УИХ-ын ээлжит сонгууль болохын өмнөхөн зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон болон шүүхийн хараат бус байдлыг сайжруулах асуудлаар МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцсан юм. Их урт ярилцлага болсон тул Өдрийн сонины боломжит талбайн хэмжээнд тохируулан уг ярилцлагыг нэлээн танаж 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэвлэсэн билээ. Хөндөгдсөн асуудлыг тойрсон тал талын үндэслэлийг хүргэх үүднээс ярилцлагын хасагдаж танагдаагүй бүтэн хувилбарыг та бүхэнд цахимаар хүргэж байгааг хүлээн авна уу.
-Нэр дэвшиж буй зургаан ч хүнийг цагдан хорьсон. Энэ нь хуульд хэр нийцэж байна вэ?
-Сүүлийн хэдэн өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт зургаан хүнийг цагдан хорих шийдвэрийг шүүх гаргав.
Эхнийх нь нэр дэвшигчийг цагдан хориход хуулийн ямар шаардлага хангасан байх юм бэ гэдэг асуудал яригдана. 2019 оны сүүлээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг цагдан хорихтой холбоотой маш тодорхой зохицуулалт бий.
Үүнээс бусдаар дээрх ажиллагааг хориглосон. 2019 төдийгүй 2011, 2015 оны сонгуулийн хуулиудад яг ийм хориглолт тусгагдаж олон жил үйлчилж байгаа.
-Тэгвэл дээрх нэр дэвшигчдийг хорихдоо ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй гээд байгаа. Шүүх энэ ажиллагааг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?
-Шүүх нэр дэвшигчдийг цагдан хорих шийдвэрүүдээ ил гаргасныг хайж олсонгүй. Саяхан Сүхбаатар, Чингэлтэйн эрүүгийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргасан байхыг харлаа.
Мэдэгдэлд Сонгуулийн тухай хуулийн түрүүний 35.2 заалтыг юу гэж тайлбарласан байна вэ гэхээр “Уг баталгаа нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа эхлүүлэхийг хориглож, ийнхүү эхлүүлэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах асуудалд хамааралтай байна.
Харин нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид урьд эхэлсэн ажиллагаандаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй” гэжээ.
Тэгэхээр шүүх эдгээр цагдан хоригдоод байгаа хүмүүсийн хэрэг нэр дэвшихээс нь өмнө үүсгэгдээд процесс явж байсан учраас Сонгуулийн тухай хууль үйлчлэхгүй гэсэн тайлбар хийж байгаа.
Гэтэл, яг Сонгуулийн тухай хуулийн 35.2 заалтыг уншихаар нэр дэвшигчийг баривчлах, саатуулах, цагдан хорих тухайд заавал нэр дэвшихээс өмнө эсвэл дараа нь гэж ерөөс ялгаагүй, аль алинд нь үйлчлэхээр бичигдэж.
Шүүх хуульд огт байхгүй зүйлийг байгаа мэтээр гуйвуулж байгаа нь харамсалтай. Нэр дэвшигчийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорих зэрэг ажиллагаа хийхийг хориглоно л гэж хуулийн 35.2-т заасан байх бөгөөд үүнд нэр дэвшихээс өмнө, хойно гэсэн ялгаатай гэж бичигдээгүй.
Энэ 35.2 заалтын цаад учир утга нь юу гэхээр иргэний сонгогдох, сонгох эрх, ардчилсан сонгуулийг шударгаар явуулах баталгаа юм. Сонгуулийн үеэр улстөрчид, намуудын дунд маш ширүүн өрсөлдөөн явдаг. Энэ өрсөлдөөндөө шүүх, хууль сахиулах байгууллагыг ашиглаж сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлсэн нэг төрлийн хамгаалалт.
Ялангуяа манайх шиг шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж чадаагүй улсын нөлөөлөх замаар иргэдийн төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдлэх, өөрсдийн элчээ илгээж парламентыг бүрдүүлэхэд саад учруулах эрсдэлтэй.
-Тэгвэл цагдан хоригдсон хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бий. УИХ-ын халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдсан хүнийг цагдан хорьсон явдлыг юу гэж ойлгох вэ?
-Цагдан хоригдсон зургаан хүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Энэ хүний хувьд нэр дэвшигчийн төдийгүй гишүүнийх нь хамгаалалт бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 29.2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.
Үүний дагуу oдоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2006 оны УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ээр УИХ-ын гишүүнийг “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж” эсхүл 6.9.2-ээр “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж,” улмаар Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан.
Мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж тодорхой заасан.УИХ-ын гишүүн гэдэг чинь иргэдийн төлөөлөл, ард түмний илч учраас ийм халдашгүй байдлын баталгааг анх 1997 оны УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд тусгаж 2006 оны УИХ-ын тухай хуульд уламжлан шингээсэн.
Энэ 23 жилийн хугацаанд хуулийн энэхүү заалтын хэллэгүүд нь маш тодорхой байж ирсэн төдийгүй энэ хугацаанд УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-аар шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих зэрэг ажиллагаа явуулж болохгүй гэж л ойлгож хэрэгжүүлж ирсэн юм.
Тухайлбал, яг адилхан 2006 оны УИХ-ын тухай энэ хууль үйлчилж байх хугацаанд өөр гишүүдийг баривчлах, цагдан хорих асуудал дандаа УИХ руу орж хэлэлцэгдэж байв.
Хамгийн ойрын жишээ бол УИХ-ын гишүүн Б.Батзориг, Н.Номтойбаяр, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-оруулж байсан. Энэ асуудал нь заавал түдгэлзүүлэх байдлаар биш харин хувь гишүүн нь өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж УИХ-аар шийдвэрлүүлж байв.
Гэтэл 23 жил тогтсон практик, олон жил үйлчилсэн хуулийн илэрхий зохицуулалтыг шүүх сахихгүй байгаа тул шүүх хараат бус байна уу гэдэгт эргэлзэж буй хүмүүсийг буруутгахгүй ээ.
-УИХ-ын гишүүнийг цагдан хорихдоо шүүхээс өөр ямар үндэслэл ярьсан бэ?
-Парламентын гишүүний халдашгүй байдал гэдгийг явцуу эсхүл өргөн утгаар ойлгодог. Парламентад хэлсэн үгнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн явцуу утгаар Вестминстер загвартай улсуудад хэрэглэх нь түгээмэл.
Франц зэрэг улсад энэ утга дээр нэмээд парламентын гишүүнийг парламентын зөвшөөрөлгүйгээр баривчлах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглох гэсэн өргөн агуулгаар хэрэглэдэг. Гишүүний халдашгүй байдал нь онолын хувьд ийм боловч улс бүр өөр өөрийн хуулиараа үүнийг зохицуулдаг.Монгол Улсын Үндсэн хуулийн 29.2-т “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.
УИХ-ын тухай хуульд 2 янзаар энэхүү халдашгүй байдлыг хамгаалсан.
Нэгд, уг хуулийн 34.3-т “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, бусад шийдвэрийн төсөл, хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан.
Хоёрт, УИХ-ын тухай хуулийн 34.7-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд гишүүнийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих зэргийг хориглосон. Ийм хоёр агуулга хуульчлагдсан байхад анхан шатны шүүх зөвхөн эхнийхээр нь явцууруулсан тайлбарыг мэдэгдэлдээ хийсэн.
Тодруулбал, шүүхийн мэдэгдэлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг “ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй” гэжээ.
Шүүх ингэж УИХ-ын тухай хуулийн 34.3, 34.7-д заасан зохицуулалтыг хольж хутган, нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэж буйд гайхаж байна.
Шүүхийн мэдэгдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-р зүйлийн 6-д “Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно” гэж заасныг дурдаж УИХ-ын тухай хуулийн 34.7-ыг хэрэглэхгүй гэжээ.
Шүүх ингэж УИХ-ын тухай хуулийн 34.3, 34.7-д заасан зохицуулалтыг хольж хутган, нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэж буйд гайхаж байна.
Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-р зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байгаа дээр тайлбар хэлсэнгүй.
Эдгээр заалтуудыг харьцуулан харвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-р зүйлийн 1-д заасны дагуу шүүх УИХ-ын тухай хуулийн 34.7-г чандлан сахих үүрэгтэй, харин 1.6-р зүйлийн 6 бол “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам”-ыг хуулиас гадуур гаргахыг л хориглож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой аливаа хуульд заасан журмыг баримтлах үүргээс шүүгчийг чөлөөлөөгүй.
Тийм ч учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль төдийгүй Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, УИХ-ын тухай зэрэг бусад хуулийг чанд сахих үүрэгтэй.Энэ нь 23 жил тогтсон ойлголт, хэвшсэн практик.
Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийн үүднээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг яаж зохицуулах эсэх нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх хууль зүйн бодлогын асуудал.Үндсэн хуульд заасны дагуу хуулиар тогтоосон гишүүний халдашгүй байдлыг үл тоох нь шүүгч гагцхүү хуульд захирагдах үүргээ умартсан хэрэг болно.
