Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Нандин-Эрдэнэ: Хүүгийнхээ ялалтаар бахархдаг аав минь онгоцны буудлаас нулимстай үдэж байлаа

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 6 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглож буй Монголын тамирчин М. Нандин-Эрдэнэ эх орондоо түр хугацаанд иржээ. Тэрбээр энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийх бөгөөд өмнөх бэлтгэлээ Монголдоо хийхээр ирсэн нь энэ.

Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор 14 тулаан хийхдээ найм ялсан. Найман ялалтынхаа долоог нь хүнд цохилт буюу нокаутаар буулган авчээ. Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н. Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ гээд бүгд “Алдар”-аар овоглосон А.Гантулга гавьяатын шавь.

Тэр ч утгаараа Нандиа мастер анхны багшийнхаа заавар зөвлөгөөгөөр “Алдар”-ын боксчидтойгоо ээлжит тулааныхаа бэлтгэлийг хийж байгаа аж. Түүнтэй ээлжит тулааных нь өмнө уулзаж ярилцлаа.

-Эх орондоо ирээд сэтгэгдлээсээ хуваалцах уу, ямар зорилгоор ирэв?

-Үнэхээр сайхан байна. Төрсөн гэр, нутагтаа ирнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй жаргал шүү дээ, эх орноосоо хол амьдарч байгаа хүмүүсийн хувьд. Би энэ сарын 22-нд тулаантай. Үүнээс өмнө эх орондоо, “Алдар” спорт, үндэсний шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийж, бэлтгэлээ хангая гэж бодоод долоо хоногийн өмнө ирлээ.

Цаг агаар ч сайхан байх үеэр таарлаа. Сэтгэл их өндөр буцах нь ээ.

-Таны бэлтгэлд “Алдар”-ынхан тусалж байгаа байх нь ээ?

-Тийм ээ, гавьяат дасгалжуулагч А.Гантулга болон боксынхоо хамт олонтой бэлтгэлээ хийлээ.Үүнээс гадна “Алдар”-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяраар чөлөөтийн бэлтгэлээ удирдуулж байна.Холимог тулаан маань хэвтээ байрлалд хүртэл үргэлжилдэг учраас хэвтээгээс хэрхэн ажиллах тал дээр Хосоо багшаараа заалгаж байгаа.

-Энэ тулааны онцлог нь юу вэ?

-Аваргын бүсний төлөө тулалдана. Өөрөөр ялгарах зүйл бараг алга. Урьдын адил л тулалдана. Рингд гарахдаа бүгд нэгнээ ялах хүсэл, эрмэлзэл, зорилготой байдаг. 
Би ч ялгаагүй. Энэ удаагийн өрсөлдөгч маань хурдтай, хүчтэй гэх мэдээлэл авсан. Гэхдээ бүгдээрээ л ялалтын төлөө учраас хүчээ гаргах нь тодорхой. Бодсон зүйл алга. Чадцаг зүйлээ л хийнэ.

-Солонгосын холимог тулаанд нэлээд өндөр амжилттай яваа хүмүүсийн нэг нь та. Энэ спортод хэрхэн хөл тавьсныг тань мэдмээр байх юм. Хэн нэгэн зуучилсан уу?

-Би шигшээ багийн тамирчин хүн. Та мэдэх байх. Монголд байх хугацаандаа тулааны спортын бүх төрлөөр улсын аваргад оролцож түрүүлсэн. Улмаар Солонгосыг зорьсон.  Тэнд байх хугацаандаа ажил хийхийнхээ хажуугаар бэлтгэл хийж байлаа. Ер нь их спортын хүн зүгээр сууж чаддаггүй юм билээ. Тулаанд ормоор, бэлтгэл хиймээр санагдаад байсан. Ингээд нэг өдөр клубт очиж бэлтгэл хийж байгаад тэмцээнд оролцсон.

Хагас мэргэжлийн тулааны тэмцээнд оролцож 10 гаруй ялалт байгуулсан юм. Дандаа хүнд цохилтоор. Тэгээд Солонгосын нэг нэвтрүүлэгт оролцохдоо шалгалт авдаг хүмүүстэй нь тулалдаж дийлснээр “Road FC” холбооноос урилга авсан юм. Энэ холбооны саналыг хүлээж аваад эхний тулаанаа хийхдээ өрсөлдөгчөө ердөө 24 секундэд нокаут буюу хүнд цохилтоор буулгаж авлаа. Эндээс л миний карьер эхэлсэн дээ.

-Ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хийдэг байжээ. Гэтэл та 10 гаруй тулаанд оролцсон байна. Одоо ч гэсэн ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг хэвээрээ юү. Эсвэл зөвхөн тулаандаа анхаарал хандуулдаг болсон уу?

-Ерөөсөө л ажлын хажуугаар. Өглөө эртлэн босож ажилдаа явна. Ажил орой хамгийн багадаа л 21:00 цагаас тардаг. Тэгэхээр бэлтгэлээ голдуу орой хийж таарч байна. Ер нь чөлөөт цагаараа л бэлтгэлээ хийдэг. Ажил, гэр, бэлтгэл гэсэн хэмнэлтэй амьдарч байна даа. Тэмцээн ойртвол өглөө үүрээр гарч гүйхээс эхлээд аль болох бэлтгэлдээ илүү цаг зарцуулахыг хичээдэг.

-Эх орондоо ирэхэд уулзах хүн олон байсан нь мэдээж. Долоо хоногийн хугацаанд амжуулж чадсан биз?

-Зөндөө л олон хүн байлаа. Уулзах зорилготой байсан бүх хүнтэй уулзлаа. Гавьяат тамирчин Н.Төгсцогт маань хүртэл яг энэ үеэр эх орондоо ирж таарсан.
 Бид нэг багшийн шавь учраас их зүйл ярилаа. Н.Төгсцогт, Д.Отгондалай, Н.Шинэбаяр гээд шигшээ багт хамт байсан тамирчидтайгаа бэлтгэл хийх сайхан байна. Тэд маань надад маш их тус болсон, хамтрагч боллоо.

-Төгсөө та хоёр адилхан мэргэжлийн тулаанд хүч үзэж байна. Хоорондоо ямар яриа өрнүүлсэн нь сонирхолтой санагдаад?

-Бид ойролцоо боксын спортоор хичээллэж эхэлсэн байдаг юм. Намайг боксоор хичээллэж эхэлснээс хойш нэг их удалгүй Н.Төгсцогт гавьяат орж ирсэн.
 Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт, хөрөнгө санхүүгээс эхлээд хувийн чанартай олон зүйлийн талаар ярилцсан.

Ер нь ганц энэ удаа ч биш. Үүнээс өмнө ч ярилцдаг байлаа. Нэг багшийн шавь нар, нэг зааланд бэлтгэл хийж байсан хүмүүс чинь төрсөн ах дүүс шиг болсон байдаг. Тэр утгаараа ярих, зөвлөлдөх зүйл их шүү дээ. Мэргэжлийн спорт гэдэг тэр чигээрээ хувь хүний карьер байдаг учраас цаашдаа ч ярилцана, зөвлөлдөнө.

-Цаашид Солонгосын холимог тулаанд үлдэх үү, эсвэл өөр төрлийг сонирхож байна уу?

-Хүн бүр дээшилж, дэвжихийг хүсэж мөрөөддөг. Гэхдээ “Road FC” холбоо маань Азидаа номер нэг. Cap бүр тэмцээн тулаан зохион байгуулна. Байр сууриа хэдийнээ олсон, тогтвортой том холбоо. Хэдий тийм ч UFC-д тулалдах сонирхол байгаа ч байнга бэлтгэлдээ анхаарах цаг зав муу болохоор хэцүү байна. Ар гэр, амьдралаа орхиж болохгүй. Тиймээс шийдвэр гаргаж чадахгүй л явна.

-Х.Амартүвшиний хамт нэг сая ам.долларын төлөө тулалдсан. Монголчууд ч ихээр дэмжсэн. Тэр цуврал тулааны талаар яриач?

