Зураг
Зураг
   
1
2
3
4

О.Мөнхсайхан: Ардчиллын үнэ цэнийг ойлгодог идэвхтэй иргэд байхгүйгээр ардчилал урт хугацаанд орших боломжгүй

Ч.Болортуяа
2019 оны 1 сарын 23
iKon.MN
О.Мөнхсайхан: Ардчиллын үнэ цэнийг ойлгодог идэвхтэй иргэд байхгүйгээр ардчилал урт хугацаанд орших боломжгүй
Зураг

Он дамнан бэлтгэсэн "Өглөөний хүн" булангийн шинэхэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Энэ удаад бид МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор Одонхүүгийн Мөнхсайханыг урьж ярилцсан юм.

Ерөөс хүний эрхийн суурь ойлголт, зарчмын асуудлуудаас эхлээд эдгээр ойлголт бидний одоогийн мөрдөж буй Үндсэн хуульд сууж өгч чадсан уу. Чадсан бол монголчууд түүнийгээ ашиглаж чадаж байгаа юу зэрэг хүний эрхэм чанараас үүдэлтэй үндсэн асуудлыг энд хөндөхийг зорилоо.

Хүний эрхэм чанар, хүний эрхийн үндсэн ойлголтуудаа бид мэддэг ч түүнийгээ ухаалаг үндэслэлтэйгээр тайлбарлаж, томьёолж бас хэрэглэж чадахгүй байх нь цаашид эдгээр язгуур эрхүүдээ алдах, хамгаалж чадахгүйд хүрэх эрсдэл байхыг үгүйсгэхгүй.

Ардчилал, хүний эрх нь өөрөө УХААЛАГ ҮНДЭСЛЭЛ, НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗАМААР, ЗӨВ ОРОЛЦООТОЙ байж бүрэн тогтох боломжтой. 

Харин энэ бүгдийн эх УХААЛАГ ҮНДЭСЛЭЛ нь нээлттэй, бодит, мэргэжлийн, харьцуулан дүгнэсэн мэдээллээс бий болох боломжтой. Үүнийг бид "Өглөөний хүн" -ээр өгөхийг зорилоо.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: О.МӨНХСАЙХАН @Munkhsaikhan_o
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
 

2019-01-23

Зураг

НЭГ. ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР

 

- Хүний эрхийн тухай ярихын өмнө хүний эрхэм чанар гэж юуг хэлдэг тухайгаас яриагаа эхэлье. "Human dignity" гэж энэ үгийг Монголд янз бүрээр орчуулж байх шиг байна. Үүнээс шалтгаалаад ойлголтын зөрүү гарч байгаа учир эхлээд бид хэдэн янзаар орчуулж, түүнийгээ хэрхэн хэрэглэж байгаагаас яриагаа эхэлье.

- Тэгье. Хүний эрхийн ТББ-уудын хүрээнд төдийгүй Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрэмд энэ ойлголтыг “Хүний эрхэм чанар” гэж үгээр буулгаж хэрэглэж байна. Зарим нь үүнийг эрхэмсэг оршихуй, хүний үнэлэмж, хүний сүр сүлд зэргээр буулгадаг.

Монгол Улсын Үндсэн хуульд энэ ойлголтыг “хүний нэр төр” гэдэг үгээр оруулсан. Үндсэн хуулийн 17.1-д “хүний нэр төрийг хүндэтгэх” үүрэгтэй, 16.13-т “Хэний ч нэр төрийг доромжилж болохгүй” гэж бий. Үндсэн хуулиас гадна олон улсын гэрээг ч орчуулахдаа dignity-г нэр төр гэж буулгадаг. 

- Хамгийн гол нь бид үндсэн утгаас нь гажуудуулж энэ нэр томьёог ойлгох буруу хандлага бий юу. Хүний нэр төр болоод Хүний эрхэм чанар адил утгыг илэрхийлж чадах уу?

- Социализмын үед нэр төр гэдэг хэллэгийг эрхэм чанараас өөрөөр ойлгож хэрэглэж байв. Тухайлбал, 1984 оны Ардын шүүгчийн тангараг дээр гэхэд “ардын шүүгчийн ариун нэр төрийг ямагт өндөрт өргөж явахаа батлан тангараглая” гэж байсан. Энэ уламжлалаас улбаалаад 1992 оны Үндсэн хуульд хүний нэр төрийг хүлээн зөвшөөрөхөөс гадна түүний 36.2-т “Ерөнхийлөгчийн нэр төр”-ийг хуулиар хамгаална гээд заачихсан. Гэвч, нэгэнт албан хэрэглээнд “human dignity”-ыг “хүний нэр төр” гэж буулгаж хэвшсэн учраас түүнийг төстэй ойлголтоос нь ялгаж утгажуулах шаардлага тулгарч байна.

Үндсэн хуульд буй хүний нэр төр, нэр хүнд, нэр алдар гэсэн уламжлалт хэллэгүүдийг зохистой утгажуулж, ялгах боломжтой. Энэ гурав гурвуулаа өөр өөр агуулгатай.

Нэр төр гэдэг нь хүний угаас заяагдсан үнэ цэнэ, хүний ёсоор хүндлүүлэх эрх хүн болгонд байдаг гэсэн санаа.

Нэр хүнд гэдэг нь англиар “honour” буюу тухайн хүний нийгэмд эзэлж буй эерэг байр суурийг тодотгож, бусдын хүндэтгэлийг хүлээсэн байдал юм. Хүндлүүлэхүйц зан чанартай эсвэл нийтэд тустай үйл хэрэг хийсэн хүнийг бид “хүндтэй хүн шүү” гэж хэлдэг.

Харин, нэр алдар гэдэг нь тухайн хүний хамгийн ерөнхий утгаар нийгэмд эзэлж байгаа байр суурийг илэрхийлдэг. Гэхдээ ёс зүйн үнэлэмжийг агуулсан байхыг шаардахгүй. Жишээ нь, алдартай гэмт хэрэгтэн эсхүл дуучин байж болно. Тэгэхээр ийм гурван өөр ойлголт. “Алдар хүнд” гэх хэллэг нь нэр хүнд, нэр алдрын аль алийг агуулж, ерөнхийдөө тухайн хүний нийгэмд эзэлж буй байр суурийг илэрхийлдэг. Бидний дунд “хүний нэр төр”-ийг хүний нэр хүндтэй хольж сольж ойлгох гээд байдаг тал бий.

- Энэ ярилцлагадаа ямартай ч хүний угаас заяагдсан үнэ цэнийг “хүний эрхэм чанар” гэх хуульчдын ашиглаж буй нэршлээр хэрэглээд явъя. Тэгэхээр хүний эрхэм чанарыг хүний язгуур эрх ашиг гэж ойлгож болох уу?

- Хүний эрхэм чанар гэж юу вэ гэдгийг тодорхойлсон олон янзын тайлбар бий. Тухайн цаг үе, онцлогоосоо хамаарч тайлбар нь өөрчлөгдөх боломжтой. Өнөөгийн либерал ардчилсан нийгэмд хүний эрхэм чанар гэдгийг ойлгох нийтлэг ойлголт нь хүнийг хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх, хүнийг хүний ёсоор хүндэтгэх явдал. Гэхдээ хүндэтгэнэ гэдэг нь тухайн хүний зан чанар, нийгэмд эзлэх байр суурь, үйл хэргийг хүндэтгэх тухай биш харин хэн байхаас нь үл хамаарч хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрч хамгийн наад захын хүндлэлийг үзүүлэхийг хэлнэ.

1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь “Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөн” гэж эхэлдэг. Энэ нь хаана ч ямар ч тохиолдолд хүн бүрийг хэн байхаас нь үл хамааран хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрч хүндэтгэнэ гэсэн үг.

Тэгш болон чөлөөт байдал нь хүний эрхэм чанарын гол агуулгыг бүрдүүлдэг

- Хүний эрхэм чанарын тухай ойлголтыг та жишээгээр тайлбарлахгүй юу?

- Хүний эрхэм чанарыг бүрэн ойлгоё гэвэл ёс суртахууны, улс төрийн, эрх зүйн философиудын уулзвар дээр авч үзэх хэрэгтэй. Энэ арга зүйгээр эрх зүйн талыг нь голчлоод тайлбарлая.

Хүний эрхэм чанар нь ерөнхийдөө хоёр зарчмаас бүрддэг. Эхний зарчим бол тэгш байдал. Энэ нь хүн болгоны амьдрал адилхан чухал гэсэн агуулгатай. Тиймээс төр нь иргэн болгоны амьдрал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж харилцах үүрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нэг талаас хүнийг шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, хөрөнгө чинээ зэргээр ялгаварлан гадуурхахгүй, зүй ёсны үндэслэл байхгүй байхад хүмүүст ялгамжтай хандаж нэг талд давуу байдал олгохгүй гэсэн утгыг илэрхийлнэ.

Нөгөө талаас, хүн болгоны амьдрал адилхан чухал байх суурь нөхцөлийг нь бүрдүүлэх үүргийг төр хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд хүн сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж авах эрх зэрэг нийгэм, эдийн засгийн эрхийг хамгаалах хэрэгтэй болдог.

Хүний эрхэм чанар нь тэгш байдлаас гадна чөлөөт байдлыг хамгаалахыг шаарддаг.

Хүн болгоны амьдрал чухал юм бол хүн болгон өөрийн хувийн амьдралтай холбоотой шийдвэрээ бие даан гаргах эрхтэй. Хэнтэй гэрлэх, хэнтэй найзалж нөхөрлөх, ямар мэргэжил эзэмших, хэнтэй дотно харилцах гэх мэтийг хувь хүн өөрөө шийдвэрлэх эрхийг шаарддаг. Мөн хүн өөрөө ганцаараа эсхүл ойр дотныхонтойгоо хэний ч хараа хяналтгүй өөрийн дураар байх хувийн орон зайтай байхыг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Юу гэсэн үг вэ гэхээр хүний бие махбод, орон байр, захидал харилцаа, өмч нь халдашгүй байх эрхтэй юм. Тоймлоод хэлбэл, чөлөөт байдал гэдэгт хүн өөрийнхөөрөө чөлөөтэй байх, өөрийнхөө хувьд амжилт гэдгийг хайж олох, эрэлхийлэх, түүгээрээ амьдралаа төлөвлөж, хэрэгжүүлэх нөхцөлийг шаарддаг.

Тэгэхээр тэгш болон чөлөөт байдал нь хүний эрхэм чанарын гол агуулгыг бүрдүүлдэг. Дээр дурдсан бүхэн хангагдахын тулд маш тодорхой, хэмжиж болохуйц хууль зүйн баталгаанууд хэрэгтэй. Тухайлбал, хүний тэгш байдлыг Монгол Улсын Үндсэн хууль бүрэн хүлээн зөвшөөрдөг. Үндсэн хуулийн 1.2-т  төрийн үйл ажиллагааны үндсэн зургаан зарчимд тэгш байдлыг багтаасан, 14.1-т “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна,” 14.2-т “хүнийг ялгаварлан гадуурхаж үл болно,” 16.11-д “эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй” гэсэн олон баталгааг заагаад өгчихсөн. Дээрх заалтуудын аль нэг нь зөрчигдвөл тэгш байдал алдагдана.

Жишээ дурдвал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар хүүхдийг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцуулж болохгүй, хэрвээ оролцуулбал торгох заалт байсныг Үндсэн хуулийн цэц ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж 1993, 2017 онд тус тус хүчингүй болгосон.

Чөлөөт байдлыг хамгаалахад шаардлагатай олон үндсэн эрх, эрх чөлөөг Үндсэн хууль хамгаалдаг. Тухайлбал, халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх гэх зэрэг олон эрх Үндсэн хуульд туссан.

Эдгээр эрхийг баталгаатай эдлэхгүйгээр хүн өөрийн хувьд амжилт гэж юу вэ гэдгийг эрж хайх, төлөвлөх, хэрэгжүүлэх боломжгүй.

- Хүний эрхэм чанар ямар эрхүүдийг илэрхийлж байдаг талаар бид товч ярилаа. Гэхдээ бид эрхийн тухай ярьсаар бүгд л хэмжээгүй эрхтэй болж, нөгөө талд үүрэг, оролцоо гэдэг зүйлээ орхигдуулсан мэт танд санагддаг уу? Эрх гэж энэ үгийг ч Монголд орчуулахдаа “right” буюу зөв байх тухай санааг орхигдуулсан гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

- Ийм саналыг зарим нэг хүн хэлдэг. “Right” гэж англи үгэнд зөв зохистой гэсэн утга бий л дээ. Гэхдээ, Монголчуудын хувьд энэ ойлголтыг эрх гэж буулгаад дор хаяж 100 жил болчихсон. Тэгэхээр зөв ойлгоод хэрэгжүүлбэл энэ үгээрээ байхад буруудахгүй болов уу.

Эрхийн тухай тайлбарлахад, тухайн хүний эдлэх эрх буюу субъектив эрх гэж хэлээд байдаг. Үг хэлэх, шашин шүтэх гэх мэт тухайн хүний эдлэх субъектив эрхийг эрх гэж хэлээд явахад асуудалгүй. Харин, хууль зүйн тогтолцоо эсхүл түүний тодорхой хэсгийн зөв зохистой байдлыг илэрхийлсэн тэр утга нь эрх зүй гэж хэрэглэгдээд явдаг. Эрх зүй нь субъектив эрхээс гадна объектив эрхийг багтаадаг.

Мэдээж хүний эрхийн тухай ойлголт дур зоргоос ялгаатай. Дур зорго гэдэг аливаа хэмжээ хязгаараас давсан эсхүл ямар нэг зарчмаар зөвтгөх боломжгүй үйл ажиллагаа, зан үйлийг хэлдэг. Харин эрх гэдэг нь дандаа ухаалаг үндэслэл, тодорхой зарчмуудаар зөвтгөгдөж тодорхойлогддог.

Социализмын үед хүн эрх эдэлж байгаа бол түүнийхээ хариуд заавал үүрэг хүлээдэг гэж ойлгодог байсан. Өөрөөр хэлбэл, эрх, үүрэг хоёрыг заавал холбох гээд байдаг. Гэтэл ардчилсан улсад энэ хоёр нь дандаа бие биеэ харилцан нөхцөлдүүлдэггүй. Нэгэнт тухайн хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрч л байгаа бол үүргээ биелүүлсэн эсэхээс үл хамааран хүн болгон эдлэх салшгүй эрхүүдтэй. Тэр салшгүй эрхээ ямар ч тохиолдолд эдэлнэ гэсэн үг.

- Үүрэг, оролцоог нь салгаад авчихаж байна. Тийм үү?

- Тийм. Жишээ нь аймшигтай гэмт хэрэг үйлдсэн хүн байсан ч тэр хүн хэвээрээ. Тэр хүнийг хэзээ ч эрүүдэн шүүж болохгүй. Өөрийгөө шударгаар шүүлгэх эрхтэй. Хууль зүйн, эрүүл мэндийн туслалцаа авах эрхтэй. Хүн энэ мэт эрхээ эдлэхийн тулд тодорхой үүргээ заавал биелүүлсэн байхыг шаардахгүй. Мэдээж гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотойгоор зайлшгүй тохиолдолд баривчлах, цагдан хорих, нэгжлэг хийх зэргээр зарим эрх рүү халдаж болно. Мөн гэм буруутай нь тогтоогдвол зохих ял шийтгэлээ хүлээж эрх чөлөөгөө хязгаарлуулна.

Ардчилсан улсын хувьд хуулийг сахин биелүүлэх, хуулиар ногдуулсан татвар төлөх, бусдын нэр төр, алдар хүнд, эрхийг хүндэтгэх, эх орноо хамгаалах гэсэн иргэний үндсэн үүргүүд бол бий. Эдгээр үүргээ биелүүлэхгүй бол яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоотой. Жишээлбэл, хуулийн дагуу баталсан замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгуулах, бусдыг гүтгэвэл залруулга хийх, хохирлыг нь барагдуулах номтой.

Үндсэн хуулиар эдгээрээс өөр үндсэн үүргийг иргэнд хүлээлгээгүй нь учиртай. Хууль тухайн хүн хэрхэн амьдрах вэ гэдэг рүү хэт орж зааж зааварлаж болохгүй. Хэрэв хэрхэн амьдрахыг хэт заагаад эхэлбэл бид хоёрын ярьсан эрхэм чанартай зөрчилдөөд эхэлнэ.

Яаж амьдрахаа хүн өөрөө сонгох эрхтэй учир тухайн хүн өөрийн амьдралаа авч явах хариуцлагаа хүлээдэг гэсэн үг

Яаж амьдрахаа хүн өөрөө сонгох эрхтэй учир тухайн хүн өөрийн амьдралаа авч явах хариуцлагаа хүлээдэг гэсэн үг. Амьдралынхаа гол гол шийдвэрийг хүн өөрөө гаргана, сайн муу үр дагаврыг нь өөрөө үүрнэ. Тэгэхээр ардчилал өөрөө хувь хүнээс хамаагүй өндөр хариуцлага хүлээхийг шаарддаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэм нь тухайн хүний амьдралыг заадаггүй, тухайн хүн өөрийн үнэлэмжээр амьдралын замаа сонгоход хэт оролцдоггүй. Гэхдээ, энэ нь үнэн худал, зөв, буруу байхгүй гэсэн үг биш, энэ талаар бид байнга шүүн хэлэлцэж байх хэрэгтэй. Юу үнэн, юу зөв бэ гэдгийг өөрсдөө эрэлхийлэх, түүнийгээ мөрдөх боломжийг хүмүүст олгосон нийгэм. Хүмүүс уламжлалын, шашны, философийн зэрэг итгэл үнэмшил, үндэслэлээрээ юу хийж болох, болохгүйгээ ялгаж салгаад амьдардаг.

Социалист буюу тоталитар дэглэмийн үед иргэний болон улс төрийн эрхүүд ноцтой зөрчигдөж хүний амьдрал руу нам засаг хэт ордог байсан. Жишээлбэл, юунд итгэж үнэмших, ямар үзэл бодолтой байхаа сонгож чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байв. Өвөө, эмээ нар маань буддын шашнаа нууж шүтдэг байсан. Мөн, хүүхэдгүйн татвар төлдөг, гэр бүл салалтын асуудлыг нийтээр хэлэлцдэг байсан. Өөрөөр хэлбэл, төр хүний хүүхэд гаргах эсэх, гэрлэлтээ цуцлуулах эсэх асуудал руу нь хүртэл ордог байж. Бүр ямар хувцас өмсөх, ямар дуу хөгжим сонсох, хаашаа аялах, ямар мэдээлэл олж авахыг ч хянаж цагдаж байсан. Нэг ёсондоо, хувь хүн хувийн амьдралтай гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй үе байжээ. Тэгэхээр амьдралын гол зүйлийг нь нам засаг өмнөөс нь шийдээд өгчихөөр хувь хүнд хариуцлага гэж зүйл үлдэх үү. 

Зураг

ХОЁР. ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ БУС …

 

- Хүний эрхийн тухай түгээмэл ойлголт дэлхий даяар тархаад тийм ч удаан хугацааг өнгөрөөгүй байна. Эмэгтэй хүний бүтэн эрх гэхэд XX зуунаас л яригдаж эхэлсэн. Одоо ч бүрэн бүрдээгүй байна. Тэгэхээр хүний эрх нь бүх хүний эрх юм гэдэг ойлголт хэзээнээс бий болсон түүхийг товч хэлж өгнө үү?

- Хүн болгоныг хүн гэж хүлээн зөвшөөрч, салшгүй эрхтэй байна гэдгийг Дэлхийн II дайны дараагаар л Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар анх удаа тунхагласан.

- 1948 оны тунхаглал?

- Тийм. 1948 оноос өмнө хүний эрхийг хамгаалахад олон арван хууль, тунхаг гарсан ч маш явцуу хүрээнд байсан. Тухайлбал, 1215 онд Английн хаан Жон эртний хууль, заншлыг зөрчиж дур зоргоор авирласан учраас өмч хөрөнгөтэй ноёд, язгууртнууд Магна Харт хэмээх түүхэн цаазыг бичиж гарын үсэг зуруулсан. Магна Хартад чөлөөт хүнээс хэт их татвар хурааж болохгүй, үйлдсэн зөрчилд тохироогүй ихээр торгож болохгүй, зарим төрлийн эд хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр дайчлан авч болохгүй, хуульд зааснаас гадуур баривчилж эсхүл хорьж болохгүй гэх мэт чухал заалт орсон байсан. Гэвч, чөлөөт хүн гэдэгт зөвхөн язгууртан, өмч хөрөнгөтэй ноёдыг багтааж ойлгож байсан тул энэ нь эдгээр цөөн хүний эрх ашгийг хамгаалах оролдлого байж.

Ингэж явсаар АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг (1776), Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд (1791)-ээр анх удаа хувь хүний эрхийг тусгаж эхэлсэн түүхтэй. Энэ үеэс л өнөөдрийн бидний салшгүй эрх болсон үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайвнаар цуглах, шашин шүтэх, шударгаар шүүлгэх зэрэг эрхийн тухай заалтууд үндсэн хуульчлагдаж орж ирсэн.  Мөн, 1787 оны Францын тунхагт гэхэд одоогийн бидний хүний эрх гэж ойлгож байгаатай төстэй заалтууд туссан. Гэхдээ Америкийн болон Францын хувьсгалын үр дүнд гарсан эрхийн тухай эдгээр баримт бичигт буй эрхийг бодит байдал дээр зөвхөн өмч хөрөнгөтэй, цагаан арьстай, эрэгтэй хүн л эдэлж байсан. Боолууд буюу африк гаралтай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд, зарим талаар өмч хөрөнгөгүй цагаан арьст эрэгтэйчүүдийг эдгээр эрхийг эдлэхийг зүй ёсоор нэхэмжлэх хүн гэж үздэггүй байсан.

Тэгэхээр хүний эрх гэдэг зүйл анх маш явцуу хүрээнд үүссэн. Зарим хүний зарим эрхийг хамгаалах байдлаар үүсээд энэ маань бага багаар тэлж улмаар хүн бүрийг хамардаг болсон. Зарим хүний зарим эрхийг хамгаалж эхэлсэн нь өөрөө хүний эрхийн үзэл санааг хөгжүүлэхэд ач холбогдолтой байсан. Цөөн хүний эрхийг хамгаалж болж байгаа шиг хүн бүрийн эрхийг эдлүүлж болох юм байна гэдгийг ойлгоход тусалсан.

Өнөөдөр хэдийгээр хүн болгоны эрхийг хамгаалах тухай НҮБ-ийн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын гэрээнүүд, Үндсэн хуульдаа заасан ч гэсэн бодит байдал дээр хүн болгоны эрхийг хамгаалж бүрэн чадахгүй л байна. Гэхдээ аажим аажмаар хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэж, хөгжиж явж байна шүү дээ. Хүн гэдэгт хүйс, арьсны өнгөөрөө өөр өөр хүмүүсийг багтаах тухай ярьж байсан бол үүн дээр нэмээд бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, цагаач ажилчид зэрэг хүн хүнийхээ хувьд эдлэх эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа талаар олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшинд хэлэлцэж шийдвэрлэж эхэлсэн. Манайд энэ хэлэлцүүлэг өрнөж эхэлж байна.

- Одоогийн Монгол Улсын Үндсэн хуулийг хамгаалдаг хүмүүсийн нэг бол та. Энэ талаар таны өгүүлэл, бүтээлүүдийн ерөнхий санаа нь "дордуулсан өөрчлөлт хийгээд хэрэггүй гэсэн үг үү эсвэл огт өөрчлөөд шаардлагагүй" гэж ойлгох уу?

- 1992 оны Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй гэсэн байр суурь надад байхгүй ээ. Гэхдээ одоогийн Үндсэн хуулиар либерал ардчилсан нийгмийн суурийг маш сайн тогтоож өгсөн. Энэ суурийг бүрэн ойлгож хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хамгийн гол асуудал. Үүнээс гадна Үндсэн хуульд зарим нэг тодруулгыг оновчтой хийх шаардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ, Үндсэн хуулийг бүхлээр нь шинэчлэн найруулах эсхүл суурь тогтолцоог өөрчлөх хэрэгцээ байхгүй.

- 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд муугүй заалтуудтай ч хэрэгжиж чаддаггүй бөгөөд ерөнхий улс орны амьдрал нэг намын шийдвэрээс хамааралтай байсан шүү дээ. 1992 оны Үндсэн хуулийн дараагаас ч намын шийдвэр хамгийн чухал байсаар байгаатай та санал нийлэх үү? Шүүх эрх мэдэл зэргийг нам, улс төрийн томилгоогоор хөдөлгөх гэсэн оролдлогууд байсаар байна шүү дээ.

- Яг ингэж хэт ерөнхийлж болохгүй л дээ. 1992 оны Үндсэн хуулиар хяналт, тэнцлийг ерөнхийдөө хангаж өгснөөрөө ардчилсан шинжтэй. Энэ тогтолцоо ажиллаж чадаж буйн гол нотолгоо нь төрийн эрх мэдлийн өөр өөр институтууд маань бие биенээ хянаж, нэг нь хэт эрх мэдэлтэй болж байнгын давамгай болчихоогүй байна. Үе үе ийм оролдлого, санаархал гардаг ч түүнийг нь манай Үндсэн хууль саармагжуулдаг.

Яагаад гэвэл, хууль тогтоох эрх мэдлийг УИХ-д хадгалуулдаг бол УИХ-ын баталсан хуулийн биелэлтийг Засгийн газар, түүний харьяа байгууллагууд хангаж ажилладаг. Харин хуулийг зөрчсөн эсэхийг шүүх хянаж шийдвэрлэдэг. Ингэж эрх мэдлийг хуваарилаад зогсохгүй эрх мэдлүүд бие биенээ хянадаг тогтолцоог бий болгож чадсан шүү дээ. 

- Бидний ойлгодог “Check & balance” хэрэгжиж чадаж байна гэж үү?

- Тийм. Төрийн эрх мэдлийн салаанууд бие биеэ тодорхой хэмжээнд хянаж тэнцдэг гэсэн үг. УИХ ард түмнээс мандат авч гарч ирдэг тул хууль батлах бүрэн эрхтэй ч хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц нь иргэний өргөдөл, мэдээллээр хянадаг.

Өнгөрсөн 27 жилд Цэц 200 шахам маргаан үүсгэн шийдсэний олонх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх байсан. Мөн, хууль тогтоомж бодлогын хувьд буруу эсхүл Үндсэн хууль зөрчсөн гэвэл Ерөнхийлөгч хориг тавьж болно. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь л хүлээгээд авчихвал хориг хүчин төгөлдөр болж тухайн хууль тогтоомж гарахгүй. Жишээлбэл, 2015 онд УИХ авлигын гэмт хэрэгтнүүдийг өршөөх хууль баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьж зогсоосон.

Засгийн газар ч мөн УИХ-ын өмнө улс төрийн хариуцлага хүлээдэг. УИХ-ын олонхын итгэлийг ноцтой алдвал огцордог гэсэн үг. Түүнчлэн Засгийн газар өөрөө Үндсэн хууль болон хуульд захирагдах ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг Захиргааны хэргийн шүүх хянадаг. Жишээлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан, хувийн эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан, өвөл, хаврын уралдаан товлож хүүхдээр хурдан морь унуулах нөхцөл үүсгэсэн гэх мэт Засгийн газрын шийдвэрийг шүүх хууль бус байсныг нь тогтоож, хүчингүй болгож ирсэн. Иргэний шүүхээр ч хүчингүй болгосон тохиолдол бий. Засгийн газрын 10 шахам тогтоол Үндсэн хуульд нийцсэн эсэхийг Цэц хянасан.

Шүүх ч хяналтад оршдог. Шүүхийн бүтэц, зохион байгуулалт төдийгүй хэрэглэх хуулийг УИХ баталж байна. Төсвийг нь УИХ баталж өгч байгаа. Хуульчдаас шалгалт авч шүүгчийг сонгон шалгаруулдаг мерит зарчим үйлчилдэг. Шүүгчийг шилж сонгоход Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо, Монголын хуульчдын холбоо зэрэг олон байгууллага оролцдог. Шүүгчийн ёс зүйн зөрчлийг шалгаж шийддэг тусдаа хороо ажилладаг. Энэ хороо 2014-2017 онд 42 шүүгчид сануулах, цалин бууруулах, огцруулах шийтгэл ногдуулсан байх жишээтэй.

Юу гэхээр энэ институтууд ямар ч байсан бие биенээ хянаад болох, болохгүйгээ хэлэлцээд явж байна. Нөгөө талд Монгол өөрөө сонгуулийн ардчилалтай улс. Найман удаагийн парламентын, долоон удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар ялсан талд тайван замаар эрх мэдлээ шилжүүлдэг соёлтой болоод удаж байна. Ингээд харвал одоогийн манай систем огт ажиллахгүй байна гэж хэлэхгүй. 27 жилийн хугацаанд ажиллаад явж л байна. Мэдээж засч залруулах зүйл бий юу гэвэл бий. 

Монголчууд олон улсын хандлагыг дагахаас гадна голчлон өөрсдийн туулсан зовлон зүдгүүрийг давтахгүй байх хүсэл зоригоор 1992 оны Үндсэн хуулиа баталсан

- Зарим хүн 1992 оны Үндсэн хуулийг баруунаас шууд хуулбарласан гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

- Үгүй. Яг Үндсэн хуулийг батлагдах үеийн тэмдэглэл, протоколыг үзэж судлахаар Монголчуудаас бүрдсэн ажлын хэсэг, Улсын бага хурал, Ардын их хурал нь Үндсэн хуульд оруулсан заалт бүрийг тал талын үндэслэлээр хэлэлцэж олонхоороо шийдсэн байдаг. Бараг хоёр жилийн хугацаанд нийт иргэд болон нийгмийн өөр өөр хэсгийг хамруулан зөвлөлдөж, үндэсний хэмжээний зөвшилцөл үүсгэж батлагдсан учраас 1992 оны Үндсэн хууль хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөгдөх чадвар өндөр.

Иргэний үндсэн эрхийг хамгаалах болсон нь онолын үндэслэлтэйгээс гадна түүхэн шалтгаантай. Монголд социализмын үед, мөн түүнээс ч өмнө ноцтой зөрчигдөж байсан хүний эрхүүдийг дахин зөрчүүлэхгүйн тулд буюу өмнөх шиг шударга бус явдал дахин гарахаас сэргийлэх үүднээс иргэний үндсэн эрхийн заалтуудыг оруулж ирсэн. Жишээ нь, социализмын үед хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэхэд л гадуурхагддаг, цаашлаад шоронд хоригддог, ажил төрөлгүй болдог, цөлөгддөг, бүр цаазлуулдаг байсныг болих нь зөв гэж үзээд л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэсэн заалтыг Үндсэн хуульд бичсэн. Р.Чойном найрагчийг шүлэг бичсэнийх нь төлөө шоронд хорьсноос эхлээд олон арван бодитой жишээг бид мэднэ шүү дээ.

Шашин шүтэх эрх чөлөө гэхэд олон монгол хүн буддын шашин шүтдэг хэвээр байсан ч түүнийгээ нууж шүтэхээс аргагүй байдалд байсан. Марксизм өөрөө хүний амьдралын гол асуудлын олонход өөрийн хариуг тулгаж, бусад хариуг үгүйсгэж байсан утгаараа үзэл суртал төдийгүй шашин байсан ба бусад шашныг үгүйсгэж байсан.

Мөн шударгаар шүүлгэх эрх хангагдаж чаддаггүй байсныг бид төрөөс устгах гэмт хэрэг оргилдоо хүрсэн он жилүүдээс бэлээхэн харж болно. 1937-1939 оны үед гэхэд 30 орчим мянган гэм буруугүй хүнийг буриад, алтан ургынх, лам гэх мэт шалтгаанаар хоморголон алсан. Тэр үед шүүхийн шударга, хараат бус процесс байгаагүйгээс ийм гэмт хэргүүд гарсан. Тэгэхээр ийм эмгэнэлт явдлыг давтахгүйн тулд Үндсэн хуульдаа шударгаар шүүлгэх эрх, шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулсан.

Үндсэн эрх болгон дээр бодит түүхэн үндэслэл, гашуун сургамжийг ярьж хэлэлцээд баталсан нь протоколоос харагддаг.

Монголчууд олон улсын хандлагыг дагахаас гадна голчлон өөрсдийн туулсан зовлон зүдгүүрийг давтахгүй байх хүсэл зоригоор 1992 оны Үндсэн хуулиа баталсан. Иргэд бидний бахархаж, хамгаалж явах ёстой хамгийн эрхэм үнэт зүйлсийг багтаасан учраас энэ Үндсэн хуулиа бид мэдэх, сахих, хамгаалах ёс суртахууны үүрэгтэй.

Үндсэн хуульд тусгагдсан эдгээр хүний эрхийн заалт хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг, хэмждэг институтүүд бий болж байна. Монгол Улсын хувьд иргэний болон улс төрийн эрхүүд ноён нуруугаараа хэрэгжээд явж байгаа нь олон тайлан, судалгаанаас харагддаг. Өөрөөр хэлбэл, шашин шүтэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох эрх зэргийг өнөөдөр бодит байдлаар бид эдэлж байна шүү дээ.

Freedom House гээд байгууллага эдгээр эрхийг хэр хамгаалж байна гэдгээр нь улсуудыг судалж эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэж ангилдаг. Энэ судалгааны дүнгээр Монгол 1991 оноос хойш иргэний болон улс төрийн эрх хангагдаж чадаж байна. Ази-Номхон далайн бүсэд эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтсан зургаахан улс байдгийн нэг нь Монгол. Бусад пост коммунист улсын хувьд жишээ нь, Казахстан, Узбекистан зэрэг улс гэхэд хагас эрх чөлөөтэй ч биш ерөөс эрх чөлөөгүй гэдэг ангилал руу орчихсон.

Аливаа зүйлд хэт өндөр хүлээлттэй байх нь эсвэл төгс зүйлийг хүсэх нь яваандаа эсрэг буюу алдаатай шийдвэр гаргах эрсдэл болохыг үгүйсгэхгүй

- Тэгэхээр ийм үнэ цэнэтэй зүйлээ бид өөрсдийн оролцоотойгоор хамгаалж байхгүй бол буцах, ухрах оролдлого, яриа үе үе гарах юм.

- Тийм ээ. Тодорхой хугацаанд оршиж байгаад үгүй болсон ардчилсан улсуудын жишээ бий. 1919 онд Үндсэн хуулиа баталж буй болсон Ваймерийн Бүгд Найрамдах улс гэж байсан. Германы нутаг дэвсгэрт. Энэ ардчилсан улс яваандаа нацист дэглэм рүү шилжсэн. Гитлер өөрөө ардчилсан замаар гарч ирээд ардчиллыг нь устгачихсан. Яагаад ардчиллаас нацист дэглэм рүү оров. Бүр даамжраад Дэлхийн II дайн дэгдээв гэдэг дээр судлаачид олон зүйл бичсэн.

Энэ дундаас хоёр зүйл анхаарал татна. Нэгдүгээрт, Ваймерийн БНУ-ын иргэд нь өөрсдөө ардчиллынхаа үнэ цэнийг бүрэн ойлгоогүй, түүнийгээ хамгаалахын төлөө байж чадаагүй. Тэд сонгуулиар ардчиллын дайснуудыг сонгож, тэдгээр нь нийлээд ардчиллыг устгасан. Тийм ч учраас ардчиллын үнэ цэнийг ойлгодог идэвхтэй иргэд байхгүйгээр ардчилал өөрөө урт хугацаанд орших боломжгүй юм байна гэдэг дүгнэлт бий. Нөгөө талд, Ваймерийн БНУ-ын сэхээтнүүд ардчиллаа хамгаалах дээр хүчтэй байр сууриудаа илэрхийлээгүй, хамгаалаагүй, хангалттай дуугараагүй учраас ийм зүйл болсон гэж үздэг. Зарим нь бүр нацизмыг дэмжээд явчихсан. 

Тэгэхээр ардчилал руу шилжвэл гэнэт бүх зүйл сайхан болно гэсэн үг биш. Асуудал нэг, нэгээрээ, хүмүүс өөрсдөө ярьж хэлж, ярилцаж байж хууль журмаараа шийдэгдэж явдаг жамтай аж. Ямар ч ардчилсан нийгэм богино хугацаанд бүх асуудлаа шийдэж чадахгүй.

Ардчиллын гол утга учир нь хүмүүс өөрөө өөрсдөө асуудлаа шийдэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Ардчилсан нийгэм, эрх чөлөөтэйгөө байвал хүмүүс аажим ч гэсэн асуудлаа шийдээд явна. Үүний тулд иргэд бид өөрсдөө үгээ зоригтой хэлэх, маргах, хэлэлцэх, улстөрчид болон намууд хариуцлага хүлээхийг шаардаж, хуульд захируулахаар шахаж, идэвхтэй оролцдог байх хэрэгтэй.

Монгол Улсын хувьд энэ 30 орчим жилийн хугацаанд асуудлуудаа бага багаар ч болтугай шийдэж байна шүү дээ. Одоогийн тулгамдсан том асуудлуудаа ч гэсэн шийдээд явна гэж найдаж байна. Аливаа зүйлд хэт өндөр хүлээлттэй байх нь, эсвэл төгс зүйлийг хүсэх нь яваандаа эсрэг буюу алдаатай шийдвэр гаргах эрсдэл болохыг үгүйсгэхгүй. “Яарвал даарна” гэдэг.

Эдийн засгийн хувьд хамгийн сайн гэж үзэж болох улсуудын гуравны хоёр нь парламентын засаглалтай

- Монголчуудын хувьд зарим хэсэг нь зөвхөн эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд Ерөнхийлөгчийн засаглал хүсээд байх шиг байна. Гэтэл хөгжил гэдэг нь зөвхөн эдийн засаг биш хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа нь чухал гэж та нэгэн өгүүлэлдээ бичсэн байсан шүү дээ. 

- Ерөнхийлөгчийн засаглалтай болбол эдийн засгийн хувьд сайхан болчихно гэдэг ойлголт зарим хүнд байх шиг.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн засаглал гэдэгт яг юуг ойлгож байна вэ гэдэг нь сонирхолтой. Нэг хэсэг нь АНУ-ын ардчилсан Ерөнхийлөгчийн тогтолцоог ойлгож байгаа байх. Нөгөө хэсэг нь авторитар дэглэмийг хэлээд байх шиг. Үүнийг ялгаж салгаж ярихгүй бол болохгүй.

Зарим хүн АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглалыг тэр чигээр нь хуулчихвал эдийн засгийн болон бусад асуудлаа шийднэ гэж хөнгөмсгөөр найддаг.

Гэтэл, Дэлхийн өрсөлдөх чадварын индекс дэх эхний 30 улсыг харахаар 20 нь парламентын засаглалтай, гурав нь Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, гурав нь хаант, нэг нь коммунист дэглэмтэй байх жишээтэй.

Тэгэхээр эдийн засгийн хувьд хамгийн сайн гэж үзэж болох улсуудын гуравны хоёр нь парламентын засаглалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, заавал Ерөнхийлөгчийн засаглал эсхүл авторитар дэглэм рүү шилжихгүйгээр парламентын засаглалтайгаа эдийн засгийн хувьд хөгжих боломжтой гэдэг нь харагдана.

Үргэлжлүүлээд Транспаренси Интернэшнлийн авлигын индексийг харахад мөн л хамгийн бага авлигатай эхний 30 улсын 21 нь парламентын засаглалтай, дөрөв нь Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байх жишээтэй.

2018 оны Фрийдом хаусын ранкаар эрх чөлөөтэй гэсэн ангилалд орсон улсуудаас хамгийн өндөр оноо авсан 30 улсын 23 нь парламентын засаглалтай, дөрөв нь Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, нэг нь өөр тогтолцоотой байсан.

Ардчилсан орнуудыг ч харьцуулсан олон янзын судалгаа бий. Дэлхий дээр 100-аас дээш жилээр ардчилсан байгаа улс 14 л байна. Үүнээс ганцхан АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай, бусад нь парламентын засаглалтай.

Нөгөө талд парламентын засаглал сонгосноор бүх зүйл сайхан болчихно ч гэсэн үг биш. Гэхдээ энэ засаглалын хэлбэрийг сайн төлөвшүүлж чадвал эдийн засгийн хувьд ч хөгжих, хүний эрх, ардчилал, авлигын эсрэг ажиллах боломж байна гэж хэлэх гэсэн юм. Парламентын засаглалыг сонгочихоод муу ажиллуулбал Унгар шиг дарангуй дэглэм рүү гулсах боломжтой гэдгийг ч санаж байх хэрэгтэй.

Монголчуудын хувьд ч үнэхээр Ерөнхийлөгчийн засаглал хүсээд байна уу, эсвэл гүйцэтгэх засаглалаа илүү үр нөлөөтэй ажиллахыг хүсээд байна уу гэдгээ ялгаж салгах хэрэгтэй. Яагаад гэхээр өнөөдрийг хүртэл Монголд гүйцэтгэх эрх мэдэл тогтвортой, үр нөлөөтэй байж чадахгүй байна.​ Парламентын тогтолцооныхоо хүрээнд үүнийгээ бид шийдэж чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэх боломжтой. Энэ чиглэл дэх Үндсэн хуулийн цөөн өөрчлөлтийг би хувьдаа дэмждэг.
Зураг

ГУРАВ. ОДООГИЙН ҮНДСЭН ХУУЛИА ХЭРЭГЛЭХҮЙ

 

- Одоогийн Үндсэн хуулийн заалтуудыг бүрэн ойлгож хэрэгжүүлж чадахгүй байгаа нь нэг асуудал гэж та дээр яриандаа дурдсан. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчилж, шинэчилнэ гэхээсээ илүү одоогийн хуулиа бид зүй зохистой тайлбарлаж, хэрэгжүүлж чадаж байгаа эсэх асуудлаар та сүүлийн үед ярих болсон. Энэ тухайгаа та тайлбарлахгүй юу?

- Миний хувьд яг энэ Үндсэн хуулийг тайлбарлах арга зүйг судалж докторын зэргээ хамгаалсан. Энэ судалгаандаа үндэслэн Үндсэн хуулийг хамгийн сайнаар хэрхэн тайлбарлах вэ гэдгийг жишээн дээр өгүүлье.

Жишээлбэл, Цэц 1999.04.21-ний өдөр Гүйцэтгэх ажлын тухай хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэх иргэн Х.Доржпаламын мэдээллийг хангахаас татгалзсан дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд гурван асуудлыг явцууруулж шийдвэрлэсэн.

Нэгд, Цэц 1999 оны дүгнэлтдээ Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23.3-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний орон байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц үзлэг хийж болох заалт нь Үндсэн хуулийн 16.13, 19.1-ийг тус тус зөрчөөгүй гэж үзсэн.

Хоёрт, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11.1-ийн эрх бүхий байгууллага тагнуулын буюу гүйцэтгэх ажлыг “өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16.13-ыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн.

Гуравт, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23.3 болон 11.1-ийн заалтуудад “хууль зүйн хувьд боловсронгуй болгох зүйл байгаа боловч уг асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шууд харъяалан шийдвэрлэх асуудал биш” гэж үзсэн.

Цэцийн эдгээр асуудлыг шийдвэрлэсэн байдал нь Үндсэн хуулийн угчилсан тайлбараар зөвтгөгдөх боломжтой. Олон чухал маргаан дахь Цэцийн байр суурь энэ арга зүйг хэрэглэсэн эсхүл үүгээр зөвтгөгдөх боломжтой байдаг.

Угчилсан тайлбар гэдэг нь Үндсэн хуулийн эсхүл бусад хуулийн заалтыг батлах үед нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн утгаар эсхүл түүнийг баталсан этгээдийн ойлгож байсан утгаар уг заалтыг тайлбарлах арга зүй юм. Нууц үзлэгийг прокурорын зөвшөөрлөөр хийх болон тагнуулын ажлыг үзэмжээрээ явуулах нь Үндсэн хууль дахь халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчөөгүй хэмээн 1992 онд ойлгож байсан учраас энэ ойлголтын дагуу Цэц шийдвэрлэсэн гэж хэлэх нь угчилсан тайлбар юм.

- Үндсэн хуулийн үндсэн эрхийн заалтуудыг үзэл санааны хувьд бус угчилж, түүхчилж тайлбарлаад л байвал монголчууд ерөнхийгөөрөө ухраад л байгаа юм байна гэж ойлгож болох уу?

- Тийм. Үндсэн хуулийг баталсан хүмүүс, тэр үеийн олон нийт эсхүл Цэцийн гишүүд явцууруулан ойлгосон байж болно. Зөвхөн тэр үеийн ойлголтоор нь Үндсэн хуулийг тайлбарлаад байвал түүний агуулгыг хэт хумьж, үндсэн эрхийн хамгаалалтыг дордуулдаг. Үндсэн хуулийн заалтыг баталсан үеийн нийгмийг ойлгож байснаас илүү үндэслэлтэйгээр, арай өөрөөр тайлбарлах боломжтой. Хэд хэдэн ойлголтын ялгааг харчихвал Үндсэн хуулийн агуулга ингэж хөгжих боломж бий гэдэг нь мэдэгдэнэ.

Үндсэн хууль ерөнхий болон тодорхой заалтуудаас бүтдэг.

Үндсэн хууль дахь үндсэн эрхийн заалтууд нь ихэнхдээ абстракт буюу ерөнхий шинжтэй. Жишээлбэл, хүн болгон тэгш эрхтэй, халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй гэх мэт. Мөн, хууль дээдлэх, шударга ёс гэх мэт үнэт зүйл, зарчим илэрхийлсэн заалтууд ч ерөнхий шинжтэй. Эдгээр нь тодорхой заалтаас өөр. Ерөнхийлөгчид нэр дэвшигч 45 настай байна, Үндсэн хуулийн цэц 9 гишүүнээр бүрдэнэ гэх мэт тодорхой заалт Үндсэн хуульд бий. Ийм тодорхой заалт ямар утга илэрхийлдэг вэ гэдэг дээр бид бараг маргадаггүй.

Үндсэн эрхийн эсхүл зарчмын шинжтэй ерөнхий заалтуудын эргэн тойронд үндсэн хуулийн ихэнх маргаан өрнөдөг.

Үндсэн эрхийн заалтыг тайлбарлахад үзэл санаа болон үзэл баримтлалыг ялгаж харах нь тусалдаг. Эрх зүйн философич Роналд Дворкин энэ ялгааг нэгэн түүхээр жишээлэн оновчтой тайлбарласан байдаг. Тэр нь нэг эгэл жирийн аав байж. Энэ аав хүүхдүүддээ “Та нар шударга байгаарай” гэж захиж. Гэхдээ энэ аав хүүхдүүд нь захиасыг нь ямар тохиолдолд биелүүлж байна вэ гэж үзэх вэ гэхээр нэгдүгээрт, аавын өөрийн төсөөлөөгүй ертөнцөд хүүхдүүд нь шударга байдлаа сахиж чадаж байгаа бол хоёрдугаарт, аавын шударга гэж бодож байсан зарим үйлдэл шударга бус, шударга бус гэж бодож байсан зарим үйлдэл шударга гэдгийг хүүхдүүд нь үндэслэлтэйгээр харуулаад амьдралдаа мөрдөж чадвал хүүхдүүд шударга байх зарчмаа дагаж байна аа гэсэн үг.

Дворкины энэ түүхийг өөрийн үгээр дэлгэрүүлбэл нэг хуучинсаг үзэлтэй Монгол аав байж гэж бодъё. Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн төрөхөөсөө л ялгаатай учир өөр эрх, үүрэгтэй гэж үздэг байж. Эмэгтэй хүн зөвхөн гэр орны ажлаа хийх ёстой гэж үздэг бөгөөд энэ нь шударга гэж боддог байж. Тэгвэл энэ тухай хүү нь өөр бодолтой. Эмэгтэй, эрэгтэй хүн харилцаагаа яаж ч зохицуулж болох бөгөөд энэ нь өөрсдийнх нь шийдэх асуудал гэж үзэж төлөвшсөн ч хүү асуудалд шударга хандаж байна гэж үзнэ. Хүүгийн юу шударга гэж ойлгож буй нь аавынхаас ялгаатай ч хүү шударга байх зарчмаа умартсан гэж үзэхгүй.

Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр шударга байх гэдэг бол философичдын хэлдгээр “сonсept” буюу үзэл санаа. Энэ үзэл санааг ойлгож байгаа аавын ойлголт болон хүүгийн ойлголт бол уг үзэл санааны тухай үзэл баримтлалууд (сonсeptions) юм. Шударга байх зарчмыг аав хуучинсаг үзэл баримтлалаар, харин хүү либерал үзэл баримтлалаар ойлгож байна. Юу гэхээр нэг үзэл санааны тухай хэд хэдэн үзэл баримтлал байж болно. Тэгэхээр философи дахь энэ ялгааг бид хуульд ашиглаж болох бөгөөд ялангуяа Үндсэн хуулийн ерөнхий заалт буюу үзэл санаануудыг дээрх шиг тайлбарлаж болно.

- Үзэл санаа болон үзэл баримтлалын ялгааг Үндсэн хууль тайлбарлахад хэрэглэх нь нийтлэг жишиг үү?

- Тийм ээ. Дээрх ялгаанд үндэслэж Үндсэн хуулийг тайлбарлахыг үзэл санааны тайлбар гэж нэрлэж болно. Энэ арга зүйг заримдаа агуулгын, философийн, ёс суртахууны гэх мэтээр нэрлэх нь бий. Гол санаа нь юу вэ гэвэл Үндсэн хууль дахь үндсэн эрхийн заалт буюу үзэл санааг Үндсэн хуулийн түүх, суурь бүтэц, нэмэлт өөрчлөлт, тухайн заалтыг шүүхээс хэрэглэсэн шийдвэрүүдийг бүгдийг нь судалж байж хамгийн үндэслэлтэй үзэл баримтлалаар тайлбарлаж байх ёстой гэсэн үг. Цэцийн одоогийн бүрэлдэхүүн энэ арга зүйг баримталбал 1999 оны Цэцийн дээрх дүгнэлтээр шийдвэрлэсэн асуудлаар иргэд дахин хандвал арай өөрөөр шийдвэрлэх боломжтой. Цэцийн дүгнэлтэд буй гурван асуудал тус бүр дээр нь товч тайлбарлая.

Нэгд, 1999 оны Цэцийн дүгнэлтээс болж нууц үзлэг төдийгүй бусад бүх нууцаар шалгах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж болох үр дагавар үүссэн. Хувь хүний гар утасны эсхүл интернэтийн яриаг чагнах, компьютер рүү нууцаар нэвтрэх гэх мэт нууц ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж ирсэн. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч ингэж зохицуулсан. Гэвч, мөрдөн шалгах нууц ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус хяналтын механизм ажиллуулах ёстой бөгөөд ийм хяналтыг хэрэгжүүлэхэд шүүхийг хамгийн тохиромжтой гэж үздэг. Иймд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах нууц ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр явуулдаг байх хэрэгтэй.

Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх нь халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах хязгаарлалт зүй ёсны эсэхийг хөндлөнгөөс хянах чиг үүргийг шүүхэд өгөхийг шаарддаг. Учир нь, прокурор мөрдөн шалгах ажиллагаанаас хангалттай хөндий, зайтай биш бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлдэг, улсын яллагчийн чиг үүрэг гүйцэтгэдэг тул бодит байдал дээр яллах талаас түлхүү харах магадлалтай. Иймд, прокурорын хувьд мөрдөн шалгах ажиллагааны хэрэгцээ болон хувийн халдашгүй байдал хоёрын зохистой тэнцвэрийг хөндлөнгөөс хангах боломж шүүгчтэй харьцуулахад хязгаарлагдмал. Мөн, прокурорт нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим үйлчилдэг бол шүүгчид ийм зарчим үйлчилдэггүй учраас шүүгч тухайн асуудлыг илүү хараат бусаар авч үзнэ.

Хоёрт, Цэцийн энэ шийдвэр тагнуулын болон гэмт хэрэг илрүүлэх зорилгоор явуулж буй нууцаар шалгах ажиллагааг явуулах үндэслэл, журмыг хуульчлан зохицуулахгүй байхад нөлөөлсөн.

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 (6)-д “мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журам, зааврыг Тагнуулын ерөнхий газрын дарга Улсын ерөнхий прокурортой хамтран батална” гэж заасныг хасаж тус хуульд нарийвчлан журамлах шаардлагатай. Үндсэн хуулийн 16.13-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...” гэж заасан. Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь мөрдөн мөшгих хэлбэрт багтдаг учраас үүнтэй холбоотой үндэслэл, журмыг зөвхөн хуулиар зохицуулах ёстой. Түүнчлэн, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17-р зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байр, захидал харилцаанд нь дур мэдэн буюу хууль бусаар оролцох, эсхүл нэр хүнд, нэр алдарт нь хууль бусаар халдахыг хориглоно” гэж заасан. Үүнээс харахад, мөрдөн шалгах нууц ажиллагаа нь хүний хувийн амьдралд оролцох, халдах агуулгатай учраас зөвхөн хуулиар нарийвчлан журамлахыг энэхүү пакт шаардаж байна.

Гуравт, Үндсэн хуулийн 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан учраас үндсэн эрх, эрх чөлөөг зөвхөн эдгээр чухал ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор л хязгаарлаж болно гэсэн агуулга харагддаг.

Гэхдээ, Үндсэн хуулийн 1.2-т зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд “шударга ёс” багтдаг. Шударга ёс бол өргөн агуулгатай. Хамгийн наад захын утга бол тохирсон (зайлшгүй) байх явдал. Ял шийтгэл нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байхыг шаарддаг шиг үндсэн эрхийг хязгаарлах арга хэмжээ нь Үндсэн хуулийн 19.3-т заасан аль нэг чухал ашиг сонирхлыг хамгаалахад тохирсон байх ёстой. Тохирсон байх зарчим нь үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журам зэрэг чухал ашиг сонирхлыг хамгаалах шаардлага болон хөндөгдөж буй үндсэн эрхийг эдлүүлэх шаардлага хоёрын зохист тэнцвэрийг олохыг шаарддаг. Тухайлбал, чухал ашиг сонирхлыг хамгаалах гэдгээр үндсэн эрхийг хэт өргөн хүрээнд хязгаарлаж болохгүй, үндсэн эрхийн хэрэгжилтийг аль нэг албан тушаалтны үзэмж, дур зоргоос хамааралтай болгож болохгүй, мөн эдгээр чухал ашиг сонирхлыг хамгаалах олон янзын арга хэмжээнүүд авах боломжтой байвал үндсэн эрхэд хамгийн бага халдах арга хэмжээг сонгох зэрэг агуулгыг илэрхийлдэг юм.

Үндсэн хуулийн 16.13-т буй халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хувийн халдашгүй байдал, захидал харилцааны нууцын халдашгүй байдал, гэр бүлийн халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдал, өмчийн халдашгүй байдал зэрэг маш чухал үндсэн эрхүүд багтдаг.

Гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүгийн процессын хуульд заасан үндэслэл, журмаар эдгээр эрхийн заримыг хязгаарлах нь зүй ёсны. Зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг ноцтой хэргүүдийг мөрдөн шалгахад дээр дурдсан мөрдөн шалгах нууц ажиллагаа үр нөлөөтэй. Гэвч, энэ ажиллагаа нь хүний хувийн халдашгүй байдалд ноцтой халддаг учраас энэ хоёрыг тэнцвэртэйгээр авч үзэх шаардлага үүсдэг. Харамсалтай нь, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нууцаар шалгах ажиллагааг маш урт хугацаанд явуулах, хүний хувийн амьдралын цөм рүү дураар халдах боломжийг олгохын зэрэгцээ уг ажиллагаагаар цуглуулсан мэдээллийг хадгалах, хамгаалах талаар заагаагүй зэргээс үзэхэд нууцаар шалгах ажиллагаа болон хувийн халдашгүй байдлын тэнцвэрийг олж зохицуулаагүй гэж дүгнэж болно.

Эрүүгийн процессын хуульд нууц шалгах ажиллагаа бүрийн агуулгыг хуульд тодорхойлж өгөх, энэ ажиллагааг явуулах үндэслэлийг маш тодорхой заах, мөн нарийвчилсан журмаар зохицуулах замаар хүний хувийн халдашгүй байдалд дур зоргоор халдахаас сэргийлнэ.

Түүнчлэн, мөрдөн шалгах нууц ажиллагаагаар хүний хувийн халдашгүй байдалд халдах нь зайлшгүй байж болох ч тухайн нөхцөлд тохирсон байх ёстой. Жишээлбэл, хүнийг нууцаар мөрдөн шалгах ажиллагаа нь хүний хувийн амьдрал руу маш ноцтой халддаг учраас нууцаар шалгах ажиллагааг зөвхөн ноцтой хэрэг (5 жилээс дээш хорих ялтай хэрэг) дээр хэрэгжүүлэх, хүний эрх рүү арай бага халдсан аргаар тухайн мэдээлэл олж авах боломжгүй тохиолдолд эцсийн арга болгон нууцаар шалгах ажиллагааг хэрэглэхээр хуульчлах хэрэгтэй. Мөн, уг ажиллагааг нэг юм уу хоёр сарын хугацаанд явуулах, уул хугацаа дуусвал дахин шүүгчийн зөвшөөрлөөр сунгаж болохоор зохицуулах нь хүнийг хэт урт хугацаагаар мөрдөн шалгаж хувийн халдашгүй байдалд дур зоргоор халдахаас сэргийлнэ. Түүнчлэн, нууц ажиллагааны явцад хувийн шинжтэй мэдээлэл, баримт цуглардаг учраас үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэхгүй болсон бол уг мэдээлэл, баримтыг устгадаг байх ёстой.

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн зөвшөөрөлгүйгээр хүний хувийн амьдрал руу нууцаар халдахыг зөвшөөрсөн, ийнхүү халдах ажиллагааг хуулиар бус журмаар нарийвчлан зохицуулахаар заасан, гэмт хэрэг илрүүлэх гэсэн зүй ёсны зорилгодоо зөвхөн тохирсон байдлаар уг ажиллагааг явуулах талаар хуульчлаагүй нь Үндсэн хуульд нийцээгүй юм.

Хэрэв иргэд уг асуудлаар Цэцэд дахин хандвал 1999 оны дурдсан дүгнэлтээсээ өөрөөр шийдвэрлэхийг дээр дурдсан үндэслэлүүд шаардана.Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний хувийн халдашгүй байх эрхийг бүрэн хамгаалъя гэвэл 1999 оны дүгнэлт дэх явцуу үзэл баримтлалаасаа татгалзах хэрэгтэй болно.

Хэнийг ч дур зоргоор чагнах, мөрдөн мөшгихөөс одоогийн хууль урьдчилан сэргийлж чадахгүй байна

- Нууцаар шалгах ажиллагааг таны хэлснээр хуульчлахгүй бол эсхүл энэ асуудлаар Цэцэд хандсан ч 1999 оны дүгнэлтийн явцуу үзэл баримтлалаараа шийдвэрлэвэл ямар хор уршигтай вэ?

- Манай хүний үндсэн эрхийн хамгаалалт бусад адил гараанаас гарсан пост коммунист улстай харьцуулахад гайгүй. Гэхдээ Монголд хамгийн их зөрчигдөж байгаа эрхийн нэг нь хувийн халдашгүй байх эрх.

World justice project байгууллагаас гаргадаг “Хууль дээдлэх ёсны индекс 2017-2018” -д  Монгол Улс 113 улсаас 51-т жагссан. Ингэхдээ олон багц асуудлын нэг нь үндсэн эрхийн хамгаалалт. Үүн дотор Монголын хамгийн муу буюу 0.46 оноо авсан хамгаалагдсан эрх нь хувийн халдашгүй байх эрх.

Монголд хүний гар утасны яриаг нууцаар чагнах, нууцаар бичлэг хийх гэх мэт зүйл маш их байдаг нь сүүлийн жилүүдэд ил болж байна. Нэг хууль зүйн сайд өөрийг нь тагнаж чагнасан талаар мэдэгдэж байсан. Өндөр эрх мэдэлтэй эсхүл олны танил хүмүүсийг, сэтгүүлчдийг тагнаж чагнасан талаар хэвлэлээр байн байн бичигддэг. Хүний хувийн амьдралын асуудал руу орсон янз бүрийн бичлэгүүд тавигдах болсон.

Мөн Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын шалгагдаж байгаа хэргүүд дээр ажиллаж буй өмгөөлөгчид өөрсдийг нь байнга тагнаж чагнадаг гэсэн айдастай явдаг тухайгаа хуваалцдаг. Эндээс юу гэж ойлгож болох уу гэвэл хэнийг ч дур зоргоор чагнах, мөрдөн мөшгихөөс одоогийн хууль урьдчилан сэргийлж чадахгүй байна.

Нууц шалгах ажиллагаа төдийгүй орон байранд болон хүний биед нэгжлэг хийх, хүний биеэс дээж авах зэрэг ажиллагаа нь гэмт хэрэг илрүүлэхэд зайлшгүй тохиолдолд хэрэглэж болох ч урвуулан ашиглагдахгүйн тулд шүүхийн зөвшөөрлөөр хийгддэг байх нь хүний эрхийг хангах баталгаа болно.

УИХ 2016 оны хавар ийм агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулж шүүхийн зөвшөөрөл рүү шилжүүлэх гэхэд ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, УЕП нар хамтран мэдэгдэл хийж эсэргүүцсэн. 2016 оны сонгуулиар байгуулагдсан УИХ дахь олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсруулж, 2017 онд батлахад эдгээр хууль сахиулах байгууллагын төлөөлөл хүчтэй нөлөөлж, энэ бүх ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулах хуучин тогтолцоог авч үлдсэн.

Дээр тайлбарласан шиг хуулийн нарийвчилсан зохицуулалтыг яаж хуульчлах тухай тодорхой санал, үндэслэлээ ажлын хэсэгт хүргүүлсэн боловч огт хүлээж аваагүй.

Хууль сахиулах байгууллагуудын удирдлага хүний эрх рүү халдах ажиллагаагаа хуулиар нарийвчлан зохицуулах, шүүхийн хяналтад оруулах хүсэлгүй байна. Энэ хүслийг зохих байдлаар хазаарлаж гэмт хэрэг илрүүлэх ашиг сонирхол болон хүний эрхийн хамгаалалтын зохист балансыг олж хуульчлах нь УИХ-ын үүрэг. Нөгөө талаар, энэ төрлийн маргаан Үндсэн хуулийн цэц дээр очвол аль нь илүү үндэслэлтэй шийдвэрлэж байж тэр баланс тогтоно.

Үе үеийнхэн Үндсэн хуулиар хамгийн үндэслэлтэй тайлбаруудаар хөгжүүлээд, эсвэл буруу тайлбарыг засаад явдаг байх хэрэгтэй

- Үндсэн хуулиа зөв, үндэслэлтэй таны хэлснээр үзэл санаа болоод үзэл баримтлалын ялгааг гаргаж тайлбарлаж явж байгаа жишээнүүдээс та дурдахгүй юу?

- АНУ-ын Үндсэн хууль 1789 онд, Японы Үндсэн хууль 1946 онд, Германы Үндсэн хууль 1949 онд тус тус батлагдсан ч үндсэн эрхийн заалтууд нь бараг өөрчлөгдөөгүй, хэвээрээ байдаг.

Гэтэл үндсэн эрхийн заалтууд нь яагаад одоо болтол үйлчлээд байна вэ гэвэл эдгээрийг үзэл санаа гэдгээр ойлгож тайлбарлаад хөгжүүлдэг. 

Ингэж тайлбарлахдаа алдаатай, буруу тайлбарлах тохиолдол байдаг ч түүнийгээ засаад залруулаад, хөгжүүлээд явчихдаг. Жишээлбэл, АНУ-ын дээд шүүх арьсны өнгөөр тусгаарласан тогтолцоо Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлт дэх тэгш эрхийг зөрчөөгүй гэж 1896 онд шийдвэрлэсэн бол хожим 1954 онд зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Мөн, шинэ нөхцөлд Үндсэн хуулийн үзэл санаагаа оновчтой тайлбарлаад явдаг.

2008 оны ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн нэгэн чухал шийдвэр мэдээллийн технологийн тогтолцоо бүрэн бүтэн, нууц байх эрх шинээр хүлээн зөвшөөрсөн юм. Интернэтээр дамжуулан мэдээллийн технологийн тогтолцоонд нууцаар нэвтрэх, хянах, шалгах, мэдээлэл авах бүрэн эрхийг тагнуулын байгууллагад олгосон хуулийг Германы Хойд Райн-Вестпалиа муж 2006 баталсан байдаг. Энэ асуудал нь үндсэн хуулийн маргаан болж, Холбооны Үндсэн хуулийн шүүх дээр очиж шийдвэрлэгдсэн. Мэдээллийн технологийн тогтолцоо гэдэгт гар утас, ухаалаг утас, компьютер, лабтоп, таблет, смарт ТВ зэрэг бүгд багтана. Энэ шүүх орчин үед мэдээллийн технологийн тогтолцоо хурдацтай хөгжиж, мэдлэгээ нэмэгдүүлэх, авьяас, ур чадвараа хөгжүүлэх, бусадтай харилцах, найзлах, ажил явуулах зэрэг боломжийг хүмүүст олгож байна гэж үзсэн.

Гэвч энэ тогтолцоо нь боломжийн хажуугаар асар их эрсдлийг бий болгож байгааг тус шүүх анхааруулсан. Тэгээд мэдээллийн технологийн тогтолцоо руу чөлөөтэй нэвтрэх, хянах, шалгах бүрэн эрхийг тагнуулын байгууллагад олгож, хуулиар нарийвчлан зохицуулаагүй, шүүхийн хяналтад оруулаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийг тогтоож, Үндсэн хуулийн 1.1-д буй хүний эрхэм чанар, 2.1-д буй хувь хүнийхээ хувьд чөлөөтэй хөгжих эрхэд тулгуурлан “мэдээллийн технологийн тогтолцоо бүрэн бүтэн, нууц байх эрх”-ийг шинээр хүлээн зөвшөөрсөн.

Энэ шинэ үндсэн эрх нь мэдээллийн технологийн тогтолцоо дотор ч хувь хүний амьдрал, хувийн орон зай хамгаалагдаж байх ёстой гэсэн жишиг тогтоосон. Хэрвээ гэмт хэрэг илрүүлэх, террорист халдлагыг зогсоох зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлага бий болбол хууль сахиулах байгууллагаас мэдээллийн технологийн тогтолцоо руу нэвтэрч болох ч заавал шүүхийн зөвшөөрөл авах ёстой, хуулиар нарийвчлан балансыг нь олж зохицуулах шаардлагатай гэж үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүрийн тэгш болон чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрч, үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхээр заасан.