Сая цагдан хоригдсон нэр дэвшигчдийн гэм буруутай эсэхийг УИХ-д сонгогдсон эсэхээс нь үл хамааран хянан шийдвэрлээд, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол зохих хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар тогтоохдоо хэт өндөр босго тавьсан гэдэг нь профессор Ч.Энхбаатар багшаар ахлуулсан бидний багийн 2016 оны судалгаагаар тогтоогдсон л доо.
Сүүлийн 30 жилд олон арван УИХ-ын гишүүн авилгын гэмт хэрэгт буруутгагдаж бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж байсан ч дийлэнхдээ татгалзаж тухайн гишүүний гэмт хэргийг шалгах ажиллагаа мухардалд орж байсан.
Гишүүний халдашгүй байдал бол УИХ-ын онцгой бүрэн эрх хэрэгжих зориулагдсан баталгаа болохоос гишүүн хувь хүнийхээ хувьд үйлдсэн гэмт хэрэг, зөрчилд хариуцлага хүлээлгэхгүй байх давуу эрх биш.
Өөрөөр хэлбэл, халдашгүй байдлаар халхавчилж гэмт хэрэгтнүүд УИХ-д нуугддаг, дархлагддаг байж болохгүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг сулруулж гэмт хэрэгт шалгах, хариуцлага тооцох боломж олгохоор хуульчлахыг дэмждэг ч энэ шинэчлэлийг шүүхээ хараат бус болгох эрх зүйн орчин бүрдүүлсний дараа судалгаанд тулгуурлан хийх хэрэгтэй.
Шүүх нь хараат бусаар ажиллах боломж хязгаарлагдмал өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг сулруулчихвал түүнийг улс төрийн явцуу сонирхлоор ашиглаж, парламентыг тогтворгүй байдалд оруулах магадлалтай. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг өндрөөр хамгаалсан хууль нь өөрчлөгдөөгүй байхад шүүх түүнийг үл тооно гэдэг бол байж боломгүй.
-Цагдан хоригдсон хүмүүсийг буруугүй, буруутай гэж энд ярихгүй. Гол нь сонгуулийн үеэр нь хуулиа зөрчин байж гэнэт баривчилгаа явуулсан нь цаанаа ямар нэг улс төрийн санаа байна уу. Бүр цаашилбал шүүх, хуулийн байгууллагын томилгоог гартаа авсан Ерөнхийлөгчийн явуулга, нөлөөлөл ч гэж хардах хүмүүс ч байна...?
-Судлаачийн хувьд шууд шүүхэд нөлөөлсөн гэж би хэлж чадахгүй. Гэхдээ явж байгаа процесс нь өөрөө их сонин. Юуны өмнө, нэр бүхий зургаан хүнтэй холбоотой хэргүүдийн хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээн удаан явагдаж байгаа. Гэтэл, гэнэт сонгуулиас хэдхэн өдрийн өмнө эдгээр хэрэг шүүх дээр зэрэг зэрэг хэлэлцэгдээд байгаа нь тохиолдол уу?
Хоёрдугаарт хэргийг өөр өөр шүүгч нар шийдэж байж яагаад хуулийн илэрхий зохицуулалт, тогтсон ойлголт, өмнөх практикийг илт үгүйсгэсэн тайлбарыг нэгэн зэрэг хийж гайхшир төрүүлээд байна.
Гуравдугаарт Монголын эрх зүйн түүхэнд байгаагүй өндөр барьцаа тавьж үүнийгээ байрлуул, чадахгүй бол цагдан хорино гэсэн шаардлага тулгав уу?
Ж.Эрдэнэбат гишүүн дээр ч, бас өөр 2 нэр дэвшигч дээр ч яагаад яг адилхан 10 тэрбум төгрөгийн адил барьцааны хэмжээ тавив? Эдгээр нь арай сонгуульд нөлөөлөх зорилготой биш байгаа, сонгогчдын санал өгөлтөд нөлөөлөх, магадгүй цаашаа парламентыг хүчгүйдүүлэх зорилго байна уу гэж иргэд хардаж байгааг оргүй гэж бодохгүй байна.
-Ийм хардлага үүсэх шалтгаан нь юу вэ?
-Өмнөх Ерөнхийлөгчийн үед 5-6 жилийн өмнө ч бид ярьж байсан. 1992 оныхоо Үндсэн хуулиар Монголд анх удаа хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох суурийг тавьсан, эрх зүйн шинэтгэлүүд хийгдсэн, олон алхам урагшилсан.
