Индэр    
2025 оны 4 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Архангай аймагт очиж хуралдах зардал хэд вэ?

Зураг

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүсүүдэд очиж хуралдаж эхэллээ. Энэхүү өргөн “айлчлал” өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд Хангайн бүсийн төв болох Архангай аймгаас эхэлж байна.

зураг
 
Архангай аймгийн ЗДТГ

Энэ оны гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу:

  • Дөрөвдүгээр сарын 14-нд Архангай
  • Дөрөвдүгээр сарын 28-нд Булганд
  • Тавдугаар сарын 12 Дорноговьд
  • Тавдугаар сарын 26 Дархан-Уул
  • Зургаадугаар сарын 9 Дорнод
  • Зургаадугаар сарын 23 Баян-Өлгий аймагт хуралдахаар төлөвлөжээ. 

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ орон нутагт очиж хуралдах болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарлаад буй. Нэгдүгээрт, энэ оныг Бүсийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Хоёрдугаарт, бүсүүдэд хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд болон хөрөнгө оруулалтын талаар иргэд, хөрөнгө оруулагч нарт танилцуулах, зорилготой хэмээсэн.

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ямар хүмүүс оролцох вэ?

Ерөнхий сайд болоод түүний танхимын бүх сайд өргөтгөсөн хуралдаанд оролцоно. Тэднээс гадна тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн аймаг, сумдын удирдлага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцоно хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлажээ.

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
  2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
  3. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,
  4. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
  5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
  6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
  7. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
  8. Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
  9. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
  10. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
  11. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
  12. Боловсролын сайд П.Наранбаяр,
  13. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  14. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
  15. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
  16. Сангийн яам Б.Жавхлан,
  17. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин,
  18. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
  19. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
  20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,
  21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
  22. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
  23. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудыг багтаасан. Тус бүс нь УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог бөгөөд есөн мандаттай. Тэгэхээр тус бүсээс парламентад сонгогдсон есөн гишүүний хоёр нь Засгийн газрын гишүүн. Тэгэхээр сайд нараас гадна долоон гишүүн өргөтгөсөн хуралдааны хүндэт зочдын суудалд тухлах нь.

зураг
 

Мөн албан ёсны арга хэмжээнээс гадна орон нутгууд урлагийн арга хэмжээ төлөвлөж, бэлдэж байгаа аж. Тухайлбал, Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийнхаа соёл, урлагийн байгууллагын удирдлагуудыг цуглуулж, өргөтгөсөн хуралдааныг дагалдах соёл урлагийн тоглолт зохион байгуулах талаар ярилцсанаа албан ёсны сошиал хуудсандаа мэдээлсэн байв. 

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулах зардлыг хаанаас гаргах вэ?

Засгийн газраас Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, хөдөлгөөн өрнүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан хэмээн мэдээлсэн. Эндээс харахад тухайн бүсэд хуралдах зардлыг орон нутаг хариуцах нь. Тэгвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ орон нутагт очиж, ирэх зардлыг хаанаас гаргах вэ. Мэдээж төрөөс. Төр гэдэг нь иргэдийн төлсөн татвараас гэсэн үг.

Засгийн газрын 23 сайдын шатахууны зардлыг хамгийн энгийнээр тооцож үзье. Улаанбаатар хотоос Архангай аймгийн төв хүртэл 500 км. Сайд нар тус бүрдээ аюулгүй байдал хангасан, туулах чадвар сайтай автомашин хөлөглөх биз. Тухайлбал, Ланд Круйзер-200, Лексус-470 маркийн машинууд. Эдгээр маркийн машинууд ойролцоогоор 100 км-т 25 литр шатахуун зарцуулдаг. АИ95 шатахуун нэг литр нь 3,710 төгрөгийн үнэтэй. Ингээд тооцохоор нэг машин Архангай руу очоод ирэхэд 250 литр шатахуун буюу 927,500 төгрөг зарцуулах нь. Тэгэхээр 23 сайдын шатахууны зардал багаар бодоход 21,332,500 төгрөг болж байна.

Гэхдээ энэ бол сайд тус бүрийг нэг машинтай явна гэж тооцсон тоо. Үүнээс гадна Ерөнхий сайдын хамгаалалт, ажлын алба, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулан тооцвол дээрх тоо хэд дахин нэмэгдэх нь дамжиггүй.

Дахин тодотгоход, энэ бол зөвхөн Архангай аймагт хуралдах сайд нарын машины ирж, очих шатахууны зардлын тооцоолол. Үүний дараа Булган, Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Баян-Өлгий аймгуудад хуралдана. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
102
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
БУРУУ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа