Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Германд сурвал мэдлэгээс гадна соёл, хүмүүжлийн зөв дадалд суралцдаг"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Герман улсад суралцахаар төлөвлөж буй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо буюу "МАS Berlin" оюутны холбооноос "Германд хэрхэн суралцах вэ" ээлжит нээлттэй өдөрлөгийг өнөөдөр үнэ төлбөргүй зохион байгууллаа.

"Германд хэрхэн суралцах вэ" өдөрлөг өмнө нь хоёр удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаагийн өдөрлөгт нийт 400 гаруй оюутан залуус хамрагдсан байна.

 Герман улсад 2,000 орчим Монгол оюутан зөвхөн их дээд сургуульд нь суралцаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Герман улсын Потсдамын их сургуулийн оюутан Н.Номин-Эрдэнэ "Бидний зохион байгуулсан гурван удаагийн өдөрлөгт заал дүүрэн оюутан залуус ирдэг нь энэ талаар мэдээлэл хэрэгцээ маш их байгааг илтгэж байна.

Би өөрөө Герман улсын Потсдам хотын их сургуульд улс төрийн чиглэлээр мастерт суралцдаг.

Германы их дээд сургуулиуд нь үнэ төлбөргүй гэдгээрээ бусад олон орноос давуу талтай юм.

Мөн Германы боловсролын систем нь дэлхийд дээгүүрт байр эзэлдэг учраас тэнд боловсрол эзэмшсэн хүн хаана ч нүүр бардам явж чаддаг.

Тухайлбал, Герман улсад суралцсанаар зөвхөн боловсролын мэдлэгээс гадна тэнд ажиллаж, амьдарч буй залуус Герман хүмүүсийн цаг баримтлах зарчим болон аливаа зүйлийг яг ёсоор нь, дарааллын дагуу хийдэг зан чанар гэх мэт олон зөв дадлаас нь суралцаг. 

Мөн Германд оюутнууд нь хичээлийнхээ хажуугаар дадлагажих, ажиллах боломж нь бусад орныг бодвол илүү нээлттэй байдаг.

Германд суралцах хүсэлтэй хүүхдүүд багаасаа бэлдвэл илүү боломж өндөртэй санагддаг. Учир нь Монголд байдаг Герман-Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд суралцвал хэл нь тодорхой түвшинд сайжирч, хэлний түвшин тогтоосон сертификат олгодог.

Тийм сертификаттай хүүхэд шууд л Германы их, дээд сургуульд элсэх боломжтой байдаг юм.

Харин Герман хэлний гүнзгийрсэн сургалттай сургуульд сураагүй бол хүүхдүүд 1-2 жил Герман улсад танигдсан Монголынхоо их дээд сургуульд сурсны дараа Герман улсад очоод хэлний курс, бакалаврт нь элсэх боломж бүрддэг.

Энэ мэт дэлгэрэнгүй мэдээллийг үйл ажилагааны турш оюутнуудад зөвлөж байгаа учраас Германд суралцах сонирхолтой залуус манай өдөрлөгөөс өөрт хэрэгтэй мэдээллээ авч амжилтын гараагаа эхлээсэй гэж бодож байна.

Одоогоор Герман улсад 2,000 орчим Монгол оюутан зөвхөн их дээд сургуульд нь суралцаж байна. Статистикаас харахад Германыг зорьж буй оюутан залуусын тоо жил ирэх тусам байнга өсөж байна " гэв.

Герман дахь Монгол оюутнууд ихэвчлэн анагаах ухаан, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр суралцаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Герман улсын Мюнхен хотын захиргааны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Маргад "Би Герман улсад төрж өссөн болхоор Монголтой харьцуулан ярихад хэцүү байна.

Гэхдээ Германы боловсрол өндөр түвшинд байдаг гэдгийг онцолмоор байна.

Мөн АНУ-ын их, дээд сургуулийн семистрийн 30-40 мянган доллар байдаг. Харин Германд сурахдаа нийтийн унаанд л зориулан 300 евро төлдөг.  Энэ нь сургалтын төлбөртэй огт хамаагүй.

Тиймээс урсгал зардал нь ч бага гэж хэлж болно. Герман дахь Монгол оюутнууд ихэвчлэн анагаах ухаан болон эдийн засаг, уул уурхайн чиглэлээр суралцаж байна.

Өнөө үед ихэнх залуус гаднын улс оронд боловсрол эзэмших сонирхолтой байгаа ч сэтгэлийн хөөрлөөсөө болж хэлний мэдлэг, сайн бэлтгэлгүй очиж байгаа нь их анзаарагддаг. 

Тиймээс Герман улсад суралцахаар төлөвлөж энд ирсэн оюутнууддаа зөвлөхөд очихоосоо өмнө танил орчиндоо Герман хэлээ сайн сурах хэрэгтэй. Хэлээ сайн мэддэг болоод очиход олон давуу тал бий болно" гэлээ.

Монгол-Германы гүүр ТББ-ын удирдах зөвлөлийн дарга У.Отгонбат "Германд боловсрол эзэмших давуу талыг бид яагаад энд яриад байна вэ гэвэл Германы боловсролын чанар, шинжлэх ухаан нь дэлхийд өндөр түвшинд байдаг гэдгийг хүн бүр мэднэ.

Мөн манай улсын хөгжилд хөтөлсөн хүмүүс маань анх Германд төгссөн байдаг. 

Тиймээс л Монгол залуусыг тэр чанартай боловсролыг эзэмшээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна" гэсэн юм.