Өнгөрсөн долоо хоногт Трампын зарласан худалдааны дайны хариуд Европын Холбооны гишүүн орнууд эхний ээлжийн арга хэмжээгээ авах төлөвлөгөө бэлэн болжээ.
Тухайлбал АНУ-ын $28 тэрбумын дүнтэй барааны импортын татварыг өсгөх ерөнхий шийдэлд хүрсэн байна.
Ингэснээр Европын Холбоо нь АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авсан Хятад, Канад улсуудын араас нэмэгдэж байгаа юм.
27 гишүүн орноос бүрддэг Европын Холбоо өмнө нь АНУ-д нийлүүлэх ган, хөнгөн цагаандаа 25 хувийн импортын татвартай болоод байсан бол Лхагва гарагт үлдсэн бүх импортын бараандаа 20 хувийн татвартай болсон байна.
Европын Комисс өнөөдөр буюу Даваа гарагийн орой импортын өндөр татвар оноох АНУ-ын бараа бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гишүүн орнууддаа танилцуулахаар болжээ.
Үүнд мах, үр тариа, дарс, мод, бэлэн хувцас, бохь, шүдний утас, тоос сорогч, ариун цэврийн цаас зэрэг хүнс, өргөн хэрэглээний бараанууд багтсан байна.
Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй бараа нь бурбон виски болжээ. Европын Комисс үүнд 50 хувийн импортын татвар оноохоор төлөвлөсөн байна.
Өмнө нь Трамп ийм арга хэмжээ авбал Европын бүх согтууруулах ундаанд 200 хувийн импортын татвар оноохоор сүрдүүлж байсан юм.
Евро Комиссын боловсруулсан төлөвлөгөөг Лхагва гарагт гишүүн орнуудын олонхын (65 хувь) саналаар батлах гэнэ. Эхний ээлжийн хариу арга хэмжээ хоёр үе шаттай байх ба эхний шат нь дөрөвдүгээр сарын 15-наас, үлдсэн шат нь нэг сарын дараа үйлчилж эхлэх юм байна.
Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өнөөдөр болон маргааш металл, автомашин, эмийн салбарын төлөөлөгчидтэй тус тусад нь уулзаж, авах арга хэмжээний нөлөө, цаашид хэрхэн ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!