-Сая доллар гэж бодохоор бүхнээ тавих нь ойлгомжтой. Хүнд тулаанууд хийсэн. Миний хувьд ажлаа хийж байгаад л орсон. Тэр тэмцээний гол фаворит болсон түрүүлэх тамирчдын тоонд байсан хоёр бразил тулаанчийг хоёуланг нь хүнд цохилтоор буулгаж авсан. Тэгээд Францын тамирчинд хожигдсон. Тэр тамирчин нь бүх өрсөлдөгчөө ялсаар түрүүлж нэг сая ам.долларын эзэн болсон. Үнэхээр сайн тамирчин байлаа. 

Миний хувьд өөрийгөө ялна гэдэгт 100 хувь итгэлтэй байсан ч анхаарал сарниж алдаа гаргасан. Баруун шагайндаа гэмтэлтэй байснаас гадна тэмцээний үеэр хөмсөг задарч анхаарал алдсан тал бий.

-Солонгосын холимог тулааны “Road FC” бусдаас юугаараа өөр юм бэ?

-Миний мэдэх “Road FC” холбоо бол хамгийн сайн тэмцээн зохион байгуулдаг. Би олон холбооны тэмцээн үзлээ, оролцож ч явлаа. Гэхдээ зохион байгуулалтаараа “Road FC”-r давах холбоо хараагүй. Хамгийн наад зах нь тэмцээнд оролцогч тамирчдаа хүндлэхээс эхлээд зохион байгуулалт маш сайтай.

Маркетингаас эхлээд бүхнийг сайн хийдэг. Миний хувьд хамгийн гоё холбоо нь “Road FC”. Мэдээж дэлхийн хэмжээний том аварга болохын тулд “UFC”, “One FC’’-гээр явах ёстой байх. Хэдий тийм ч “Road FC” шиг сайн зохион байгуулалттай болдог тэмцээн ховор. Оролцож байгаа тамирчид нь ч мундаг.

-Тулааны холбоодын шаг-налын санг хүмүүс хамгийн их сонирхдог л доо. “Road FC’’-гийнх хэр өндөр бол?

-Тулааны мөнгө нь тоглолтоос тоглолтод өсдөг. Ямар тамирчинтай хэрхэн тоглохоос шалтгаалж бонус авна. Хэдэн раунд тоглов, хүнд цохилтоор ялсан зэрэг нь нөлөөлнө.
 Яг үнийн дүн хэлэхэд хэцүү байна. Холбооноос нь хориглосон байдаг учраас бид тэр журмыг дагах ёстой.

-Мэргэжлийн тулаанд хөл тавьсан гол зорилго нь юу вэ?

-Мэдээж эх орныхоо нэрийг гаргах. Дээрээс нь мэргэжлийн тамирчны хүрээгүй оргилд хүрмээр байна. Ирээдүйн шилдэг тамирчдын замыг нь засах, чиглүүлэх зорилготой л явна даа. Жишээ нь, би “Road FC’’-д монгол тамирчны чадварыг харуулснаас хойш энд монголчуудыг оролцуулдаг болж байна.Яг үүн шиг монгол тамирчны чансааг харуулах зорилгоор бэлтгэлээ хийдэг, тэмцээнд оролцдог.

-Та гэнэт л сонирхогчийн боксыг орхиод явсан. Тухайн үед олон хүн мэдээгүй өнгөрсөн байдаг. Хожим нь мэдээд харамсаж яваа олон хүнтэй тааралдсан. Таны зорилго олимп, дэлхийн аваргын медаль байгаагүй юм уу. Энэ шалтгаанаа та одоо тайлбарлах уу?

-Тухайн үед гаргасан шийдвэртээ үнэхээр их харамсдаг. Би Монголд ялагдаж үзээгүй хүн шүүдээ. Миний хувьд жиндээ яалт ч үгүй номер нэг тамирчин байсан. Байсан чигээр нь л орхиод явсан. Амьдралын эрхэнд гэр бүлээ л дагаад явсан хэрэг. Гэр бүлийн хүн маань Солонгост сурахаар явсан. Тусдаа байх хэцүү, олон асуудалтай, ганцаараа хүний нутагт хэцүү байна гэсэн. Тэнд миний хань маш их ганцаардсан. 

Тиймээс спортоо бус гэр бүлээ илүүд үзэж зүгээр л орхиод явсан. Мэдээж тамирчин хүний хувьд 2009 онд Италийн Миланд болсон ДАШТ, 2010 оны Дохагийн Азийн наадам гээд олон тэмцээнд оролцож үзэх ёстой байлаа.

Дээрээс нь 2012 оны олимп байна. Надад хожигддог байсан тамирчид дээрх тэмцээнүүдээс медаль авсан байдаг болохоор үнэхээр харамсдаг. Дотроо битүүхэн харамсдаг. Гэхдээ нөгөө талаар Солонгосыг зорьж, гэр бүлээ сонгосон нь оножээ. Тэнд очоод хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон. Ид гялалзаж явахдаа их спортоо орхисондоо харамссан сэтгэлээ хоёр хүүхдээ харж тайвширдаг, харууслаа тайлдаг.

-Таныг спортоо орхиод ирлээ гэхэд гэр бүлийнхэн, ойр дотнынхон нь яаж хүлээж авав?

-Миний үеийнхэн гал гарсан найзууд байлаа. Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат, З.Энхзориг гээд олон сайхан найз минь маш их зэмлэсэн. Дээрээс нь А.Гантулга багш, Д.Банди багш маань байна.

Надад мэддэг, чаддаг бүхнээ зааж сургасан А.Гантулга багш маань хамгийн их харамссан биз. Гэхдээ мэргэжлийн тулааны рингд гарахад “Миний хүү буцаад ирлээ. 
Аргагүй л миний Нандин-Эрдэнэ мөн дөө” гээд их баярлаж билээ. 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн их гоё болсон шүү дээ. П.Сэрдамба түрүүлж, Н.Төгсцогт мөнгө авч, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль зүүгээд л... 

Би тэр тэмцээнд л явах байсан юм. Миний нэг зан чанар байна. Гаргасан шийдвэрээсээ хэзээ ч эргэж буцдаггүй, сонголтдоо харамсдаггүй. Нэгэнт орон зайгаа үлдээгээд явахад миний араас гарч ирэх тамирчин байж л таараа. Байр сууриа орхиод явсандаа харамсдаггүй.

-М.Нандин-Эрдэнэ гэдэг боксчны мандан бадралтын үеийн тамирчдаас бүгд хүртэх ёстойгоо хүртсэн. Нэг ёсондоо амжилтаа гаргачхаж.  Харин З.Энхзориг агсан, та хоёр л олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүй их спортоо орхижээ. Энэ тухай бодож байсан уу?

-Монголд байсан хэр нь замынхаа талаас буцсан хүмүүсийг хараад гайхдаг, өмнөөс нь харамсдаг. Миний хувьд бол өөрийн сонголтоо хийгээд явсан. Тийм учраас өөр зүйл боддоггүй.

Талийгаач З.Энхзоригтоо маш их харамсдаг. Үнэхээр сайхан залуу, сайн ч залуу байсан. Класс тоглолттой. Өвөр түрийндээ орж өссөн, үе тэнгийн найзууд байлаа, З.Энхзориг агсантай. Найздаа үнэхээр их харамсаж явдаг.

-Аав тань боксын спортын хүн байсан. Энэ спортыг сонгосон шалтгаан нь таны аав уу?

-Тэгж хэлж болно. Миний аав боксын спортын мастер цолтой хүн. Тэгээд би бокс руу орсон. Дараа нь миний эгч, бас дүү энэ спорт руу урвасан. Нэг гэрт боксын спортоор цол зэрэгтэй дөрвөн хүн байна. Гурав нь спортын мастер, нэг нь олон улсын хэмжээний мастер. Яалт ч үгүй аавын нөлөө бий.

-Тэгвэл таныг боксоо орхиход хамгийн их харамссан хүн нь аав тань биз?

-Тэгэлгүй яах вэ. Хүүгийнхээ ялалтаар баярлаж, бахархаж, онгирч явж байсан аав минь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хүүгээ үдэхдээ нүдэндээ нулимстай үлдэж байлаа. Гэхдээ сонирхогчоос мэргэжлийн ангилалд өрсөлдөж эхэлсэн болохоор аав минь баярлаж байгаа. Дэлхийн олон шилдэг тамирчинтай нударга зөрүүлж ялж, ялагдлаа. Энэ чинь спорт учраас ялагдал байдаг л зүйл, байх ёстой.