Гэхдээ маш том алдаа нь юу байсан бэ гэхээр Ерөнхийлөгч гэдэг институтийн зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг бий болгочихсон. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээс нь гадна маш олон бүрэн эрхийг Ерөнхийлөгчид ердийн хуулиар өгсөн нь шүүх эрх мэдэлд шууд нөлөөлөх эсхүл тэгж ойлгогдох байдлыг үүсгэсэн.
Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох л бүрэн эрхтэй. Гэтэл Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид огт олгоогүй бүрэн эрхийг хуулиудаар нэмээд өгчихсөн нь одоог хүртэл үйлчилж байна.
Жишээлбэл, Ерөнхийлөгч Дээд шүүхээс бусад бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, шүүгчийг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалт Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс буюу 1993 оноос хойш үйлчилж байна. Н.Багабанди Ерөнхийлөгч байхад 2002 онд батлагдсан хуулиас хойш Шүүхийн сахилга, ёс зүйн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч томилдог болсон.
2012 онд гарсан хуулиас хойш Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг бүгдийг нь томилдог болчихсон бөгөөд үүнийг санаачилж хийсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө. За тэгээд Ерөнхийлөгч бол Шүүгч сонгон шалгаруулах журам, Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм гээд маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн.
Хэрэг маргааныг хараат бусаар, шударгаар хуулийн дагуу хянан шийдвэрлэж буй эсэхэд үүсгэж буй энэхүү эргэлзээг “шударга бусын хонгил” гэж нэрлээд байгаа.
“Дайран дээр нь давс” гэгчээр өнгөрсөн жил буюу 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж батлуулсан хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах тухай зөвлөмж гарах юм бол Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгон Ерөнхийлөгчид өөрт нь уламжилдаг болчихсон. Энэ зөвлөмжид үндэслэл дурдахыг ч хууль шаардаагүй нь өөрөө шүүгч нарт маш том айдас үүсгэчихсэн.
Хэрвээ энэ хүчтэй институтээс ямар нэг зүй бус нөлөө ирэхэд үгүй гэж хэлэх юм бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өөрийнх нь томилсон Ерөнхий зөвлөлд зөвлөмж очоод, улмаар Ерөнхийлөгчид өгч хугацаагүй түдгэлзүүлчихнэ, огцруулчихна.
Өнгөрсөн жил Салхитын ордны хэрэг дээр 17 шүүгчийг хоморголж түдгэлзүүлсэн гэж ойлгогдсон. Учир нь, энэ хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь цөөхөн. Ихэнх шүүгчийн бүрэн эрхийг нь буцаагаад сэргээсэн.
Мөн, дөнгөж томилогдоод нэг жил болж байсан Дээд шүүхийн ерөнхий шүүгч шалтгаанаа нийтэд мэдэгдэлгүйгээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь энэ мэт эрсдэлтэй холбоотой биш биз гэж яригдсан.
Эндээс харахад хэвийн юм шиг боловч шүүгч нарт айдас үүсгэчхэж байгаа байхгүй юу.Шүүгч нар ямар нэгэн нөлөөллийг хүлээж авахгүй бол иймэрхүү байдалд хүрнэ шүү гэсэн айдас үүсгээд байна уу. Ийм аюултай зохицуулалт ямар ч шаардлагагүй.
-Товчхондоо шалгадаг, хянадаг, хариуцлага тооцдог эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу ажиллахаа байж ганцхан хүний эрх ашгийн төлөө ажиллаж байна гэж хэлж болохоор байна. Тийм үү?
-Ерөнхийлөгчийн нөлөө зөвхөн шүүхээр хязгаарлагдахгүй. Үндсэн хуулийн дагуу тэрбээр Ерөнхий прокурор, түүний орлогчдыг УИХ-тай зөвшилцөн томилдог. Ардчилсан улсуудын ерөнхий прокуророос ялгаатай нь манай Ерөнхий прокурор бараг л “хаан” шиг эрх мэдэлтэй: доод шатны прокурорыг томилох, шилжүүлэх, тушаал дэвшүүлэх, түдгэлзүүлэх, огцруулах эсэхийг бараг л үзэмжээрээ шийддэг төдийгүй хүссэн хэргээ татаж хянах боломжтой.
Тэгэхээр Ерөнхий прокуророор дамжуулан ямар ч прокурорт нөлөөлөх эрсдэл бий. Үүн дээр нэмээд 2006 оноос хойш АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог болсон бөгөөд энэ хууль нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед батлагдсан. Дээрээс нь ахиад өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргавал Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгодог болчихсон.
Ерөнхийлөгч өмнө нь шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагыг шууд томилох буюу санал оруулж томилуулдаг байсан бол одоо хүссэнээрээ огцруулах, түдгэлзүүлэх бүрэн эрхтэй болсон. Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл ногдуулах гэх мэт ажиллагаа болон үүнийг хийх бүрэлдэхүүн тэр чигээрээ Ерөнхийлөгчөөс хамааралтай тухай түрүүн хэлсэн.
