АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дараалан осолдож нэр хүнд нь унаад байгаа Boeing 737 Max нисэх онгоцыг хэрхэн аврах зөвлөгөөг твиттер хуудсандаа өчигдөр бичжээ.
Ингэхдээ тэр онгоцныхоо брэнд нэрийг өөрчлөхийг зөвлөсөн байна.
“Брэндингийн талаар би юу мэдэх вэ дээ, гэхдээ би ингэж чадсаны хүчинд ерөнхийлөгч болсон юм шүү! Хэрвээ би Боинг компанид байсан бол Boeing 737 Max онгоцыг засварлаад, шинэ боломжоор сайжруулаад, шинэ брэндийн дор дахин гаргах байсан юм” гэж тэр бичжээ.
Дараа нь тэр “Ямар ч бүтээгдэхүүн үүн шиг хохирол амсаж байсангүй. Гэхдээ би энэ тухай сайн мэдэхгүй л дээ!” гэж бичсэн байна. Трампыг брэндингийн талаар зөвлөх туршлагатай хүн гэдэгт олон хүн эргэлзэж байгаа юм.
Учир нь Дональд Трамп өмнө нь агаарын тээврийн компани худалдаж аваад өөрийн нэрээр “Trump Shuttle” хэмээн нэрлэж байв. Гэвч 18 сарын хугацаанд $100 сая гаруй алдагдал хүлээсний дараа Трамп энэ компанийнхаа үйл ажиллагааг зогсоож байжээ.
Трамп брэндийн олон бараа бүтээгдэхүүн ийм замаар орж байсан түүхтэй. Үүнд "Trump Magazine" нэртэй сэтгүүл, "Trump Mortgage" санхүүгийн компани, "Trump Vodka" цагаан архи, "Trump:The Game" хөлөгт тоглоом гэх мэт.
Мөн Trump University нэртэй их сургууль хүртэл байгуулсныг оюутнууд нь шүүхэд өгснөөр үйл ажиллагаагаа зогсоож байжээ.
Эх сурвалж: The Guardian