-М.Нандин-Эрдэнэ бусад тулаанчаас юугаараа илүү вэ, таны давуу тал?

-Сэтгэлзүй. Мэдээж боксын тамирчин байсан гэдэг утгаараа гар минь давуу тал болдог. Эсрэгээрээ сул тал маань барилдаан. Боксчдын хөл муутай гэж ярьдаг. Барилдах сонирхол байдаггүй. Гэхдээ үргэлж нэг хэвийн тулаан хийнэ гэж юу байх вэ, сүүлийн үед барилдааны бэлтгэл хийж байгаа. Дээрээс нь таеквондо, кикбоксоор улсад гурав, дөрөв түрүүлсэн. 

Энэ бүхнээ давуу тал болгож болох юм. Цаашилбал, монгол зодооны улсын аварга, гар тулааны улсын аварга, “Сонсогчийн алдар” тэмцээний аварга, каратэгийн Азийн аварга. Юм юмтай л хүн.

-“Road FC’’-гийнхэн тулаан зохион байгуулахдаа тамирчдаа яаж сонгодог вэ?
-Тамирчин бүр холбоотой гэрээ байгуулна. Тэр гэрээний дагуу л болдог зүйл.

-Та рингд гарахын өмнө юу боддог вэ?

-Маргаашийн тухай л бодно. Айдаггүй тамирчин гэж байдаггүй байх. Айдсаа нуудаг, нуудаггүй дээр л ялгаа гарна. Би айж эмээдэг. Тэр утгаараа “Маргааш болно доо, энэ тэмцээн дуусна даа” гэж бодож тайвширдаг.

-Боксын спортод орсноос хойшхи хамгийн сайхан дурсгалтай мөч гэвэл?

-А.Гантулга багш дээрээ боксоор хичээллэж, мэдлэгээс нь суралцаж байсан үе юм даа. Гэр бүл шиг л байдаг байлаа. Эцэг, эхийн хуралд очиж сууна. Бүх зүйлд оролцоно, багш нараас дүн гуйна. Тиймээс багш дээрээ бэлтгэл хийж байсан үе, тэр мөч хамгийн сайхан нь.

-Таны анхны амжилт?

-Өсвөрийн улсын аваргаас хүрэл медаль авч байлаа. Үнэхээр гоё. Тэр цагаас хойш ялагдаж үзээгүй, тогтмол алтан медаль авсан. Тэгэхээр анхны хүрэл медаль л хамгийн гоё байж дээ.

-Хэр удаан хичээллэж байж медаль хүрсэн юм бэ?

-Хоёр cap. Дараа нь “Олимпын гараа”, хотын аварга шалгаруулах тэмцээн, дөрвөн жил дараалан өсвөрийн улсын аваргад түрүүлж, гурван жил дараалан залуучуудын улсын аваргад түрүүллээ. Цаашлаад насанд хүрэгчдийн улсын аваргаас эхлээд хүрэл, дараа нь мөнгө, тэгээд алтан медаль авсан байдаг юм.

-Мэргэжлийн тамирчид ивээн тэтгэгчтэй байх юм. Танд байна уу?

-100 хувь өөрийнхөөрөө явж байна. Ивээн тэтгээд, шаардлагатай бүх зүйлээр туслах хүн байвал илүү өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй явдаг. Гэхдээ намайг спонсорлооч гэж хүн амьтнаас гуйж явсангүй. Бусдад тэгж түвэг удаад байх дургүй.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Бэлтгэлийн цаг тань болжээ. Удахгүй болох тулаанд тань амжилт хүсье?

-Баярлалаа. Тулаан сонирхдог, спорт сонирхдог залуустаа үргэлж бидний тулааныг үзэж, сэтгэл санаагаар дэмждэгт баярлалаа. Эрэгтэй хүн бүр зодолдох ёсгүй ч зодолдож чаддаг байх хэрэгтэй. Энэ бол миний хэлэх дуртай үг. Бүгд тулааны спортоор хичээллэж биеэ болон гэр бүлээ хамгаалж сураарай гэж уриалъя даа.

 

Зураг