Энэ бүхнээс үүдэн авлигын хэргийг мөрдөн шалгадаг АТГ ч, түүнд хяналт тавьж ялладаг прокурор ч, түүнийг хянан шийдвэрлэдэг шүүх ч Ерөнхийлөгчийн нөлөөнд орох эсхүл тэгж ойлгогдох эрх зүйн орчин байсаар байна.
Хэрэг маргааныг хараат бусаар, шударгаар хуулийн дагуу хянан шийдвэрлэж буй эсэхэд үүсгэж буй энэхүү эргэлзээг “шударга бусын хонгил” гэж нэрлээд байгаа.
-Шүүгч нарт хэрэг хуваарилах талаар та түрүүн хэлж байсан. Манайд ер нь хэрэг хуваарилах процесс хэрхэн явагддаг бол?
-Монголд 550 гаруй шүүгч бий. Тэдний олонх нь шударга, зарчимч, маш сайн ажилладаг гэдэгт итгэдэг. Гэвч, шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлүүд манайд өнгөрсөн 28 жилийн хугацаанд үүссэн талаар сая ярилаа. Манайд төдийлөн сөхөгддөггүй боловч иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх хэрэгжихэд маш чухал нэг зүйл бол хэрэг хуваарилах журам юм.
Гэтэл энэ манайд учир дутагдалтай явж ирсэн. Шүүхийн тухай 2012 оны хуулийн 25.2.8-д шүүгчдийн зөвлөгөөн “хэрэг хуваарилах журам”-ийг батална гэж заасны дагуу шүүх бүр энэ журмаа өөрөө тогтоож буй нь тодорхойгүй байдлыг үүсгээд зогсохгүй авлига, зүй бус нөлөө орох эрсдэл үүсгэдэг.
Шүүхийн ерөнхий зөвлөл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад хандан Монголын шүүхийн хууль тогтоомжид хөндлөнгийн дүгнэлт хийгээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүний хариу өнгөрсөн гуравдугаар сард ирсэн.
Үүнд манай шүүх хэргийг хуваарилах журмаа өөрөө тогтоодог нь урьдчилан тогтоосон, тодорхой, ил тод, объектив эсвэл тохиолдлын шалгуураар хуваарилагдаж байх ёстой гэсэн эрх зүйт төртэй улсын зарчим хангагдахгүй байна гэсэн зөвлөмж ирүүлсэн.
Энэ яагаад чухал вэ гэхээр шүүх маргаанд ямар нэг ашиг сонирхолтой этгээд тэр хэргийг хэн шийдэх вэ гэдгийг сонгож эсхүл нөлөөлж болохгүй. Хүн, хуулийн этгээд өөрийнх нь ашиг сонирхолтой холбоотой хэргийг хүссэн шүүгчээрээ шийдүүлж болохгүй.
Ерөнхийдөө шүүхүүд өөрсдөө шийддэг учраас тухайн хэрэгт ашиг сонирхолтой этгээдүүд хүссэн шүүгчээрээ шийдүүлэх эрсдэлийг үүсгээд байгааг хуулиар засах хэрэгтэй.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой зэрэг хэрэг тодорхой шүүгчид хуваарилагдлаа гэж шүүмж гарсан нь үүнтэй холбоотой. Мөн, түрүүн яригдсан 6 нэр дэвшигчийг цагдан хорьсон шийдвэрүүдэд нэг цаг хугацаанд хуулийг яг адилхан тайлбарлаад адилхан 10 тэрбумын барьцаа тавиад шийдсэн.
Үүнийг зохион байгуулалтай гэж хардах шалтгаан нь нэг албан тушаалтны шүүхэд нөлөөлөх өндөр эрсдэлээс гадна хэрэг хуваарилах тодорхойгүй журмаас улбаатай.
-Шүүхийг хараат бус болгох гарц нь хуулиа сайжруулах гээд байгаа. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хариуцсан ажлын дэд хэсгийг ахалж байсан. Энэ юу болсон бэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан. Шүүхийн асуудал нэлээд зовж байж батлагдсан. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд уг нь шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох есөн заалт байсан. Нэг хүнд эрх мэдэл хэт төвлөрч үүссэн эрсдэл буюу “шударга бусын хонгил”-ыг задлах агуулга цогцоороо орсон байсан.
