Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын эрсдэл МОНГОЛ ОРОНД №1

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хугацаанд улс орнуудын хооронд үүсээд байгаа геополитикийн ойлгомжгүй байдал нь өндөр хөгжилтэй улс орнууд болон хөгжиж буй эдийн засгуудын итгэлийг сулруулж, хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулсаар байна.

Үүний энэ тэргүүнд АНУ, Хятад улс худалдааны дайн бичигдэх бөгөөд цаашлаад Брексит, Иран улсын хориг, санхүүгийн секторын стресс багтана. Олон улсын улс төрийн тогтворгүй байдал нь тодорхойгүй байдлыг улам гүнзгийрүүлж худалдаа, хөрөнгө оруулалтын онцгой ач холбогдолтой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул 2019 онд гарсан өөрчлөлтүүд болон тэдгээрийн талаар энд товч тайлбарлаж байна.

Худалдааны дайн

Хэдийгээр Их 20-ын уулзалтын үеэр АНУ болон БНХАУ нэг ширээний ард сууж, хэлэлцээрийг дахин эхлүүлснээр худалдааны маргаанд найдварын гэрэл тусаад байгаа ч гэлээ бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа. АНУ-ын эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдлын индекс жилийн өмнө 10 хувиар өссөнөөс хойш хөгжиж буй орнуудын бүтээгдэхүүний өсөлт 0.6 хувиар, хөрөнгө оруулалтын өсөлт 0.6 хувиар буурлаа.

Өөрөөр хэлбэл Монгол улс шиг хөгжиж байгаа орнууд худалдааны маргаанаас хамгийн их хохирол үзэхээр байна. Эдгээр улсуудын экспортын болон худалдааны зардал өссөөр байгаа. Энэ нь зарим цөөн улсад худалдааны шинэ гарцыг богино хугацаанд бий болгож, ашиг тусаа өгч болох ч дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийг бууруулж эхэллээ. Түүнчлэн АНУ-ын авто болон сэлбэгийн импортын тариф өсч байгаа нь дэлхий даяарх үнийн сүлжээ (Value chain)-ний тогтсон системийг эвдэж болзошгүй боллоо.

Худалдааны маргаан дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн түвшинг бууруулж байна. Дэлхийн худалдааны түвшин 2017 оны сүүлээр хамгийн дээд хэмжээнд хүрч түүнээс хойш огцом буурлаа. Худалдааны маргааны улмаас Хятад болон голлох хөгжингүй орнуудын экспортын хэмжээ болон орлого мөн буурч байна.

Хувийн секторын өрийн дарамт

АНУ-ын мөчлөг дагасан буюу эдийн засаг сэргэж байх үед төсвийн зөөлөн бодлого баримталж байгаа нь тус улсын нэгэнт хэт их болсон засгийн газрын өрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаа. Үүнтэй зэрэгцэж АНУ-ын хувийн секторын эмзэг байдал мөн хүндэрсээр байна. Хувийн секторын ДНБ-тэй харьцуулсан өрийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Санхүүгийн хямралаас хойш АНУ-ын хувийн хэвшлийн өр барагдуулах чадвар сайжирсан боловч эдийн засаг удааширч санхүүгийн нөхцөл байдал чангарахад өр барагдуулах чадвар буцаад сулрах эрсдэлтэй.

Хятад улсын хэмжээнд худалдааны маргааны нөлөөгөөр хувийн секторын ашигт ажиллагаа буурч, их хэмжээний өрийн дарамтад орлоо. Санхүүгийн бус секторын өрийн хэмжээ сүүлийн жилүүдийн хамгийн дээд түвшинд хүрсэн бөгөөд энэ нь нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Хятадын засгийн газар өрийн дарамтын эсрэг төсөв болон мөнгөний бодлогын арга хэмжээ авч байгаа ч эргээд хувийн болон төрийн секторын өрийг нэмэгдүүлэх хөшүүрэг болж хувирсан нь бодлого урт хугацаанд үр ашгаа өгөхгүй нь гэдэг дүгнэлтэд хүрлээ.

Евро бүсийн хувьд ч засгийн газрын өр толгой өвчин болсоор байна. Тухайлбал, Европын 3 дахь том эдийн засаг Италийн засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 130% дүйцэж нэмэгдлээ. Нийт Евро бүсийн хэмжээнд хувийн секторын өрийн дарамт бага боловч Францын хувийн секторын өр сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, ДНБ-ний 250%-ийн босгийг даваад байна.

Санхүүгийн стресс

Өндөр хөгжилтэй орнуудад айл өрхийн болон засгийн газрын өрийн хэмжээ өсч өрийн дарамт нэмэгдэв.  Хятад улсаас санхүүгийн болон санхүүгийн бус салбараа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч эмзэг байдал оршсоор байна. Банкны салбарт том дүнтэй зээлдэгчдийн тоо нэмэгдэж байгаа бол нөгөө талд нь чанаргүй зээлийн түвшин өссөөр байна. Үүний нөлөөгөөр ӨМӨЗО-ны анхны арилжааны банк Баошанг банк нь төлбөрийн чадваргүй болж дампуурлаа зарласнаар Хятадын мөнгөний зах зээлийн зардлыг өсгөж, зээл татрах нөлөөг бий болголоо.

Хөгжиж буй орнуудын хувьд хүүгийн түвшин бага байгааг ашиглан өрийг дахин санхүүжүүлэх замаар өрийн эргэн төлөгдөх хугацааг уртасгаж, нийт өрийн хэмжээг нэмэгдүүлсээр байгаа. Хөгжиж буй орнууд дахь өрийн дарамт нэмэгдэх, зээлжих зэрэглэл буурах зэргээс шалтгаалж ханш сулрах дарамт үүслээ.

