Зураг
Зураг
Индэр    
2020 оны 6 сарын 24
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

Монголын заяа их байх эсэх нь иргэд бидний СОНГОЛТООС ХАМААРДАГ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын заяа их" гэдэг.

Энэ нь зүгээр нэг тохиолдол гэхээс илүү Монголчууд ухаалаг сонголт хийсний үр дүн байж ирснийг түүх харуулдаг. Ардчилсан улсын хувь заяа түүний иргэд парламентын сонгуульдаа хэрхэн оролцсон бэ, ямар сонголт хийсэн бэ гэдгээс хамаардаг.

Иргэд бид бүхний заавал биeлүүлэх шийдвэр гаргадаг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ИРГЭН БҮР АДИЛХАН НӨЛӨӨЛӨХ бараг ганц боломж бол сонгуульд оролцох юм. Нас хүйс, хөрөнгө чинээ зэргээс үл хамааран иргэн бүр адил дүрмээр саналаа өгнө, сонгуулийн үр дүнг тодорхойлолцоно.

Үндсэн хуулийн 3.1-т зааснаар "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ".

"ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ".

Ардчилал иргэд бидэнд нэг талаас дор бүрнээ хичээвэл хувийн амьдралдаа амжилт гэж юу вэ гэдгийг тодорхойлж хэрэгжүүлэх эрх чөлөөг эдлүүлдэг. Нөгөө талаас, хамтын амьдралаа хуулиар яаж зохицуулж илүү сайжруулах вэ гэдгийг сонгуулиар чиглүүлэх боломж олгодог. Бид хувийн амьдралдаа ч, хамтын амьдралдаа ч сайн сонголт хийвэл ахиж дэвшинэ. Муу сонголт хийвэл тийм л үр дүн гарна, бид түүнийгээ л хүртэхээс аргагүй.

Ямар санал өгөхөөс хамаарч “хүртэх ёстойгоо л хүрэх” учраас иргэд, ялангуяа залуус зүгээр нэг саналаа өгөх биш харин ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТ хийх нь илүү чухал.

Тухайлбал, бидний суурь үнэт зүйл болсон 1992 оны буюу анхны ардчилсан Үндсэн хууль, парламентын засаглал, хүний эрхийг үгүйсгэдэг нам, эвсэл, нэр дэвшигч эсхүл тэдгээрийн хамтрагчдыг сонгох нь ухаалаг бус хэрэг. Ийм бурангуй санаачилгыг бид дуугүй хүлээн зөвшөөрч болохгүй. Ардчиллын үнэ цэнийг ойлгодог идэвхтэй иргэд байхгүйгээр ардчилал урт хугацаанд орших боломжгүй учраас миний хувьд ардчилсан улсын нэгэн иргэний хувиар бусад иргэдээсээ үүнийг л уриалж буй.

Үндсэн хуульт байгуулал гэсэн наад захын шалгуурыг л хангаж байвал улсаа нийгэм, эдийн засгийн хувьд хэрхэн хөгжүүлэх вэ, хэр зэрэг зарчимч вэ гэх мэт шалгуурын дагуу сонгоход бид тогтвортой хөгжих л болно. Энэ арааман дотроо хичээвэл бид тусгаад тогтнолоо хадгална, ардчиллаа бэхжүүлнэ, хүний эрхээ хамгаална, шүүхийг хараат бус болгоно, авлигыг бууруулна, эдийн засгийн хувьд хөгжинө.

Сонгуулиа тал талын хяналттай, шударгаар явуулж үр дүнг нь хүлээн зөвшөөрцгөөe. Аливаа этгээдээс хүчирхийлэлд турхирсан зүйл гаргавал түүнд нэгдэхгүй байх, ийм бурангуй санаачилгыг тайвнаар эрс эсэргүүцэхийг уриалж байна.

Бид чинь 1990 оноос хойш парламeнтын сонгуулиа 8 удаа амжилттай явуулснаас дүгнэвэл ямар нэг ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ СОНГУУЛЬ (2008 оныг эс тооцвол) хийгээд сурчихсан.

Аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэх нь Үндсэн хуулийн оршилд дахь “Монголын ард түмэн бид” чинь хэн бэ гэдгийг тодорхойлдог үндсэн шинжийн нэг болсон тул энэ үнэт зүйлээ сахин биелүүлье, бусдаасаа шаардъя.

Сонгогч санал өгөхөд анхаарах зүйлсийг дарааллаар нь аятайхан илэрхийлсэн постeрыг iKon.mn нийтэлжээ.

Тодруулах нэг зүйл: Хүн амын тооноосоо хамаараад тойрог бүр 2-3 мандаттай. Иймд, Таны амьдарч буй тойрог 2 мандаттай бол хоёр хүний нэрийг, 3 мандаттай бол гурван хүний нэрийг дугуйлна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1-т "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэж заасан.