Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Арслан зааны эсийг “амилуулж” эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Японы хэсэг эрдэмтэд 28,000 жилийн өмнө амьдарч байсан арслан зааны эсийг амжилттай идэвхжүүлсэн тухайгаа “Scientific Report” сэтгүүлд өчигдөр мэдээлжээ.

2011 онд Сибирийн мөнх цэвдгээс бараг бүхлээрээ хадгалагдаж үлдсэн арслан зааны тугалыг олон улсын эрдэмтэд анх илрүүлж байсан юм. Тэгвэл энэхүү олдвороос авсан эсийг хулганын биед суулгаж туршсаны дараа биологийн идэвхжил ажиглагдсан нь том дэвшил болжээ.

Олон арван хулганы биед суулгасан эсүүдээс тав нь ийм идэвхжил үзүүлсэн байна. Дараагийн шатанд эрдэмтэд арслан зааны эсийн хуваагдах үзэгдлийг үүсгэх зорилготой байгаа ажээ. Гэхдээ эс хуваагдах үзэгдлийг бий болгохын тулд дахиад хэдэн жилийн судалгаа, шинэ технологи, олон янзын арга техникийг турших шаардлагатай тул “Юрийн Галавын Цэцэрлэг” шиг үр дүнд хүрэхэд хол байгааг Киндай их сургуулийн судлаачдын нэг Кэй Миямото анхааруулсан байна.

“Арслан зааны эсүүд маш их гэмтэл согогтой болсныг бид тогтоосон. Эсийн хуваагдлын талаар ярихад эрт байна. Өөрөөр хэлбэл арслан зааныг дахин амьдруулах цаг хугацаа нэлээд хол байгааг би хэлмээр байна” гэж тэр ярьжээ.

Тус их сургуулийн эрдэмтдийн баг Япон, Оросын бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран устаж үгүй болсон арслан зааныг дахин амьдруулах хэтийн зорилготой ажиллаж байгаа юм. Амьд амьтан өсөж үржих, удамшихад эсийн хуваагдал гол үүрэгтэй байдаг.

 

Эх сурвалж: AFP