Үндсэн эрхийн заалтыг баталсан үеийн хүмүүсийнхээр л явцууруулж ойлговол маш эмгэнэлтэй байдалд хүрнэ. Үндсэн хууль тогтоогчид маань ухаантай хүмүүс учраас үндсэн эрхийн асуудал дээр тодорхой үзэл баримтлал бус харин ерөнхий үзэл санааг Үндсэн хуульдаа бичсэн. Тэгэхээр тэр үеийнхээр тайлбарлах гэж оролдоод л байвал бид Үндсэн хуульдаа үнэнч биш байна гэсэн үг.

Магадгүй өнөөдөр миний ойлгож байгаа зүйлс буруу байж болно. Хойч үеийнхэн маань үндэслэлтэй бол өөрчлөөд явах ёстой. Үе үеийнхэн Үндсэн хуулиар хамгийн үндэслэлтэй тайлбаруудаар хөгжүүлээд, эсвэл буруу тайлбарыг засаад явдаг байх хэрэгтэй. Энийг хийдэг гол хүмүүс нь Үндсэн хуулийн шүүх буюу манайхаар бол Үндсэн хуулийн цэц юм. Манай Цэц үүнийгээ хийхгүй болохоор сүүлдээ бүх зүйл Үндсэн хуулийн буруу мэт, Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчлөх ёстой мэт ойлголтыг хүмүүст өгөөд байна.

Зураг

ДӨРӨВ. УЧИР ШАЛТГААН

- Үндсэн хуулийн цэц яагаад энэ бүхнийг хийж чадахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирэх нь тодорхой байх. Тийм үү?

- Тийм. Үндсэн хуулийн цэцийн асуудлыг ярихгүйгээр Монголын хүний эрхийн хамгаалалт, ардчиллын хувь заяа, эрх мэдлийн хуваарилалттай холбоотой ноцтой зүйлүүд шийдэгдэж чадахгүй.

Учир нь Цэц Үндсэн хуулийн үзэл санааг дандаа зөв буулгаж чадахгүй байна. 1992 онд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан. 1992 оноос хойш энэ хуулийг өөрчлөөгүй. Цэц өөрөө хүний эрхийн үндсэн хамгаалалтуудад гэхэд ийм хуучинсаг, явцуу байдлаар хандаж байгаатай адилхан Цэцийг өөрийг нь шинэчилье, ийм асуудлуудыг хараат бусаар мэргэжлийн түвшинд шийддэг болгоё гэсэн саналуудыг Цэц нь хүлээж авдаггүй.

Цэцийн тухай хуулийг цогцоор нь шинэчлэх зорилгоор 2014 онд Х.Тэмүүжин сайдын үед ажлын хэсэг гаргаад хуулийн төсөл боловсруулсан. Гэвч Цэц өөрөө хуулийн төсөл боловсруулчихаад тэрийгээ Ерөнхийлөгчөөр өргөн бариулаад бидний боловсруулсан хуулийг өргөн бариулаагүй.

Цэцийн олон чухал асуудлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн шийдвэр байдаг. Жишээлбэл, УИХ-ын дарга батлагдсан хуулийг зассан нь Үндсэн хууль зөрчсөн явдал төдийгүй огцруулах үндэслэл мөн, УИХ-ын гишүүд тойрог бүртээ 250 сая төгрөг хуваарилан зарцуулах нь Үндсэн хуульд нийцээгүй гэж шийдвэрлэж байв. Энэ оны эхний марнааныг ч гэсэн харьцангүй үндэслэл сайтай зөв шийдвэрлэсэн.

Гэвч, олон чухал маргааныг шийдэхдээ Үндсэн хуулийг угчлаад эсвэл үгчлээд тайлбарлах гээд үзээд байна вэ, үүнийгээ тэгээд яагаад засахгүй байна вэ гэхээр Цэцийн одоогийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах журамтай л холбоотой.

Цэцийн гишүүнд тавигдах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хуулиар нарийвчлан заахаас өөр арга алга

- Гишүүдийнх нь чадавх, мэргэжлийн бус байгаатай холбоотой бус уу?

- Тийм. Цэц үндсэн хуулийн шүүхийн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа нь наанадаж дөрвөн шалтгаантай.

Нэгдүгээр шалтгаан нь, таны хэлдгээр бүрэлдэхүүн буюу гишүүний асуудал. Цэц гэдэг Үндсэн хуулийн шүүх. Үндсэн хуулийн маргааныг эцэслэж шийддэг, өөрийн санаачилгаар бус иргэд хандахаар шийддэг. Цэц гэдэг тусгайлсан оноосон нэр болохоос шүүх л гэсэн үг.

Улс орнууд энэ шүүхээ үндсэн хуулийн трибунал зэргээр янз бүрээр нэрлэдэг. Тэгэхээр энэ шүүхийн бүрэлдэхүүн нь нэгдүгээрт, мэргэжлийн хүмүүс байх ёстой. 2018 оны хавар, бид хоёрын яарч хийж байсан нэг ярилцлага бий дээ. Яг түүний үр дагавар энэ шүү дээ. Үндсэн хуульд Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэдлэгтэй байна гээд заадаг. Энэ нь дотроо, Үндсэн хуулийн төвшний маргааныг шийдэх өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй л байх ёстой гэсэн үг. Учир нь Үндсэн хууль өөрөө иргэн ба төрийн улс төрийн харилцааны суурийг зохицуулдаг тул Үндсэн хуулийн эрх зүйн болон улс төрийн шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй. Мөн, Үндсэн хуулийг тайлбарлах, үндэслэл гаргах, ойлгомжтой бичих, анализ хийх зэрэг олон ур чадвар хөгжүүлсэн байх шаардлагатай. Үүнийг хуулийн сургуульд олгодог. Түүнчлэн, үндсэн хуулийг чандлан сахиулж чадна гэсэн олон нийтийн итгэлийг даах ёс зүйн өндөр шаардлага хангасан байх ёстой.

Өнгөрсөн хугацаанд Цэцэд 35 хүн томилогдож байсан. Өндөр мэргэшилтэй байх шаардлагыг хангасан Цэцийн гишүүд мэр сэр байсан ч тийм биш олон хүнийг томилж байв. Би хүний нэрийг нь дурдахгүйгээр хэлье. Юун түрүүнд, хууль зүйн дээд боловсрол огт байхгүй, түүхч, инженер зэрэг мэргэжилтэй улстөрчдийг хэд хэдэн удаа Цэц рүү томилж байсан. Түүнчлэн, хуулийн бакалавртай эрх зүйч боловч мэргэжлээрээ ажиллаж мэргэжлийн ур чадвараа хэрэглэж хөгжүүлээгүй, мэргэжлийн ёс зүйтэй гэдгээ харуулаагүй, улс төрийн карьер хөөсөн хүнийг олноор томилсон.

Жишээлбэл, сүүлийн 30-аад жилийн 20 шахамд нь бизнес хийсэн нэг хүнийг, мөн сүүлийн 20 жилд хууль хэрэглэдэг биш, хууль сахиулагчийн ажил хийсэн өөр нэг хүнийг 2018 оны хавар гэнэт томилчихсон. Энэ хүмүүсийн аль нь ч үндсэн хуулийн маргаан шийдвэрлэхэд бэлтгэгдээгүй байсан, тийм ажил хийж байгаагүй.

 Үндсэн хуулийн Цэц байгуулагдсан үеэсээ хойшх 26 жилийн хугацаанд хүний эрхийн тодорхой зөрчлийг авч шийдвэрлэлгүй явж ирсэн

Мөн, ёс зүйн өндөр шаардлагыг хангасан хараат бус, шударгаар, мэргэжлийн түвшинд шийдэх хэмжээний хүмүүсийг томилж чадаагүй. Жишээ нь, Төрийн өмчийн хорооны даргаар олон жил ажилласан нэгнийг 2018 онд гэнэт нэр дэвшүүлэхэд түүний талаар интернэтээр шүүж үзсэн. Тэр хүн хууль бус, буруу зүйлтэй холбогдсон тухай сөрөг мэдээлэл дүүрэн байсан. Гэтэл эдгээр эргэлзээт мэдээллийг шалгаж, нягтлалгүйгээр түүнийг Цэц рүү томилчихсон. Мөн Цэцийн гишүүн байж хувийн уул уурхайн компанийн удирдлагад ажиллаж сарын 2,000 долларын цалинг олон жилийн турш авсан хүн байгаа. Үндсэн хуулийн шүүхийн шүүгч мөртлөө хувийн уул уурхайн компанид ажиллана гэдэг байж болшгүй зүйл юм.

Өөр бас нэг Цэцийн гишүүн Цэц рүү томилогдохоосоо өмнө Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа жилийн цалингаасаа хэдэн арав дахин их хөрөнгө, орлогыг олон жилийн турш мэдүүлээгүй, үүнийгээ өөрөө ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн. Орлого, хөрөнгөө мэдүүлэх нь уг нь авлигаас урьдчилан сэргийлэх анхан шатны хийх ёстой маш чухал алхам. Гэтэл түүнийгээ ч биелүүлдэггүй хүн Цэцийн гишүүнээр ажилласан. Мөн Цэцийн гишүүн байхдаа өмгөөллийн ажил хийгээд явж байсан хүн ч бий гэж яригддаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дээрх үйл ажиллагааны талаар Боннын их сургуулийн үндсэн хуулийн нэгэн профессорт танилцуулахад тэрээр маш их гайхсан. ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нар 1951 оноос хойш ийм эргэлзээтэй, сөрөг зүйлүүд хийх нь битгий хэл нэр ч холбогдож байгаагүй талаар хэлж байсан. Тэгэхээр Герман мэт өндөр төлөвшилтэй улсад Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн ёс зүйг хуулиар зохицуулаад байдаггүй. Харин, манайх шиг газар Цэцийн гишүүнд тавигдах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хуулиар нарийвчлан заахаас өөр арга алга. Тодруулбал, дээр дурдсанчлан заавал эрх зүйч байна, мэргэжлээрээ ажилласан туршлагатай байна гэх мэт шалгуурыг хуульчлах төдийгүй Цэцийн гишүүнээр ажиллахдаа баримтлах ёс зүйн зарчим, хориглолтыг заах хэрэгтэй.

Хоёрдугаарт чухал зүйл бол Цэцийн хараат бус байдал баталгаажаагүй. Хараат бус байхын тулд олон зүйлийг хийх шаардлагатай.Эрх зүйт төртэй улсад Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг нэг удаа урт хугацаагаар томилж байж хараат бус байдлыг хангадаг. Тухайлбал, ес эсвэл арван хоёр жилээр нэг удаа томилоод дараа нь дахин томилдоггүй. Герман улс энэ зохицуулалтыг Үндсэн хуульдаа заадаггүй, ердийн хуулиараа зохицуулдаг. Гэтэл манай Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хувьд дөрөв, гурав, хоёр, нэг жилээр буюу тогтсон хязгааргүйгээр олон удаа томилдог нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хараат бус гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Учир нь, Цэцийн гишүүдэд нэр дэвшүүлсэн, томилсон субьектдээ эргээд таалагдахын тулд тал зассан байдлаар ажилладаг тохиолдол ажиглагддаг.

2016 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний нэг бүрэн эрх буюу зургаан жил ажиллачихаад  дахин нэг удаа сунгана гэсэн утгатай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан боловч Үндсэн хуулийн цэц энэ заалтыг хүчингүй болгочихсон. Энэ нь Цэц хараат бус байх чадамжаа өөрсдөө нураасан гэсэн үг. 

Гуравдугаарт, Цэц хүний үндсэн эрхийг зөрчсөн маргааныг хүлээж авдаггүй. Монголд хүний эрхийн асуудлууд шийдэгдэж чадахгүй байгаа гол шалтгаан бол энэ.

1992 онд баталсан Үндсэн хуулийн гол зорилго нь хүний эрхийг хамгаалах явдал байсан. Хүний эрхийг Үндсэн хуульд заагаад зогсохгүй, хүний эрхийн тодорхой тохиолдлыг зөрчвөл Үндсэн хуулийн шүүх буюу Цэцэд хандаж эрхээ хамгаалуулдаг байх үзэл санааг тусгасан байдаг.

Харин хувь иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандах заалт байгаагүй ч энэ заалтыг олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжөөр оруулсан. Үүний цаана хүний тодорхой эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцэд ханддаг агуулга байгаа юм.

Харамсалтай нь, манай Үндсэн хуулийн Цэц байгуулагдсан үеэсээ хойшх 26 жилийн хугацаанд хүний эрхийн тодорхой зөрчлийг авч шийдвэрлэлгүй явж ирсэн. Жишээлбэл, хүнийг эрүүдэн шүүсэн, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө их бага хэмжээгээр торгосон, тайван жагсаал, цуглааныг хүч хэрэглэн тараасан зэрэг хүний эрхийн ноцтой зөрчил гарсаар байна. Энэ тохиолдолд ердийн шүүхэд гомдол гаргаж эрхээ хамгаалуулж чадаагүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь Үндсэн хуулийн 66.1-ээр нээлттэй. Гэтэл Үндсэн хуулийн цэц ийм өргөдөл хүлээж авдаггүй.

- Эрх нь зөрчигдсөн хүмүүс Цэцэд хандаж өөрийгөө хамгаалуулж чадахгүй болохоор жирийн иргэнд Үндсэн хууль хэрэглэгдэж чадахгүй, хамаагүй шахуу болчихоод байна. Тийм үү?

- Тэгж хэлж болно. Энэ нь дөрөв дэх шалтгаантай холбогддог. Одоогийн хуулиар Үндсэн хуулийн харьяаллын ямар ч асуудлаар дуртай иргэн нь мэдээлэл гаргаж болдог. Тэгээд ардчилсан сонгуулиар бий болсон парламентын баталсан хуулийг Цэцэд өгч унагадаг. Бодит байдал дээр хэний ч эрхийг зөрчөөгүй байхад хуулийн шинэчлэлээр явцуу сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд уг шинэчлэлийг Цэцэд өгч унагадаг.

Цэцийг улс төрийн сонирхлыг хангах арга хэрэгсэл төдийгөөр ашигладаг. Дээр дурдсанчлан хараат бус байдал нь хангагдаагүй, өндөр мэргэшсэн бүрэлдэхүүнгүй учраас Цэц заримдаа улс төрийн байгууллага шиг ажилладаг.

Цэц нь улс төрийн байгууллага шиг хууль зүйн ямар ч үндэслэлгүй, улс төржсөн шийдвэр гаргадаг. Цэц УИХ-ын дээд танхим шиг болчих гээд байна. Энэ бүхний шалтгаан болсон мэдээллээр маргаан шийдвэрлэдэг тогтолцоог Actio popularis гэж латинаар хэлдэг бөгөөд эрх зүйт төртэй бусад улсын үндсэн хуулийн шүүхэд энэ нь байдаггүй.

Цэцээ л цэгцэлж чадахгүй бол бид Үндсэн хуулиндаа хэчнээн сайхан өөрчлөлт оруулаад нэмэргүй

- Таны хувьд одоогийн яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд саналуудаа өгч чадаж байна уу?

- Саналаа өгч байгаа. Цэцийн асуудлыг хууль тогтоомжийг нь шинэчлэн найруулаад шийдвэрлэх боломжтой ч тэгж чадахгүй байна. Ийм санаачлагыг Цэц өөрөө хүлээж авахгүй байна, энэ чиглэлд гарсан нэмэлт өөрчлөлтийг өөрөө бүр хүчингүй болгосон нь харамсалтай. Тэгэхээр Цэцийн хараат бус, мэргэжлийн, үр нөлөөтэй болох, яг Үндсэн хуулийн шүүх шиг болгох шинэчлэлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү оруулж шийдэж өгөхгүй л бол бид асуудлаа шийдэхэд төвөгтэй болчхоод байна. Цэцээ л цэгцэлж чадахгүй бол бид Үндсэн хуулиндаа хэчнээн сайхан өөрчлөлт оруулаад нэмэргүй. Өөрөөр хэлбэл сайн Үндсэн хуультай байгаад ч түүнийг нь буруу тайлбарлаад яваад байвал нэмэргүй. Уг нь Цэц өөрөө дээр хэлсэн шиг чадавхжаад, ёс зүйтэй болоод ирвэл Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилнө гэхгүйгээр зөв зүйтэй, үзэл санааны хувьд тайлбараа гаргаад хүний эрхийг хамгаалаад яваад байж болох юм.

- Дээр бид хоёр Ваймерийн Бүгд Найрамдах улс ардчиллаас нацист дэглэм рүү шилжих болсон шалтгааны тухай ярьсан даа. Ингэхдээ тухайн үеийн сэхээтнүүд, олон нийт нь ардчиллаа хамгаалж чадаагүй гэсэн нэгэн дүгнэлтийн тухай ярьсан. Таны хувьд хуулийн салбараас ардчилал, хүний эрхийн тухай ул суурьтай үндэслэлүүдийг өөрийн хэмжээндээ хэвлэл мэдээлэл мөн хурал, уулзалтуудаар ярьж сануулж яваа. Та яаж олуулаа болох тухай боддог л байх.

- Их сургуулийн багш хүн гурван үндсэн үүрэгтэй. МУИС-ийн дүрэм журмаар багш хүн А, Б, В гэсэн гурван төрлийн цаг хангах ёстой. А цаг гэхээр хичээлээ маш сайн заах ёстой, Б цагт судалгааны ажил хийх ёстой. В цагаар нийгэмд чиглэсэн ажил хийх ёстой. Эхний хоёр үүрэг багш болгонд нэлээн ойролцоо, харин гурав дахь дээрээ багш бүр өөрийнхөөрөө  тодорхойлоод явдаг.  Миний хувьд хичээл зааж, судалгаа хийснийхээ үр дүнг олон нийтэд хуваалцах, асуудлыг шийдэхэд бага ч гэсэн бодит, мэргэжлийн үндэслэл гаргаж байх нь өөрийн оруулж чадах хувь нэмэр гэж итгэдэг.

Ялангуяа Монгол шиг тухайлсан салбарын нарийн асуудлыг судалсан судлаачид цөөн газарт ч үгээ хэлж байх нь чухал. Үгүй бол “би чадначууд” эсхүл популист улстөрчид мэргэжлийн асуудлыг таамгаар шийдэх гэж үзээд улам дордуулчихаж байна.

Гол найддаг зүйл маань ухаалаг үндэслэл, тал талын аргумент гараад нээлттэй хэлэлцэгдээд ирэхээр аливаа асуудал илүү ухаалгаар шийдвэрлэгдэх боломж бүрддэг гэдэгт итгэдэг. Дээрээс нь асуудал улайм цайм буруу тийш явж байгааг харсаар байж дуугүй байх нь эргээд бид бүгдээрээ өөрсдөө хүсээгүй үр дүнд хүрэх аюултайг Ваймерийн Бүгд Найрамдах улсын жишээнээс харж болно.

- Та Япон, Америкт долоон жил сурч, ажилласан юм билээ. Яагаад Монголд эргэж ирж тэр тусмаа багш, судлаачийн ажлыг сонгох болов. Америкт жишээ нь нэг хуулийн фирмд ажиллаад явахад амьжиргааны хувьд гэхэд шал өөр боломж шүү дээ. Юу таныг хөтлөв?

- Хуулийн сургуульд сурахдаа өөрийгөө хуульч болно л гэж бодож явсан. Нэг мэдсэн их сургуулийн багш болчихсон явж байна. Миний л сонголт. Гэр бүлийнхэн маань ч надад шууд бусаар нөлөөлсөн байх. Аав, ээж хоёр маань хоёулаа их сургуулийн багш. Аав маань философийн, ээж маань сэтгэл судлалын профессор. Ах маань бас ээжийн мэргэжлийг өвлөж, их сургуульд сэтгэл судлалын багшаар ажилладаг.

Би хуулийн суурь боловсролоо Монголдоо авсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд сургуульдаа ажиллаж байгаад Японд сурч 2011 онд докторын зэргээ хамгаалсан. Үүний дараа залгуулаад Америкт хоёр жил шахам судалгаа хийсэн, бас нэг хуулийн фирмд богино хугацаанд хуульчийн туслахаар ажиллаж үзсэн. Энэ үед яг л практик хуульчийн ажил хийж байв. Цалин, орлогын хувьд ч тун боломжийн байсан ч сэтгэл хангалуун биш байсан. Учир нь хүний эрх, үндсэн хуулийн онолын асуудал руу судалж ороод 10 гаруй жил болчихсон байсан учраас тухайн үед хийж байсан ажил маань миний амьдралдаа хийхийг жинхнээсээ хүсэж байсан зүйл мөн үү гэж бодсон.

Би яах гэж үндсэн хуульт ардчиллын үндсийг судалсан бэ гэвэл Монгол Улсад хүн бүр хүн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж, ганцхан олдох амьдралдаа өөрийн үнэт зүйлийг эрэлхийлж, түүнийхээ дагуу амьдралаа төлөвлөж, амьдрах боломжтой “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийг цогцлоон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал байсан. Энэ зорилго маань Монголдоо эргэн ирэх нэг шалтгаан байсан. Эргэлт буцалтгүй их сургуулийн багшийн ажлыг сонгосон. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамт олон маань ч сайхан хүлээж авсан.

- Судлаач, багшийн ажлыг зөвхөн Монголд ч биш Япон, Америкт бүр илүү нөхцөлд хийх боломжтой шүү дээ.

- Сайн хичээвэл тийм боломж гаргах байсан байж магадгүй.

Гэхдээ ингэж ерөөс зорьж байгаагүй. Монголгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөхөд бэрх. Монголд хүн болж төрж өсчихсөн, бүх л зүйл минь энд байна. Эцэг, эх, ах дүү, гэр бүл, найз нөхөд, бүх сайхан дурсамж минь энд бий. Би чинь зуны амралт бүрээрээ хөдөө хөгшин ээж, нагац нар дээрээ очиж зусдаг байсан, нүүдэлчин ахуйд ойр өссөн. Баян тансаг биш ч гэсэн дуртай зүйлээ хийгээд сайхан амьдрах боломж монгол залууст бий гэж боддог.

Монголд өнөөдөр илүү их асуудал байж магадгүй. Энэ нь залуусын хувьд харин ч бүр сонирхолтой биш гэж үү. Өөрийн төрсөн эх орондоо амьдарч, өөрийн сурч, мэдсэн зүйлээ бусдад түгээж, харилцан суралцаж, хамтдаа урагшлах нь миний хувьд илүү УТГА УЧИРТАЙ.

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: О.МӨНХСАЙХАН @Munkhsaikhan_o
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
 
2019.1.23