Их Британийн төмөр замын сайд Лорд Питер Хэнди өнгөрсөн сард төмөр замчдын гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилготой буяны арга хэмжээнд оролцохдоо замын хөдөлгөөний зөрчил гаргажээ.
Тэрбээр энэ арга хэмжээнд оролцохдоо Лондон хотын хуучны хоёр давхар “Routemaster” автобусыг өөрөө жолоодож, зорчигч тээвэрлэсэн юм байна.
Энэ үеэр сайд гар утсаа хэрэглэснийг зорчигчдын нэг нь хараад цагдаад мэдээлжээ.
Гэвч Лондон хотын цагдаа уг хэргийг нотлох хангалттай баримт олдоогүй үндэслэлээр хаасан юм байна.
Харин сайд өөрөө сүүлд буруугаа хүлээж, өөрөө өөрийгөө цагдаад барьж өгснөөр хэргийг дахин нээжээ.
Хэрвээ буруутай нь тогтоогдвол сайд жолооны эрхээсээ зургаан оноо хасуулж, мөнгөн торгуулиар шийтгүүлэх юм байна.
Энэ талаар мэдээ хэвлэлд цацагдсаны дараа сайдын төлөөлөгч “Өнгөрсөн сард Питер Хэнди жолооны ард гар утас хэрэглэсэн нь үнэн. Тэрбээр ноцтой зөрчил гаргасандаа уучлал гуйж, цагдаагийн газартай өөрөө холбогдсон” гэж мэдээлжээ.
Лондон хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Гуравдугаар сарын 31-ны өдөр 70 гаруй насны эрэгтэй хүн автомашин жолоодож байхдаа гар утас хэрэглэсэн тухай мэдээлэл бид авсан. Энэ хэрэг гуравдугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн орчимд Паддингтон өртөөний ойролцоо гарсан гэгдэж байгаа. Гэхдээ үүнийг нотлох баримт хангалттай олдоогүй тул хэргийг хаасан. Сүүлд бид энэ хэргийн талаар шинэ мэдээлэл авсны үндсэн дээр дахин шалгаж эхлээд байна” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны долдугаар сард төмөр замын сайдаар томилогдсон Питер Хэнди өмнө нь Төмөр Замын Сүлжээ компанийн ерөнхийлөгч, Лондон хотын тээврийн газрын даргаар ажиллаж байжээ.
1980-аад оны үед тэр бас Лондон хотын автобусны CentreWest компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм байна.
Сайдын хувийн эзэмшилд хуучны “Routemaster” загварын автобус байдаг бөгөөд тэр үүгээрээ хэд хэдэн удаа хандивын аянд оролцож байжээ.
Сүүлийн арга хэмжээнд оролцохдоо сайд 100,000 фунт стерлингийн хандивыг төмөр замчдын гэр бүлийг тэтгэх үйлсэд зориулан цуглуулсан юм байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|