрбээр АНУ дахь телевизийн шоу дунд 1986-2011 оны хооронд буюу 25 жилийн туршид хамгийн их үзэгч, хандалттай байсан “Опра Уинфригийн шоу”-гаараа /The Oprah Winfrey Show/ дэлхийд алдаршсан нэгэн билээ. Түүний ток шоуны гол зорилго нь ирсэн зочдыг чин сэтгэлээс нь яриулж чаддагт байсан ба олон олон үзэгчийн сэтгэлийг давхар хөдөлгөж мөн үзэгчдэдээ байнга сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэнд зэргийн талаарх мэдээ мэдээллийг хүргэж, хөгжүүлэх боломж олгодог байснаараа онцлогтой.

 

Опра алдар нэрт хүрч, амжилт гарахаас өмнө хүнд хэцүү замыг туулсан гэдэг. Түүний амжилтад хүрэхээс өмнөх бага насны амьдралаас дурдахад:

1954 онд АНУ-ын Миссисипи мужийн нэгэн хотод мэндэлсэн ба эцэг, эхийнхээ дундаас хүсээгүй үед нь хорвоод мэндэлсэн хүүхэд байжээ. Тэрч утгаараа түүнийг төрсний дараагаар Опраг эцэг, эх нь эмээ дээр нь үлдээж зургаа нас хүртлээ эмээгийнхээ хажууд өсөж торнижээ.

Төрсөн цагаасаа л ойр дотны, гэр бүлийн хүмүүсээсээ хангалттай хайр халамжийг авч, хангалттай их анхаарал дунд өсөөгүй тул номтой их нөхөрлөж ирсэн гэдэг.  Гурван нас хүрээгүй байхдаа л уншиж сурсан авьяастай нэгэн юм.

Зургаан нас хүртлээ эмээгийнхээ хажууд өссөний дараагаар ээж дээрээ очсон хэдий ч тун удалгүй буюу есөн настайгаасаа эхлүүлэн хамаатан болон ойр хавийн эрэгтэй хүмүүсээс бэлгийн хүчирхийлэл ихэд амсаж, бага наснаасаа л хүнд зүйлүүдийг туулж иржээ.

Ингэж явсаар Опра арван настайдаа жирэмсэн болж, хүүхдээ төрүүлэхээр сэтгэл шулуудаж, нууцаар тээж явсан хэдий ч хүүхэд нь дутуу төрсний улмаас хорвоог орхисон байдаг. Хичээл сурлагын хувьд тэрбээр амжилттай, ихэд шамдан суралцдаг сурагч байжээ. Дунд сургуульд орсны дараагаар тэрбээр санаандгүй байдлаар нэгэн радио телевизэд өөрийн хоолойгоо шалгуулж, ярилцлага өгснөөр олон хүний дундаас шалгарч түүний хөтлөгч болох амьдралын зам эхэлсэн гэдэг.

#UNLOCK Дугаар 25: "What I know for sure" ШУУД СОНСОХ:
Опра Уинфригийн амьдралын таван зарчим/мөрдлөгө:

1. Амьдралын баяр баясгалан - JOY

Яг одоо байгаа цаг, мөч бүхэндээ амьдарч, аз жаргалыг мэдэр...

Опрагийн амьдралдаа мөрдлөг болгодог хамгийн гол, томоохон зарчмыг дурдвал амьдралын мөч болгондоо аз жаргалтай байж, түүнд талархаж явах юм. 

Хэрэв бид одоо байгаа мөчдөө аз жаргалын мэдэрч, талархаагүй тохиолдолд нэг бол ирээдүйд болох зүйлд санаа зовж, хий хоосон мөрөөдөж эсвэл болоод өнгөрсөн зүйлд харамсаж байдаг гэдгийг бүгд мэддэг ч, тэр бүр өөрсдийгөө тэгж байгааг анзааралгүй, өнгөрсөнд эсвэл ирээдүйд санаа зовнисоор цаг мөч бүхнийг өнгөрүүлж байдаг.

