Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав: MIT-д Компьютерын шинжлэх ухаанаар сурна

Б.Ану
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын тэргүүлдэг Массачусетсийн Технологийн Институтэд (MIT) 100 хувийн тэтгэлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав тэнцсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

АНУ-ын их, дээд сургуулиудад элсэхэд С.Сумьяажавын зөвлөх багшаар Сант сургуулийн захирал З.Энхмөнх ажилласан байна. Ингээд С.Сумьяажавтай утсаар холбогдож, ярилцлага авснаа хүргэе.



- Сайн байна уу. MIT-д тэнцсэнд баяр хүргэе! Уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Баярлалаа, намайг Сарангэрэлийн Сумьяажав гэдэг. Би Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг. Одоо 17 настай.  Хоёр ах нэг дүүтэй. Манай том ах оюутан, нөгөө ах маань энэ жил их сургуульд орно. Бага дүү нэгдүгээр ангид сурдаг. Манай аав физикийн багш, харин ээж маань эмийн санч хийдэг. Манайх Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг.

 

- Физикийн Олон улсын олимпиадаас хүрэл медаль авсан амжилт үзүүлсэн юм билээ. Энэ тухайгаа ярихгүй юу?

-  Надад хамгийн их туслалцаа үзүүлсэн хүн бол миний аав, ээж хоёр. 

Намайг ямар ч юм хийж оролдсон үргэлж дэмждэг. Тиймээс би итгэлийг нь алдахгүйн тулд чадахаараа хичээдэг. Надад анх физик заасан багш бол миний аав. Цаашид амжилт гаргахад минь тус болсон маш сайн суурь тавьж өгсөн. Аав минь надаас өмнө олон хүүхэд олимпиадад бэлдэж байсан, улсын физикийн олимпиадад амжилт гаргасан шавь төрүүлэх мөрөөдөлтэй байсан. Аавынхаа энэ мөрөөдлийг биелүүлсэндээ их баяртай байдаг.

Мөн Олон улсын физикийн олимпиадад бэлдэхэд тусалсан Д.Улам-Оргих багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн MIT-д тэнцэхэд тусалсан Сант сургуулийн захирал З.Энхмөнхөд талархсанаа хэлье.

- MIT-д тэнцэхийн тулд хэрхэн бэлдсэн бэ?

- Шалгалт өгөхөөр бэлдэж байхдаа өдөрт 3, 4 онлайн хичээл үзэж, үг цээжилж дүрмийн ном хийж орой унтахаасаа өмнө 30 минут заавал ном уншдаг байсан. Мөн завсраар нь гэрийнхээ ажлыг амжуулдаг.

Заримдаа сургууль дээрээ очиж хүүхдүүдэд физикийн хичээл заадаг.

- Англи хэлийг хэзээнээс, хэрхэн сурсан бэ. Өөрийн сурах арга барилаас хуваалцаач?

- Англи хэлийг 10 жилдээ сурч байсан. Гэхдээ гадаадын сургуульд бэлдэж хоёр жилийн өмнөөс илүү гүнзгийрүүлэн судалж эхэлсэн. Миний хувьд ном уншиж, онлайн хичээл, кино үзэж англи хэлээ сайжруулсан.

 

- MIT-д ямар мэргэжлээр суралцах вэ?

- Компьютерийн шинжлэх ухаанаар сурна гэж бодож байгаа.

- Өөрийн тань мөрөөдөл юу вэ?

- Миний мөрөөдөл бол дэлхийн хэмжээний технологийн компани байгуулах, түүгээрээ эх орондоо хувь нэмрээ оруулах.

- MIT болон бусад шилдэг их, дээд сургуульд суралцах мөрөөдөлтэй найзууддаа ямар зөвөлгөө өгөх вэ?

- Найзууддаа хэлэхэд ямар ч үед боломж байдаг гэдгийг санах хэрэгтэй. "Ухаантай хүн боломжийг бүтээдэг" гэдэг үг байдаг шиг ухаалаг байж, боломжоо бүтээ гэж хэлмээр байна.