Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэлийн анхан шатны болон давж заалдах шатны зарим шүүгч, судлаачид сэтгүүлчидтэй хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хуульч, судлаачид болон шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдаж буй гурван заалт /48.1, 49.5, 49.6/-ыг дэмжиж буйгаа илэрхийлж байв.
Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан 49.5 буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийг гишүүнтэй байлгах тухай заалтыг онцоллоо.
Хууль зүйн доктор О.Мөнхсайхан "1992 оны Үндсэн хуульд багтсан чухал үзэл баримтлал нь Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулах байв. Гэхдээ ямар бүрэлдэхүүнээр байгуулах тухай заалт ороогүй. Тиймээс Үндсэн хуульдаа энэ тухайг баталгаажуулах нь зөв" хэмээсэн юм.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж 48.1 буюу Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг дэмжиж байгаагаа тодотгож байв. Энэ тухай шүүхийг тойргийн журмаар байгуулах тухай заалт бөгөөд ингэснээр шүүхийн хараат бус байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид ч шүүхийг тойргийн журмаар байгуулахыг дэмжиж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг "Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр шүүхийг тойргийн журмаар байгуулах тухай тусгасныг дэмжиж байгаа.
Ачаалал багатай ажилладаг шүүхийн шүүгчид жилд дунджаар есөн хэрэг оногддог бол нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 158 хэрэг шийдэж, 200 орчим шүүх хуралд оролцдог" гэлээ.
Мөн тэрбээр ачааллын хувьд ялгаатай хэр нь илүү цаг, ур чадварын нэмэгдэл байдаггүй тул ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд тойргийн журмаар шийддэг байх нь оновчтой гэсэн юм.
Уулзалтын үеэр 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлснээр ачаалал хэр нэмэгдэж байгаа талаар сэтгүүлчид тодрууллаа.
Тодорхой шалтгааны улмаас эрхийг нь түдгэлзүүлээд буй нэр бүхий шүүгчдийн дөрөв нь нийслэлийн Давж заалдах шатны шүүгч бөгөөд үүний улмаас ачаалал ихээхэн нэмэгдээд байгааг тус шүүхийн шүүгчид хэлж байв. Тодруулбал, дөрвөн шүүгчийн эрх түдгэлзсэнээр Давж заалдах шатны нэг шүүгч өдөрт 20 гаруй шүүх хурлын бүрэлдэхүүнд ажиллах болжээ.
Харин Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа үндсэндээ зогсоод буйг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хэллээ.
Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэнээс үүдэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим үндсэндээ зогсчихсон, хэдэн зуун хэрэг хүлээгдэж байгаа тул асуудлыг үнэн зөвөөр, аль болох түргэн шийдэж өгөхийг хүссэн бичгийг холбогдох хуулийн байгууллагад хүргүүлсэн. Нөхцөл байдал ямар байгааг хаа хаанаа ойлгож байгаа учраас анхаарч ажиллаж байгаа" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
|