АНУ-ын Техас мужид улаан бурхан өвчний тархалт нэмэгдэж, хоёр дахь хүүхэд нас барав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас мужийн баруун хэсэгт дэгдсэн улаан бурхны халдвар улам эрчимжиж, өнгөрсөн долоо хоногт хоёр дахь хүүхэд нас баржээ.

Эндсэн хүүхэд нь вакцинжуулалтад хамрагдаагүй, ямар нэг суурь өвчингүй найман настай охин байсныг Техасын албаныхан өчигдөр мэдээлсэн байна.

Баасан гарагийн байдлаар Техаст улаан бурхны өвчлөлийн тохиолдлын тоо 480 давсан нь долоо хоногийн эхний 420 тохиолдлоос эрс өссөн хэрэг байлаа.

Мөн өвчлөл хөрш зэргэлдээ мужуудад халдварлаж эхэлсэн байна.

Дэгдэлтийг хязгаарлах тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа хэмээн шүүмжлүүлж буй Трампын засаг захиргааны эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди өчигдөр буюу Ням гарагт нөхцөл байдалтай танилцахаар Техаст хүрэлцэн очжээ.

“Энэхүү харамсалтай үйл явдал нь вакцинжуулалтын ач холбогдлыг харуулж байна. Улаан бурхан бол маш өндөр халдварлах чадвартай өвчин бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүст ноцтой хүндрэл учруулдаг” гэж Техасын Луббок дахь UMC Health System эмнэлгийн дэд ерөнхийлөгч Аарон Дэвис хэлжээ.

“Миний энд ирсэн зорилго бол нас барсан хүүхдийн гэр бүлийнхнийг тайтгаруулж, тэдний уй гашууг хуваалцах юм. Бас Техасын эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлж, холбооны агентлагууд тэдэнтэй хэрхэн хамтран ажиллаж болохыг мэдэх явдал” гэж Кенеди хэлсэн байна.

Хоёрдугаар сард Техасын меннонит шашны цөөнхийн вакцинжуулалтад хамрагдаагүй зургаан настай охин АНУ-д сүүлийн арван жилийн хугацаанд улаан бурхнаар нас барсан анхны хүүхэд болж байв.

Дараа нь гуравдугаар сард Нью-Мексико мужид бас вакцинжуулалтад хамрагдаагүй насанд хүрсэн эрэгтэй улаан бурхны вирусээр халдварласныхаа дараа нас барсан юм. Гэхдээ түүний үхлийн шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа.

Энэ он гарснаас хойш АНУ даяар 600 гаруй улаан бурхны халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн ихэнх нь Техасын баруун хэсгийн дэгдэлттэй холбоотой байв. Нью-Мексико, Оклахома, Канзас мужуудад илэрсэн тохиолдлуудыг Техасын дэгдэлттэй холбоотой гэж үзэж байгаа.

Бараг бүх тохиолдол вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсээс илэрсэн юм.

2000 онд АНУ улаан бурхныг бүрэн устгаснаа зарлаж байжээ.

Гэвч вакциныг эсэргүүцэх явдал хүмүүсийн дунд нэмэгдсэнээр өвчлөл дахин нэмэгдэж эхлээд байна.

Улаан бурхны вакцины хос тун халдвар авах эрсдэлийг 97 хувиар бууруулж, халдсан тохиолдолд хүндрэлээс сэргийлдэг юм.

Нийгэмд дархлаа суулгахын тулд хүн амын 95 хувийг вакцинжуулалтад хамруулах ёстой гэдэг.

зураг
 
АНУ-ын эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди

Трампын эрүүл мэндийн сайд Кеннеди өмнө нь вакциныг эсэргүүцэгч байсан бөгөөд Техасын дэгдэлтийг эхэн үедээ үл тоомсорлон “онцгой тохиолдол” гэж тодорхойлж байв.

Гэхдээ тэр эхний хүүхэд нас барсны дараа хандлагаа өөрчилсөн ч вакцинжуулалтад хамрагдахыг уриалахаас зайлсхийж байлаа.

Харин өчигдөр Техаст ирснийхээ дараа Кеннеди “Улаан бурхнаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм” гэж хэлжээ.

Луизиана мужийг Бүгд Найрамдах намаас төлөөлдөг сенатор Билл Кассиди өчигдөр “Вакцинжуулалтад бүгд хамрагдах ёстой. Улаан бурхныг эмчлэх арга байхгүй. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд дахин хүүхдийн амь нас золиослохгүйн тулд ямар ч эргэлзээгүйгээр үүнийг уриалах хэрэгтэй” гэж сошиал хуудсандаа бичсэн нь Кеннедид хандсан хэрэг байлаа. Тэрбээр эмч мэргэжилтэй хүн юм.

Дэгдэлтийн эхэн үед Кеннеди улаан бурхны өвчлөлийг А витаминаар эмчилж болох тухай ярьж байжээ..

Гэхдээ эрүүл мэндийн мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэж, зарим нэг тохиолдолд зөвхөн эмчийн хяналттайгаар хэрэглэж болохыг анхааруулж байв.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа