Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Fiat Chrysler дэлхийн гурав дахь том автомашин үйлдвэрлэгч байгуулах саналыг Renault-д тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Итали-Америкийн Fiat Chrysler компани Францын Renault компанид $36.5 тэрбумын дүнтэй хувьцаагаа солилцох замаар нэгдэх санал тавьжээ.

Ингэвэл дэлхийн автомашины зах зээлд Volkswagen, Toyota-гийн дараа гуравт орох том үйлдвэрлэгч бий болох юм.

Санал ёсоор Fiat Chrysler, Renault компаниудын эзэд шинэ компанийн 50, 50 хувийг эзэмших бөгөөд жилд 8.7 сая машин борлуулж, $190 тэрбумын орлого олдог томоохон авто үйлдвэрлэгч бий болно.

Ингэснээр тэд өрсөлдөгч General Motors-ийг ардаа орхих юм. Үйлдвэрлэгчдийн нэгдэх гол зорилго нь цахилгаан хөдөлгүүрт болон жолоочгүй автомашины шинэ зах зээлд өрсөлдөхийн тулд хүчээ нэгтгэх ажээ. Renault компани Fiat Chrysler-ийн саналыг хүлээн авч, дотооддоо хэлэлцэж эхэлсэн байна.

Fiat Chrysler-ийн гол хувийг Агнеллийн гэр бүл эзэмшдэг. Харин Renault компанийн 15 хувийг Францын засгийн газар эзэмшдэг юм. Нэгдэх санал гаргасан тухай мэдээлэл тарсны дараа эдгээр компаниудын хувьцааны үнэ 10-15 хувиар өссөн байна.

Renault, Nissan компаниуд 1999 оноос хойш стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Сүүлд тэдэнтэй Mitsubishi нэгдэж байв.

Уг бизнесийн түншлэлийг санаачилсан Карлос Гон санхүүгийн луйвар хийсэн хэргээр 2018 оны арваннэгдүгээр сараас хойш Японд баривчлагдан шалгагдаж байгаа юм.Уг дуулианы улмаас Франц-Японы автомашин үйлдвэрлэгчдийн түншлэлийн ирээдүй бүрхэг болоод байгаа.

 

Эх сурвалж: Business Insider