Түүнчлэн Опра Уинфри “Хэрэв өнөөдөр таны амьдралын сүүлийн өдөр байвал та яг одоо юу хиймээр байна вэ?” гэдэг асуултыг өөртөө байнга тавьж, яг одоо хийж буй зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун байж чадаж байгаа эсэхийг өөрөөсөө асууж байхыг зөвлөж байна. Учир нь эцэст нь таны аз жаргалтай байх эсэх зөвхөн ӨӨРӨӨС тань шалтгаалах тул таны эргэн тойрны хүмүүс эсвэл өнгөрсөн, ирээдүй цагт болох зүйл энэ бүхнийг шийдвэрлэхгүй. Өөрөө өөртөө л найдаж, зөв хандлагыг өөрт төлөвшүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Гэхдээ аз жаргал, сайхан мөч бүхэн зүгээр нэг хүсэж, бодоод ирчихдэггүй. Хэрэв та өөртөө аз жаргал, сайн сайхан зүйлийг хүсэж байвал эргэн тойрны хүмүүс, эргэн тойрондоо өөрөө эхэлж эерэг энергийг түгээж, тэдэнд талархсанаар буцаад танд эдгээр зүйлүүд эргэн ирэх болно.

 

Түүнчлэн Опрагийн амьдралын туршлагаас харахад аз жаргалтай байж, амьдралаас утга учир олохыг хүсэж байвал өдөр бүр өөртөө таалагддаг, сэтгэлд тань эерэг "оч" үүсгэх жижиг зүйлүүдийг хийж байхыг зөвлөж байна. Жишээ нь, дуртай цай эсвэл кофегоо дуртай аягандаа уух зэрэг жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч тэр өдөртөө шингээж байх зөвлөмжийг хүргэж байна.

2. Амь бөхтэй байх чанар - RESILIENCE

Хүмүүс өнгөрсөндөө их уягдаж, өөрөө өөртөө сэтгэлийн шаналал үүсгэх тохиолдол их байдаг. Тухайлбал, өнгөрсөнд нь гомдоож, мэхэлж байсан хүнийг мартаж чадахгүй байх эсвэл болоод өнгөрсөн таагүй зүйлийг дахин дахин санасаар зүрхэндээ “хар толбо” үүсгэж, түүнийгээ хадгалж явдаг байна. Ингэж явсаар хүн тэрхүү өнгөрсөн зүйлд хэт их уягдаж одоо байгаа цаг болон эргэн тойронд буй хүмүүстээ тэрхүү гомдлоо гаргах тохиолдол их байдаг аж.

Опрагийн хувьд ч мөн бага насандаа ойр дотны, гэр бүлийн хүмүүсээсээ хангалалттай хайр халамж авч, хүндлэгдэж чадаагүй тул том болсон хойноо ч гэсэн хүмүүсээс өөрийг нь үнэлэж байхыг хүссэн хандлагатайгаар хандаж байснаа ойлгож, энэ нь эргээд өөрт нь муугаар нөлөөлж байгааг олж мэджээ.

Тэрбээр хүн өөрт буй сэтгэлийн шархаа өөрөө л унтрааж, эдгээж чаддаг ба өнгөрсөнд таныг гомдоосон хүмүүсийг хүлээн зөвшөөрч, уучлах нь таниас л шалтгаална гэдгийг ойлгожээ.

Тийм ч учраас Опра өнгөрсөнд түүнийг гомдоож, шаналал үүсгэж байсан хүмүүсийг дотроо уучилж чадсанаараа тэрхүү сэтгэлийн шаналалаас өөрийгөө чөлөөлж, одоо цагтаа амьдрахад тусалсан гэдгийг онцлоод байгаа юм.

 3. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа - CONNECTION

Хүн бүр хэн нэгнээр хайрлагдах эсвэл хэн нэгнээр үнэлүүлэх гэсэн хүсэлтэй байдаг нь дэлхий дээр амьдарч буй хүн бүрийн нэг ижил чанар юм.

