Уншиж байна ...

Майкрософтын 50 жилийн ойг тохиолдуулан Билл Гэйтс анхны зохиосон программын кодоо нийтэд дэлгэжээ

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн компьютерын салбарт хувьсгал хийсэн Майкрософт компанийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Майкрософтын үүсгэн байгуулагчдын нэг Билл Гэйтс өнгөрсөн Лхагва гарагт өөрийн блогт компанийнх нь анхны бүтээгдэхүүн болсон программын кодыг нийтэд дэлгэжээ.

Уг кодыг Altair 8800 микро компьютерт зориулсан Altair Basic хэл дээр бичсэн байна.

“Энэ код одоо ч миний амьдралдаа бичсэн хамгийн сайн программ хэвээр байгаа. Эндээс Майкрософтын хагас зуун жилийн инновацын түүх эхэлсэн гэхээр үнэхээр гайхалтай. Office, Windows 95, Xbox, AI-аас өмнө бичигдсэн энэ кодоо олон жилийн дараа ч би дахин дахин харах дуртай” гэж Гэйтс бичжээ.

Энэ бичлэгийнхээ төгсгөлд тэр Майкрософтын 157 хуудас анхны эх кодыг PDF форматаар хавсаргасан байна. (Энд дарж үзэх боломжтой)

Майкрософтын үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен дээрх кодын нэг хэсгийг Нью Мексико мужийн Албукерке хот руу онгоцоор нисэх замдаа бичиж дуусгасныг Гэйтс блогтоо дурсжээ.

Тухайн үед Майкрософтын төв байр энэ хотод байрлаж байсан юм.

Энэ оны хоёрдугаар сард Билл Гэйтсийн “Source Code” нэртэй дурсамж ном худалдаанд гарсан.

Дурсамждаа тэр хүүхэд наснаас эхлээд өнөөдрийг хүртэл ажил, амьдралын ямар зам туулсан тухай түүхийг дэлгэрэнгүй бичжээ.

Майкрософтыг үүсгэн байгуулахдаа 64:36 харьцаагаар Пол Аллентай хамт хувь эзэмшигч болж байсныг, сүүлд Стив Балмерыг компанидаа урвуулахын тулд 4 хувиа өгч байсан зэргийг Гэйтс дурсамждаа бас бичсэн байна.

Гэйтсийн салсан гэргий Мелинда Фрэнч Гэйтсийн “The Next Day” нэртэй дурсамж ном энэ сарын сүүлээр худалдаанд гарах юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

68 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг