Монгол Улсын нийт газар нутгийн 72 хувь бэлчээр, хадлангийн зориулалттай газар буюу 110.5 сая га талбайг эзэлж байгаагийн дээр улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр 691.4 мян.га талбайтай юм.
Улсын хэмжээгээр 2018 онд 66.4 сая толгой малыг 217 мянган малтай өрх, үүнээс 154 мянган малчин өрх маллаж байна. Малын тоо сүүлийн үед жил бүр 6.3 хувиар өсөж байгаа нь малчдын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хувьд таатай үзүүлэлт боловч бэлчээрийн даац, багтаамж хэтэрч улмаар газрын доройтол, талхагдалд хүргэх аюултай нь эргээд малчдын амьжиргаа төдийгүй, улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
2017 онд хийсэн судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийсэн төлөв байдлын үнэлгээгээр нийт нутгийн 57 хувь нь ургамлын нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч, доройтож байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Ийнхүү бэлчээрийн хөрсний доройтол, цөлжилт үүсэж буй шалтгаануудын нэг бол бэлчээрийн даац хэтрэлт гэж үздэг.
Бэлчээрийн мал хэрэгцээт тэжээлийнхээ 90-ээс дээш хувийг байгалийн бэлчээрээс авдаг бөгөөд бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийн чанар доройтсоноос мал тэжээлийн архаг дутагдалд орж бие нь давжаарч, өвчлөл, хорогдолд өртөмтгий болж, мах, сүү, бусад ашиг шим нь алдагдаж байна, тухайлбал жил бүр 1 малчин өрх 2.6 сая, нийт малчин өрх 368 тэрбум төгрөгийн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарцын алдагдалд орж байна гэсэн тооцоо гарчээ.
Улсын хэмжээнд 2017-2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацтай холбоотой судалгаа явуулахад нутгийн 80 шахам хувьд өөрийн сумын нутагт мал сургийн бэлчээрийн хүрэлцээ хангалтгүй байгаа талаар судалгаа хийгдсэн. Жишээлбэл, 17 аймгийн сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ. Тухайлбал, зарим аймгийн бэлчээрийн даац 106.7 хувиас-3.5 дахин хэтэрч 100 га-д ногдох малын тоо байх хэмжээнээс дундажаар 35-78 илүү байна.
Хөдөө аж ахуйн салбар нь 2016 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар нь 87.2 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг нь уг салбарт ажиллаж байна. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэ салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон нөхөн сэргээгдэх нөөц-бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна.
Бэлчээрийн доройтол үүсгэж байгаа гол хүчин зүйл болох бэлчээрийн даац хэтрэлтийн үндсэн шалтгаан нь хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” өнөөгийн эрх зүйн тогтолцоо юм. Иймд бэлчээрийг өмчлөгч-төр болон ашиглагч-малчин хоорондын харилцааг тодорхой болгон, бэлчээрт өөриймсөг хандах нөхцөлийг бүрдүүлж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг цаг алдалгүй зохицуулах шаардлага тулгарч байна.
Иймд нэг бэлчээр нутагт оршин сууж байгаа малчид өвөл-хаврын бэлчээрийг хот айл, зун-намрын бэлчээрийг айл саахалтаараа хамтран ашиглаж ирсэн уламжлалыг харгалзан зун, намрын бэлчээр хамгийн их талхлагдаж байгаа талаарх дээр дурдсан судалгааны дүнд үндэслэн уламжлалт мал аж ахуй эрхлэгч малчин өрхийг хот айл, саахалтаар нь бүлгийн зохион байгуулалтад оруулан бэлчээрийг гэрээгээр ашиглуулан хариуцуулах эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага урган гарч байна.
Нөгөө талаар хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний эрэлт, хэрэгцээг хангах үүднээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн ашиглалт-хамгаалалтын менежментийг түүний сэргэх чадавхад тулгуурлан төлөвшүүлэх, бэлчээрийн доройтол, талхлагдалтанд нөлөөлж байгаа шалтгааныг арилгах, нөлөөллийг сааруулахад чиглэгдсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх хууль зүйн болон практик шаардлагыг харгалзан Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна.
ВИДЕО:
Эх сурвалж: Ногоон Алт Малын Эрүүл Мэнд Төсөл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|