Гэвч, өнгөрсөн жил наадмын дараа Ерөнхийлөгч энэ есөн заалтыг бүгдийг хас гэсэн санал өгсөн. Тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр гурван ч удаа “Ерөнхийлөгчийн саналыг авч шүүх дэх эрх мэдлийг нь үлдээхгүй бол Ерөнхийлөгч шинэ Үндсэн хуулийг дэмжээд явна шүү” маягийн ийм сүрдүүлэг мэт зүйл хэлсэн нь протоколд ч бий.
Хоосон үг байгаагүй нь Ерөнхийлөгчийн засаглалаар ард нийтийн санал асуулга хийе гэсэн саналыг Ерөнхийлөгч хожим гаргаснаас харагдсан. Гэхдээ, “чамлахаар чанга атга” гэгчээр УИХ шүүхийг хараат бус, хариуцлагатай болгох дөрвөн чухал заалтыг Үндсэн хуульд оруулсан бөгөөд эдгээрийг хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 33.4-д заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь л Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх хуулиар олгож болно гэж заасан. Үндсэн хуулиар олгосноос гадуур бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар нэмж өгөхийг ийнхүү хориглосон нь шүүхийг хараат бус болгоход шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс, Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид шууд олгоогүй бүрэн эрхийг нь ердийн хуулиас хасах ажлыг яаралтай хийх ёстой.
Жишээлбэл, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүнийг томилох, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчдийг томилох зэрэг бүрэн эрхийг хуулиас хасаж зохистой зохицуулах нь чухал. Ингэж байж Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн Үндсэн хуулийн байрандаа ирнэ.
Хоёрдугаарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч томилохыг болиод, түүний 10 гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдсон гишүүн, нөгөө тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэсэн заалт Үндсэн хуульд шинээр тусгагдсан. Даргаа дотроосоо сонгох, гишүүдийн талыг нь шүүгчид сонгохоор заасан нь уг зөвлөлийг улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид байх нэг баталгаа.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад шүүгчдийн явцуу ашиг сонирхол хэт ноёлохоос сэргийлэх үүднээс бүрэлдэхүүний тал нь шүүгч биш байна. Шүүгч биш таван гишүүнийг нь нээлттэйгээр нэр дэвшүүлэх, тал талын оролцоотой, тэнцвэртэйгээр сонгон шалгаруулах, нийтийн сонсгол хийсний үндсэн дээр томилох нарийвчилсан зохицуулалтыг хуульчлах шаардлагатай.
Гуравдугаарт Шүүхийн сахилгын хороо гэж шүүгчид огцруулах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй байгууллагыг байгуулсан. Шүүгчийн сахилгын тогтолцоонд Шүүхийн ерөнхий зөвлөл ордог байсныг болиулаад бие даасан болгох зохицуулалт оруулсан. Ерөнхий заалт учраас мөн л бүрэлдэхүүнийг нь тал талын оролцоотой, тэнцвэртэй, ил тод байлгахаар хуульчлах, үйл ажиллагааны журмыг нь шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг олж нарийвчлан хуульчилж байж энэ өөрчлөлт амилна.
Дөрөвдүгээрт шүүхийг тойргийн журмаар байгуулах. Дүүргүүдийг эсхүл аймгуудыг хамарсан тойргийн шүүх байгуулах, улмаар шүүхийн хүртээмж, чанарыг сайжруулах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ дөрвөн зохицуулалтыг хуульд зөв буулгаад тууштай хэрэгжүүлбэл шүүхийг нэг талаас хараат бус, нөгөө талаас хариуцлагатай болгох боломжтой.
-Шүүхийн тухай хуулийг одоогийн УИХ баталчих боломж байсан хэдий ч зориуд гацаачихав уу?
-Хууль зүйн яам Шүүхийн тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Өргөн барихаасаа өмнө төслөө нээлттэй тавьж хуульчид, судлаачид, шүүгчдийн саналыг тусгаж харьцангуй чамбайруулсан байсан. Энэ төслийг засаж сайжруулаад энэ УИХ баталчхаасаа гэж найдаж байсан.
Гэтэл Ерөнхийлөгч Монголын хуульчдын холбоонд даалгавар өгч Шүүхийн багц хуулийн тусдаа төсөл бичүүлсэн. Энэ төсөлд авчихмаар зарим заалт оруулсан боловч харамсалтай нь Дээд шүүхээс бусад бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд оролцох зэрэг өнөөх Үндсэн хуульд байхгүй бүрэн эрхийг өөрт нь Ерөнхийлөгч үлдээх агуулгатай байсан.
Хуульчдын холбоо өмнө нь хуулийн төсөлд саналаа өгөхдөө дандаа нээлттэй хэлэлцүүлж хуульчид, судлаачдын саналыг тусгадаг байсан ч энэ удаа тэгээгүйд гайхсан. Тэгээд Ерөнхийлөгч энэ төслөө өргөн барьсан. Ингээд УИХ дээр хоёр төсөлтэй болчхож байгаа юм.
Ерөнхийлөгчийн төсөл хууль тогтоомжийн хувьд олон нийтээр хангалттай хэлэлцүүлээгүй, цаг хугацааны шаардлага хангаагүй зэрэг асуудлаас болоод Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхээс татгалзсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэлгүй зогссон.
-Таныхаар бол Хууль зүйн яамнаас боловсруулсан төслийг одоо шинэ парламент гарч ирэхдээ даруй хэлэлцэж батлах л ганц найдвар гэх гээд байна уу?
-Шинэ УИХ, түүний байгуулах Засгийн газар нэгэнт өргөн баригдсан Шүүхийн тухай хуулийн төслүүдийг цааш хэлэлцээд явах уу, эсхүл татаж аваад шинээр боловсруулж өргөн мэдүүлэх үү гэдгээ шийднэ.
Энэ нь аль нам, эвсэл олонх болохоос хамаарах байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсхүл шинээр батлахаас өөр аргагүй. Өмнө хэлсэнчлэн үе үеийн Ерөнхийлөгч нарт эрх мэдэл төвлөрч шүүхэд хэт нөлөөтэй болчихсон. Уулнаас буусан цас доошоо уруудаж томорсоор өнөөдөр бид барьж дийлэхгүй хүчтэй болчихсон.
Зарим ерөнхийлөгч нь өөрөө хуулийн төсөл санаачилж бүрэн эрх олж авсан байхад заримдаа бусад этгээд тал засаж эсхүл төрийн тэргүүн гэж хүндэтгээд эрх мэдэлжүүлсэн. Ерөнхийлөгч бол улс төрч, маш идэвхтэй тоглогч тул бид түүнийг төвийг сахисан этгээд мэтээр төөрөгдөж болохгүй.
Үүнийг шийдэх гарцыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нээсэн. Одоо зоригтой, тууштай хэрэгжүүлэх л чухал, тэгж чадвал шүүхийг бид хараат бус, бие даасан болгож чадна. Тиймээс дараагийн парламентад энэ хариуцлагатай ажил шилжиж байна.
Миний хувьд ХЗДХЯ-ны болон Ерөнхийлөгчийн ажлын хэсгүүдэд багтаагүй. Гэхдээ шүүхийг судалж гурван ном бичсэн судлаачийн хувьд зүгээр суугаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг буулгаж хууль гаргавал ямар байх ёстой гэдгийг Хууль зүйн яамны төсөл дээр жишээлээд 200 хуудас ном бичиж онлайнаар хэвлэсэн. Энэ номоо бичиж байхдаа яамны ажлын хэсэгт дэлгэрэнгүй саналаа өгснөөс нэлээдийг нь төсөлдөө тусгаж өргөн барьсанд талархаж байгаа.
Манайд бол ардчилал элэгдэж буй зарим шинж байна. Тухайлбал, шүүх, Цэцийг хэрхэн улс төрөөс хараат байлгаж эсхүл болгож буй.
Цаана нь бас чухал хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал хэлэлцэгдэхээр үлдчихсэн байгаа. Цаашдаа судлаачийн хувьд энэ асуудалд үгээ хэлээд явна. Ганцхан би биш бусад олон судлаачид, хуульчид санаа зовж байгаа.
Учир нь хараат бус шударга шүүх байхгүй бол хуульчийн ажил ямар ч үнэ цэнгүй. Хуулийн маргаан чинь өөрөө шүүхийн өмнө хэн сайн нотлох баримт, үндэслэл гаргаснаар шийдэгдэх номтой. Зүй бус нөлөө орох эрсдэлтэй байгаа бол ямар ч сайн үндэслэл, баримт хэлээд нэмэргүй, харин танил тал, нөлөөтэй нь хуульч болох эмгэнэлт байдал үүснэ.
Тэгэхээр хуульчдын ажил утгагүй болно. Нөгөө талаар улс төрийн, эдийн засгийн том ашиг сонирхол маргаан шүүхээр орж ирдэг. Ийм маргаан дээр жирийн иргэд энэ том ашиг сонирхолтой тулбал хуулийн хамгаалалтгүй хэрчүүлээд л өнгөрөх магадлал байна уу гэж бодогдох үйл явдал манайд гарч байсан. Бид үр хүүхдэдээ, ирээдүй хойч үедээ сайн хүмүүжүүлж, мэдлэг боловсрол олгож, жаахан ч гэсэн хөрөнгө өвлүүлж болно.
