Зураг
Зураг
Индэр    
2018 оны 5 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Үндсэн хуулийн ШҮҮГЧ нарын томилгоо ба УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАЙНГА БАЙДАЛ НОТЛОГДОВ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж баталлаа.

Ерөнхийлөгчөөс санал оруулсан гурван хүнд:

  • Б.Буяндэлгэр, 
  • Г.Туулхүү
  • Ц.Нанзаддорж, 

УИХ-аас:

  • Ш.Солонго нарыг нэр дэвшүүлэн томиллоо. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. 

Тэдгээрийн:

  • гурвыг Улсын Их Хурал, 
  • гурвыг Ерөнхийлөгч, 
  • гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэж заажээ.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Тэгвэл энэ шаардлага хангагдаж чадсан эсэх талаар бид Үндсэн хууль судлаач, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор О.Мөнхсайхантай ярилцсанаа хүргэе.

 

- Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний дөрвийнх нь хугацаа дууссантай холбогдуулан орны хүмүүсийг нөхөн томилох асуудал яригдлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд тавигдах шаардлагын тухайгаас яриагаа эхэлье.
- Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар анх удаа Үндсэн хуулийн цэц гэсэн нэртэй Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. Цэцийн гол үүрэг нь Үндсэн хуулийн хэрэгжилтэнд дээд хяналт тавих буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх, Үндсэн хууль зөрчсөн хууль болон бусад шийдвэрийг хүчингүй болгох ийм өргөн эрх мэдэлтэй шүүхийг байгуулсан. Үүний шалтгаан нь социализмын үеийн Үндсэн хуулиудад чухал зүйлүүд биччихсэн байсан ч бодит байдал дээр хэрэгждэггүй тунхаг төдий байсан бол шинэ Үндсэн хуулийг бодит амьдрал дээр хэрэгждэг, жинхэнэ Үндсэн хууль байх гол баталгаа болгож Үндсэн хуулийн цэцийг байгуулсан байдаг. 

Цэц яагаад Үндсэн хуулийн манаач вэ гэвэл цэц өөрөө санаачилж хэрэг маргааныг шийддэггүй, зөвхөн иргэний өргөдөл, мэдээлэл, тодорхой байгууллага, албан тушаалтны хүсэлтээр талуудын үндэслэл, нотлох баримтыг авч шүүхийн журмаар маргааныг эцэслэн шийддэг. Тиймээс ч ҮХЦ-д хууль зүй, улстөрийн өндөр мэдлэгтэй хүмүүсийг томилох агуулга орсон. Энэ бол хэн дуртай хүнийг Цэц рүү томилохыг зөвшөөрөөгүй, харин обьектив шаардлагыг илэрхийлдэг. Энэ обьектив шаардлага нь юу вэ гэхээр ҮХЦ-д хууль зүйн өргөн мэдлэг, ур чадвартай, өндөр ёс зүйтэй хүнийг томилох ёстой гэсэн санаа.

  • Тэгэхээр ҮХЦ-ийн гишүүн бол Үндсэн хуулийн төдийгүй хууль зүйн өргөн мэдлэгтэй хүнийг нэгдүгээрт шаарддаг.
  • Хоёрдугаарт, Үндсэн хуулийг зөв уншиж, тайлбарладаг, судалгаа хийдэг, үндэслэл бүхий шийдвэр, дүгнэлт гаргадаг, энэ талаар жирийн иргэнд ойлгомжтой сайн бичдэг ур чадвар бүхий хүн шаардлагатай.
  • Гуравдугаарт, Үндсэн хуулийн маргаан бол Үндсэн хуулийнхүний эрх, ардчиллын хувь заяаны талаар маш чухалд тооцогддог, эдгээр маргааныг шийдэх хүнд зөвхөн мэдлэг, ур чадвар хангалтгүй. Тэр эрх мэдлийг үнэнч шударга, зарчмын дагуу ажиллах зан төлөв, ёс зүйн шаардлага хангасан хүн байх ёстой. 

Үндсэн хуулийн цэц нь ардчилсан сонгуулиар гарч ирсэн парламентын баталсан хуулийг Үндсэн хуулийн нэр бариад тэр чигт нь хүчингүй болгох эсэх шийдвэр гаргадаг.

Юу гэхээр ҮХЦ-ийн шийдвэр буруу гарвал адил маргаан дахин ирвэл Цэц үүнийгээ өөрчлөх эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөрөөр уг алдааг засагдах боломжгүй болдог. Эдгээр арга замын аль аль нь хэрэгжихэд маш хэцүү. Тэгэхээр ҮХЦ-ийн гишүүн мэдлэг, ур чадвар, ёс зүй гэсэн шаардлага заавал хангасан байх ёстой.

Цэцийн бүрэлдэхүүнийг дан нэг намын эсхүл нэг талын төлөөлөл давамгайлахаас сэргийлж буюу тэнцвэртэй байлгах үүднээс Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс тус тус нэр дэвшүүлж, УИХ зургаан жилээр томилогддог. Тэд бол олон нийтийн сонгуульт ажилтан биш. Өөрөөр хэлбэл хэнээс ч хараат бус зөвхөн Үндсэн хуульд захирагдаж ажиллах ёстой мэргэжилтнүүд юм. Тэгэхээр ийм том эрх мэдэл бүхий хүмүүс дээр дурдсан гурван шаардлагыг хангасан эсэхийг бид нарийн судлаж шийдэх ёстой. 

- Нарийн судална гэдгийг та илүү тодруулахгүй юу?
- Тухайн хүний бүхий л амьдралын түүхийг нарийн судлах шаардлагатай. Өмнө нь мэргэжлийн ажлаа мэргэжлийн түвшинд, үнэнч шударга хийж байсан бол томилогдсоныхоо дараа Цэцийн гишүүнийг үүргийг тэгж гүйцэтгэнэ гэж үздэг. Өмнө нь асуудалтай байсан бол Цэц дээр очоод сайн ажиллана гэж найдахын хэрэггүй гэсэн үг. Тодруулбал, үндсэн хуулийн маргаан шийдэх мэдлэг, ур чадвартай байхын тулд ядаж нэг хууль зүйн дээд боловсролтой байх ёстой. Мөн, хангалттай туршлага хуримтлуулахуйц хугацаанд мэргэжлээрээ ажилласан байх ёстой.

Өөрөөр хэлбэл хууль хэрэглэдэг, хараат бусаар шийдвэр гаргадаг ажлыг хийсэн байх ёстой. Ийм ажлуудын жишээ гэвэл шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, их сургуулийн хуулийн профессор. Дээрээс нь өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. ҮХЦ-д томилогдох хүн өөрөө тодорхой хэмжээний нэр хүнд бүхий байх ёстой гэсэн үг. Энэ нэр хүндийг олж тогтоохын тулд тухайн хүний бүхий л мэдээллийг олж цуглуулж анализ хийх ёстой болно. 

- Нэгэнт УИХ -ын нэгдсэн чуулганаар ҮХЦ-ийн гишүүдийг томилдог учраас тэднийг өөрсдийн хүмүүсээр томилох ашиг сонирхол хэзээд байна. Зөв үү?
- Тийм. Улстөрчдийн ашиг сонирхол хэзээд байдаг. Гэхдээ үүнээс хамгаалах хэд хэдэн арга байдгийг бид уг нь хуулиндаа хийсэн. Нэгдүгээрт, дээр дурдсан нөхцөл шаардлагууд. Хоёрдугаарт, цэцийн гишүүдийг гурван өөр газраас нэр дэвшүүлж байгаа нь учиртай. УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал болгоод ард түмнээс сонгогдсон УИХ эцсийн шийдвэрийг гаргаж байгаа. Ерөнхий энэ зохицуулалт хамгийн сайн нь биш ч хамгийн муу нь биш. Үндсэн хуулийн яг үзэл санааныхаа дагуу томилж чадвал Цэцэд уг нь боломжийн хүмүүс томилогдох боломжтой. 

Гэтэл ийм чухал асуудлыг нэгхэн долоо хоногийн дотор шийдэж байгаа нь тун хангалтгүй. Яг тохирсон хүн үү, үгүй юу гэдгийг судлах ямар ч хугацаа өгөхгүй байна. Уг нь бид Нээлттэй сонгсголын тухай хуультай. Тэгэхээр энэ хуулиа ийм үед ашиглах хэрэгтэй. Хөгжингүй орнуудад ийм чухал албанд ажиллах гэж байгаа хүмүүсийг дандаа нээлттэй сонсгол зохион байгуулдаг, мөн мэргэжлийн холбоод, их сургуулийн профессоруудаас дүгнэлт, мэдээлэл авдаг. 

Жишээ нь, АНУ-д холбооны шүүгчийг томилох эсэхийг Сенат батламжлахын өмнө нээлттэй сонсгол хийх нь элбэг. Ингэхийн тулд тухайн хүний бүх амьдралын түүхийг нь судалдаг. Жишээ нь, АНУ-д Роберт Порк гэж нэр дэвшигч хэт туйлширсан үзэлтэй нь хэлэлцүүлэг, сонсголоор ил болж, Дээд шүүхэд томилогдож чадаагүй. Мөн, одоогийн Дээд шүүхийн бүрэлдэхүүнд буй Кларанс Томас нэр дэвшиж байхад олон жилийн өмнөх бэлгийн дарамтийн зөрчил нь ил гарч бөөн юм болоод бараг томилогдож чадахгүй шахуу байдалд орж байв. 

Одоогийн Нээлттэй Сонсголын тухай хуулиар 19 гишүүн санал нэгдэж байж Нээлттэй сонсгол хийх ёстой болж байна. Анхны томилгооны нээлттэй сонсголыг Б.Хурцын томилгоон дээр хийх гээд 22 гишүүн гарын үсэг зурсан боловч хийж чадаагүй. Уг нь, Цэцийн гишүүн зэрэг УИХ-аас томилдог өндөр албан тушаалтан дээр нээлттэй сонсгол заавал хийдэг болох нь зүйтэй. Ийм нээлттэй сонсголын үеэр тухайн хүний хэн бэ гэдгийг мэдэх боломж олгодог. 

- Өнөөдөр томилогдсон хүмүүсийн хувьд таны дурдсан шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд та богино хугацаанд ч болов судалсан гэж байсан. Энэ тухай ярихгүй юу?
- Ерөнхийлөгч Х.Баттулгын санал оруулсан гурван хүн гурвуулаа миний хэлсэн Үндсэн хуульд байгаа шаардлагуудыг хангаагүй л харагдаж байна. Ганцхан би ч биш бүх хуулийнхан бүгд тэгж үзэж байна. Учир нь энэ гурван хүн Үндсэн хууль битгий хэл хууль зүйн салбартаа ч нэр нь сонсогдоогүй, хуулийн мэргэжлийн ажил хийж бараг байгаагүй хүмүүс байна. 

Ц.Нанзаддорж нь 1996-2015 он хүртэл Төрийн өмчийн хорооны дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд эдгээр албан тушаалууд бол хуулийн мэргэжлийн ажил огт биш. Ямар сургууль хэзээ төгссөн нь тодорхойгүй. Магадгүй эрх зүйч байх. Гэхдээ энэ чиглэлээрээ огт ажиллаагүй. Ерөнхийдөө Үндсэн хуулийн маргаан эцэслэн шийдэх чадвар бүхий туршлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн энэ хүн ёс зүйн хувьд олон асуудал яригддагийг хэвлэлүүд бичсэн байдаг. Тухайлбал, 20 шахам жил төрийн албанд ажилласан мөртлөө хэдэн тэрбум төгрөг бүхий хөрөнгөтэй, үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй байсан, мөн шударга явагдсан эсэх нь эргэлзээтэй өмч хувьчлалуудыг явуулахад шууд болон шууд бусаар оролцсон гэж хэвлэлээр бичигддэг. Тэгэхээр үүнийг нь асууж, тодруулж, үнэнийг нь олох хэрэгтэй. Хэрэв эдгээр мэдээлэл үнэн бол Цэцэд очоод үнэнч шударга, зарчимч ажиллана гэж итгэх итгэл төрүүлэхгүй. 

Хоёрт нь Г.Туулхүү. Энэ хүн эрхзүйч мэргэжилтэй ч цэвэр мэргэжлийн ажил хийж байсан нь тодорхойгүй. Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж байсан тухай мэдээ байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил гэдэг нь цагдаатай адил буюу гарсан шийдвэрийг л хэрэгжүүлдэг хууль сахиулагч гэсэн үг. Юу гэхээр энэ хүн өөрөө хууль зүйн дүгнэлт гаргаад, бие даан, хараат бус шийдвэр гаргах мэргэжлийн ажил хийж байсан гэж үзэх боломжгүй. 

Гурав дахь хүн болох Б.Буяндэлгэр нь эрхзүйч мэргэжилтэй ч мөн л мэргэжлийн ажил хийж байгаагүй. Ихэнх хугацаандаа бизнес хийж байсан хүн юм билээ. Ардчилалд шилжсэн 28 жилийн 21 жилд нь хувийн компанид захирал, 3 жилд нь аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. УИХ-ын Тамгын газар ахлах рефрент хийж байсан ч энэ хугацаандаа зарим улсын талаарх лавлагаа гаргахаас илүү судалгаа хийж байсан тухай мэдээлэл алга. Эдгээр бүгд хуулийн мэргэжлийн ажил биш нь тодорхой.

Мөн Дорнод аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан улстөрч бөгөөд одоо АН-ын идэвхтэй гишүүн. Зарчмын хувьд бол Цэцэд томилогдох хүн нь нэр дэвшихээсээ өмнөх дөрвөөс доошгүй жил улс төрийн албан тушаал хашаагүй байх хэрэгтэй байдаг, тэгж байж хараат бусаар ажиллана, тэгж ажиллах итгэл төрүүлдэг. 

УИХ-аас нэр дэвшүүлсэн Ш.Солонгын хувьд эрх зүйч бөгөөд насаараа Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тэр дундаа хуулийн хэлтэст ажиллаж байсан. Нөгөө гурваа бодвол харьцангуй мэргэжлийн ажил хийж байсан. Гэхдээ яг Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хүн биш л дээ. 


 

Одоо нэгэнт УИХ-аас цэцийн шинэ гишүүдийг томилоод байна. Гэхдээ хуульчдын хувьд энэ асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандах боломжтойг хэлж байна.