УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын өргөн мэдүүлсэн /2025.03.31/ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслөөс онцлох заалтуудыг танилцуулж байна.
Тус хууль нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг зохицуулах биеэ даасан анхдагч хууль гэдгээрээ онцлог юм.
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш 2023 оны арванхоёрдугаар сарыг хүртэл Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 331 иргэнд бөөр (41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 234 иргэнд элэг (12 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), Хавдар судлалын үндэсний төвд нийт 118 хүнд элэг шилжүүлэн суулгах (эдгээрээс 10 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан) тус тус амжилттай шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн байна.
Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байна. Одоогоор 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 1,735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс, 974 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг хийж 442 амьд хүүхэд төржээ.
Энэ хууль нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураараа эрхтэн, эд, эсээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдох харилцааг зохицуулна.
4.1.2. “амьд донор” гэж бусдын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор эрхтэн, эд, эсээ сайн дураар өгөгч гэр бүлийн гишүүн бөгөөд гэрлэгчид, төрлийн хүн, садангийн хүн, хүргэн, бэр гэсэн дарааллаар сонгогдсон хүнийг;
4.1.3. “амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эрхтэн, эд,эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;
4.1.4. “эсийн донор” гэж үүдэл эс болон бэлгийн эсийн донорыг;
4.1.5. “тархины үхэл” гэж тархины болон тархины багана хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр бүрэн алдагдсан байдлыг;
4.1.6. “реципиент” гэж донорын эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай болон шилжүүлэн суулгуулсан хүнийг;
6.2.1. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон, тус улсад байнга оршин суугаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жил Монгол улсад хамтран амьдарсан байх, хэрэв гэрлэгчид дундаасаа хүүхэдтэй бол жил харгалзахгүйгээр эрхтэн, эд шилжүүлэн суулгуулна,
8.1.5. амьд донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд зориулан эрхтэн, эд, эсээ өгөхдөө ашгийн төлөө бус авлагагүй сайн дурын байх;
8.2. Хүүхдээс ясны хэм, захын цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн зөвшөөрлийг бичгээр авч, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулсан байна.
10. дугаар зүйл.Амьгүй донорт тавигдах шаардлага
12.2. Амьгүй донороос эрхтэн, эд, эсийг авах тохиолдолд шилжүүлэн суулгах эрхтэн, эд, эсийн талаар түүний гэр бүлийн гишүүдэд урьдчилан танилцуулж, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан донороос авах бөгөөд зөвшөөрснөөс бусад эрхтэн, эд, эсийг авахыг хориглоно.
12.6. Үр хөврөлийн болон ургийн үеийн, өдөөгдсөн үүдэл эсүүдийг судалгаа шинжилгээний ажлаас бусад тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
14.1. Эрхтэн, эд, эсийг экспортлохыг хориглоно.
14.2. Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу эмчилгээний зорилгоор шаардлага хангасан эд, эсийг импортолж болно.
15.6. Хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.11-т заасны дагуу төр хариуцна.
15.10. Эрүүл мэндийн байгууллагаас өөрөө хүүхэд тээх боломжгүй нь батлагдсанаас бусад тохиолдолд тээгч эх ашиглахыг хориглоно.
15.12. Тээгч эхээс төрсөн хүүхдийн иргэний бүртгэлийг биологийн эцэг, эхийн нэрээр бүртгэнэ.
16.1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн технологийн нууцлал, найдвартай байдлыг хангасан байна.
18.1. Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах тусламж, үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараах эрх үүрэгтэй:
19. дүгээр зүйл.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг
20.3.7. Эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээнд оролцож байгаа болон реципиентийн эмчлэгч эмчийг тархины үхэл тодорхойлох мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
21. дүгээр зүйл.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд хориглох зүйл
22. дугаар зүйл.Амьд донорын нийгмийн баталгаа
23. дугаар зүйл. Амьгүй донорын гэр бүлд олгох тэтгэмж
24.6. Дархлаа дарангуйлах эмийн эмчилгээний санхүүжилтийг улсын төсвөөс хариуцна.
26.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
26.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
|