Гэвч, хараат бус, хариуцлагатай шүүхгүй бол ямар ч баталгаагүй, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө гэх мэт үнэтэй цэнтэй бүхэн нь том ашиг сонирхлын өмнө хүчин мөхөстөх эрсдэлтэй байсаар байна.
Дийлэнх улс төрчид эрх мэдэлтэй, нөлөөтэй байхдаа шүүхийн шинэчлэл ярихаар тоодоггүй. Энэ талаар ярьсан ганц нэгнээ шахаж зайлуулна. Ерөнхий сайд, сайд, гишүүн байхдаа яг ийм байдлаар хандаж байсан зарим хүн үүнийхээ горыг нь өөрөө амсаад ирэхээр “хараат бус, шударга шүүх” гэж яриад эхэлж байгаа байхгүй юу.
Зарим нэг нь “шударга бусын хонгил” гэж хашхираад өөрийнхөө гэмт буутай үйлдлийг хаацаалж байхыг ч үгүйсгэхгүй. Ирээдүй хойч үеийнхээ төлөө шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай болгохын тулд бид ойлголцож засаж сайжруулах ёстой. Шүүх бол хүний эрхийн баталгаа.
Иргэн, хуулийн этгээд амьдралынх нь хамгийн чухал асуудал хөндөгдөхөөр шүүхэд ханддаг. Шүүх хуулийг хэрэглээд яг нотлох баримт, үндэслэлээрээ аль нь илүү байна, тэр талд нь шийдэх ёстой. Энэ хариуцлагатай, ёсзүйтэй тогтолцоогоо бид бүрдүүлж чадахгүй бол хэцүү.
-Ер нь парламентыг хүчгүйдүүлж, ардчиллыг дарах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох алхмууд явагдаж байна гэж учир мэдэх хүмүүс ч хэлж байна. Энэ хэр үнэний ортой вэ?
-Үгүйсгэхгүй ээ. Адил гараанаас гарсан пост социалист эсхүл доогуур дундаж орлоготой бусад орнуудтай харьцуулахад бид ардчилсан улсад багтдаг. Ардчилал хоёр янзаар устдаг.
Нэгдүгээрт онц байдал зарлаж төрийн эргэлт хийж хүчээр төрийн эрх мэдлийг авч дарангуйлагч гарч ирсэн тохиолдол Тайланд, Ваймерын Герман зэрэгт гарч байсан. Үүнийг бол нуралт гэж байгаа юм. Ардчилал устах нөгөө зам нь элэгдэл.
Үндсэн хуулийн цэц, шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий аудитор, иргэний нийгэм зэрэг хараат бус байх байгууллага нь хараат бус байдлаа бага багаар алдсаар нэг мэдэхэд дарангуйлагч төрүүлж түүнийгээ хянаж чадахаа больчихдог. Үүний тод жишээ бол Унгар. Энэ улсад Үндсэн хуульт ардчилал харьцангуй сайн төлөвшиж байсан ч 2010 оноос хойш Орбан Үндсэн хуулиа бүхэлд нь шинэчлэн найруулах замаар хараат бус институтуудыг үгүй хийж байна.
Сая ковид 19-ийг далимдуулж дарангуйлагч болох замаа улам дардан болгоод авлаа. Энэ процесс 10 жил үргэлжилж ардчилал нь элэгдээд бараг дуусах шахаж байна.
Манайд бол ардчилал элэгдэж буй зарим шинж байна. Тухайлбал, шүүх, Цэцийг хэрхэн улс төрөөс хараат байлгаж эсхүл болгож буй. Мөн, ерөнхийлөгчийн засаглал нэртэй дарангуй дэглэмд шилжих, шинэ Үндсэн хуультай болохыг нэр бүхий намууд, улс төрчид яриад зогсохгүй сонгуулийн мөрийн хөтөлбөр болгоод явж байна. Ерөнхийлөгч ч сүүлийн жилүүдэд шинэ Үндсэн хуулийг цухалзуулсан, албан ёсны санал ч гаргасан.
Одоо бодлоо хаясан эсэхийг мэдэхгүй. Энэ элэгдлийг сааруулах, зогсооход чиглэсэн эерэг алхам хийгдсэн нь яах аргагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Одоо энэ нэмэлт, өөрчлөлтийг дагасан 40 гаран хуулийг үзэл баримтлалынх нь дагуу батлах хэрэгтэй, үүнийг сайн хийж чадах бүрэлдэхүүн бүхий УИХ-ыг гаргах эсэх нь иргэдийн сонголт болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!