“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ын салбар хуралдаанууд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС дээр дөрвөн зэрэг үргэлжилж байна.
Их хурлын үеэр “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц", “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт", “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Эдгээрээс ШУТИС дээр зохион байгуулагдаж буй Судалгааны оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц сэдвийн хүрээнд эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл байр сууриа илэрхийлснээс эшлэл бэлтгэн хүргэж байна.
ШУА-ийн тэргүүлэгч Т.Ганболд
- Тэнд ажиллах эрдэмтэн судлаачдыг шинэ тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулахгүй байна.
- Том багаж, тоног төхөөрөмжүүдээ мэддэг чаддаг хүмүүс дээр нь төвлөрүүлээд ажиллуулах санал дэвшүүлж байна.
- Шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол газар нь ШУ-ы парк байх ёстой болов уу.
Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар
- 1990 онд жижиг үйлдвэр байгуулчихаад Химийн хүрээлэн дээр очоод танай Соёолж гэдэг эмийг үйлдвэрлэе гэдэг санал тавьсан. Жилд орчим хойноос нь хөөцөлдөөд бүтээгүй учраас үйлдвэрийнхээ дэргэд зохион бүтээх тасаг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ нь хүрээлэнгүүд эрх мэдэлгүйтэй холбоотой гэж ойлгодог.
- Үйлдвэрийн дэргэд байгуулсан эм судлалын хүрээлэнгийнхээ шугамаар ШУА, хүрээлэнгүүдтэй хамтраад ажиллая гэхээр одоо ч гэсэн хүлээж авдаггүй. Тийм учраас давтан ярьж байна.
- Наанаа за гэдэг ч цаагуураа хамтын ажиллагаа явдаггүй. Ер нь хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх мэдэлгүй юм шиг байгаа юм.
- Төрийн өмчийн дэвшилтэт лабораторид шинжилгээ хийлгээд очих гэхээр эвдэрчихсэн. Сэлбэг байхгүй гэдэг. Сэлбэгийг чинь авч өгөөд шинжилгээгээ хийлгэе ээ гэхээр бас хөдөлдөггүй.
- Төр юу хийж байгаа нь тодорхойгүй, эрдэмтэд санхүүжилт байхгүй гээд байдаг. Бизнесийнхэнд санхүүжилт хийх чадвар байгаа ч юунд гэдгээ мэдэхгүй байна.
Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Б.Бат-Өлзий
- Төрийн оролцоо шинжлэх ухааны паркад байгаа ААН-үүдэд хөнгөлөлт эдлүүлэхээс өөрөөр оролцохгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой болов уу.
- Эрдэмтдийн судалгаа, бүтээл нийгмийн хэрэгцээнд нийцэж байвал түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хувийн хэвшлийнхэн хангалттай байгаа харж байгаа.
МУИС-ийн Багажит анализийн төвийн эрхлэгч Б.Очирхуяг
- . Нээлттэй гэдэг нь уг лаборатори ямар ч байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байх гэсэн утгыг илэрхийлнэ.
- Нээлттэй лабораторид тавигдах дараагийн чухал шаардлага бол тоног төхөөрөмж байнгын тогтвортой үйл ажиллагаатай байх юм.
- Судалгаанаас гарч ирсэн технологийг зүгшрүүлэх лабораторитой байх хэрэгтэй. Эхний ээлжинд бидэнд 2-3 ийм лабораторийг байгуулах боломж байгаа гэж харж байна.
АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан
- Төр том тоног төхөөрөмж авч өгчихөөд түүнийг ашиглахад гардаг урсгал зардал гаргаж өгдөггүй талаар дээр яригдсан. Манай лабораторид ч тийм асуудал тулгарсан учраас сургуулиас урсгал зардлыг шийдсэн. Сургуулиудын хувьд тийм боломж бий.
- Лабораториудыг нэгдсэн мэдээллийн тогтолцоон оруулах шаардлагатай. Энд тэнд байгуулагдсан лабораториуд ашиглагдахгүй байгаа талаар мэдээллүүд гардаг. Хаана юу байгаагаа мэдэж баймаар байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!