Бямба гарагт нийслэл Бээжин болон Хятадын хойд бүсийн олон хотыг маш хүчтэй шороон шуурга дайрсны улмаас олон зуун нислэг цуцлагджээ.
Өчигдөр өглөөний 11:30 цагийн байдлаар Бээжингийн гол хоёр нисэх буудалд нийтдээ 838 нислэг цуцлагдаад байв.
Салхины хурд 150 км/цаг хүрсэн нь сүүлийн хагас зуун жилд Хятадын нийслэлд тохиолдоогүй үзэгдэл болжээ.
Үүний улмаас өчигдөр Бээжингийн түүхэн байгууламжууд, амралт зугаалгын газруудыг хаасан байна. Шуурга энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.
Баасан гарагт эрх баригчид Бээжингийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, зарим хэвлэлүүд 50 кг-аас бага жинтэй хүн хийсэх боломжтойг анхааруулж байв.
Шуурганы улмаас төмөр замын тээвэр бас зогссон байна. Бээжингийн гудамжинд ургасан хөгшин моддыг салхинд унахаас хамгаалахын тулд урьдчилан мөчрүүдийг нь тайрч багасгажээ.
Гэсэн хэдий ч бараг 300 мод өчигдрийн шуурганд унасан байна.
Мөн хэд хэдэн автомашин эвдэрсэн ч хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгдээгүйг мэдээлжээ.
Энэ удаагийн шуурга нь Монгол улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн хүйтэн агаарын урсгалаас үүдэлтэйг цаг уурчид тайлбарласан байна.
Бээжин хот жил бүрийн хавар Монголын говиос гаралтай элс, тоос шороонд дарагддаг ч уур амьсгалын өөрчлөлт үүний эрчмийг улам нэмэгдүүлж байгаа гэдэг.
Өчигдөр Бээжин хот хүчтэй салхины аюулыг анхааруулах системээ улбар өнгийн түвшинд шилжүүлсэн нь сүүлийн арван жилийн хугацаанд анхны тохиолдол болжээ.
Хятад улс салхи шуурганы хүчийг нэгээс 17 хүртэл түвшинтэй хэмжүүрээр үнэлдэг. 11 дүгээр түвшнийг “ноцтой хохирол” учруулах, 12 дугаар түвшнийг “онцгой сүйтгэлтэй” гэж тодорхойлдог байна.
Өчигдрийн шуургыг 11-13 түвшинд үнэлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
|