Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Австри улс анх удаа эмэгтэй канцлерьтай боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Видео бичлэг задарсан дуулианаас үүдэлтэйгээр засгийн газар нь саяхан унасан Австри улс түүхэндээ анх удаа эмэгтэй канцлерьтай боллоо.

Тус улсын ерөнхийлөгч Александер Ван Дер Беллэн өчигдөр Брижит Берлэйнийг түр засгийн газрын канцлериар томилсон байна.

Түр засгийн газар нь энэ оны сүүлээр парламентын сонгууль болж, шинэ засгийн газар байгуулагдах хүртэл ажиллах юм. Одоо 69 настай Брижит Берлэйн нь өнгөрсөн оноос эхлэн Австрийн үндсэн хуулийн шүүхийн даргаар ажиллаж байгаад канцлерь болж байна. Тэрээр өмнө нь шүүх, прокурорын хэд хэдэн өндөр албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.

Энэ долоо хоногийн эхээр орчин үеийн Австрийн түүхэнд анх удаа тус улсын парламент гүйцэтгэх засаглалын тэргүүндээ итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гаргаснаар Себастьян Курц канцлерийн албан тушаалаасаа огцорсон юм.

Түүний засгийн газарт эвссэн Эрх Чөлөө намын даргын нууц видео бичлэг энэ сарын дундуур задарснаар засгийн газрын байр суурь ганхаж эхэлсэн байна.

2017 оны сонгуулийн өмнө хийгдэн гэх дүрс бичлэгт тухайн үед Эрх Чөлөө Намын дарга байсан, дэд канцлерь Хайнц Кристиан Штрахе намыг нь санхүүжүүлбэл засгийн газрын тендерүүдийг өгөх тухай Оросын хөрөнгө оруулагч гэгдэгч эмэгтэйтэй ярилцаж байгаа гардаг.

Бичлэг задарсны дараа Штрахе дэд канцлерийн албан тушаалаасаа огцорсноор эвсэл задарч, ээлжит бус сонгууль явуулах асуудал яригдаж эхэлсэн юм.

Гэхдээ Курцийн баруун төвийн үзэлтэй Ардын Нам өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн Европын парламентын сонгуульд 34.6 хувийн санал авсан тул ирэх ээлжит бус сонгуулиар дахин засгийн эрхэнд гарах магадлалтай байна.

 

Эх сурвалж: The Guardian