Зураг
Зураг
Индэр    
2021 оны 1 сарын 30
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

Ёс зүй: Хэн нь буруутай вэ?

Зураг
Catching up about Journalism хуудсаас авав

Сүүлийн хэдэн өдөр сошиал медиад хамгийн их үзэн ядагдсан хүн бол Б.Жаргалсайхан. Тэрбээр эмэгтэйчүүдийг доромжилсон, хүний нэр төрд халдсан нь “үнэн”.

Гэхдээ асуудлыг мэргэжлийн нүдээр, өөр өнцгөөр харвал түүнийг гол буруутан гэж болмооргүй. Өнөөдөр ХЭҮК-ийн гишүүний бичсэн постыг уншаад энэ талаар саналаа хэлмээр санагдлаа. Олны дургүйцлийг хүргээд байгаа бичлэгийг үзэхээр энэ бол олон нийтэд зориулсан яриа биш гэдэг нь хангалттай харагдана. Учир нь:

  1. Зочин үүнийг олон нийтэд зориулан яриагүй гэдгээ мэдэж байсан. Б.Жаргалсайхан нүдээ ирмээд, "Би ингэж л ярьж байж олон хүн намайг үздэг" гэж хэлж байгаагаас үүнийг харж болно. Ер нь хүн ОЛОН НИЙТИЙН мэдээллийн хэрэгслээр ийм зүйл хэн ч ярихгүй байх. Учир нь бариулж идүүлнэ гэдгээ мэднэ, ялангуяа улстөрчид. Тийм учраас сэтгүүлчдийг эх сурвалжаас мэдээлэл авахдаа ямар хэрэгслээс, ямар зорилгоор, ямар бүтээлд ашиглах гэж мэдээлэл авч буйгаа заавал тайлбарлах ёстой гэдэг. Ингэснээр эх сурвалж олон түмэнд зориулж ярьж буйгаа, хэр хэмжээнд ярихаа ухамсарладаг.
  2. Нэвтрүүлэг эхлээгүй байсныг сэтгүүлчийн биеийн хэлэмж, яриа хангалттай өгүүлнэ.

Ёс зүйн асуудлыг хөндсөн телевиз ёс зүйтэй ажилласан уу? ТОМООС ТОМ ҮГҮЙ. Учир нь:

  1. Жендерийн мэдрэмжгүй асуудал ярьсан, хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, П.Анужин гэдэг хүний нэр төрд шууд халдсан зүйл ярьсан байхад телевиз үүнийг яагаад цацсан юм бэ? Энэ бол асуух ёстой гол асуулт. Тэдэнд цацахгүй үлдээх боломж байсан.
  2. Ёс зүйн асуудал хөндсөн телевиз ёс зүйн талаар өөрсдөө бодож үзсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Учир нь:

Тус яриаг нэвтрүүлэг эхлээгүй байхад бичиж авсан нь СЭТГҮҮЛЧ мэргэжлийн ёс зүйн алдаа буюу хуурч мэхлэх аргаар мэдээлэл олж авсанд орно. Гэтэл энэ арыг ашиглахыг зөвтгөх гол шалгуур нь зөвхөн олон нийтийн хувьд асар их үнэ цэнтэй мэдээлэл авах үед л зөвтгөх боломжтой байдаг. Энэ аргад тийм "сүржин" хандаж буйн учир нь СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДЭС нь үнэн бодит байдал, итгэл үнэмшил учраас сэтгүүлчид хуурах ёсгүй гэж номлодог юм.

Хуурч мэхлэх аргаар мэдээлэл олж авсан тохиолдолд тухайн телевиз өөрөө яагаад энэ аргыг ашигласан гэдгээ нэвтрүүлэгтээ тодорхой тайлбарлах хэрэгтэй байдаг юм. Бас яагаад үүнийг хийж байгаагаа ч тэр.

Дүгнэлт: Надад бол хандалт авах зорилгоор нийтэлсэн, бичлэгийг нийтлэхээсээ өмнө зочин Б.Жаргалсайхан болон П.Анужинд учирч болох хор уршгийн талаар огтхон бодолцоогүй нь ойлгомжтой санагдлаа.

Масс УИХ-ын гишүүн П.Анужинг үзэн ядаж байгаа. Тэр хүний гэр бүлд болон сонгуульт ажилд нөлөөлөх магадлал өндөр. Масс Б.Жаргалсайханг буруутгаж байгаа. Энэ хүн дахин нэр дэвших талаар бодоод ч хэрэггүй болсон байж магадгүй.

Мөн тус телевизэд Б.Жаргалсайхан хэзээ ч дахин яриа өгөхгүй байх. Өөр хэвлэлд ч өгөхдөө их л болгоомжлох болов уу. Энэ бол өнөө сэтгүүл зүйд итгэх итгэлийн өнцөг булан шүү дээ.

ВИДЕО: