Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эсрэг худалдааны хориг тавихыг шаардсан хөдөлгөөн Өмнөд Солонгост өрнөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Зүүн Азийн томоохон хоёр улс болох Япон, Өмнөд Солонгосын хооронд зөрчил маргаан гүнзгийрч байна.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын шүүх дайны үед Японы үйлдвэрт боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан нь харилцааг улам муутгасан юм.

1965 онд хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр дайны үеийн өр төлбөрийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж Токио үздэг. Харин Өмнөд Солонгос дээрх гэрээг хувь хүмүүст хамаагүй гэж тайлбарлаж байгаа.

Хариуд нь Японы засгийн газар энэ долоо хоногийн эхээр гар утасны үйлдвэрлэлд ашигладаг химийн гурван төрлийн бодисыг Өмнөд Солонгост экспортлоход хатуу хяналт тогтоох шийдвэрээ зарласан юм. Мөн Японоос үйлдвэрлэлийн өндөр технологи хүлээж авах эрхтэй орнуудын жагсаалтаас Өмнөд Солонгосыг хасах тухай судалж эхэлсэн байна.

Тэгвэл үүний хариуд Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд хориг тавих хөдөлгөөн Өмнөд Солонгост өрнөжээ.

Онлайн орчинд үүссэн уг хөдөлгөөнд дөрөв хоногийн дотор 17,000 хүн нэгдсэн байна. Хэрвээ энэ хөдөлгөөний шахалтаар Сөүлийн эрх баригчид эдийн засгийн хориг хэрэгжүүлбэл Япон улсад багагүй хохирол дагуулахаар байгаа юм.

Жишээ нь, аялал жуулчлалын салбарт том цохилт болох магадлалтай. Өнгөрсөн онд Японд Өмнөд Солонгосын 7.5 сая жуулчин ирсэн байна. Тэдний зарцуулсан мөнгөний хэмжээг $5.5 тэрбум гэж тооцоолж байгаа.

Өмнөд Солонгос улс Японоос жилд $54.2 тэрбумын бараа импортолдог. Энэ нь зөвхөн Хятадын дараа орох үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгос 40,000 орчим автомашин Японоос импортолсон байдаг. Харин эсрэгээрээ Япон улс ганц ч машин Өмнөд Солонгоос аваагүй байна.

Өчигдөр Өмнөд Солонгосын сангийн сайд Хон Нам Ки хэвлэлд ярихдаа Японы авсан арга хэмжээний талаар Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байгааг мэдээлжээ. Гэхдээ энэ үйл явц удаан хугацаанд үргэлжлэх тул наана нь Японы эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Япон, Өмнөд Солонгос улсууд нь адилхан чөлөөт эдийн засагтай, улс төрийн ардчилсан тогтолцоотой, АНУ-ын холбоотнууд боловч 1910-1945 онд үргэлжилсэн колоничлолын үеийн түүхээс улбаатай маргаан зөрчил одоог хүртэл үргэлжилдэг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post