10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2030 онд долоон хүн болох тооцооллыг гаргажээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийтэй Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Л.Энх-Амгалан уулзаж, манай улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудад хийсэн дүн шинжилгээтэй танилцжээ.

Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Дэлхийн Банктай хамтран ажиллаж байгаа юм.

Яамны болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийтэй хамтран манай улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудын актуар тооцооллын үр дүнг хэлэлцэж, холбогдох судалгаа, тооцооллыг хийжээ.

Дээрх судалгаа, тооцооллоос үзэхэд:

Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж наслалт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж байна. Ингэснээр 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд таван хүн байсан бол 2030 онд долоон хүн болох урьдчилсан тооцоолол гарчээ.

 

Эх сурвалж: Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам