Оросын засгийн газар жилийн өмнө нийгэмчилсэн томоохон алтны компанийн хяналтын хувийг зарах гээд чадсангүй

Т.Давааням, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын засгийн газар бараг жилийн өмнө нийгэмчилсэн тус улсын гурав дахь том алт олборлогч компанийн хяналтын хувийг дуудлага худалдаагаар зарах эхний оролдлогоо цуцалсныг Интерфакс агентлаг Даваа гарагт мэдээлжээ.

Тус улсын эрх баригчид өнгөрсөн оны долдугаар сард албан тушаалаа ашиглан хууль бус замаар гартаа оруулсан үндэслэлээр орон нутгийн хууль тогтоогч Константин Струковын Южуралзолото Групп Компанийн (ЮГК) хувь эзэмшлийг хурааж авсан юм.

Тухайн үед энэхүү хураасан хөрөнгийн үнэлгээ 162 тэрбум гаруй рубль ($2.22 тэрбум) хүрч байжээ.

Тавдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Оросын эрх баригчид ЮГК-ийн 67.2 хувийг зарах дуудлага худалдаа зарласан ч ямар нэг санал ирээгүй тул цуцалсан байна.

Уг наймааны эхлэх үнэ 140.4 тэрбум рубль ($1.9 тэрбум), дуудлага худалдаанд оролцогч 20 хувийн урьдчилгаа дансанд байршуулах ёстой байжээ.

Засгийн газар тавдугаар сарын 26-нд дуудлага худалдааг дахин зарлахдаа эхлэх үнийг бараг хоёр дахин бууруулж, 81 тэрбум рублиэс дуудах гэж байгааг Интерфакс мэдээлсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Оросын засгийн газар Москвагийн Домодедово нисэх онгоцны буудлыг дуудлагаар зарахад өрсөлдөгч Шереметьево компани эхлэх үнийнх нь тал орчмоор худалдаж авсан юм.

Үүнээс хойших төрийн өмчийг худалдах дараагийн том наймаа ЮГК-ийн хяналтын хувь болж байна.

Оросын эрх баригчид Украины дайн эхэлснээс хойш олон арван тэрбум долларын үнэлгээтэй хэдэн зуун хувийн компанийг нийгэмчилсэн.

Зарим ажиглагчид үүнийг Оросын хөрөнгө оруулалтын хэтийн төлөв, бизнест итгэх итгэлийг үлэмж хэмжээгээр сулруулсан алхам гэж үздэг.

 

Эх сурвалж: Интерфакс