Тансаг ангиллын хөлгөөр зугаалсан орлогчоо Ираны ерөнхийлөгч албан тушаалаас нь огцрууллаа

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Персийн шинэ жил буюу Наурызын баярын үеэр Антарктидын чиглэлд зорчдог тансаг ангиллын хөлгөөр гэргийтэйгээ зугаалсан нэг орлогчоо Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян ажлаас халжээ.

Дэд ерөнхийлөгч Шахрам Дабиригийн амралтыг Ираны ерөнхийлөгчийн тамгын газар “эдийн засгийн байдал хүнд хэцүү байгаа энэ үед байж боломжгүй, зөвтгөх аргагүй үйлдэл” гэж буруутгасан байна.

MV Plancius хөлгийн өмнө Дабиригийн гэргийтэйгээ авхуулсан гэрэл зураг Ираны сошиал ертөнцөд тараад байсан юм.

Өчигдөр буюу Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ ерөнхийлөгч Пезешкян уг аяллын зардал хэнээс гарсан байхаас үл хамааран зөвтгөх аргагүй үйлдлийнх нь төлөө Дабирийг парламентын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулж байгааг зарлажээ.

“Ард түмэн маань эдийн засгийн дарамт шахалт дор амьдарч байгаа энэ хүнд үед анхны шийт Имамын үнэт зүйлсийг дагахыг эрмэлздэг манай засгийн газар хувийн санхүүжилттэй байсан ч албан тушаалтнуудын тансаглалыг өмгөөлөх боломжгүй” гэж Пезешкян хэлсэн байна.

Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа болон Хамас, Хезболла зэрэг террорист байгууллагуудыг дэмжсэнийхээ төлөө Иран улс нь АНУ, Европын Холбоо, Их Британийн эдийн засгийн хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн юм.

2024 оны аравдугаар сарын байдлаар Ираны ажилгүйдлийн түвшин 8.4 хувь, инфляц 29.5 хувь байгааг Олон Улсын Валютын Сан мэдээлсэн байдаг.

Дабиригийн үйлдэл нь “эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл болох энгийн даруу байх зарчим”-тай зөрчилдөж байгааг Пезешкян бас анхааруулжээ.

MV Plancius хөлгийн аяллын нэг хүний зардал $6,685 орчмоос эхэлдэг юм байна.

Уг хөлөг 1976-2004 онуудад Нидерландын тэнгисийн флотын судалгаа шинжилгээнд ашиглагдаж байгаад сүүлд аялал жуулчлалын зориулалттай болжээ.

Зорчигчдоо тус хөлөг Аргентины хамгийн өмнөд цэгүүдийн нэг болох нийслэл Буэнос Айрес хотоос өмнө зүгт 3,079 км зайд оршдог Ушуайагаас суулгаж, аяллын дараа бас энд буулгадаг. Дабиригийн хувьд аяллын ямар багц сонгосон, Иранаас Ушуайад ямар замаар хүрсэн зэрэг нь тодорхойгүй байна. Олон нийтийн бухимдал Пезешкяныг ийм хатуу арга хэмжээ авахад хүргэсэн талаар Ираны төв хэвлэл мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC