Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Уг хуулийн төсөлд сэтгүүл зүйн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч гэж хэн болохыг анх удаа тодорхойлсон байна. Мөн маргаан дагуулдаг "ташаа мэдээлэл", "илт худал мэдээлэл" гэдэг ойлголтыг тодорхойлжээ. Үүний зэрэгцээ нэр заагаагүй ч МОНЦАМЭ агентлагийг албан ёсоор төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаа явуулахыг хуульчилсан байна. Мөн төрийн бүх шатны байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг энэ хуулиар хориглож байгаа аж.
Зургаан бүлэг, 15 зүйлтэй тус хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлсэн хувилбартай танилцахыг хүсвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсаас харах боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна
4.1.1.“сэтгүүл зүйн үйл ажиллагаа” гэж олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор мэдээ, мэдээлэл хайх, эрэн сурвалжлах, олж авах, цуглуулах, төсөл боловсруулах, нягтлах, агуулга бүтээх ажиллагаа явуулсны үндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх, түгээх мэргэжлийн үйл ажиллагааг;
4.1.2.“хэвлэл мэдээллийн байгууллага” гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг, сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг хуулийн этгээдийг;
4.1.3.“хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг олон нийтэд, эсхүл тодорхой бүлэг этгээдэд хүргэх, түгээх зорилгоор ашиглаж байгаа сонин, сэтгүүл, радио, телевиз, редакцтай мэдээллийн цахим хуудсыг;
4.1.4.“сэтгүүлч” гэж энэ зүйлийн 4.1.1-д заасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын редакцад хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар, эсхүл бие даан чөлөөт байдлаар гүйцэтгэж байгаа хүнийг;
4.1.5.“хэвлэл мэдээллийн байгууллагын редакц” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтэд түгээх мэдээллийн агуулга, бодлогыг тодорхойлох, бүтээх, нягтлах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нэгж, хүнийг;
4.1.6.“хамтын хэвлэл мэдээллийн байгууллага” гэж соёл, зан заншил, үнэт зүйл, сонирхол, онцлог байдлаар нэгдсэн иргэдээс үүсгэн байгуулж, эзэмшиж, удирдаж байгаа, тухайн хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, мэдээ, мэдээллийг иргэдийн оролцоонд тулгуурлан цуглуулж, боловсруулж, түгээх зорилготой хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
4.1.7.“эх сурвалж” гэж сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэслэл болж байгаа үйл баримт, мэдээллийг өгч байгаа этгээдийг; 4.1.8.“эх сурвалж нууцлах эрх” гэж хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлч нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж, мэдээллийг дамжуулсан арга хэрэгслийг гуравдагч этгээдэд илчлэхгүй байхыг;
4.1.9.“ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбод, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг;
4.1.10.”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг.
5.2.Хэвлэл мэдээллийн байгууллага нь бодит мэдээлэл, баримтад тулгуурласан мэдээллийг түгээх бөгөөд энэ хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
5.3.Эх сурвалжийн мэдээлэл, үзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн бол энэхүү мэдээллээс үүсэх хариуцлагыг тухайн мэдээлсэн эх сурвалж хариуцна.
6.1.Хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль, захиргааны хэм хэмжээний акт батлахыг хориглоно.
6.2.Хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсны төлөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад төрөөс аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх, хэвлэн нийтлэх бүтээлд агуулгын хяналт тогтоохыг хориглоно.
6.3.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд агуулгын хяналт тавих байгууллага, албан тушаал бий болгохгүй бөгөөд ийм үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглоно.
6.4.Төрийн байгууллага нь гамшиг, аюулт үзэгдлээс бусад үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл нэвтрүүлэхээр шаардахыг хориглоно.
6.8.Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага байна.
6.9.Энэ зүйлийн 6.8-д заасан хэвлэл мэдээллийн байгууллага нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд улсын хэмжээнд нэг байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаагаа явуулна.
6.10.Энэ зүйлийн 6.8-д зааснаас бусад зорилгоор төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно.
6.11.Төрийн байгууллага, албан тушаалтан нь хэвлэл мэдээллийн байгууллагыг үйл ажиллагаагаа бие даасан, хараат бусаар эрхлэхэд саад учруулах, үйл ажиллагааг нь хуульд зааснаас бусад үндэслэлээр албадан зогсоох, татан буулгах, энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардахыг хориглоно.
7.1.Монгол Улсын иргэн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн чиг баримжаа, ял шийтгүүлсэн байдлыг үл харгалзан үзэл бодлоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй илэрхийлэх, хуульд заасан журмын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, эрхлэх эрхтэй.
8.2.Хэвлэл мэдээллийн байгууллага нь олон нийтэд түгээх мэдээллийн агуулга, бодлогыг тодорхойлох, бүтээх, нягтлах үйл ажиллагааг зохион байгуулах редакцтай байна.
8.4.Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нийтэлж, нэвтрүүлж буй бүтээлийн бодит байдлыг хариуцна.
9.1.Хэвлэл мэдээллийн байгууллага нь ашгийн төлөө болон ашгийн төлөө бус зорилготой, олон нийтийн, арилжааны, хамтын үйл ажиллагааны төрөлтэй байна.
9.2.Олон нийтийн болон хамтын хэвлэл мэдээллийн байгууллага нь ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
9.3.Энэ зүйлийн 9.2-т зааснаас бусад хэвлэл мэдээллийн байгууллага нь ашгийн төлөө зорилготой, компани хэлбэрээр зохион байгуулагдсан байна.
10.1.Олон ургалч байдлыг дэмжих, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаа явуулдаг, соёл, зан заншил, сонирхол, үнэт зүйл, онцлог байдлаар нэгдсэн иргэдийн үүсгэн байгуулж, эзэмшдэг, улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид хамтын хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж болно.
10.2.Хамтын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хязгаарлагдмал хүрээнд мэдээ, мэдээлэл түгээж, энэ зүйлийн 10.1-д заасан иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа хараат бусаар явуулна.
11.1.Хэвлэл мэдээллийн байгууллага нь эзэмшлийн талаарх дараах мэдээллийг олон нийтэд ил тод зарлана:
12.1.Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, хязгаарлалт тогтоох, үнэлгээ дүгнэлт гаргах, бүртгэхтэй холбогдсон харилцааг Өрсөлдөөний тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.
13.1.Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
13.2.Тухайн мэдээллийн нууцалсан эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шийдвэрлэнэ.
13.3.Төрийн байгууллага, албан тушаалтан, бусад этгээд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад учруулах, мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг албадах, тулган шаардахыг хориглоно.
14.1.Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх байгууллага ажиллана. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлэнэ.
14.2.Энэ зүйлийн 14.1-д заасан байгууллага нь хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг батална.
14.3.Энэ зүйлийн 14.1-д заасан байгууллага нь редакцын сэтгүүл зүйн бүтээл энэ зүйлийн 14.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаарх хүн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хүлээн авч, хянан хэлэлцэнэ.
15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан, энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдуулах өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дэх онцлох заалтууд
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
14.16 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зөрчих
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|