АНУ болон өндөр хөгжилтэй орнуудын төв банкууд ойрын хугацаанд бодлогын хүүгээ өөрчлөхгүй, зарим тохиолдолд бууруулах төлөвтэй байгааг мэдэгдэв. Гэхдээ бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хүлээлт зах зээлд оролцогчдын дунд оршсоор байгаа нь хөгжиж буй орнуудад чиглэгдэх санхүүжилтэд саад болох, ам.доллар чангарах хандлагыг хадгалсаар байна.

Иран улсад тавигдсан хориг

АНУ 2019 оны 4 дүгээр сард Иран улсын газрын тосны худалдан авалтыг бууруулах шийдвэр гаргаснаар 2019 оны 1 дүгээр улиралд газрын тосны үнийг 27 хувиар өсгөв. Энэхүү шийдвэрийн улмаас ОХУ, Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг газрын тос экспортоос олох ашгийг нэмэгдүүлсэн бол газрын тос импортолдог, нефтийн бүтээгдэхүүний үнэ инфляцид нь ихээр нөлөөлдөг орнуудын хувьд асуудал болоод байна. АНУ, Иран улсуудын хооронд хурцадмал байдал бий болсноор Азийн 4 том нефть импортлогчид Иранаас худалдаж авах нефтийн хэмжээгээ бууруулжээ. Тухайлбал БНХАУ, БНЭУ нь АНУ-ын шийдвэрийн дараа Иранаас авах нефтийн импортоо үлэмж хэмжээгээр бууруулжээ. Харин Япон, БНСУ Иранаас нефть импортлохоо зогсоогоод байна. Ингэснээр 4 улсын нийт импортын хэмжээ 5-р сард жилийн дотор 1,798,090 баррелиас 386,021 баррель болж буурчээ.

2018 оны сүүлээр ОПЕК-аас нийлүүлэх газрын тосны хэмжээг дор хаяж 1.2 сая баррель буюу дэлхийн нийт эрэлтийн 1.2 хувьтай тэнцэх хэмжээний газрын тосны нийлүүлэлтийг танах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь 2019 оны турш үргэлжлэх хандлагатай байгаа нь АНУ-ын Иран улсын эсрэг хориг арга хэмжээтэй давхцаж нефтийн бүтээгдэхүүний үнийг өсгөж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд саад учруулж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд 2019 оны турш экспортын өсөлт удааширч байгаа ба түүхэн дундаждаа хүрэхгүй гэсэн хүлээлттэй байна.

Брекситийн төлөв байдал

Их Британи улс Европын холбооноос гарах асуудал буюу Брексит хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байна. 2019 оны 5 дугаар сарын сүүлээр явагдсан Их Британийн сонгуулийн үр дүнгээс харахад 2016 оны бүх нийтийн санал хураалтын дүнтэй адил Брекситийн асуудал дээр хуваагдмал хэвээр байгаа аж. Брекситийн хэлэлцээрийг зорьсон хугацаанд шийдвэрлэлгүй удаа дараа хойшлуулсан шалтгаанаар ерөнхий сайд Тереза Мэй ажлаа өгөв. Энэхүү мэдээ нь Их Британи Европын холбооноос тодорхой хэлэлцээргүйгээр гарах (no deal exit) магадлалыг нэмэгдүүллээ.

Хэрэв 10 сар гэхэд хэлэлцээрт хүрч чадахгүй бол Их Британи улс болон Европын холбооны хооронд худалдааны үл ойлголцол үүсэх аюултай. Түүнчлэн санхүүгийн болон геополитикийн хүрээнд тогтворгүй байдал үүсэх аюул байна. Брексит тогтсон хэлэлцээргүйгээр эцэслэвэл Их Британи улсад бараа, үйлчилгээ экспортолдог орнууд худалдааны гэрээгүй болох тул Монгол Улсын хувьд ноос, ноолуурын түншээ элдэх магадлалтай.

Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө:

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Монгол Улсын компаниудын үйл ажиллагааны зардлыг өсгөж болзошгүй. Улмаар, БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүний үнэ татварын нэмэгдлийн нөлөөгөөр өсч, манай үйлдвэрлэлийн түвшин буурах эрсдэлтэй. Импортын үнийн нөлөөгөөр инфляци өссөнөөр эрэлт буурах, үйлдвэрлэл буурах бол нөгөө талдаа Монгол Улсын түүхий эдийг экспортын хэмжээ буурснаар төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаад өр нэмэгдэж, эдийн засагт тушаа болж улмаар хөдөлмөрийн зах зээлээр дамжин санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгааг бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид анхаарах цаг хэдийн болжээ.         

Сүүлийн хугацаанд улс орнуудын хооронд үүсээд байгаа геополитикийн ойлгомжгүй байдал нь өндөр хөгжилтэй улс орнууд болон хөгжиж буй эдийн засгуудын итгэлийг сулруулж, хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулсаар байна. Үүний энэ тэргүүнд АНУ, Хятад улс худалдааны дайн бичигдэх бөгөөд цаашлаад Брексит, Иран улсын хориг, санхүүгийн секторын стресс багтана. Олон улсын улс төрийн тогтворгүй байдал нь тодорхойгүй байдлыг улам гүнзгийрүүлж худалдаа, хөрөнгө оруулалтын онцгой ач холбогдолтой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул 2019 онд гарсан өөрчлөлтүүд болон тэдгээрийн талаар энд товч тайлбарлаж байна.