Ийнхүү дэлхийн хүчирхэг гүрний тэргүүнүүд эрх мэдлээ аль болох удаан үргэлжлүүлэхийг хичээсээр.
Харин манай Ерөнхийлөгч юу бодож явдаг бол. Өдгөө 72 хүрэх гэж буй Ши Жиньпин, 73 хүрэх Путин, 78-тай Трампын дэргэд ирэх сард 57 хүрэх У.Хүрэлсүх хоёрхон жилийн дараа улс төрийн карьераа дуусахыг хүлээгээд зүгээр суугаагүй нь лавтай.
2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг өөрчилсөн. Ингэхдээ ерөнхийлөгчөөр сонгогдох хүний насны босгыг нэмж 50 болгон, бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож мөн зөвхөн нэг удаа сонгогддог болгосон. Энэ шалгуурт тэнцэн, нэр дэвшиж, сонгогдсон У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусгавар болно.
Дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль тэртээд мэт санагдавч үе үехэн чимээлэх болсныг анзаарвал тун дөхсөн мэт. Ерөнхийлөгч дахин сонгогдох арга зам эрэлхийлж байна гэх ерөнхий нэг агуулгатай янз бүрийн бичвэрүүд харагдах болсон нь тандалт маягаар явуулж буй төрийн тэргүүний сонирхлын илэрхийлэл байхыг үгүйсгэх аргагүй.
Хамгийн сүүлийн жишээ дурдахад УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын тухай Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалтыг өөрчлөх хуулийн төсөл санаачилж байна гэдэг мэдээлэл цацагдсан. Тэр даруй эрхэм гишүүн үгүйсгэл хийж, "Сүүлийн 30 жилийн хугацаанд могой жилүүдэд Ц.Элбэгдорж, Н.Багабанди нарын Ерөнхийлөгч нар дахин сонгогдож байсан юм билээ. Могой жил ийм давтамжтай юм байна гэж ярьсныг маань мушгиж байна" хэмээн тайлбарласан.
Хэрэв Ерөнхийлөгч дахин нэр дэвших сонирхолтой байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай болно.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно" гэж заасан байдаг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус түүн доторх заалтыг хүчингүй болгуулах замаар өмнөх заалтыг сэргээх боломжтой юм.
Дээр дурдсанчлан хууль тогтоогчид 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг зоригтой шинэчилж, дараагийн алхмаар тэрхүү өөрчлөлтдөө "хамгаалалт" хийсэн. Хэрхэн хамгаалсан бэ гэвэл, 2022 оны наймдугаар сард Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д "Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавина" гэдэг заалтыг оруулсан.
Энэхүү заалтыг хүчингүй болгуулахаар нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаад буй. Тэд зорилгоо дор бүрнээ өөр өөрөөр тайлбарласан ч цэц тэдний хүсэлтийг "биелүүлсэн" тохиолдолд одоогийн төрийн тэргүүнд хамгийн ашигтай шийдвэр болох юм.
Тиймээс дээрээ мөнх тэнгэрээс өөр зүйлгүй цэц энэ асуудлыг хэрхэн шийдэхийг тун олон субъект анхааралтай ажигласаар буй. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгчийг ард түмнээс бус парламентаас сонгодог болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах асуудал ч үе үе яригдах болсон.
Төсөөлж үзье л дээ. Хэрэв цэц Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцэх эсэхэд дүгнэлт гаргах эрхтэй болоод, үүний үндсэн дээр Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгодог заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд, тэрхүү дүгнэлтэд үндэслэн өмнөх буюу ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар, хязгааргүй удаа сонгож болох заалтыг сэргээвэл У.Хүрэлсүх хоёр дахиа нэр дэвших нь гарцаагүй.
Энэ тохиолдолд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрх нь нээгдэх хүн бол одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга.
У.Хүрэлсүхэд боломж олгох бол Х.Баттулга ч тэрхүү боломжийг эдлэх эрхтэй болно. Ийнхүү шатрын нүүдэл мэт улс төрийн тоглолтууд үргэлжилсээр.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!