ФОТО: Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна.
Тэрбээр Бүсийн оношилгоо үйлчилгээний төвтэй танилцлаа.
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Бельгийн Вант Улсын Засгийн газрын 6.8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар MRI, рентген аппарат болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа юм.
Баруун бүсээс жилд 1,000-1,500 хүн Улаанбаатарыг зорьж оношилгоо хийлгэдэг аж.
Харин дээрх шинэ тоног төхөөрөмжүүдийг ашигласнаар энэ урсгал багасан нөхцөл бүрдлээ.
Энэ талаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Д.Түмэндэмбэрэл "Алслагдсан баруун хязгаарын иргэдийн эмчилгээний зорилгоор Улаанбаатар руу чиглэсэн урсгалыг багасгах, эрүүл мэнддээ зарцуулж буй зардлыг багасгах төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд дүрс оношилгооны тасагт хамгийн сүүлийн үеийн буюу 2018 онд үйлдвэрлэгдсэн рентген, 2019 оны нэгдүгээр сард үйлдвэрээс гарсан компьютер томографикийн аппарат мөн ирж байгаа. Эдгээр аппаратууд маань онош тодруулахад маш чухал ач холбогдолтой юм" хэмээн ярилаа.
Дараа нь 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ажилд оролцлоо.
Нийт 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнгөрсөн жил Ховд аймагт ирэхэд хүүхдийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан хүнд асуудал гэдгийг хэлж байсан. Тиймээс хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг улсын төсөвт суулгасан. Нийт 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна. Ховдынхон, баруун бүсийнхэн нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломж бүрдсээр байна" гэв.
Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
Фото
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
