Трампын засаг захиргаа дэлхийн улс орнуудын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын өндөр татвараасаа ухаалаг гар утас, компьютер болон бусад электроник төхөөрөмжүүдийг чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Эдгээр нь Хятад улсын бараанд ногдуулсан 125 хувийн татвараас ч бас чөлөөлөгдөж байна.
Электроник бараа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Хятад улсад үйлдвэрлэгддэг тул Трампын худалдааны дайн АНУ-д компьютер, ухаалаг гар утасны үнэ эрс өсөх аюул учруулаад байсан юм.
Импортын татвараас чөлөөлөгдөж буй бусад бүтээгдэхүүнүүдэд хагас дамжуулагч, нарны хавтан, санах ойн карт зэрэг багтжээ.
Энэ шийдвэрийн үр дүнд Apple, Nvidia, Microsoft зэрэг томоохон технологийн компаниуд “гүнзгий амьсгал авах боломжтой” болж байгааг Wedbush Securities компанийн шинжээч Дэн Айвз хэлж байна.
“Энэ бол технологийн хөрөнгө оруулагчдын хувьд мөрөөдлийн хувилбар. Ухаалаг гар утас, чипийг Хятадад ногдуулсан татвараас чөлөөлсөн нь тоглоомын дүрмийг өөрчлөх хэмжээний арга хэмжээ юм” гэж тэр хэлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливит “Хагас дамжуулагч, чип, ухаалаг гар утас, лаптоп зэрэг амин чухал технологийн үйлдвэрлэлийн салбарыг Хятад улсад найдах боломжгүйг ерөнхийлөгч Трамп тодорхой харуулсан. Энэ арга хэмжээ нь компаниудыг үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүлэхэд хугацаа өгөх зорилготой юм” гэж мэдэгдсэн байна.
Трампын худалдааны дайны улмаас iPhone-ий үнэ гурав дахин өсөж, $3,000 давах тооцоог зарим шинжээчид гаргаж байв.
АНУ бол iPhone гар утасны хамгийн том зах зээл бөгөөд өнгөрсөн онд Apple компанийн борлуулалтын талаас илүү хувийг эзэлж байжээ.
iPhone гар утасны 80 хувийг Хятадад, үлдсэн 20 хувийг Энэтхэгт үйлдвэрлэдэг.
Apple компани технологийн бусад компаниудын нэгэн адил сүүлийн жилүүдэд Хятадаас хамаарлаа бууруулахаар ажиллаж байгаа. Энэ зорилгоор Энэтхэг, Вьетнам зэрэг улсуудад шинэ үйлдвэрүүд байгуулах болсон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!