Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд, Говь-Алтай аймагт өрнөж буй бүтээн байгуулалтуудаас онцлох ТАВАН БАРИМТ

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ховд аймагт баруун бүсийг эрчим хүчээр хангах УЦС-ын төсөл эхлээд байгаа бол байгуулагдсан цагаасаа л ундны цэвэр усны хомсдолтой байгаа Говь-Алтай аймагт уг асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт Ховд, Говь-Алтай аймагт ажиллан, иргэдтэй уулзаж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм.

Энэ айлчлалаас онцлох мэдээллүүдийг эмхэтгэн хүргэж байна.

Ховд
 
Гэрэл зургийг mpa.mn

Нэг. Манай улс олж байгаа мөнгөнийхөө 100 төгрөг тутмын 10-г нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд зарцуулна. Уг төсөл нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл гэж хэлж болно. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун таван аймгийн иргэд 5-7 хямд, найдвартай эрчим хүчээр хангагдана.

ВИДЕО: /MPA.MN дроноор хийв/

Хоёр. Баруун бүсийн аймгууд болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд цемент үйлдвэрлэж нийлүүлэх зорилготой “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Тус үйлдвэр жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэх бол өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн байгаа.

Гурав. Ховд аймаг 2018 оны жилийн эцсийн байдлаар 88,447 хүн амтай болж хүн амын тоо өмнөх оноос 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус аймагт иргэдийн дундаж наслалт 72.3-д хүрсэн нь улсын дунджаас 2.3 насаар дээгүүр үзүүлэлт юм.

Дөрөв. Аймгийн төвд байрлах Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд Монгол, Бельгийн Засгийн газар хоорондын чадавхжуулах төсөл хэрэгжиж, 6.8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар MRI, рентген аппарат болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа юм. Эдгээр тоног төхөөрөмжийн зарим нь Улаанбаатарт ч байхгүй сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж гэдгийг ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлж байв. Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувь нь баруун бүсийн бусад аймгийн иргэд байдаг. Баруун бүсээс жилд 1,000-1,500 хүн Улаанбаатарыг зорьж оношилгоо хийлгэдэг, нэг иргэн дунджаар 500 мянган төгрөгийн зардал гаргадаг гэж үзвэл багаар бодоход 750 сая төгрөг иргэдийн халаасанд үлдэх боломж бүрдэж байна.

Тав. Байгалийн үзэсгэлэнт тогтцоороо алдартай тус аймгийн нийт газар нутгийн 40.5 хувь нь улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад хамрагдаад байгаа аж.

Говь-Алтай
 
Гэрэл зургийг mpa.mn

Нэг. Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас тулгамдаж буй асуудал бол ундны цэвэр усны хангамж. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхээр Завхан голоос Алтай хот руу цэвэр ус татах “Тайшир-Алтай” усан хангамжийн төсөл хэрэгжиж байна. Засгийн газар  энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллан, Австрийн Засгийн газрын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хийхээр болжээ. Тайширын УЦС-аас үүссэн Гэгээн нуурын усыг цэвэршүүлэн Алтай хот руу хүргэх төслийн бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжилнэ. Энэ хугацаанд 54 км урт хоолойг байрлуулж, гурван обьект барих бөгөөд 100 гаруй түр ажлын байр бий болоод байна.

ВИДЕО: /MPA.MN дроноор хийв/

Хоёр. Алтай-Баянхонгор чиглэлийн 126.7 км засмал замын ажлыг 76.963 сая ам.долларын өртөгтэйгөөр концессын гэрээгээр гүйцэтгүүлж байгаа. Тус замын хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмалын ажлууд хийгдэж, барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд энэ онд багтад ашиглалтад орно гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байв.

Гурав. Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн иргэд аймгийн хэмжээнд тулгамдаж буй 15 асуудлыг дэвшүүлснийг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласнаа Ерөнхий сайд мэдэгдэж байв. Тухайлбал, эмнэлэг, сургууль, онцгой байдлын албаны барилгуудын санхүүжилт царцаж, барилга угсралтын ажил зогссон байсныг 2019 оны төсөвт суулгуулж гүйцэтгэлийн ажил хийгдэж байгааг тус аймгийнхан танилцуулсан юм.

Дөрөв. Говь-Алтай аймагт энэ жил улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 46 обьект буюу сум бүрт сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт шаардлагатай бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлж байв. Мөн 2,000 айлын орон сууцны хорооллын бохир, цэвэр усыг шийдэх дэд бүтцийг барих ажил энэ онд эхэлж байгааг хэллээ.

Тав. Ашигт малтмал олборлолт бусад аймгуудыг бодвол харьцангуй бага тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 51.3 хувь нь улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад авагдсан.