Индэр    
"Боловсролын реформыг ТЕХНОЛОГИЙН тусламжтайгаар 8 жилийн дотор бүрэн хийх боломжтой"
Зураг
2019 оны 5 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

"Боловсролын реформыг ТЕХНОЛОГИЙН тусламжтайгаар 8 жилийн дотор бүрэн хийх боломжтой"

Өнөөдөр бий болсон ялгаатай байдлыг бууруулахын тулд бүх нийтийн боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг олон улсын судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч буй.

Өөрөөр хэлбэл, тэгш боломжийг хэн нэгний өмч хөрөнгийг хураахдаа биш иргэн бүрт тэгш хүртээмжтэй боломжийг олгоход анхаарч байна. Тэгш боломжийг бий болгох хамгийн зөв зам нь иргэдэд бэлэн мөнгө, алт, эрдэнэс амлах бус чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээ реформ хийх замаар л хийх боломжтой.

 Гэтэл боловсрол өнөөдөр ямар их ялгаатай, зөрүүтэй байгааг, Монгол хүүхдүүд хаана амьдарч байгаагаас, аль сургуульд сурч байгаагаасаа хамаарч маш их ялгаатай суурь боловсрол авч байгааг бид олон статистикаар батлан харуулсан.

Тэгвэл энэхүү ялгаатай байдлыг бууруулах арга зам, шийдлийг эрэлхийлсээр буй.

Юуны түрүүнд бид орчин үеийн боловсон хүчинд нэн шаардлагатай байгаа мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэ хичээлийн агуулгуудыг орон даяар ижил жигд хөтөлбөр буюу нээлттэй боловсролын аргаар заах санаачлагыг дэмжин ажиллаж байна. Мөн иргэдийн орлогын маш их зөрүүтэй байдлыг бууруулах нэг боломжийг технологийн хөгжил бидэнд олгож байгааг хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр монгол компаниудын хувьд хамгийн их дутагдалтай байгаа боловсон хүчнээр мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг нэрлэсээр буй. Дэлхий ертөнц ч мөн ийм хандлагатай байх. 

Тэгвэл боловсролын систем, эдийн засагтайгаа ямар уялдаа холбоотой, яагаад өнөөдөр реформ хийх хэрэгтэй болсон, бид юунаас эхлэх ёстой тухай ярихаар "Гуравласан яриа" ярилцлагадаа Мандал Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг, боловсролын тэгш бус байдлыг бууруулах боломжийг эрэлхийлж өөрийн сургуульд амжилттай хэрэгжүүлсэн инновациа орон даяар хэрэгжүүлэх зорилго тавиад буй Сант сургуулийн захирал З.Энхмөнх нарыг урьж ярилцлаа. 



ВИДЕО, Ярилцлагыг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/819150725129884/
Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Боловсролын салбарт реформ хэрэгтэй юу. Бид юунаас эхлэх ёстой вэ?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Реформ зайлшгүй шаардлагатай.

Учир нь, дэлхий даяар 1850-аад оны үед бий болсон орчин үеийн боловсролын системийг дараагийн шатандаа гарах болсон гэж үзэж байна. Одоогийн бидний хэрэгжүүлж буй хөтөлбөр нь 1850-аад онд Англид бий болсон цээжлэлт дээр суурилсан систем юм. Энэ нь буруу юм гэдгийг сэтгэл зүйчид сүүлийн 50 орчим жилийн хугацаанд маш олон судалгаагаар нотлоод үүнийг нь улс орны төр засгууд хүлээж аваад цээжлэлт дээр суурилсан боловсролын системийг сэтгэл зүйд суурилсан систем болгох реформыг хийж байна.

Хоёрдугаарт, бид 1990 он хүртэл коммунист, социалист боловсролын системтэй байсан. Ингээд чөлөөт зах зээл рүү шилжихдээ боловсролын салбартаа реформ хийгээгүй. Үндсэндээ манай боловсрол чөлөөт зах зээлийн ч мэдлэг өгч чаддаггүй, хуучин нийгмийн сайн сайхнаа ч хаячихсан завсрын боловсролын систем болж хувирсан. 

З.Энхмөнх
САНТ сургуулийн захирал

Товчхон хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. XX, XXI зууны ялгаа маш их болж, үүнээс үүдээд ажлын байранд тавигдах шаардлагууд ч өөрчлөгдөж байна. 

