Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдад мэдээллийн боловсролын тухай хичээлийг шинээр орох уу, зарим хичээлийн агуулгад нэмэх ёстой юу?

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Хуурамч мэдээ хүчтэй давалгаалж байгаагийн учир нь иргэд мэдээлэлд дүн шинжилгээтэй хандахгүйгээр бусдад түгээдэг. Ингэснээр өөрсдөө хуурамч мэдээ тараах гол суваг болдог” хэмээн Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэллээ.

  • Тэгвэл мэдээллийн суурь боловсрол гэж юу вэ?
  • Энэ нь өнөөдөр яагаад чухал вэ? зэрэг асуудлаар “Хэвлэл, мэдээллийн суурь боловсрол” үндэсний форумыг Монголын Хэвлэлийн Хүрээлэн ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг болон ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байна. 

Хэвлэл мэдээллийн боловсрол гэдгийг хамгийн энгийнээр:

  • Иргэд олон янзын мэдээллийн эх сурвалжийг зөв ашигладаг, олон нийтийн сүлжээ гэхээсээ илүү мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл авдаг байх,
  • Авч байгаа мэдээллийг ялгаж салган, шүүмжлэлтэйгээр шинжилж үзсэнээр тухайн мэдээллийг бусдад түгээхдээ тодорхой хэмжээнд ёс зүйтэй хариуцлагатай хандах, 
  • Аливаа мэдээллийн цаадах ашиг сонирхлыг, үр дагавар, эерэг, сөрөг ач холбогдлыг үнэлэн дүгнэдэг байх,
  • Өөрт хэрэгцээтэй анхан шатны мэдээллийг бусдын тусламжгүйгээр олох чадвартай байх (ж нь: төрийн байгууллагуудын мэдээллийн сайт зэргээс шаардлагатай мэдээллийг олж хайж, ашигладаг байх) гэх зэрэг орчин үеийн хүн бүрт зайлшгүй шаардлагатай чадваруудыг хэлнэ. 

Учир нь нийтэд цацагдаж буй бүх мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид гаргадаггүй бөгөөд ямар нэг ашиг сонирхлын үүднээс тухайлбал, аливаа асуудлыг бодит байдлаас нь хэтрүүлэн олон нийтийн анхаарлыг татах, хэн нэгнийг алдаршуулах эсвэл харлуулах гэх мэт зорилгоор бүлэг хүн мэдээлэл түгээсээр байна. 

Өнөөдрийн Үндэсний форумд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд үүрэг, оролцоо бүхий төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, багш, эрдэмтэн судлаач, сэтгүүлчид оролцож, иргэдийн оролцоог дэмжихэд мэдээллийн боловсролын үүрэг, албан ба албан бус боловсролд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хэрхэн олгож байгаа тухай, нийгмийн мэдээллийн сүлжээнд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхийн хязгаар, цахим аюулгүй байдал, сэтгүүл зүй ба цахим хэрэглэгч зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан илтгэл тавих үеэрээ хүн бичиг үсэг тайлагдсаны дараагийн шатны чухал боловсрол нь хэвлэл мэдээллийн суурь боловсрол гэдгийг онцлоод өнөөгийн нийгэмд зөвхөн уншиж, бичиж чаддаг байх нь хангалтгүй гэсэн юм. Түүнчлэн “Мэдээллийн үнэн худлыг ялгах, ямар эх сурвалжид итгэх, мэдээлэл хэрхэн шүүмжлэлтэй хандах, үүнээс улбаалан бодитой мэдээллийг олж авах чадвартай хүүхэд, залуус, шинэ үеийг бэлтгэх шаардлагатай тулгарч байна” гэв. 

Мэдээллийн боловсрол олгох системтэй суурь хэрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

Оролцогчид ч үүнтэй санал нэгдэн мэдээллийн боловсролыг хүүхэд, залуу үеийнхэнд олгох асуудал нэлээд хөндөгдөж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад оруулах шаардлагатай хэмээж байлаа. Харин Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн албаны дарга Б.Намсрайдорж “Мэдээллийн боловсрол олгохын тулд багш нарт системтэй суурийг нь бий болгож өгөх ёстой. Одоогоор системтэй суурь алга” гэсэн юм. 

Тэгвэл "Ил тод байдал" сангийн тэргүүн Д.Цэрэнжав "Ерөнхий боловсролын сургуульд суурь хичээлүүдээс гадна нэмэлт хичээл их ордог. Хэрэв хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг хичээл тусад нь оруулбал сурагчдад ирэх ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр тусгай боловсролуудыг үндсэн хичээл дээр шингээх зарчмаар явах нь чухал гэж бодож байна" гэв.

Мэдээллийн боловсролгүй бол яах вэ гэсэн сөрөг талаас харахаас илүү мэдээллийн боловсролтой байснаар ямар давуу талтай байх вэ гэдгийг ч ярьж байх ёстойг оролцогчид хэлж байна. Тухайлбал, иргэд мэдээллийн боловсролтой байснаар өөрт хэрэгтэй мэдээллийг ямар эх сурвалжуудаас авч болохоо тогтоож, мэдээллийг хэрхэн боловсруулан ашиглах гэх мэтчилэнгээр олон боломжийг нээж болно хэмээж байлаа. 

Тасрахгүй хөврөх мэдээллийн дунд амьдарч буй энэ үед мэдээллийн боловсролын талаар бүтэн өдрийн туршид хэлэлцэж буй нь уг форумын онцлог. Ингэснээр оролцогч талууд харилцан мэдээлэл солилцсон ижил түвшний мэдээлэлтэй болж байгаагаараа энэ үйл явдал ихээхэн ач холбогдолтой бөгөөд нөлөөллийн арга хэмжээ гэж болно. Форумын төгсгөлд цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар зөвлөмж гаргах юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn