Зураг
Зураг
Индэр    
2019 оны 8 сарын 28
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

Чамлахаар чанга атга: ТББХ-ноос гаргасан ШҮҮХИЙН ТУХАЙ ГУРВАН ЗААЛТЫГ дэмжье

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хараат бус, шударга болгох итгэл найдвар арай ч тасраагүй байна. Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийн тухай 9 чухал заалт туссан.

Гэвч, эдгээрийг хасах саналыг Eрөнхийлөгч ирүүлж, үүнийгээ биелүүлэхийг удаа дараа шаардсаар байгаагийн зэрэгцээ шүүхийг тойргоор байгуулж болох болон Шүүхийн сахилгын хороог байгуулах гэсэн хоёр заалт бүхий төслийг өргөн барьсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг аль болох зөвшилцөж батлах, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах үүднээс УИХ-ын гишүүд сүүлийн нэг сар гаран ажиллав. 2019.08.23, 2019.08.26-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) хуралдаад Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг, МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, УИХ-д суудалгүй намууд болон олон нийтийн санал, шүүмжийг тусгасан төслийг цомхон болгон чамбайруулсан. ТББХ-оор дэмжигдсэн энэ хувилбараар нь төслийг хэлэлцээд батлаасай гэж хүсэж байна. Тэгж чадвал Засгийн газар, УИХ, шүүх, нутгийн удирдлагатай холбоотой олон чухал эерэг үр дагавар авч ирнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хангалттай удаан ярилаа. УИХ-ын энэ бүрэлдэхүүн одоо үйлдлээ хийж сүүлийн гурван УИХ-ын бүрэлдэхүүн эхлүүлж чадаагүй ажил - Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хөдөлгөсөн шигээ эцэслэн баталж, парламентын тогтолцоогоо бэхжүүлэх цаг нь болжээ.

Зөвшилцлийн үр дүнгийн дагуу ТББХ сүүлд хуралдахдаа шүүхтэй холбоотой гурван заалтыг Үндсэн хуульд оруулах санал гаргаад байна. Товчдоо, ТББХ Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг заах (Төслийн 49.5), Шүүхийн сахилгын хороог байгуулах (Төслийн 49.6), шүүхийг тойргоор байгуулж болох (Төслийн 48.1) тухай гурван заалтыг дэмжээд байна. "Могой тасравч гүрвэлийн чинээ" гэдэг шиг 62 гишүүний төсөл дахь шүүхийн талаарх 9 сайн заалтаас хасаж Ерөнхийлөгчийн саналыг тусган найруулсан эдгээр гурван заалтыг баталбал шүүхийг хараат бус, шударга болгоход ямар ч гэсэн нэг алхам урагшлах болно. Энэ гурван заалт яагаад чухал алхам гэдгийг тайлбарлахын өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хувь заяатай холбоотой хэдэн зүйл хэлье.

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЭНЭ ТӨСЛИЙГ БАТАЛСАН НЬ ТҮҮНИЙГ БАТЛАХГҮЙ БАЙСНААС ДЭЭР

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн II хэлэлцүүлгийг УИХ хийх гэж энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт зарлаад эхлүүлж чадахгүй гацав гэж хэвлэлээр бичжээ. УИХ-ын гишүүд төслийнхөө агуулга дээр ойлголцох, хөдөө гадаанаас цуглах гээд цаг авч байгаа болов уу. Гэхдээ, энэ төсөл тэр чигээрээ явахгүй гацвал үүсэх хоёр үр дагавар байгааг одоогийн УИХ-ын гишүүд анхаараасай гэж хүсэж байна.

Нэгд, 62 гишүүний төслийн шүүхтэй холбоотой 9 заалтын наймыг нь хасаж, үлдсэн ганцыг нь өөрчилсөн учраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн амин чухал заалтууд байхгүй болсон гэж УИХ-ын зарим гишүүн үзэж байх шиг байна. Хэдийгээр 62 гишүүд анхны төслийг дэмжин гарын үсэг зурсан ч зөвшилцлийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдах 57 гишүүний босгыг давахгүй унах эрсдэл үүсээд байна. Тэгээд ТББХ-оос гаргасан шүүхийн тухай гурван заалтыг ч батлуулж чадахгүй, 62 гишүүний төслийн 9 заалтаа ч батлуулж чадахгүй болвол яана гэж санаа зовниж байна. Хэдийгээр 62 гишүүний төсөлд орсон заалтууд өөрчлөгдсөн ч ТББХ-оос гаргасан эдгээр гурван заалт шүүхийн хараат бус байдлыг хангахад тустай. Дахин хэлэхэд, УИХ дахь олонх дуртай үедээ ердийн хуулийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой учраас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохицуулалтыг Үндсэн хуульд зааж өгөхгүйгээр шүүгчийн сонгон шалгаруулалт, сахилга, хариуцлагын суурь асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй.

Хоёрт, Шүүхийн эсхүл бусад асуудал дээр ойлголцож чадаагүйгээсээ болж олон жил сарын хэлэлцүүлэг, хөдөлмөр, судалгаа, олон талын оролцоогоор бий болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ төслөө ч баталж чадахгүйд хүрвэл шүүхийн талаар ч хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн талаар ч олигтой ямар ч өөрчлөлт орохгүй үлдэнэ. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлж, тууштай хэрэгжүүлж чадах тогтвортой Засгийн газрыг байгуулах, үүнтэй уялдуулан гүйцэтгэх эрх мэдэлд тавих парламентын хяналтыг сайжруулах, хууль тогтоох ажлыг чанаржуулах гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал заалтууд ч батлагдаж чадахгүй болох аюултай. Засгийн газар болон УИХ-тай холбоотой эдгээр өөрчлөлтийг хийхгүй үлдээвэл алсдаа нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдсаар одоогийн Үндсэн хуульт ардчилалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийж, үүнийг далимдуулан шинэ Үндсэн хууль-ерөнхийлөгчийн засаглал (дарангуй дэглэм) руу түлхэх вий. Ийм ноцтой үр дагавартай хариуцлагагүй үйлдэл хийхгүй гэж өнөөгийн УИХ-ын гишүүдэд найдаж байна.

Энэ удаагийн УИХ гишүүд улс орны ирээдүйн шинэ үеийг эхлүүлэх маш хариуцлагатай, хүндхэн ачааг үүрэх түүхэн цаг үеийн хүмүүс болоод байгаагаа өөрсдөө хэр ухамсарлаж байгаа  бол? Улс төрийн тоглолт, улс төрийн наймаа, ашиг сонирхол, өшөө авалт гээд олон сорилтыг энэ УИХ туулж байна. Магадгүй хамгийн том сорилт нь энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт ч байж мэднэ. Ард түмний итгэлийг аван дийлэнх олонх болсон МАН-ынхан өнөөдөр түүхэн шалгуурын өмнө зогсож байна. Шалгуурыг тэд хэрхэн давахыг одоо бид харах л үлдлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд ч, бусад хоёр гишүүд ч энэ чухал үйл хэрэгт нийтлэг зарчмын дагуу бүтээлчээр оролцох хариуцлага хүлээж буй.

ХАВСРАЛТ: ТББХ-ООС ГАРГАСАН ШҮҮХИЙН ТУХАЙ ГУРВАН ЗААЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

62 гишүүний өргөн барьсан төслийн гол үзэл баримтлал, ялангуяа шүүхтэй холбоотой хэсэг шүүхийг хараат бус, хариуцлагатай болгоход маш чухал учраас цогцоороо батлагдаасай хэмээн хүсэж буй олон иргэний нэг би билээ. Харамсалтай нь, харилцан буулт, зөвшилцлийн үр дүнгээс үзэхэд Ерөнхийлөгч шүүгчийг батламжлах, шүүх бүр дотроосоо ерөнхий шүүгчээ сонгох, Дээд шүүхийн шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, Цэцийн гишүүнийг мэргэжлийн, хараат бус болгох зэрэг олон өөрчлөлтийг хийх боломж улс төрийн хувьд өнөөдөр байхгүй бололтой. Тиймээс, УИХ-ын ТББХ-оос дэмжсэн гурван заалтыг баталж чадвал шүүхийг хараат бус, шударга болгоход нэмэртэй гэдгийг тайлбарлахыг хичээе (мөн, уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах шүүхийн тухай хуулиудыг судалгаанд үндэслэн сайн боловсруулж гаргах, зөв томилгоо хийх эсэхээс үр дүн хамаарна). Чамлахаар чанга атга гэдгийг бодохгүй бол үүнийгээ ч хийж чадахгүйд хүрэх вий.

НЭГ. ШEЗ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН

ТББХ Үндсэн хуулийн 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно." гэж заах саналыг 2019.08.27-нд дэмжсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШEЗ)-ийн бүрэлдэхүүнийг ингэж зааж чадвал тус зөвлөлийн бүрэлдэхүүн нэг улс төрчийн хэт нөлөө дор байдгаа болж, бие даан ажиллах, улмаар шүүгчийн сонгон шалгаруулалтаар дамжин шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэл буурна. Яагаад гэвэл:

(1) ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 байна гэж тодорхой зааж өгөх нь маш чухал. Урьд нь ШЕЗ-ийн гишүүдийн тоог удаа дараа өөрчлөн түүний үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлж, залгамж чанарыг алдагдуулж, тогтворгүй болгож байсан явдал эцэслэгдэнэ.

(2) Шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг хангах нэг арга бол ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 болгоод шүүгч-гишүүд болон шүүгч-бус гишүүдээс тэнцүү бүрдүүлэх юм. Учир нь, шүүхийн хараат бус байдалд халдах эрсдэл үүсвэл шүүгч бус таван гишүүн хамтдаа зогсоох боломжтой. Гэхдээ, зургаагаас доошгүй гишүүний саналаар шийдвэр гаргах учраас шүүгчийн сонгон шалгаруулалт зэргийг зөвхөн шүүгчид л мэддэг байдалд хүрэхээс сэргийлнэ, илүү хүлээн зөвшөөрөгдсөн хуульчид шүүгч болоход нэмэртэй.

(3) ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг нь шүүгчид дотроосоо сонгоно. Хэн нэгэн улс төрчийн оролцоогүйгээр шүүгчид ШЕЗ-ийн бүрэлдэхүүний талыг ардчилсан зарчмаар шууд сонгоно гэдэг бол ШЕЗ дэх улс төрийн нөлөөллийг саармагжуулна, улмаар шүүгчийн хараат бус байдлын баталгаа болно. Энэ бол олон улсын стандарт болсон зарчим юм.

(4) ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Шүүгч биш эдгээр таван гишүүнийг Засгийн газар, мэргэжлийн байнгын хороо, мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлээд УИХ сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийнхээ 2/3-оор томилох заалт 62 гишүүний төсөлд орсон ч үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж буй учраас ТББХ уг заалтыг хасах санал гаргаад байна. Эдгээр таван гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлэх зарчмыг нь Үндсэн хуульд зааж өгөөд, эдгээрт тавих шаардлага, тал талын төлөөллийг тэнцвэртэй оролцуулан томилох журмыг хуулиар тогтооно.

(5) ШЕЗ-ийн арван гишүүн дотроосоо даргаа сонгоно, ингэснээр ШЕЗ-ийн бие даасан байдал дээшилнэ. Одоогийнх шиг нэг улс төрч өөрийн томилсон ШЕЗ-ийн гишүүдээр өөрийн хүнээ нэр дэвшүүлүүлж даргаар нь томилдог, үүгээрээ дамжуулан ШЕЗ, шүүгчийн сонгон шалгаруулалтад нөлөөлдөг байдал хязгаарлагдана.

(6) Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна гэж заах нь Улсын дээд шүүхээс ШЕЗ-ийг захирч удирдах, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрч буй хэрэг огт биш юм. Харин, ШЕЗ шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хэрхэн хангаж буй тухай тайлангаа гаргаад Улсын дээд шүүхэд явуулах, үүгээр дамжуулан нийт шүүгчид болон олон нийтэд хүргэх механизм юм. Мөн, энэ заалт нь Улсын дээд шүүх болон ШЕЗ-ийн үйл ажиллагааны уялдааг хангаж хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад хувь нэмэр оруулна.

ХОЁР. ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

Шүүхийн сахилгын хороо байгуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно" хэмээн найруулж Үндсэн хуулийн 49.6-д тусгах саналыг ТББХ 2019.08.23-нд гаргаад байна. Энэхүү заалт нь шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад дараах ач холбогдолтой:

(1) Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болно. Өнгөрсөн 27 жилд шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо гурван удаа өөрчлөгдөж залгамж чанар нь алдагдаж, зүй бус нөлөөлөлд орох эрсдэл үүсгэж байсан. 49.6-ын өөрчлөлт нь энэ буруу жишгийг таслахад чухал алхам болно.

(2) Хуульд заасны дагуу шүүгчийг түдгэлзүүлэх, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан шүүгчийг огцруулах, сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулахаар зааж буй нь ШЕЗ дээр төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдал арилна. Одоо ШЕЗ шүүгчийг шилж олох, бодлого, менежмент, төсвийг хэрэгжүүлэхээс гадна шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулахад маш ихээр оролцдог. Үүнээс болоод ШЕЗ шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахаасаа илүүтэй хараат бус байдалд нь халдаж, энэ төвлөрсөн эрх мэдлээ урвуулан ашигласаар ирсэн. Олон улсын туршлага ч гэсэн шүүхийн захиргааны эдгээр эрх мэдлийг аль болох хуваарилж өөр өөр институцэд хариуцуулах нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, хариуцлагыг дээшлүүлдэг.

(3) Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн сахилгын хорооны шийдвэрт гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээр хянуулахаар УИХ-ын гишүүдийн төслийн үзэл баримтлалд хэвээр хадгалагдаж байгаа. Улсын дээд шүүхийн энэхүү хяналт нь Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийн алдааг засах, шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахаас сэргийлнэ.

ГУРАВ. ТОЙРГИЙН ШҮҮХ

Ерөнхийлөгчийн саналаар Үндсэн хуулийн 48.1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэж заахаар болсон нь дүүрэг дундын, аймаг дундын шүүхийг байгуулах, улмаар иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүхийн ачааллыг жигдлэх төдийгүй шүүхийг эдийн засгийн хувьд бие даах, төсвийг хэмнэх, зохистой зарцуулах нөхцөлийг бүрдүүлнэ.