Энэ их өөрчлөлтийн дунд бид боловсролын тогтолцоогоо өөрчлөх тухай ярьж байж дараа дараагийн асуудал буюу хөгжлийн тухай ярих боломжтой болох юм.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Дэлхий даяар боловсрол улам уян хатан болж ингэхдээ нээлттэй боловсрол буюу алсын зайны сургалтууд маш их хөгжиж байна. Ө.Ганзориг захирлын хувьд ч нээлттэй боловсролын систем рүү шилжих ёстой гэж үздэг. Дэлхий даяар нээлттэй боловсрол руу шилжиж байгаа шалтгааныг хэлэхгүй юу?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Би эх орондоо ирээд долоо хонож байна. Тэрний өмнө дөрвөн сарын хугацаанд АНУ-д сэтгэл зүйн чиглэлээр судалгаануудтай танилцаж, хичээл сонсож, тэндхийн боловсролын реформыг судаллаа. Мөн хүний хөгжлийн институт, судалгааны байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр тодорхой болж буй зүйл нь Монгол шиг боловсролын системийн хоцрогдолтой улсын хувьд технологи бидэнд боломж олгож байна.

Бид мэдлэгийг онлайн болгож технологийн тусламжтайгаар хүүхдүүдэд хүргэх боломж нээгдэж байна. 

Боловсролын реформын сайжруулалттай эндүүрч болохгүй.

Реформ гэдэгт уг үндэс, үзэл санаа, хандлага, философийн өөрчлөлт хийгдэх ёстой. Үүнийг хийхийн тулд орчин үеийн дижитал технологийг ашиглах ёстой гэж зөвлөж байна. Дээрээс нь технологийн өртөг улам бүр буурч байгаа нь бүр их найдлага төрүүлж байгаа юм.
 

Монголын боловсролын реформыг найман жилийн дотор бүрэн хийх боломжтой.

Түүнээс хэдэн зуун сургуулиас хоёрхныг нь сонгоод Оксфорд, Кембриж хэрэгжүүлээд түүн рүү нь эцэг, эхчүүд хошуурдаг, мөнгөтэй нь эсвэл улстөрчид нь төлбөртэй англи, америк сургуульд хүүхдүүдээ явуулаад байдаг. Гэтэл бүх сургуулийг орон даяар реформ хийх боломжийг технологи бий болгож байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Өнөөдөр Монгол хүүхдүүд хаана амьдарч байгаагаасаа хамаарч маш их ялгаатай боловсрол авч байгаа статистикийг танилцуулсан. 

Тиймээс ч iKon.mn нээлттэй боловсролыг дэмжиж энэ нь ялгаатай байдлыг бууруулах нэг арга зам гэж үзэж байна.

Юун түрүүнд орчин үед хамгийн их шаардлагатай байгаа мэдээлэл зүйн хичээлийн зарим агуулгыг цахимжуулж орон даяар ерөнхий боловсролын сургуульд оруулах Сант сургуулийн захирал З.Энхмөнхийн санаачлагыг бид дэмжиж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай арга замыг илүү тодруулж ярихгүй юу?

З.Энхмөнх
САНТ сургуулийн захирал

Нээлттэй боловсролыг эхлүүлэхдээ кодчлолын хичээлээс эхлүүлбэл тохиромжтой гэж үзээд байгаа юм.

Учир нь энэ хичээлийг цахим орчинд заах боломжтой. Хоёрдугаарт, програмчлалын хэлийг заах багшлах хүчин сургуулиудад хангалттай биш байна. Тиймээс программчлалын хэлийг цахимжуулах бүрэн боломжтой.

 
Гэрэл зургийг MPA.mn

           Хоёрдугаарт, энэ хичээлээр дамжуулж ажлын байранд тавигдах болсон ур чадварууд буюу бүтээлч сэтгэлгээ, тунгаан бодох, цогц асуудлыг шийдэх гэх мэт чадварыг хүүхэд давхар авч байдгаараа хамгийн чухал давуу тал байгаа юм.

Гуравдугаарт, Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар хүүхдүүдийн хувьд хамгийн сонирхолтой гурван хичээлийн нэг нь кодинг байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд энэ хичээлд сонирхолтой байгаа учраас маш сайн сурна гэсэн үг.

Тэгэхээр үе тэнгийнхэн нь хамгийн их сонирхоод байгаа энэ хичээлийг л хүүхдүүдэд заая гэж байгаа юм.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Хичээлийн хөтөлбөрүүдийг цахимжуулаад онлайн болгоод ирэхээр багшийн үүрэг хэрхэн өөрчлөгдөх вэ?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Багш гэдэг ойлголтыг олон улсад шинээр томьёолж гаргаж ирж байна.

Финланд улсын боловсролын системийг би сүүлийн хоёр жил сонирхон судалж байгаа. Финландад багшийн гол үүрэг сурагч өөрөө хүсч мэдлэг боловсрол эзэмшдэг процессыг хөнгөвчилдөг, чиглүүлдэг хүн болж хувирч байна. Дэлхий даяараа шилжиж байгаа боловсролын системийг би сэтгэл зүйд суурилж байгааг хэлсэн. Учир нь хүүхэд болгоны сэтгэл зүй өөр. Тэгэхээр тэдгээр өөр өөр сэтгэл зүйн шинж чанартай хүүхдүүдэд зарим онц сайн сурдаг хүүхдийн хурд, аргаар хичээл заачихаар аливаа зүйлийг илүү нухацтай, олон талаас нь хардаг эсвэл удаан хүүхдүүд нь хаягдаад муу сурлагатан гэж цоллоод нийгмийн гологдол мэт тэднийг алдсаар байна. 

Эрдэнэт хүнийг л алдаад байна гэсэн үг.

Гэтэл тэдгээр хүүхэд юмыг өвөрмөцөөр сэтгэдэг, нухацтай боддог нэгэн байж магадгүй. Тиймээс хүүхэд болгонд тохирсон арга гэдэг нь хүүхэд өөрөө сурна, багш чиглүүлж өгнө гэсэн үг.  Багш өөрөө заахаар нэг л хурдаар заана. Тэгвэл онлайн, дижитал сургалт гэдэг бол хүн болгон өөрийн хурдаар сурах боломжийг олгож байгаа нь агуу юм.

Жишээ нь, хурдан сэтгэдэг, хурдан сурдаг хүүхдүүд нь программчлалын хэлийг нэг сарын дотор сурчихна гэсэн үг. Гэтэл удаан сурдаг хүүхэд бол түүнийгээ жил үзэж болж байна. Үр дүн нь юу вэ гэвэл хоёулаа л программист болно. 

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Та нийтийн боловсролыг дээшлүүлэх тал дээр олон ажлыг сэдэж хийж буй. Ер нь нийтийн боловсролыг дээшлүүлэх нь хамгийн зөв зам гэж харсан нь таны удирдаж байсан болон удирдаж байгаа хамт олонтой холбоотой юу. Одоогийн залууст хамгийн дутагдалтай байгаа зан чанар, хандлагын тухай дурдахгүй юу?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Би гүйцэтгэх захирлаар ажиллаад 12 жил болж байна.

Анх бүтээмжид хүний оюуны чадвар нөлөөлнө гэж итгэдэг байсан. Гэтэл удалгүй сэтгэл зүйн зөв хандлага, төлөвшил бүтээмж өндөртэй, аз жаргалтай, хамт олондоо эерэг өөрчлөлт авчирдаг хүний үндсэн үзүүлэлт юм байна гэж ойлгосон. Ингээд 10 гаруй жил сэтгэл зүй, боловсролын салбарыг сонирхон судалж байна.

Хамгийн сайхан нь дэлхий даяар мөн л сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжиж байна.

Миний хувьд хоёр мянган хүнтэй байгууллага ч удирдлаа, 20 хүнтэйг нь ч удирдлаа. Юу болохгүй, юу байхгүй байна вэ гэхээр сэтгэл зүйн зөв хандлага, төлөвшил л байхгүй байгаа юм. Жишээ нь, хамт олныхоо өмнө хариуцлага хүлээх чадвар байхгүй байна. Энэ оюуны чадвартай ямар ч хамаагүй. Энэ бол сэтгэл зүйн хандлага, төлөвшил. 

Бусдад өгөх сэтгэлгээ. Бусдад юм өгөх чадвартай хүн л харилцагчтай инээмсэглэж харилцана, харилцагчийн зовлон бэрхшээлийг таньж мэдэхийг хичээнэ. Амин хувиа хичээсэн хүн яаж банканд теллер, ресторанд зөөгчийн ажил хийх вэ. 

Дараагийнх нь шантрамтгай байдал. Энэ ч бас оюуны чадамжтай ямар ч хамаагүй.  Тэгвэл энэ бүгдийг боловсролын систем 20 жилийн хугацаанд өгөх ёстой. 

