Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Охидын үзлэгийн үр дүнг ил болгосноос амиа хорлохыг завдсан бодит жишээ бий"

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Охидын эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд Охидын эрхийн III чуулганыг зохион байгуулах талаар “Гүнж” төв өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг чуулганы зорилго нь охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд орших аж. 

“Гүнж” төвийн охидын манлайллын хөтөлбөрийн оролцогч Э.Эрдэнэжаргал “Манай орны хувьд жилд дунджаар 3,500 орчим өсвөр насны охид төрдөг юм байна. Харин өсвөр насандаа ээж болсон охидын 74 хувь нь ганц бие ээж болж буй юм. Тиймээс ч охидын эрхийг хамгаалдаг энэ өдрөөр “Биднийг сонс” охидын эрхийн чуулганыг хоёр удаа зохион байгуулсан. Манай “Гүнж” төвийн зохион байгуулсан I,II чуулганы мөрөөр “Охидод ээлтэй сургууль” кампанит ажлыг Улаанбаатар, Дорнод, Төв аймгийн нийт 30 гаруй сургуульд хэрэгжүүлснээр сургуулийн шийдвэр гаргалтад охидын дуу хоолойг хүргэх, охидын ариун цэврийн өрөөг аюулгүй болгоход анхааран ажилласан” хэмээн ярилаа.

Үүнээс гадна Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцчлах нэрийдлээр хассан байсныг “Гүнж төв” бусад байгууллагатай хамтран буцаан бие даасан хичээл болгожээ. Мөн маргааш болох чуулганд охидын 100 төлөөллийг хамруулах аж. Ингэхдээ  хөгжлийн бэрхшээлтэй охид, хүүхэд төрүүлсэн өсвөр насны ээжүүд, хөдөө орон нутгийн болон зорилтот бүлгийн охидыг хамруулсан байна.

“Гүнж” төвийн охидын манлайллын хөтөлбөрийн оролцогч М.Пүрэвжав “Манай улсын хувьд уламжлалт ёс заншлаа дагаад охид дүүгээ харах, хувцас угаах гэхчлэн гэрийн ажлаа түлхүү хийдэг. Үүнийг гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж үзээд байгаа. Гэтэл энэ нь охид манлайлж, өөрийгөө хөгжүүлэх цагийг нь багасгадаг. Охидын өөрсдийгөө хөгжүүлэх цаг хугацаа эрэгтэйчүүдийнхээс хэд дахин бага байна. Энэ бол тэгш бус бөгөөд бидний эрхийг хамгийн их зөрчиж буй нэг хэлбэр” гэв.

“Гүнж” төвд ирж буй өсвөр насны ээжүүдийн 74 хувь нь өрх толгойлсон байдаг. Мөн өсвөр насны ээжүүдийн 5-7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Манай  улс Ази, Номхон далайн бүсдээ өсвөр насны ээжүүдээрээ тэргүүлдэг байна.

“Гүнж” төвийн хөгжлийн ажилтан Б. Гэрэлтуяа “Охидын үзлэг гэдэг бол тухайн охиныг хүсээгүй байхад нь бэлгийн халдашгүй, дархан байдал руу нь халдаж буй асуудал. Охидын үзлэгийн дараа гарсан үр дүнг ил болгож, энэ охин бэлгийн харилцаанд орсон эсвэл энэ охин жирэмсэн, өвчин авсан гэх мэтээр хувь хүний нууцыг сургуулийн орчинд тараах, анги дунд ил болгох байдлаар ханддаг. Үүнээс улбаалан амиа хорлохыг завдсан охидын бодит жишээ хүртэл бий. Тэгэхээр охидын үзлэг гэдэг бол хувь хүний халдашгүй дархан байдал руу халдаж буй зүйл. Үүнийг манай байгууллагын зүгээс байх ёсгүй гэж үздэг. Үнэхээр охидын үзлэгээр илрүүлж, эрт бэлгийн харилцааны талаарх асуудалд анхаарах гэж байгаа бол эрүүл мэндийн хичээлээ чанартай оруулах хэрэгтэй байна” гэж ярилаа.

Энэ жилийн чуулганыг "Охидын эрх ба ялгаварлан гадуурхалт" сэдвийн хүрээнд маргааш "Хөвсгөл нуур" зочид буудлын 25-р давхарын хурлын танхимд хийх юм байна.