Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн Т.Балжинням: Наадмын билет авах гэж суусаар дээд тэнгэрт залрах дөхөөд байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Үндэсний их баяр наадмын билет  “Дүнжингарав”, “Оргил”, “Мишээл”, “Драгон” гэсэн дөрвөн цэгээс худалдаалагдаж эхэллээ. Өдөрт нэг цэг 600 билет худалдаалахаар төлөвлөсөн байна.

Энэ талаар сурвалжлахаар Дүнжингарав худалдааны төв дээр очиход өмнө жилүүдийн адил иргэд наадмын билетээ авахын тулд дугаарлан зогсож байв. Өнөөдрийн зарагдах ёстой 600 билет 13.00 цагийн үед хэдийнэ зарагдаж дуусжээ. Мөн онлайн  худалдаа хийсэн иргэд билетээ авах гэж ирсэн хэдий ч “Байхгүй”, “ Мэдэхгүй” гэсэн хариултыг ЗДТГ-ын ажилтнууд өгчээ.


Гадаа талбайд дугаарлаж суусан иргэн Т.Балжиннямаас энэ талаар тодрууллаа. 

-Та хэзээнээс  эхлэн энд дугаарлаж  байна вэ?

-Эрдэнэтээс өчигдөр 20.00 цагийн үед энд ирсэн. Намайг ирэхэд миний өмнө бараг 200 гаруй хүн байсан байх шүү. Өглөө касс нь нээх дөхөхөд дугаар захисан гээд баахан хүмүүс нэмэгдээд билетээ ч авч чадсангүй. Өнөөдөр эндээ хоноод маргааш авч чадах нь уу. Билет авах гэж суусаар тэнгэрт залрах л дөхөөд байх шиг байна.\Инээв\

Онлайн захиалгаар худалдан авалт хийсан иргэн И.Баярцогт

-Та худалдан авалтаа хэзээ хийсэн бэ?  

-Би 12.00 цагт хийсэн. Удалгүй цахим хуудсанд эндээс ирж билетээ аваарай гэсэн зурвас ирсэн тул ирчихээд байгаа нь энэ. Тэгсэн энэ ажилчид “Дээрээс ямар нэг юм хэлээгүй,  мэдэхгүй” гээд байх юм. Ямар ч зохион байгуулалт алга. Баахан утасны дугаар өгөөд энэ хүнтэй, тэр хүнтэй холбогд гэхээс өөр хэлж байгаа юм алга.

-Цахимаар худалдан авалт хийхэд хүндрэлтэй зүйл байсан уу?

-“Би нээгдсэн цагаас нь хойш өгөх гэж нэлээд юм болсон. Маш удаан гацаад, арай хийж өгсөн. Ер нь жил болгон наадмын билет худалдааны асуудал иргэдэд бөөн хүндрэл болдог. Хэдэн өдрөөр дугаарлаад иргэд ямар нохой, гахай биш дээ. Хэзээ хүн шиг харьцаж үйлчилдэг болох юм бол” хэмээн бухимдалтай байгаагаа илэрхийлэв.

Наадмын билет борлуулалтын албаны хүмүүсээс тодруулга авах гэсэн боловч яриа өгөхөөс татгалзсан юм.