Өөрөөр хэлбэл, таны IQ бага байх нь огт хамаагүй, сэтгэл зүйн хувьд л зөв төлөвшил, хүмүүжлийг олж авч чадах юм бол энэ нийгэмд аз жаргалтай, сайхан амьдарч болно оо л гэж байгаа юм. 

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Сэтгэл зүйд суурилсан боловсролын системийг хэрхэн нэвтрүүлэх ёстой вэ. Арга замынх нь тухай та тодруулахгүй юу?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Ингээд ярихаар хүмүүс сэтгэл зүйн хичээл заах гэж байна гэж ойлгодог. Үгүй юм. Сэтгэл зүйн хичээл огт заахгүй. Түүхийн, математикийн, уран зохиолын хичээлийг заах явцдаа сэтгэл зүйн арга технологийг шингээж өгөх.

Жишээ нь, коммунизмын үеийн боловсролын систем сэтгэл зүйд суурилж эхэлж байсан нь пионер гэх мэт зүйлээр гарч ирж нэг нэгэндээ тусалдаг, муугаа өргөж дэмжиж тусалдаг, лидер гэж хүн гаргаж ирдэг гэх мэт аргууд байсан байгаа юм.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Энэ дутагдалтай гэгдээд буй хандлага, төлөвшлийн асуудлууд одоогийн манай боловсролын системд сууж өгч чадсан уу?

З.Энхмөнх
САНТ сургуулийн захирал

Хичээлийн хөтөлбөр, агуулгын хувьд олон зүйл өөрчлөгдөж, Иргэний боловсрол, Хүн ба орчин гэх мэт хичээл нэмэгдсэн. Энэ хичээлийн агуулгад зөв хандлагыг бий болгох хичээлүүд байдаг. Үр дүн ч гарч эхлэх байх. Мэдээж нэмж сайжруулах, өөрчлөх зүйлс бий.

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Боловсролын реформ ярихад зөвхөн сургууль ярихгүй, эцэг, эхчүүдийн асуудлыг мөн ярина. Сургуульд их гоё юм яриад хүүхдүүдийг буцаадаг. Гэтэл эцэг, эх нь авлигачин, хулгайч, худлаа ярьдаг, сэтгэл зүйн төлөвшилгүй, жаахан юм болоход л уурладаг, хараадаг хүмүүс байдаг. Тэгэхээр боловсролын реформ гэдэг эцэг, эхчүүд рүү ч явж орно. 

Монголын боловсролын систем хоёр настайгаас нь 22 нас хүртэл бэлдэж байна. Харин 0-2 насанд сэтгэл зүйн төлөвшлийн дор хаяж 50 хувь төлөвшиж байгаа.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монголчууд бид өнөөдөр эдийн засгаа хэрхэн өсгөх вэ, ядуурлаас хэрхэн гарах вэ, уул уурхайн үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэх мэт асуудлыг илүү тойрон хэлэлцэж байна. Гэтэл хөгжилд хүрсэн орнууд нь хамгийн чухал зүйл бол хүний хөгжил,тэгш хүртээмжтэй боловсрол юм гэдгийг тодорхойлсон. 

Тэгвэл бүтээмж, хөгжилд хүн яагаад чухал болох тухай Ө.Ганзориг захирлын хичээлийг үзэцгээе.

Видео 2, Хичээл, Эдийн засгийн өсөлт ба боловсролын систем

https://www.facebook.com/iKonNews/videos/300562797492532/
Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Та хоёрын хувьд хоёулаа боловсролын салбарт реформ хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж байгаа гэж ойлголоо. Яг юунаас эхлэх ёстой вэ?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Байгууллагыг удирдах явцад дандаа реформын асуудал байдаг. Реформ гэж юу яриад байна вэ гэхээр сэтгэлгээ л яриад байгаа юм. Болж байна аа, бүтэж байна аа гэдэг сэтгэлгээг үгүй ээ бид болохгүй байна аа гэдэг сэтгэлгээгээр өөрчлөх тухай юм.

Өнөөдөр монголчуудын асуудал улстөрчидтэй ерөөсөө холбоогүй юм байна гэж би дүгнэсэн. Юу гэхээр 3.2 сая монгол хүний сэтгэлгээний асуудал юм байна. Бид "За тэгээд болно доо, хөгжиж л байна шүү дээ" гэдэг. Энэ тохиолдолд бид одоогийнхоороо л үлдэнэ.

