Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Ховд гол дээр баригдах 60 метрийн өндөртэй УЦС

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

1968 оноос хойш буюу 50 жилийн тэртээгээс яригдаж эхэлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ирэх хавраас эхэлж, 40 давхар байшинтай ойролцоо өндөртэй бүтээн байгуулалт өрнөх гэж байна.

Уг төсөл нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл гэж хэлж болох юм.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт тогтсон Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана.

УЦС-ын далан уснаас дээш 60 метр, доош 20 метр, гурван метрийн өргөнтэй бөгөөд 54 км2 усан сан бий болох юм байна.

 УЦС нь экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй
 
Гэрэл зургийг mpa.mn

Уг усан цахилгаан станц нь Ховд голын урсацыг ямар нэг байдлаар таслахгүй, голын голдиролыг өөрчлөхгүй, экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй, хавцлын өвөрмөц тогтоцод суурилсан гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан тайлбарлав.

Мөн “Хаврын шар усны үерийн үед усан сангийн дүүргэлтийг хийж эхлэхээр төлөвлөсөн. Шинээр үүсэх усан сангийн эзлэхүүн 1.2 тэрбум м3 байх юм. Мөнх част уулын цас хайлж эхлэх үеэр буюу тавдугаар сард голын энэ хэсэгт урсац 200 м.сек хүртэл нэмэгдэж байгаа. Тиймээс далан дүүрэхэд хүндрэл үүсэхгүй.

Ойролцоогоор 100 МВт-ын хүчин чадалтай УЦС жилд 300-325 саж кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ.  Бид энэ оны гуравдугаар улирал гэхэд ТЭЗҮ-гээ дуусгаж, ирэх хавар ажлаа эхлүүлнэ. Бүтээн байгуулалтын ажил гурван жил орчим үргэлжлэх байх.

Баруун бүс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 76 хувийг ОХУ-аав авч, 23 хувийг Дөргөний УЦС нийлүүлж, үлдсэн багахан хувийг БНХАУ-аас авч байгаа.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хараат байдал арилах стратегийн ач холбогдолтой.

Түүнчлэн эрчим хүч өндөр өртөгтэй байдгаас шалтгаалан баруун бүсэд үйлдвэрлэл явуулахад хүнд байдаг. Энэ байдал мөн арилж, жижиг дунд болон хүнд үйлдвэрлэл явуулахад хүндрэлгүй болно” гэдгийг хэллээ.

Засгийн газраас баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төлөвлөлт хийж байгаа. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн 100 МВт-ын УЦС-аас гадна Увс аймгийн Өмнөговь суманд 10 МВт-ын салхин цахилгаан станц, Ховд аймгийн Мянгад суманд мөн 10 МВт-ын нарны цахилгаан станцын төслүүд хэрэгжих юм байна.

2023 он гэхэд Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орох ёстой
 
Гэрэл зургийг mpa.mn

Ховд, Говь-Алтай аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын баригдах газарт очиж, төслийн бэлтгэл ажилтай танилцсан юм.

Энэ үеэр тэрбээр “Жилийн өмнө Ховд аймагт ажиллах үеэрээ холбогдох албаныхантай ярилцаж төслийг эхлүүлэе гэдэг шийдвэрийг гаргаж байсан. ТЭЗҮ боловсруулах ажил сайн явж байгаа юм байна. Анх 60 МВт-ын хүчин чадалтай байхаар яригдаж байсныг 100 МВт болгож өргөжүүлэхээр болж байгаа.

Баруун таван аймгийг эрчим хүчээр бүрэн хангах уг УЦС манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байгаа гэж хэлж болно.

Би улсын Ерөнхий сайдын хувьд гурван зүйл дээр анхаарлаа хандуулж байгаагийн эхнийх нь эх орныхоо эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангах. Дараагийнх нь нефтийн үйлдвэр. 2023 он гэхэд Эрдэнэбүрэнгийн УЦС, Нефтийн үйлдвэр аль нь ашиглалтад орох ёстой. Ингэж чадвал бид баргийн зүйлээс айхгүй болно. Гуравдугаарт ард түмэн эрүүл хүнсээр хангагдах ёстой. Энэ том асуудлууд дээрээ төрийн бодлогоор Засгийн газар оролцож байж үр дүнд хүрнэ.

1968 онд анх тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэн судлаачид энд ирээд УЦС хийх боломжтой талаар дүгнэлт гаргасан байдаг. Бүтэн 50 жил яригдсан төсөл ийнхүү ажил хэрэг болж байна” хэмээв.

Төслийн өгөөж, ач холбогдол:

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жил тутам 10 орчим хувиар өсөж, зөвхөн тарифын алдагдалд гэхэд улсын төсвөөс жилд 8.2 тэрбум төгрөгийг өгч байгаа. Энэ мөнгө хэмнэгдэнэ.

Харин Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар эрчим хүчний имдорт зогсохоос гадна, хүлэмжийн хийг бууруулах, жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бурууруулах тооцоолол гарчээ.

УЦС-ын барилгын ажлын үед 800-1,000 хүн түр ажлын байраар, ашиглалтанд орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.

Баруун аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнөс эрхлэгчдийн үйлдвэр, уйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн ахуй амьдралд ахиц гарна.

Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.

ФОТО