Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн Борнуур, Сэргэлэн суманд авто осол гардаг хамгийн олон “хар цэг” байна

Г.Батзориг, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 30
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төв аймгийн замд гарсан авто ослын улмаас 200 гаруй хүн амь насаа алджээ.

Ялангуяа, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хязгаарласантай холбоотойгоор авто ослын тоо эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Налайхын замаар наймаас дээш суудалтай автобус, 3.5 тонноос дээш даацтай ачааны автомашины зорчих эрхийг хязгаарласнаар Төв аймгийн замаар явах болжээ.

Эдгээр автомашин суудлын тэрэгтэй харьцуулахад удаан, мөн 2-3 эгнээ үүсгэн явснаар бусад тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед авто осол гарах нөхцөл үүсдэг байна. Уг зам Зуунмод, Сэргэлэн, Баянцагаан зэрэг сумыг дайрч, цааш Мандалговь, Даланзадгад руу хөтөлдөг. Тэгвэл уг замд хамгийн өндөр буюу 80 орчим осол гарч олон хүн амиа алдсан байна.

Түүнчлэн гэр бүлээрээ явж байгаад бүгд амиа алдсан харамсалтай тохиолдлууд цөөнгүй байгаа аж. Энэ нь Дарханы замд осолд орж амиа алдсан хүмүүсийн тооноос давсан үзүүлэлт гэнэ.

Уг нь Төв аймгийн зам эвдрэл багатай, Дарханыхтай харьцуулахад огцом эргэлт, аюултай цэг цөөн. Дунджаар дөрвөн эргэлт байдаг аж. Мэдээж үүнийг инженерүүд тооцож эргэлтүүдийг шийдсэн. Гол нь жолооч нар уг эргэлтүүдэд дүрмээ баримталж, хурдаа хасаж яваагаагүйгээс болж осол гарах нөхцөл бүрддэг байна.

Мөн дээр өгүүлсэнчлэн, Налайхын замын засвартай холбоотойгоор Зуунмод-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс өссөн нь осол болж, хүмүүс олноор амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Уг замын хөдөлгөөний ачаалал энгийн үеэс 5-6 дахин нэмэгджээ. Уг чиглэлийн замын хар цэгүүдийг тодорхойлохын тулд хаана ямар газар авто осол ихээр бүртгэгдэж байгааг тооцдог аж. Ингэж үзэхэд Сэргэлэн сумын Ногоон дов, Хустайн даваа зэрэг газарт хамгийн олон осол гардаг байна. 

Түүнчлэн, Төв аймгаас цааш зорчих Өмнөговь, Дундговийн замууд маш их эвдэрчээ. Уг нь авто зам ашиглалтад ороод удаагүй боловч хүнд даацын автомашин олноор явж байгаатай холбоотойгоор ихээхэн эвдрэл гарчээ. Иргэд шинэ сайхан зам хэмээн өндөр хурдтай явж байгаад замын эвдрэл гэмтэл рүү орж осолдож байгаа аж.

Хүний амь авсан тоогоор нийслэлээс Дархан, Эрдэнэт рүү чиглэсэн авто зам дараагийн эгнээнд явж байна. Тодруулбал, уг зам дайран өнгөрдөг Баянчандмань, Борнуур, Сүмбэр зэрэг сумын нутагт нийт 110 удаагийн осол гарчээ.

Өөрөөр хэлбэл, Дархан чиглэлийн авто замд жилд дунджаар 55 томоохон осол гарч, хүний амь эрсэддэг байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд огцом эргэлт, өгсөлт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг нийт есөн цэг байдаг аж. Үүний ихэнх нь Борнуур, Баянчандмань сумын нутагт хамаардаг байна. Тодруулбал, Борнуур сумын Урьхан гэх газар долоо, 92-ын даваа, Улаан цав гэх газар тус бүр зургаа, Тайсын хөтөл гэх газар 11 осол гарчээ. Мөн Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар найм, Шарын ам, 60-ын даваа гэх газар тус бүр таван осол гарчээ.

Нийслэлээс баруун бүсийг чиглэсэн авто замд осол ихээр гарч байна. Тодруулбал, төвийн болон баруун бүсийг зорьж байгаа иргэд Төв аймгийн Баянчандмань, Баянхангай, Лүн, Өндөр-ширээт, Эрдэнэсант зэрэг сумдын нутаг дэвсгэрээр тавьсан орон нутгийн авто замаар зорчдог. Уг хэсэгт 70 орчим авто осол гарсан байна. Уг зам Төв аймаг болон Дарханы чиглэлийн авто замтай харьцуулахад хөдөлгөөний ачаалал бага аж. Гэвч жолооч нар хурд хэтрүүлснээс болж авто осолд орох нөхцөл бүрддэг байна.

Ялангуяа, Лүн сумын Цагаан хөтөл гэх газар авто осол их гарч байгааг харгалзан үзэж, тус хэсгийг авто замын нөхцөл байдалд тохируулж хурдаа хасаж, болгоомжтой, сонор сэрэмжтэй явахыг анхааруулжээ.

Осолд орж байгаа автомашиныг маркаар нь авч үзвэл “Тоёота приус” хамгийн их өртөж байна. Үүний дараа монголчуудын хамгийн их унадаг “Тоёота Марк-2”, “Кровн” маркийн жижиг суудлын тэргүүд орж байгаа аж. Дараа нь жийп төрлийн автомашин осолд их өртөж байна.

Том, хүчтэй автомашины нэг онцлог нь өндөр хурдтай явахад жолооч, зорчин явагчийн тав тухтай байдлыг дээд зэргээр хангахад зориулж бүтээгдсэн байдаг аж. Тийм ч учраас 150-160 км цагийн хурдтай явж байхад жолоочид энэ хурд төдийлөн мэдэгддэггүй, хэвийн хурдтай явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ нь олон улсын хурдны зам дээр давуу тал болдог.

Харин манайх шиг энхэл донхол ихтэй, гэнэт зам дээр нүх байх, эсвэл адуу мал гараад ирэх магадлалтай нарийхан замтай улсын хувьд автомашиныхаа үнэ, чанарт найдаж өндөр хурдтай давхих нь эрсдэлтэй аж. Ямар ч үнэтэй автомашин байсан 150-160 км цагийн хурдтай явж байгаад осолд орвол “базсан цаас” шиг болно гэдгийг хэлж байв.

Ер нь хөдөө орон нутгийн замд 50 гаруй “хар цэг” байдаг аж. Элгээр “хар цэг”-ийн ихэнх нь Баян-Өлгий Баянхонгор, Төв аймгийн замд байрладаг. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй хар цэгийг алга болгож, үлдсэнийг нь анхааруулах самбар байршуулж сэрэмжлүүлсэн байна. Мөн зарим хэсэгт цагдаагийн постууд байрлуулах замаар хөдөлгөөнийг хянадаг аж. Гэвч жолооч нар анхааруулах самбарыг анзаардаггүй.

Мөн өндөр хурдтай явж байгаад огцом эргэлт, замын энхэл донхол, эвдрэлтэй хэсгүүд рүү орж осол гаргадаг байна. Орон нутгийн замд зөвшөөрөгдсөн дээд хурд 80 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч саад учирч тоормослоход 62 метрийн зайд зогсдог байна.

Зураг