Тэгвэл бид болохгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд  манайхаас ядуу байсан Сингапур 30 жилийн дотор Америкаас  илүү хөгжилтэй улс болсон байна, бид ч гэсэн ингэж хөгжих боломжтой гэж бодох, сэтгэх. Үүнийг л реформ гээд байгаа юм. Нэгэнт сэтгэлгээ зөв болсны дараа бусад нь зүгээр техникийн, аж ахуйн шинжтэй байдаг.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Яг өнөөдөр бидний ярилцлага хийгээд сууж байгаа оффис бол Японы Дэнцү компанийн Монгол дахь охин компани болох Дата Артист. Өнөөдөр энд 40 орчим монгол залуу инженер олон улсын хангамж нөхцөлөөр ажиллаж байна. Тус компани 400 орчим инженер авч ажиллуулах төлөвлөгөөтэй ч өнөөдөр энэ чиглэлийн хүн дутагдалтай байгаа учраас төлөвлөгөөндөө хүрч чадахгүй байна. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хомсдолд бид орчихоод байна. Үүнийг шийдэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

З.Энхмөнх
САНТ сургуулийн захирал

Техник технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийн хомсдол зөвхөн Монголд ч биш дэлхий даяар нөхцөл байдал ойролцоо байгаа. Тийм ч учраас Японы Дэнцү Монголд оффисоо нээж байна шүү дээ. 

Үүнийг яаж засах вэ гэхээр боловсролын салбар маань хүний нөөцийн зах зээлтэйгээ уялдаж харилцан мэдээлэл солилцож байх шаардлагатайг харуулж байгаа юм. 

Ингэж компаниуд маань хэрэгцээтэй ажиллах хүчээ авч чадсанаар Монгол Улс илүү их бүтээмжтэй болох, ДНБ өсөх боломжтой болно.

Өнөөдөр хамгийн их дутагдалтай байгаа энэ техник технологийн мэргэжилтэн, мэдлэгийг, тодорхой ур чадваруудыг ерөнхий боловсролын хичээлд оруулж болж байна, их сургуульд цааш нь мэргэшүүлэх боломж байгаа юм.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Сант сургуулийг энэ жил төгсөж байгаа 12-р ангийн сурагчдаас зарим нь IT чиглэлээр шууд ажлын байранд гарах боломжтой гэсэн ажлын шаардлага хангаад байгаа гэж байсан. Таны хувьд 12-р анги төгссөн залуусыг шууд ажилд авах боломжтой юу?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Миний баримталдаг зарчим бол дүн, диплом харахгүй ээ. Хандлагыг нь харж ажилд авах. Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, буруу хандлагатай 40 настай хүнээс сэтгэл зүйн зөв төлөвшил олсон 16 настай хүн хамаагүй илүү.

Бид өнөөдөр компьютер, технологи гэж ярьж байна. З.Энхмөнх захирлын санаачлаад байгаа зүйл зөв гэж бодож байна. Өнөөдөр мэдээллийн технологийн эрин зуун. Гэтэл Монголд тэр сургууль нь байхгүй байх жишээтэй. 

Хоёрт, өнөөдөр их сургуулиудын төгсгөж байгаа хүмүүсийг хэн ажилд авдаг вэ. Компаниуд. Тэгвэл энэ сургуулиудын удирдах зөвлөл, ректорыг хэн томилох ёстой вэ. Өнөөдөр тэнд компаниудаас төлөөлөл байхгүй. 

Өөрөөр хэлбэл, сургуулийн зааж чадаагүй юмыг нь компаниуд ажилд авсан хойноо сургаж байна. Гэтэл компаниуд чинь сургууль биш шүү дээ. Компани гэдэг 20 жилийн турш боловсруулсан хүн ажилд аваад шууд бүтээмж бий болгох гэж байгаа механизм шүү дээ. Өнөөдөр компаниуд нэг хүн аваад гурав, дөрвөн жил цалинтай оюутан шиг ажиллуулдаг. Жаахан хүний төрх олоод ирэхээрээ нөгөөдүүл чинь үргэлжлүүлээд сурах гээд явчихаж байна. Компаниуд үйлээ үзэж байна шүү дээ.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Боловсролын реформыг хийхийн тулд хүн болгоны оролцоо, сэтгэлгээ өөрчлөгдөх ёстой гэж та хэлсэн. Боловсролын салбарт бизнесийн оролцоо байхгүй болчихсон учраас өнөөдөр хүний нөөцийн ийм гажуудал бий болчихоод байх шиг байна. Тэгвэл бизнесийнхэн боловсролын салбарт ямар оролцоотой байх ёстой вэ?

