Монголчуудын хайртай дуучин “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жужигчин Д.Жаргалсайханаас үзэх дуртай киноных нь талаар лавсан юм.
Тэрбээр “Анхны алхам” киног хэд үзсэн ч уйддаггүй төдийгүй дуунд нь "дурлаж” явдаг гэнэ билээ. Дамрамд сонирхуулахад, энэ киноны тухай ярьж байх зуураа дууг нь нэг бадаг дуулж өгсөн шүү.
-Та кино хэр их үздэг вэ?
-Ер нь үзнэ шүү. Зав л байвал ямар ч хамаагүй кино үзнэ. Дайн байлдаантай, адал явдалт, зөгнөлт, түүхэн, инээдмийн гээд бүгдийг үзнэ шүү.
-Сэттэлд тань хоногшсон кинонуудаасаа нэрлээч?
-“Анхны алхам”. Том хэмжээний драм биш ч гэлээ, үнэхээр хүний сэтгэлийн утсыг хөндөж, нүднээс нулимс унагаж чадсан гайхалтай бүтээл. 1970-аад оны эхээр гарч байсан ч одоо хүртэл сэтгэлд хоногшин үлдсэн. Энэ киног телевизээр гарч байхтай таарвал яаж ийж байгаад л үздэг. Хэд үзээд ч уйдамгүй.
-Яг юу нь таныг ингэтэл татсан юм бэ?
-Жүжигчдийн тоглолт, монгол ахуйг дүрсэлсэн арга хэлбэр, энгийн байдал, намрын уйтгартай зураглал, ахмадуудын сургамжилсан үг хэллэг гээд бүхий л зүйл нь таалагддаг. Киноны төгсгөл хэсэгт нэг бүтэлгүй дурлал гардаг. Түүнийг би дурлал, шохоорхол, хайр аль нь болохыг хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ тэр богинохон хугацаанд жүжигчдийн ур чадвар, өгүүлэмж, хүмүүсийнх нь харц гээд бүгдийг маш энгийн атлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэж чадсан.
-Анх хэдэн настайдаа энэ киног үзэх байв. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би “Анхны алхам” киноны анхны үзэгчдийн нэг. Яг хэдэн настай байснаа тодорхой санахгүй байна. Найзын минь аав Кино үйлдвэрт ажилладаг байсан. Тухайн үед шинэ кино хийчихээд түүнийг туршилтаар Кино үйлдвэрийн ажилчдын ар гэрийнхэнд үзүүлдэг байсан юм. Найзын минь аав эхнэр хүүхдүүддээ үзүүлэхэд нь би найзтайгаа хамт очоод үзчихсэн юм.
Кино үйлдвэрийн үзвэрийн жижигхээн танхимд дүүрэн хүн үзэж байсны нэг нь бий. Анх удаа шинэ кино үзвэрийн танхимд үзсэн болохоор сэтгэлд тод үлдсэн ч байж мэдэх юм. Тэр танхимд сууж байсан хүмүүсийн олонхийнх нь сэтгэлийг хөдөлгөж, тухайн үедээ ярианы сэдэв болж байсныг тодхон санаж байна.
-Энэ киноны дуунд хүмүүс дуртай юм билээ?
-Тийм ээ. “Анхны алхам” киноны бас нэг гайхалтай зүйл нь энэ. Дуу, кино урлаг яаж хосолж, хүний сэтгэлийн гүнд хүрч чаддагийн жишээ болсон. Гавьяат Банзрагч гуайг "Хонгор насны хосгүй учралаар Хайрын дээдээр чатдаа даслаа”
гээд дуулж байгааг сонссон хүн бүр дагаж дуулдаг. Би ч гэсэн энэ дуунд дуртай. Одоо ч гэсэн хааяа өөрийн эрхгүй амандаа аялчихсан явж байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!