Баасан гарагийн үдээс хойш 3:13 цагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын дагуул хот Гванмёнд шинээр ухаж буй метроны хонгил нуржээ.
Үүний улмаас хонгилын дээгүүр өнгөрдөг авто зам цөмөрч, хэд хэдэн барилга ноцтой гэмтсэн байна.
Хонгилд байсан таван ажилчин нуралтад дарагдсанаас гурав нь удалгүй эсэн мэнд олджээ. 20 гаруй насны экскаваторын жолоочийг 13 цагийн дараа 30 метрийн гүнээс аварсан байна.
Харин үлдсэн ганц хүн болох 50 гаруй насны ажилчин одоог болтол олдоогүй байгаа юм.
Бямба гарагт долоон эрэлч нохой, хүнд машин механизм ашигласан аврах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилсэн ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас зогсоход хүрсэн байна.
Ням гарагийн шөнө Сөүл орчимд 40 мм хүртэл хэмжээний хур тунадас орсон бөгөөд үүний улмаас нуралт улам нэмэгдэх аюултай болсон тул аврах ажиллагааг түр зогсоожээ.
Хонгил нурсны дараа эрх баригчид ойролцоо амьдардаг 2,400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлснээ сүүлд аюулгүй байдлын шалгалтын дараа 220-оос бусдад нь буцаж харихыг зөвшөөрсөн байна.
Бороо зогсож, нөхцөл байдал сайжирсны дараа аврах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!