Ө.Ганзориг
Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга

Өрсөлдөх чадварын судалгаануудыг улс болгонд хийж байна. Тухайн улс орны бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг жагсаадаг. Манайд тулгарч байгаа хамгийн чухал асуудал нь чадвартай боловсон хүчин хайж олох явдал гэж хамгийн нэгдүгээрт бичигддэг. Өөрөөр хэлбэл, бизнесмэнүүд асуудлаа мэдээд байгаа мөртлөө ямар ч үйлдэл хийдэггүй. Үүнийг би шүүмжилдэг. Яагаад заавал МУИС төгссөн хүн авах гэж булаалддаг вэ. Зөндөө л хувийн сургууль бий. Таван компанийн захирал нийлээд хувийн сургуулиудад тэр дутаад байгаа хөрөнгө оруулалтыг нь хийгээд багш нарыг нь боловсруулаад явж болно шүү дээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

           Гэтэл өнөөдөр ганцхан сургуулийнхаа төгсөгчдийг авах гээд л булаацалдаад л явж байна.  Тэгвэл тэр сургууль нь өнөөдөр яг сайн сургууль мөн юм уу?

МУИС-д сайн хүүхэд элсэж орсон учраас зах зээл дээр сайн хүн төгсөөд байгаа юм уу, эсвэл муу хүүхдийг аваад сайн болгож төгсгөж байгаагаар тухайн сургуулийн чансаа хэмжигдэх юм уу?

Сайн боловсролын систем гэдэг муу хүүхдийг аваад сайн хүн болгож байгаагаар хэмжигдэх ёстой болохоос Монголд жил болгон төгсөж байгаа 40 мянган хүүхдээс хамгийн сайн мянгыг нь шалгаж аваад нэг их олигтой юм заалгүй гаргахаар угаасаа сайн хүүхдүүд сайнаараа л төгсөнө. 

Тэгэхээр компанийн захирлууд тэтгэлэг зарлаад үнэхээр амьдралын боломжгүй ч чадлаараа гараад ирчихсэн хүүхдүүдийг сайн сургуульд явуулмаар байна. 

Ардчилал гэдэг тэгш боломж. 

Чи өнөөдөр Дорнодын Матад суманд ч төрж болно, Улаанбаатар хотын Зайсанд ч төрж болно. Гэхдээ чамд тэгш боломжийг олгох ёстой. Үүнийг компанийн захирлууд хийдэг. Хандивын, боловсролын сангууд үүнийг хийдэг ёстой.

"Соронз" сэтгүүл дээр өндөр үнэтэй машин авснаа гайхуулах биш аль баян хэдэн хүүхдийг Харвард руу тэтгэлгээр явуулсан бэ гэдгээрээ уралддаг сайхан цаг ирнэ гэдэгт би итгэдэг.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Тэгш боломжийг жишээ нь Сант сургууль дээр яаж хэрэгжүүлдэг вэ?

З.Энхмөнх
САНТ сургуулийн захирал

Энэ тухай Стэнфордын их сургуульд ч яригддаг. Яах аргагүй шилдгүүдийг нь шигшчихээд бид мундаг гээд байх нь зохимжгүй гэж өөрсдийгөө шүүмжилдэг. Стэнфорд ч тэр, Харвард, MIT зөвхөн Америкийн биш дэлхийн шилдгүүдийг цуглуулчихдаг. 

Шилдэг оюутнуудыг элсүүлж чадаж байгаа учраас тухайн оюутнууд маш их инноваци хийнэ, зарим нь багш нараасаа ч илүү гарна. 

Яг манай сургуулийн тухайд 2011 оноос эхлээд нэгдүгээр ангийн сурагчдаасаа шалгалт авахгүйгээр бүртгүүлсэн дарааллаар нь элсүүлдэг болсон.  Америкт гэхэд ахлах сургуульд сурагчдыг элсүүлэхдээ тэгш боломжийг хангахын тулд сугалаа явуулчихдаг тохиолдол олон байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг сайн, муугаар эрэмбэлэхээс зайлсхийж байна.

 



"Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь", "Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя" сэдвийн хүрээнд одоогоор олон нийтэд хүрсэн контентуудын линкүүд: