Мэдээллийн эрин + Сошиал медиа = Үнэний дараах эрин
Мэдээллийн нийгэмд хөл тавиад удаагүй байтал “үнэний дараах эрин”-д шилжлээ. Оксфордын толь бичиг “post-truth age” (үнэний дараах эрин) хэмээх нэр томьёог 2016 оны үгээр тодруулсан бөгөөд “олон нийтийн санаа бодлыг бүрэлдүүлэхэд баримт нь хувийн бодол, сэтгэл хөдлөлөөс бага нөлөөтэй байх орчин нөхцөл” хэмээн тодорхойлжээ. Ийм нийгэм бий болсны гол шалтгааныг судлаачид сошиал медиа, тэр дундаа хамгийн алдартай нь болох Фэйсбүүк, Твиттер тэдгээрээр тархаж буй хуурамч мэдээ (fake news)-тэй холбон тайлбарлаж байна.
Бидний монголчууд ч дэлхий нийтээс хоцорсонгүй үнэнээс хойшх эринтэй хөл нийлүүлэн алхаж явна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль л гэхэд үнэнээс хойшх эриний тод жишээ болно.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө “Эрэлхэг монгол залуугийн үхэл”, “Эзэн Чингисийг доромжилсон байна” хэмээх үзсэн хэний ч эгдүүцэл төрөм хоёр бичлэг олон дэмжигчидтэй хуудас, группүүдээр цацагдаж монголчуудын цөсийг хөөргөв. Удалгүй “М.Энхболдын удам угсааны тухай” бичлэг тавигдаж, дараахан нь “М.Энхболд эрлийз гэдэг нь хөдлөшгүй баримтаар нотлогдлоо” гэсэн гарчигтайгаар мэдээ болгон цацсан. Хятадуудыг үзэн ядах “үндсэрхэг” үзэл дээр тоглосон хар ПиАр-ын ажиллагаа эцэстээ “Монгол ялсан”-аар төгссөнийг цөөнгүй тооны улстөр судлаачид тэмдэглэсэнтэй би санал нэг байдаг. (Энэ бол монголчуудын сонголтыг үгүйсгэсэн хэрэг биш, тэрхүү сонголтод Фэйсбүүкийн хуурамч бичлэгүүд, олон нийтийн санаа бодлын дарангуйлал нөлөөлсөн тухай яриа гэдгийг анхаарна уу). Ийнхүү бид сошиал медиагийн их далайд хуурамч мэдээ гэх сэлүүрээр залагдан хөвж явна. Харин энэ асуудалтай хэрхэн тэмцэх нь одоо илүү чухал тул бусад улс оронд ямар арга хэмжээ авч буйг сонирхоё.
Үнэний дараах эринд ҮНЭНИЙ төлөөх тэмцэл хэрхэн өрнөж байна вэ?
“Худал мэдээний шагнал” олгох уу?
Хамгийн сүүлд худал, хуурмаг мэдээтэй холбоотой гарсан тэмцэл бол энэ ярианд хамгийн их жишээ татагддаг эрхмийнх байв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан “Fake news awards” буюу “Худал мэдээний шагнал”-ын эздийг өнгөрсөн нэгдүгээр сард зарлалаа. Шагналтнууд дунд хэвлэлийн магнатууд болох “CNN”, “New York Times”, “The Washington Post”, “ABC News”, “Newsweek” болон “Time” хүртэл багтсан. Хамгийн авууштай нь ноён Трамп өөрийнх нь талаар худал мэдээ бичсэн сэтгүүлчийн нэр, нийтлэл, түүний харьяалагддаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ) болон мэдээ, нийтлэл нь худал гэдгийг батлах баталгаатай нь зарлажээ. Зарим нь түүнийг худалч, зарим нь үнэний төлөө тэмцэгч хэмээн харж байна. Асуудал ямар ч байсан гэсэн Дональд Трампын санаачлага нь мэргэжлийн сэтгүүл зүй хуурамч, тэнцвэргүй мэдээ түгээж буйг шүүмжилснээрээ ач холбогдолтой. Монголд ч ийм санаачлага байхад илүүдэхгүй.
Манай улсын ХМХ-үүд дунд хуурамч мэдээ түгээх явдал тасрахгүй байна. Томоохон телевизүүд “Фэйсбүүк хаагдана” гэж шуурч байхад үндэсний өдөр тутмын сонинууд “Литва Монголд хориг арга хэмжээ авчээ” тухай бичиж л байна. Мэргэжлийн сэтгүүл зүй баримтыг нягтлах үндсэн үүргээ баттайгийн дээр шуурхай гүйцэтгэх шаардлага улам бүр тулгарч байна.
Баримт нягтлах вэбсайттай болох уу?
Эхний жишээ бол тодорхой субъектээс сэтгүүл зүйд хандсан үйл ажиллагаа байв. Харин энэ бол сэтгүүл зүй эрхлэгчид өөрийнхөө салбарт анхаарч буй асуудал юм. Америк, Европын орнуудад fact-checking websites буюу баримт нягтлах вэбсайтуудын тэсрэлт болж буй гэлтэй. Энэхүү тэсрэлт хөгжиж буй орнуудад ч тархаж байна. 2015 онд олон улсын хэмжээнд идэвхтэй ажилладаг баримт нягтлах вэб сайтын тоо 64 болсон нь өмнөх жилийнхээс 20-иор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэдгээр сайтууд нийгэмдээ чухал ач холбогдолтой үйл явдлын баримтыг нягталж, шаардлагатай тохиолдолд залруулдаг. Тухайлбал, нэгэнт л сошиал медиагаар худал хуурмаг мэдээ тархахыг хянаж чадахгүй байгаа тул тухайн улсын баримт нягтлагч сайт руу ороод сошиалын мэдээлэл үнэн эсэхийг баримттайгаар харчихна. Баримт нягтлагчид хуурамч мэдээтэй тэмцээд зогсохгүй худал амлалт, популизм, бүр худалдагдсан ХМХ-үүдийг хүртэл мэдээлдэг томоохон лавлах, нээлттэй датагийн эх сурвалж болоод байна. Тоглоомчлол, визаул онцлогоор дамжуулан баримтыг үнэд оруулж буй тэд мэргэжлийн сэтгүүл зүйг илүүд үзэх соёл, хандлагыг батжуулж буйгаараа гавьяатай юм.
Баримт нягтлах өргөжсөн бүтэц бүхий редакц нь мэргэжлийн сэтгүүл зүйг сошиалаас ялгадаггүй масстай манай орны хувьд тун хэрэгцээт ХМХ билээ.
Сошиал медиагийн хуультай болох уу?
Сошиал медиа ашиглан худал хуурмаг мэдээлэл түгээх, өрсөлдөгчөө гүтгэх, гутаан доромжлох сонгуулийн сурталчилгааны тактик дэлхийн олон оронд өрнөсөн. Америк, Герман, Итали, Франц гээд дэлхийн хөгжингүй орнууд ч сөрөг үр нөлөөг нь зохицуулж чадаагүй. Сошиал медиагийн энэхүү зүй бус үзэгдлийг хэрхэн зогсоох тухай маргаан өрнөж буйгаас хамгийн түрүүнд цогц хуультай болсон нь ХБНГУ юм. Германы “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль” нь томоохон сүлжээгээр үзэн ядах шинж бүхий (хүнийг гүтгэсэн, заналхийлсэн, ялгаварласан г.м- хуулиар зааж өгсөн байдаг) хуурамч мэдээлэл түгээснийг устгах, устгахгүй бол сошиал сүлжээний компанид их хэмжээний торгууль ногдуулахаар зохицуулсан. Хэдийгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, Европийн холбооны хууль, технологийн компаниудын хангамжийн асуудал гээд олон маргаан мэтгэлцээн өрнөсөн ч Герман хуулийг хэрэгжүүлж эхлээд таван сар болж байна. Засгийн газрынх нь зүгээс хуулийн хэрэгжилт хэр байгааг 6 сар, 12 сар, 18 сарын дараа тодорхой шалгууруудаар шалгах бөгөөд цаашид хэрхэх эсэхээ шийддэг байна. Тиймээс хуулийн үр дүнгийн талаар урьдчилсан мэдээлэл үгүй.
Манайд цөөн тооны УИХ-ын гишүүн сошиал медиагийн хуультай болох тухай, заавал иргэний үнэмлэхээрээ баталгаажуулж байж сошиал хаяг нээх, авч үлдэх тухай санаачлага гаргаж байна. ФБ хаяг бүрийг иргэний улсад бүртгэгдсэн нэрээр нээлгүүлнэ гэдэг бол жинхэнэ эрх чөлөөг хязгаарлах гэсэн бүтэшгүй оролдлого. Танигдахгүйгээр мэдээлэл дэлгэх, үнэнийг илчлэх, хараат бусаар үзэл бодлоо илэрхийлэх, олон нийттэй нэгдэх “ангид түвшний” эрх чөлөөг интернет, сошиал медиа олгосон. Тэдгээрийн мөн чанар ч байж болох. Тэрхүү эрх чөлөөг бүртгэлжүүлнэ гэдэг хэзээ ч бүтэхгүй санаархал болов уу. Хууль эрх зүй, нийгмийн нөхцөл байдлаас авч үзвэл сошиал медиаг хязгаарлана, хаана, хуульчилна гэдэг манай орны хувьд бүтэшгүй зүйл. Харин Германых шиг гэмт хэргийн шинжтэй бол эзнийг нь олоод хариуцлага тооцох тухай асуудал бол өөр юм.
Мэдээллийн боловсролд суралцах уу?
Манай улсын хүн амын мэдээлэл болон хэвлэл мэдээллийн бичиг үсэг тайлагдсан байдал маш доогуур тухай тайланг “Глоб Интернейшнль” ТББ гаргасан байсан. Мөнгөтэй зургийн дор “аз”, “бурзай” гэж бичих, “ТОЕФЛ-ийн материал явуулъя” гэхэд и-мэйл хаягаа хэдэн мянгаараа цацах, “Ээжүүдээ гэр бүлийн зургаараа давалгаалъя” гэхэд дуусахгүй юм шиг хөврөх гэр бүлийн зургууд, Хуурамч мэдээг уншаад л түгээх зуршил. Хэвлэл мэдээлэлтэй харилцах боловсрол бүү хэл хувийн мэдээллээ нууцлах, онлайн орчинд аюулгүй байдлаа хангах ойлголт хомс байгаа нь харагдаж байна. Ийм нөхцөлд сошиал медиаг худал мэдээлэл түгээх, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхөд ашиглах нь үр дүнтэйгийн хэрээр аюултай.
Хөгжингүй орнууд энэ асуудалтай тэмцэхдээ хамгийн их анхаарч буй өнцөг нь сошиал медиад мэдээлэл хүлээн авах боловсролд сургах. ХБНГУ сошиал медиагийн боловсролыг бүрэн дунд боловсролын хөтөлбөрт оруулж, үнэмлэх олгож байгаа бол мэдээллйн боловсролд аль хэдийнэ анхаарсан АНУ-д ТББ-ууд нь ийм төслүүдийг түлхүү хэрэгжүүлж байна.
Цөөн хүн амтай, аман ярианд итгэдэг сэтгэлгээ бүхий манай улсын хувьд хэвлэл мэдээллийн боловсролыг ард иргэд, ялангуяа өсвөр насныханд системтэйгээр олгох нь нь нэн чухал. Хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг нь олон төрлийн мэдээллийн хэрэгсэлд нэвтрэх, тэдгээрээс мэдээлэл хүлээн авах, анализ хийх, үнэлэх дүгнэх болон тэдгээрт мэдээлэл түгээх, өөрөө мэдээллийн хэрэгсэл байгуулах ур чадварыг хэлж байгаа. Үүнд хуурамч мэдээг ялгах, баталгаажуулах зуршил ч багтана.
Та эдгээр туршлагуудын аль нь бидний нийгэмд шаардлагатай гэж үзэж байна вэ? Яагаад?