Гэхдээ тэрхүү зүйлийг гаднаас хайгаад хэзээ ч олохгүй. Харин өөрөө өөрийгөө хайрлаж эхэлсэн цагт л бусдаар хайрлуулж, үнэлүүлэх эхлэл нь тавигддаг гэдгийг тус бүлэгт онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл хэрэв та хайрыг хайж байвал гаднаас бус эхлээд өөрийн дотроосоо олж хар гэсэн үг. 

Энэ нь зөвхөн өөртөө л анхаарал хандуулж, өөрийгөө л хайрлах гэсэн үг биш бөгөөд харин өөрийгөө үнэлж сурах гэдгийг хэлж байгаа юм.

Хүн өөрийгөө үнэлж, хайрлаж сураагүй тохиолдолд бусдаас түүнийг нэхэх нь ямар ч үр дүнгүй гэдгийг зөвлөж байна.

4. Талархал - GRATITUDE

Опрагийн хувьд амжилтад хүрч, алдартай болохоос өмнөх үедээ өдөр бүр нэг зүйлд талархаж, түүнийг тэмдэглэн бичдэг байсан тухай  номонд тэмдэглэсэн байдаг. Талархаж буй зүйл тань заавал том байх албагүй, ямар ч хэмжээний, ямар ч нөхцөл байдал байж болох юм. 

Опрагийн хувьд өглөө бүр өөрийн хөл дээрээ амьд сэрүүн, эрүүл босож байгаадаа талархаж өглөөг эхлүүлдэг байна. Үүнтэй адил та ч гэсэн өөрт өдөр бүр талархах нэг зүйлээ олж харж чадна.

Ийнхүү өдөр бүр нэг зүйлд талархаж явах нь хий хоосон мэт санагдаж байгаа ч урт хугацаанд энэ нь хүний амьдралын харах өнцөг, үзлийг өөрчилдөг байна. Ялангуяа хүнд хэцүү үед эргэн тойронд буй зүйлдээ талархах нь буцаад босох хүч тэнхээ, сэтгэлийн хат зэргийг өгч, дараачийн шатанд ахих боломжийг олгож байна гэсэн үг юм.

Нэг үгээр тайлбарлавал "Бороо хэдий орж, та нойтон болсон ч борооны дараа заавал нар гарна" гэдгийг санах хэрэгтэй хэмээх үгтэй адилтгаж тэмдэглэжээ.

5. Боломж - POSSIBILITY

Хүнд боломж маш олон гарч ирдэг ч заримыг нь бид тоолгүй эсвэл хүрч чадалгүйгээр өнгөрөөдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Түүнд хүрч чадалгүй өнгөрөөдөг гол зүйл бол – айдас.

Опрагийн хувьд аливаа боломж гарч ирэхэд энэ боломжийг би аваад, үзээд алдвал бусад эргэн тойрны хүмүүс маань яаж хүлээж авч, үнэлж, дүгнэх бол гэдэг бодлоос болж олон боломжийг алдаж байснаа тэмдэглэжээ. 

Гэвч тэрхүү боломжийг аваад та алдаа гаргах эсвэл амжилтад хүрч байгаа эсэх нь эцэстээ бусад хүмүүст огт хамаагүй байдаг. Учир нь тэр хүмүүс өөрсдийн амьдралаараа, та ч мөн өөрийнхөө л амьдралаар амьдрах тул бусдаар үнэлүүлж, ямар нэгэн зөвшөөрөл авахын тулд хий хоосон санаа зовох шаардлагагүй гэдгийг уншигчдадаа хандан, сануулжээ.

Мөн хэрэв боломжийг авах гэж байхад таныг чадах эсэхэд эргэлзэж байгаа хүн байвал тэдгээрийг тоолгүй өнгөрөөх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг ч онцолжээ.