Энэ жил улсын хэмжээнд нийт 17,000 орчим сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөнө.
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдын хамгийн чухал асуудал бол өөрт тохирох зөв мэргэжлээ сонгож, суралцах явдал билээ. Мэргэжил сонголтод эцэг эх, өөрийн хүсэл сонирхол, нийгэм цаг үе гэх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг тул хариуцлагыг араасаа дагуулдаг.
Тиймд энэ удаа бид Монгол Улс болон олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил ойрын жилүүдэд эрэлттэй байгаа талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газраас Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, цаашдын хөгжлийн хандлага, тухайн салбарын ажиллах хүчний багтаамж зэргийг нэгтгэн үзэж эрэлттэй байх мэргэжлүүдийг гаргажээ.
Түүнчлэн манай улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатар “Нэг зүйлийг баттай хэлэхэд одоо хүүхдүүд бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжлийг сонгоод хэрэггүй. Учир нь хөдөлмөрийн зах зээл дээр энэ мэргэжлээр илүүдэл үүссэн нь тодорхой болсон. Бизнес удирдлагын мэргэжлийг их л сайн сурч, амжилтанд хүрэхгүй л бол зах зээл нь ханачихсан.
Харин бүх төрлийн инженер хамгийн хэрэгцээтэй байгаа нь харагдсан. Ялангуяа, барилга, байгаль орчин, цахилгаан, хий уурын инженерүүд хамгийн их эрэлт хэрэгцээтэй ба цаашид ч эрэлт нь өсөх хандлагатай байна. Түүнчлэн дэлхий технологид суурилан хөгжиж байгаа учраас компьютертой холбоотой мэргэжлүүдийн эрэлт тийм ч муу биш байгаа нь судалгаагаар ажиглагдсан” гэж байлаа.
Дэлхий даяаршиж, бүхий л салбар бусад улс орны зах зээлээс хамаарч буй энэ цаг үед олон улсын зах зээлд эрэлт үүсгээд буй мэргэжлүүдийг ажиглах нь мэргэжлээ сонгох гэж буй хүний хувьд чухал асуудал.
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас дэлхийн есөн бүс нутгийн 20 улс, эдийн засгийн үйл ажиллагааны 12 салбарын аж ахуйн нэгж болон ажиллагчдыг хамруулсан Ирээдүйн ажил мэргэжлийн судалгааг 2018 онд хийжээ. Тус судалгаанд ирээдүйд бий болох ажил мэргэжил, ажиллах хүчин болон хөдөлмөр эрхлэлтэд гарах өөрчлөлтийг дараах байдлаар дүгнэсэн байна.
Ажил олгогчдын 50 хувь нь ойролцоогоор 2022 он гэхэд автоматжуулалт, тэдний бүтэн цагийн ажиллах хүчийг бууруулна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Гэхдээ судалгаанд оролцогчдын 38 хувь нь хүмүүн капиталын бүтээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол дөрөвний нэгээс дээш хувь нь автоматжуулалт аж ахуйн нэгжүүдэд шинэ үүрэг, оролцоог бий болгоно гэсэн хүлээлттэй байна.
Мөн ажиллагчдыг ажлын байрны уян хатан нөхцөлөөр хангах буюу үйл ажиллагааны төвлөрсөн байдлыг халж, зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэх сонирхолтой байгааг судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
Хүн ба машины гүйцэтгэдэг ажлын ялгаа өөрчлөгдсөнөөр 75 сая төрлийн ажил хөдөлмөрийн зах зээлээс шахагдах бол хүн ба машин, алгоритмын гүйцэтгэдэг хөдөлмөрийн шинэ ялгаанд дасан зохицсон 133 сая гаруй шинэ ажил үүрэг бий болно гэсэн тооцоо гарчээ. Эдгээр таамаглал нь дэлхийн хөдөлмөр эрхлэлтийн тоо хэмжээг илэрхийлэхэд бус, харин ажил, хөдөлмөрийн шинэ ертөнц дэх ажиллах хүчний шилжилтийг хийхэд шаардлагатай стратегийг тодруулахад хэрэгцээтэй байдаг аж.
Зураг 1. 2022 он хүртэлх ажлын байрны ирээдүйн чиг хандлага
Үүнээс харвал, 2022 он хүртэлх хугацаанд эрэлт нь өсөх хандлагатай байгаа ажил мэргэжилд
Хүн болон машины оролцоо, ажлын заагт 2018-2022 он гэхэд одоогийноос онцгой ялгаа гарна гэх хүлээлт ажил олгогчдын дунд үүссэн байна. Судалгаанд хамрагдсан нийт 12 салбарын аж үйлдвэрийн ажлын өнөөгийн цагийн 71 хувийг хүн гүйцэтгэж байгаа бол машин 29 хувийг нь гүйцэтгэж байгаа юм. Харин 2022 он гэхэд хүний ажиллах дундаж цаг 58 хувь, машины ажиллах цаг 42 хувь болон өөрчлөгдөх төлөвтэй байгаа аж.
Шинэ технологи, хандлагын давалгаа бий болж, бизнесийн загвар, ажиллагчид болон машин хоорондын хөдөлмөрийн шилжилтээс үүдэлтэйгээр 2022 он гэхэд тодорхой ажлыг гүйцэтгэхэд шаардагддаг ур чадварт нэлээд өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэй байна.
Зураг 2. Ажил олгогчоос ажилтанд тавих ур чадварын чиг хандлага
Ийнхүү олон улсын хөдөлмөрийн зах зээлд шинэ уур амьсгал аль хэдийнэ орсныг дээрх баримтууд илтгэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!