УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.4.17/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд:
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ.
Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ хүлээн авсан. Ингэснээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар болов. Уг өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг Ц.Сандаг-Очир гишүүн ахалж, Ө.Шижир, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Б.Батбаатар нарын гишүүд багтжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ажлын тайлангаа тарааж болно гэдэг заалтыг хүчингүй болгосон. Харин УИХ-ын гишүүн сурталчилгаа эхлэхээс өмнө иргэдтэй хийх уулзалтыг сонгуулийн сурталчилгаанд тооцохгүй гэдэг заалт дахь “УИХ-ын гишүүн” гэдгийг “аливаа этгээд” хэмээн өөрчилжээ. Ингээд л нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэрээр цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан сонгуулийн хуульд оруулах өөрчлөлт бэлэн болов.
Хууль санаачлагчид “аливаа этгээд” гэдэг үгийг “Өмнө нь УИХ-ын гишүүн гэж тодотгож зөвхөн гишүүдэд давуу эрх олгож байсныг “аливаа этгээд” гэж өргөн хүрээтэй болгож бүх хүнд энэ эрхийг нээж өгсөн. Ингэхдээ УИХ-ын гишүүн ажлын тайлан гэж хэвлэмэл материал тараадгийг бүр мөсөн болиуллаа” хэмээн баатарлаг үйл хийсэн мэт тайлбарлаж буй. Уг нь гишүүнээс бусад бүх "аливаа этгээдэд" сонгуулийн сурталчилгааны өмнө уулзалт зохион байгуулах эрх нээлттэй байсан, үүнийг огт хориглоогүй. Гэтэл давуу эрхээ хадгалж үлдэхийн тулд аливаа этгээдүүдийг татан оруулжээ.
Энэхүү хуулийн өөрчлөлт батлагдвал ямар үр дагавар үүсэх талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, А.Ариунзаяа гишүүн “УИХ-ын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Зулпхар “Гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог. Хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил биш гурван жил зургаан сар болох нь” хэмээн гомдоллосон.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсээр хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсон.
Хэрэв Ц.Сандаг-Очир нарын гишүүдийн боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт батлагдвал УИХ-ын гишүүн давуу эрхтэй байж болохгүй гэдгийг парламент хүлээн зөвшөөрсөн мэт боловч “аливаа этгээд” дотор өөрсдийгөө нуугаад, давуу эрхээ хэвээр үлдээх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|